Ц.Номин-Эрдэнэ: Трампын бодлоготой холбоотойгоор крипто зах зээл сэргэж байна
СЭЗИС-ийн багш Ц.Номин-Эрдэнэтэй “Крипто ба ирээдүй” хэлэлцүүлгийн үеэр уулзаж, крипто зах зээлийн хөгжлийн талаар ярилцлаа.
-Монголчууд крипто зах зээлийн талаар ямар ойлголт, мэдлэгтэй байна вэ гэдгээс эхлэн ярилцъя?
-Залуучууд харьцангуй сайн ойлголттой байна. Яагаад гэхээр тэд гаднын шинэ трэндийг харж, өөрсдөө уншиж судлаад, илүү сайн ойлголт авч байна. Тэр нь санхүүгийн зах зээл дээр хэр нийцдэг вэ, хоорондоо хэрхэн уялддаг вэ гэдэг гаргалгааг нь ойлгочихоод байгаа юм. Нийтээр гэвэл мэдээж жаахан асуудал байна.
Яагаад вэ гэхээр, гурван жилийн өмнө манай крипто зах зээл дээр асуудал үүссэн. Энэ нь шинэ зах зээлүүд дээр гардаг паник гэх юм уу үйл явдал болсон. Энэ нь өөрөө зах зээлийнхээ нөхцлөөс шалтгаалаад тодорхой хэмжээнд тогтоод, түүнээсээ цаашаа тогтвортойгоор хөдлөх ёстой байдаг бол манай зах зээлийн хэмжээ жижиг учраас тогтох боломж нь бүрдээгүй байсан.
Асуудлын шийдэл технологи дээр суурилж яваа учраас түүнтэй уялдуулж ойлговол энэ нь ирээдүйд төлбөрийн хэрэгсэл болно. Мэдээж яг энэ хугацааг шилжилтийн үе гэж ойлгож болно. Тэрийг 5, 10 жил үү би мэдэхгүй байна.
Хүн төрөлхтөний түүхийг харвал, 100, 200 жилийн туршид энэ шилжилтийн процесс явагддаг. Технологи хурдтай сайжирсан энэ үед 200 жил болно гэж байхгүй байх. Гэхдээ тодорхой нэг хугацаа орох байх. Хөгжлийнхөө тэр хугацаандаа л явж байна гэж бодож байна.
-Монголд крипто зах зээл дөнгөж нэвтэрч байхад маш олон койн гарч, олон хүн хохирсон. Шалгарал явагдаад, маш цөөхөн үлдсэн болов уу?
-Уучлаарай, би Монголын тухайд сайн мэдэхгүй байна. Яагаад гэхээр би олон улсын зах зээлийг түлхүү судалж ажилладаг. Тухайн үед яригдаж байсан зүйлүүдийг би мэдээж сонсож байсан. Гэхдээ тэр үед олон гоё санаа байсан учраас хөгжөөд явчихаасай гэж маш их хүсэж байсан. Асуудал үүссэн ч арилжаа явж байх нь гол асуудал. Тиймээс тэр нь бий болоосой гэж хүсч байсан. Ирээдүйг харж мэдэхгүй учраас тэр талаар муу үг дуугарах сонирхол надад байгаагүй.
-Трамп Ерөнхийлөгч болсноор крипто зах зээл эрчээ авч хөгжих бололтой. Та юу хэлэх вэ?
-Тийм ээ. Одоо дэлхий дээр ялангуяа Трампын бодлоготой холбоотойгоор крипто зах зээл сэргэж байна. Энэ нь нэгдүгээрт, илүү зохицуулагч байгууллагууд яг энэ криптог дэмждэг, ойлгодог хүмүүсийг байранд нь тавьж эхэлж байна. Хоёрдугаарт, би түрүүн бас дурдсан. Төв банкны дижитал доллар гэдэг зүйлийг жишээлбэл АНУ гаргахгүй гээд гэдгээрээ крипто зах зээлийг маш их дэмжсэн.
Эдгээр үйл явдлуудтай холбоотойгоор дэлхий дээр үнэлгээнүүд өсөөд, нийт хэмжээ томроод явж байна. Одоохондоо манайд араас нь дагадаг журмаараа л хөдлөх байх. Харж л байя. Илүү томоохон өөрчлөлтүүд орж ирэх боломж бий. Гэхдээ одоо бол өмнөх шигээ "шуурга" орж ирнэ гэж ерөөсөө харахгүй байна.
Хүмүүс нэг удаагийн оролтоор мөнгөө нэг нугалъя гэсэн сонирхолтой байсан бол одоо тийм юм хүлээх хэрэггүй. Энэ угаасаа зах зээлүүд шинээр үүсээд хөгжөөд, нэг үе өнгөрөөд, дараагийн үе дээрээ явна. Тэрүүгээрээ явж байна. Ер нь өсдөг л зүй тогтолтой байдаг.
-Зарим шинжээчид биткойны ханш энэ оны 2-11 дүгээр сарын хооронд оргилдоо хүрээд, цаашаа уналт үргэлжилнэ гэж таамаглаж байна. Өсөлт, уналтын төлөв ямар байна вэ? Энэ нь манай крипто зах зээлд хэрхэн нөлөөлөх бол?
-2-11 сарын хоорондохыг шууд үнэ гэж ойлгож болохгүй. Тэр бол хүмүүсийн ямарваа нэг юман дээр суурилсан таамаг. Гэхдээ урьдын түүхүүдээс нь харвал биткойны юунаас болж унадаг вэ гэхээр ерөөсөө л төв банкны мөнгөний бодлогоос болдог.
Төв банкны хэрэгжүүлж буй мөнгөний бодлогыг сул чөлөөтэй тавьж байгаа үед зах зээл угаасаа өсөх буюу хувьцааны, крипто зах зээл өсөөд явдагтай адил өснө. 2025 он тэр чигтээ 2-3 удаа бодлогын хүүг доош буулгасан төв банкны бодлогын хүүг баримтална гэж би бодож байна. Ийм тохиолдолд илүү зөөлөн мөнгөний бодлогод шилжиж байна гэсэн үг. Мөнгөний зөөлөн бодлого руу шилжиж байгаа үед ханш унана гэдэг дээр би эсрэг байр суурьтай байна.
-Трампын хувьд компаниудыг татвараас аль болох чөлөөлөх бодлого барьж байгаа бололтой байна?
-Тэр нь юу илэрхийлж байна вэ гэхээр компани илүү ашигтай ажиллаж, олон хүнийг ажилтай болгож, хүмүүсийн цалинг нэмэх боломжийг нээдэг. Анх 2016 онд Трамп Ерөнхийлөгч болохдоо компаниудын 35 хувийн татварыг 21 болтол нь буулгаж байсан.
Одоо гарч ирээд, тэр 21-ээ 15 болгож бууруулна гэж мэдэгдэж байна. Илүү компаниуд дээр суурилсан эдийн засгийг бүтээхийг сонирхоод байна уу даа. Жаахан барууны үзэл ноёлох гээд байна гэсэн үг. Энэ дээр яалт ч үгүй үзэл ярихаас өөр аргагүй болж байна. Тийм учраас хөрөнгийн зах зээлүүдийг шууд унана гэж харах хэцүү. Маш гоёор харж болохуйц том өгөгдөл байна гэсэн үг.
-Хүмүүсийн дунд хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулаад л шууд ашиг хүртэнэ гэсэн ойлголт түгээмэл байдаг нь ажиглагддаг. Та юу зөвлөх вэ?
-Хөрөнгийн зах зээл дээр хүмүүс түрүүлж хараад, түрүүлж хөдлөх гээд байдаг. Яг өгөгдөж байгаа мэдээллээр л үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, яг өнөөдрийн түвшинд ямар байна вэ гэдгийг харж, дүгнэж чадахгүй бол тэрийг оролдоход маш хэцүү. Макро орчноосоо маш их хамаардаг. Би тиймээс 2025 онд энэ зах зээлийн хөгжлийг их эерэг үзүүлэлттэй байна гэж бодож байна.
Томоохон үйл явдлууд болох нь уу гэдгийг бас харах хэрэгтэй. Магадгүй биднийг мэдээгүй байхад дайн гардаг ч юм уу, өвчин гардаг асуудлууд байна шүү дээ. Иймэрхүү асуудал үүсвэл хөрөнгийн зах зээл тэр чигтээ унана. Тийм зүйлүүд гарахгүй бол харьцангуй эерэг байна гэж бодож байна. Би үүнийг бараг жилийн өмнөөс л ярьж байсан. Сүүлийн хоёр жил тасралтгүй хувьцааны зах зээл гээд хамаагүй өндөр өсөлттэй явж байгаа шигээ байх болов уу.
Д.ТУЯА
Сэтгэгдэл
Золоо [122.201.31.240] 2025-02-14 11:11:24
ЗӨНӨГ ТРАМП