Б.Сандуйжав: Махчин шувуу төрийн сүлдэндээ тахих гэж байна гэж олонх нь шүүмжилсэн
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ хүрээнд анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хуралд сонгогдон ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг барилцсан эрхмүүдийн талаарх “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номд нийтэлсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
(Ардчилсан шинэ Үндсэн хууль анх батлагдсан түүхэн дурсамжаас)
АИХ-ын 94 дүгээр тойргийн депутат Б.Сандуйжав: “Гавъяат хуульч”-ийг төрүүлсэн хуралдаан
Улс орон даяар нийгмийн тогтолцоог өөрчлөх ардчиллын салхи ид хүчээ авсан 1992 оны хавар миний бие Баянхонгор аймгийн Намын хорооны даргын ажлыг аваад удаагүй байхад АИХ-ыг сонгох 12 дахь удаагийн сонгууль зарлагдаж нэр дэвшүүлэх кампанит ажил улс орон даяар өрнөв.
Энэ сонгуульд шинээр үүссэн улс төрийн нам, иргэний хөдөлгөөний нэр дэвшигч, бие даагчдыг хөдөлмөрчдийн хурлаас нэр дэвшүүлэх бүрэн боломж олгосноор өргөн ардчилалтай сонгууль болох нь тодорхой байв.
Бөмбөгөр сумын төвийн Иргэдийн Хурлаас миний нэрийг АИХ-ын депутатад дэвшүүлж багийн хурлуудаар дэмжлээ. Миний өрсөлдөгч тус сумын МоАХ-ны зохицуулагч Халтар багш надтай уулзаж, та харьцангуй залуу хүн, нөгөө талаар саяхан орон нутагтаа ажиллахаар ирсэн зэргийг бодолцоод би нэрээ татахаар шийдвэрлэсэн, харин та сайн ажиллаарай гэж билээ. Ингээд нийт сонгогчдын 98 хувийн санал авч АИХ-ын депутатаар сонгогдсон түүхтэй.
АИХ-ын анхдугаар чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч бөгөөд УБХ-ын дарга, Засгийн газрын Ерөнхий сайд, хоёр шадар сайдыг сонгож батлах асуудлыг шийдвэрлэснийг санаж байна.
Тэр үеийн АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбатыг нэг их маргаангүйгээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгон баталсан. Харин дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн С.Зориг, Р.Гончигдорж нараас депутатууд түмэн жорын асуулт асууж, зарим нь байцаах шахуу юм болов. Тухайлбал, морь унаж чадах уу ч гэх шиг. Хотын хүү С.Зориг тэр шалгуурт бүдрэх жишээтэй.
С.Зориг зарим утга учиргүй асуултад нэг их ач холбогдол өгөлгүй нэлээд хошин маягаар хариулж оноо алдсан тал бий байх. Одоо бодоход дэд ерөнхийлөгч морь унаж чаддаг байгаад яах билээ. Ингээд хөдөөний амьдрал мэддэг гэсэн илүү үнэлгээгээр Р.Гончигдорж дэд ерөнхийлөгч болж байв. Гэхдээ аль аль нь шижигнэсэн сайхан залуус тул нэг их алдаагүй.
Харин Ерөнхий сайдад Д.Бямбасүрэн, Ш.Гунгаадорж нар нэр дэвшиж, ширүүн өрсөлдсөний дүнд Д.Бямбасүрэн гуай ялалт байгуулж, уг албан тушаалд томилогдож билээ. Цаашид шадар сайдад нэр дэвшсэн Д.Ганболд, Д.Дорлигжав нар ногоон гэрлээр гарсан байлаа.
Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсгийг Ерөнхийлөгч өөрөө даргалан дараагийн чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар боллоо. Шинэ Үндсэн хуулийн анхны төслийг ард түмэн, хөдөлмөрчдөөр өргөн хэлэлцүүлж гарсан саналыг бүх шугамаар комисст хүргүүлж байв. Архангай аймагт АИХ-ын депутатууд аймгийн захиргааны удирдлагуудын бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлэг болж бид оролцов.
Ингээд 1991 оны 11 дүгээр сард ээлжит чуулганд Үндсэн хууль батлах хариуцлагатай үүрэг ноогдож, бид бүхэн төрийн Их танхимд хуран цугларсан билээ. Ерөнхийлөгч П.Очирбат гуай депутат бидэнд хандан Үндсэн хуулийн төсөл сайн боловсрогдсон тул 10-13 хоногт багтаан батлах юм шүү хэмээв.
Хуралдаан эхэллээ. Хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал, дэгээс эхлээд гацах нь тэр. Зөвхөн энэ асуудалтай 2-3 хонов. Дараа нь Үндсэн хуулийн нэр, улсын нэр ихээхэн маргаан дэгдээлээ. Төсөлд хуулиа “Их цааз” гэж нэрлэхээр оруулж ирснийг депутатууд эрс эсэргүүцэн байр сууриа ширүүхэн илэрхийлцгээв. Улсын нэр дээр бас их үзэлцсэн.
Улсын нийслэлийг Улаанбаатар гэж нэрлэхгүй коммунист бус өөр нэр өгнө гэж Улаанхүү депутат санал гаргатал өөр нэг нь тэгвэл чи эхлээд нэрээ өөрчил гэх маягийн хөгжилтэй маргаан өрнөдөг байлаа.
Төрийн сүлдийг тун нухацтай хэлэлцсэн боловч оновчтой шийдэж чадаагүй гэж боддог. Махчин шувуу төрийн сүлдэндээ тахих гэж байна гэж олонх нь шүүмжилсэн боловч баталсан сүлд маань хийсвэр талруугаа жаахан хазайсан болов уу.
Ямар сайндаа л Ц.Балдорж асан “Бид чинь бөглөө мултлагч шиг морь баталчихлаа” гэж шогширч байхав. “Махчин шувуу”-тай сүлд зохиомжийн хувьд маш сайн байсан боловч депутатуудын сэтгэлгээний инерц давамгайлснаас хүлээн аваагүй болов уу. Гэхдээ дажгүй ээ.
Гэр бүл, нийгмийн асуудал хэлэлцэх үед Баян-Өлгийн депутатууд учир битүүлэг байдлаар гаргасан томьёоллыг эсэргүүцэн хуралдааныг мухардуулчихав. Их удаан маргалаа, зарим нь бухимдан гарч гүйж байв. Гэнэт Төв аймгийн нэгэн залуу депутат ерөөсөө хоёр эхнэртэй байж болох асуудлыг хуульчлах санал хураалт явуулъя гэх нь тэр.
Танхим тэр чигээрээ сэргэж Ж.Уртнасан дарга санал хураалгахаар алхаа дэлдэв. Дэлгэц дээр 100 гаруй хүн зөвшөөрсөн тоо гарах нь тэр. Хуралд оролцсон депутатууд хажуудах байхгүй нөхдийнхөө товчлуурыг дарснаас болж тэр заалтыг золтой л баталчихаагүй. Маргааш нь уг саналыг Дорноговийн нэр нэгт депутат гаргасан мэтээр нэгэн сэтгүүлч сонинд ташаа мэдээлэл гаргаснаас нас ахисан сум, нэгдлийн дарга эр хэдэн өдөр гутарч билээ.
Үндсэн хуулийн шүүх буюу цэцийн тухай асуудалд нэг хэсэг нь эмзэглэлээ. Үндсэн хууль, УИХ-ын дээр хэмжээгүй эрхт хэдэн хүн гарах нь гээд хэсэг нөхөд бууж гарах нь тэр. Зарим нь ерөөсөө энэ Б.Чимид өөрийнхөө албан тушаалыг бэлтгэж байна гэж хардав аа. Хөөрхий Б.Чимид гуай би түүнд чинь очихгүй гэж тангараглах шахуу юм боллоо. Энэ мэтчилэн хөгтэй, хөгжилтэй бас гэнэн гэмээр мэтгэлцээн 76 хоногийн турш Төрийн ордонд өрнөж билээ.
Тэр үеийн Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын дарга Ж.Уртнасан, депутат Б.Чимид, Р.Гончигдорж, С.Баяр, М.Энхсайхан, Л.Цог, Б.Галсандорж асан, О.Дашбалбар асан, иргэн Д.Ламжав нарын шилдэг сэхээтнүүд бид бүхнийг чиглүүлж чадсан гэж үздэгээ нуух юун.
О.Дашбалбар асан “Бие даасан депутатуудын бүлэг” гэх 100 гаруй хүнтэй албан бус бүлэг байгуулан ширүүхэн үзэлцэж эх орны тусгаар тогтнол, өмч хувьчлал, Ерөнхийлөгчийн эрх хэмжээ зэрэг зүйлүүдэд олон чухал заалтууд оруулсан.
Зарим нөхөд хадуураад явчихаар Б.Чимид гуай босоод гөвж өгнө. Ер нь Үндсэн хуулийн эхийг жинхэнэ гардаж авсан хүн тэр аргагүй мөн. Бид хуулийн заалт төдийгүй үг, үсэг бүрээр гарч болох эерэг, сөрөг үр дагаврыг дахин дахин хэлэлцэж байсан туршлагыг одоогийн УИХ хэрэгжүүлээсэй билээ.
Миний хувьд 21 удаа үг хэлсний дотор “Хүн амьд явах эрхтэй” гэсэн заалтыг “Хүн амьдрах эрхтэй” гэж оруулъя гэсэн санал төдийлөн дэмжигдээгүй. Оросоор “право на жизнь” гэж орчуулагддаг.
Амьд явах, амьдрахын хооронд том ялгаа бий. Тэгээд ч энэ заалтыг өнөөгийн төр засаг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж ард түмнийхээ бараг тал хувийг зөвхөн “амьд” явуулаад байгаа ч юм шиг... Цаашдаа бодмоор зүйл юм даа.
Ингээд 13 хоногт багтаахаар төлөвлөсөн хуулийн төсөл маань 76 хоног дээрээ батлагдаж өмнөхөөсөө танигдахын аргагүй өөр болон мэндэлсэн түүхтэй. Үүнийг яагаад хэлэх болов гэвэл улс төрийн зарим хүчин энэ хуулийг гадаадынхны захиалга, шахаасаар баталсан мэтээр гуйвуулж байгаад няцаалт болгох гэсэн юм.
Үндсэн хууль батлагдахын өмнөх өдөр миний бие хамгийн их хүчин зүтгэл гаргасан Б.Чимид гуайг “Гавъяат хуульч” болгох саналыг хамтарч тавьцгаая гэж аймгийнхаа депутатуудтай ярьж тохиролцоод Л.Пүрэвгялын хамт товч тодорхойлолт бэлтгэж билээ.
Ингээд “Үндсэн Хууль” батлагдсан торгон мөчид хуралдааны индэрт Л.Пүрэвгялыг гарган уг тодорхойлолтыг уншууллаа. Депутатууд нижигнэтэл алга ташихад Ерөнхийлөгч П.Очирбат босч та бүхний алга ташилтыг хүлээж авлаа гэв ээ.
Түүний дараахан Ерөнхийлөгчийн зарлиг гарч Б.Чимид гуай “Монгол Улсын гавъяат хуульч” цолоор шагнагдан тэр үеийн өдрийн од шиг цөөн “гавъяат”-ын нэгэн болж билээ. Түүх үргэлжилсээр л байна.
Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.200] 2025-01-07 15:15:24
Үнэн шүү төрийн сүлдний тарж тасарсан морь маш муухай.
ЗОЧИН [202.126.89.225] 2025-01-07 09:26:05
ТӨРИЙН СҮЛД Л ХӨГИЙН БОЛСЫН ТЭР ҮЕИЙН НЭГДЛИЙН ДАРГА НАРЫН ТАМГАН ДЭЭР БАЙДАГ БАЙСАН МОДОН МОРИЙГ ЗАОСАН ДАА ЯАГААД ГЭВЭЛ ИХЭНХ НЬ НЭГДЛИЙН ДАРГА НАР СОНГОГДСОН БАЙСАН УЧИР ӨӨРИЙН БАРЬЖ БАЙСАН ТАМГАНЫ ДАРДСАНД ДАССАН УЧИР ИЙМ СҮЛД БАТАЛЛАА ГЭЖ БОДДОГ