Г.Дамдинням: 55 дугаар тогтоол хууль зөрчөөгүй, харин ч нүүрсний экспортыг нэмэгдүүлж, төсвийн орлогыг өсгөсөн

Aдмин / Улстөр

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Засгийн газрын 55 дугаар тогтоолтой холбоотойгоор улсын төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2025.10.6/ энэ асуудлаар тайлбар хийв.

Тэрбээр "Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сард баталсан 55 дугаар тогтоол нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй. Харин ч нүүрсний экспорт зогсонги байдалд орж, эдийн засаг хасах үзүүлэлттэй, улсын төсвийн орлого тасарсан хүнд нөхцөлд бид энэхүү шийдвэрийг гаргасан.

Ажлаа авсан үед хил дээр 4.1 сая тонн нүүрс гацсан, нүүрсний биржийн арилжаа зогссон, урт хугацаатай, хямд үнэтэй гэрээнүүдээр нүүрс экспортолж, АМНАТ (ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) төсөвт орж ирэхгүй байсан" гэв.

Түүний хэлснээр, нөхцөл байдлыг сайжруулахын тулд хоёр тогтоол баталж, үр дүнд нь биржийн арилжаа сэргэсэн, экспорт нэмэгдсэн бөгөөд эдийн засаг эерэг үзүүлэлттэй болж эхэлжээ.

Сайд Г.Дамдинням “Өмнө нь нүүрсийг аман хэлцлээр, шууд гэрээгээр экспортолдог, хяналтгүй байдал газар авч байсан бол одоо биржээр арилжиж эхэлснээр АМНАТ шууд улсын төсөвт төвлөрч байна.

Шийдвэр гарснаас хойш 40 хоногийн хугацаанд 5.1 сая тонн нүүрс биржээр борлуулагдаж, 2.3 их наяд төгрөгийн орлого, 80.1 тэрбум төгрөгийн нэмэлт орлого төвлөрсөн” гэв.

Мөн тэрбээр өмнөх Засгийн газрууд ч 55 дугаар тогтоолтой адил 9 удаагийн тогтоол гаргаж байсныг дурдаж, зарим нь 100 төгрөгийн үнэтэй барааг 50 төгрөгөөр үнэлэх гэрээг зөвшөөрч, татварын алдагдал үүсгэж байсныг сануулсан юм.

Тэрбээр “Тухайн үед эдгээр тогтоолуудаар дамжуулан ААН-үүдийг татвараас зугтаалгах, эсвэл нэмэлт татвар ногдуулах байдлаар олон зөрчил гарч байсан. Харин бидний авч хэрэгжүүлсэн бодлого ил тод, биржийн арилжаанд суурилсан, хяналттай болсон” гэж онцлов.

Сайд Г.Дамдинням гишүүн П.Сайнзоригийг шүүмжлээд, тэрбээр 2013 оноос хойш Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллах хугацаандаа уул уурхайн бодлогын асуудалд гүн оролцож, дээр дурдсан 10 тогтоолын тавд нь гар бие оролцсоныг мөн дурдав.

Тэрбээр “Тэр үед яагаад Засгийн газрыг огцруулах тухай яригдаагүй юм бэ? Шударга байх хэрэгтэй. Биржийн тухай хуульд дотоод, гадаад шахалт ирж байгаа нь үнэн. Гэвч биржийн арилжааг зогсоовол дахин хаалттай, нууц гэрээнүүд давамгайлах эрсдэл бий” хэмээн нэмж хэллээ.

Харин 200 тэрбум төгрөгийн алдагдалтай холбоотой мэдээллийг хаанаас, ямар үндэслэлээр гаргасан нь тодорхойгүй байгаа тул баримтад тулгуурласан яриа өрнүүлэхийг уриалав.

01

1

23

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.