ХШТХ: "Оюу толгой" ХК-ийн ТУЗ-д Монголыг төлөөлж буй гурван гишүүний үйл ажиллагаа сул, тайлагналгүй байна

Aдмин / Улстөр

Оюутолгойн төслийн Монголын талын эрх ашгийг хангах асуудлаар Түр хороо хуралдав

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой Түр хороо хуралдав.

Хянан шалгах түр хорооны дотоод зохион байгуулалттай холбоотой гурван асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан (хянан шалгагч, шинжээч томилох, ажлын хэсгийн бүрэлдэхүүн өөрчлөх) хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх саналыг дарга О.Батнайрамдал гаргаж, гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжигдэн хаалттай үргэлжилсэн.

Дараа нь “Нотлох баримт цуглуулах тухай” Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн 85.7 хувийн саналаар баталжээ. Уг тогтоолоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас шаардлагатай нотлох баримтыг гаргуулах зохицуулалтыг тусгасан байна.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хэлэлцээрийн явцыг танилцуулав

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав. Тус ажлын хэсэг “Онтрэ” ХХК-ийн хувьцаанд төрийн эзэмшлийн хувь тогтоох, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх чиглэлээр ажиллаж буй.

Мөн хэлэлцээг “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Оюутолгой” ХХК-тай уялдуулж, хуулийн дүгнэлт, саналыг гаргуулан ажиллаж байгаа аж.

“Онтрэ” ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл, эдийн засгийн өгөөж, хууль эрх зүйн асуудлуудыг гүнзгийрүүлэн судлах чиг үүргийг холбогдох байгууллагуудад өгчээ.

Монголын талаас анх удаа Оюутолгой төсөлд зориулсан санхүүгийн загварчлал боловсруулсан бөгөөд энэ нь олон улсын FAST стандартад нийцсэн, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Антре Гоулд” компанийн өгөгдөлд суурилсан онцлогтой аж.

Мөн хөрөнгө оруулалтын гэрээг дахин харах хэлэлцээрийг Монгол-Францын ураны гэрээний жишгээр, салбар бүрийн дэд ажлын хэсгүүдтэйгээр зохион байгуулахаар ажиллаж байгааг сайд танилцуулжээ. Үүнд: Гэрээ, эрх зүй, эдийн засаг, санхүү, татвар, уул уурхай, байгаль орчин гэсэн чиглэлүүдээр дэд ажлын хэсгүүдийг байгуулсан байна.

ТУЗ-ийн засаглал ба баяжмалын борлуулалт дахь тэгш бус нөхцлийг шүүмжлэв

УИХ-ын гишүүд "Оюу толгой" ХК-ийн ТУЗ-д Монголыг төлөөлж буй гурван гишүүний үйл ажиллагаа сул, тайлагналгүй байгааг шүүмжилжээ. Сайд Г.Дамдинням хараат бус гишүүд томилох асуудлыг хэлэлцээний түвшинд оруулж буйг мэдэгдсэн байна.

“Онтрэ” ХХК 20 хувийг эзэмшдэг атлаа өөрийн хувьдаа ногдох баяжмалаа маркетинг хийх, борлуулах эрхтэй байхад Монголын тал 34 хувийг эзэмшдэг ч баяжмалаа борлуулах эрхгүй, зардал бүхнийг хариуцдаг, улмаар "Оюу толгой"-гоос хүүтэй зээл авч байгаа байдлыг шүүмжилжээ.

Гэрээний 16 дахь жилд орж буй энэ үед, өмнөх 30 жилийн хугацаанд ижил нөхцөлтэй гэрээг өөрчилсөн жишээ байдаг эсэхийг судлах шаардлагатайг тэмдэглэсэн байна.

Хүүгийн асуудлаар тусдаа ажлын хэсэг байгуулагджээ

Мөн Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан, Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн нөхцөлийг сайжруулах зорилготой ажлын хэсгийн мэдээллийг Сангийн яам танилцуулсан байна.

Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, хуримтлагдсан хүүгийн зохицуулалтыг өөрчлөх талаар гурван чиглэлээр санал гаргасан аж. Ажлын хэсгүүд хоорондоо нэгдсэн байр суурь, тактик боловсруулах шаардлагатай байгааг онцолжээ.

Дэд ажлын хэсгүүд долоо хоног тутам тайлан гаргаж, үйл ажиллагааг эрчимжүүлж байгаа аж.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, С.Зулпхар, Э.Болормаа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Тэд Оюу толгой төслийн үр өгөөжийг Монголын талд ашигтай болгох, засаглал, санхүү, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтын гэрээг дахин хэлэлцэх чиглэлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг оновчтой зохион байгуулах шаардлагатайг онцлов.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Баагий [103.212.118.81] 2025-10-02 15:05:19

Цалин нь хэд вэ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.