Мадуро Нью-Йорк хотод болсон шүүх хурал дээр өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэв

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын эрх баригчид цэргийн ажиллагааны үеэр баривчлагдсан Венесуэлийн хуучин удирдагч Николас Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нар Нью-Йорк хотын шүүхэд нэгдүгээр сарын 5-ны даваа гарагт болсон хуралдаан дээр өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэв.

Мадуро “Би гэм буруугүй. Би шударга хүн. Би одоо ч өөрийн улсын ерөнхийлөгч хэвээр байна” хэмээн хэлснийг Associated Press агентлаг уламжилжээ. Тэрбээр мөн өөрийгөө “дайны олзлогдогч” гэж нэрлэсэн байна.

Хуучин төрийн тэргүүн болон түүний эхнэр шүүх хуралд хорих ангийн хувцастай, орчуулгын чихэвч зүүсэн, гартаа гав зүүгээгүй ч хөлдөө гавтайгаар оролцжээ. Флорес шүүх хурал дээр өөрийгөө Венесуэлийн тэргүүн хатагтай хэмээн танилцуулж, мөн адил гэм буруугаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

Дараагийн шүүх хурлыг гуравдугаар сарын 17-нд товлосон бөгөөд тэр хүртэл Мадуро болон түүний эхнэр Нью-Йорк хотод цагдан хоригдсон хэвээр байх аж. Мадурогийн өмгөөлөгчид түүнийг бүрэн эрхт төрийн тэргүүн учраас халдашгүй дархан эрхтэй хэмээн үзэж, баривчилгаа нь хууль бус гэж маргахаар төлөвлөжээ. Харин АНУ-ын эрх баригчид түүнийг Венесуэлийн ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрдөггүй.

Bloomberg: Мадурод холбогдох хэргийн үндсэн шүүх процесс 2027 оноос нааш эхлэхгүй

Венесуэлийн хуучин төрийн тэргүүний холбогдсон хэрэгтэй холбоотой шүүхийн үндсэн ажиллагаа 2027 он хүртэл эхлэхгүй байх төлөвтэй талаар Bloomberg агентлаг мэдээлжээ. Эхний ээлжинд шүүгч нотлох баримт солилцох, хүсэлт гаргах урьдчилсан хуваарийг тогтоох шаардлагатай аж.

CBS News-ийн мэдээлснээр, Мадурогийн өмгөөлөгчөөр өмнө нь WikiLeaks-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн эрх ашгийг хамгаалж байсан Барри Поллак ажилласан байгаа бол Флоресыг Техас мужийн хуульч Марк Доннелли өмгөөлж буй аж. Шүүх хурал дээр өмгөөлөгчид одоогоор тэдний үйлчлүүлэгчид барьцаагаар суллагдах хүсэлт гаргахгүйг мэдэгдсэн ч цаашид ийм хүсэлт гаргах боломжтойг үгүйсгээгүй байна.

АНУ-ын Венесуэл дэх ажиллагаа ба Мадурог баривчилсан нь

Нэгдүгээр сарын 3-нд “Абсолют шийдэмгий байдал” нэртэй цэргийн ажиллагааны хүрээнд АНУ-ын тусгай хүчний “Дельта” анги Николас Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нарыг баривчилж, эхлээд Гуантанамо дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн баазад, дараа нь Нью-Йорк хот руу шилжүүлжээ.

АНУ-ын эрх баригчид Мадурод “хар тамхины терроризм”, зэвсэг хадгалсан, Венесуэлийн дипломат паспортыг хууль бусаар худалдаалсан зэрэг албан ёсны ял тулгасан байна.

Тодруулбал, түүнийг АНУ-д террорист байгууллага гэж зарлагдсан Cartel de los Soles хэмээх гэмт бүлгийг удирдаж байсан, мөн эхнэр, хүү, хамсаатнуудынхаа хамт Колумбын кокаин үйлдвэрлэж, тээвэрлэдэг бүлэглэлүүдтэй хуйвалдсан гэж буруутгажээ.

Харин Мадуро эдгээр бүх буруутгалыг няцааж, Венесуэлийн газрын тосны нөөцөд нэвтрэх шалтаг хэмээн тайлбарласан байна.

АНУ-ын ажиллагааны дараахан Венесуэлийн Дээд шүүх тус улсын дэд ерөнхийлөгч Делси Родригесийг төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Тэрбээр шинэ албан тушаалдаа Венесуэл улс АНУ тэргүүтэй орнуудтай “тэнцвэртэй, харилцан хүндэтгэсэн олон улсын харилцааг хөгжүүлэхэд нэн тэргүүнд анхаарна” гэж мэдэгдсэн байна.

Үүнээс хэдхэн цагийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрэв Родригес Америкийн эрх баригчидтай хамтран ажиллахгүй бол “өндөр үнэ төлнө”, “магадгүй Мадурогоос ч илүү” хэмээн мэдэгдсэнийг The Atlantic хэвлэл иш татжээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.