С.Энх-Сансармаа: 4-16 насны хүүхдүүд хүчирхийлэлд их өртөж байна

Д.Тулга / Хууль

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн сэтгэлзүйч, цагдаагийн дэслэгч С.Энх-Сансармаатай ярилцлаа.

-ТАНИЛ БОЛОН ГЭР БҮЛ, ХАМААТАН САДАНГИЙН ХҮМҮҮС Л
ХҮЧИНГИЙН ХЭРЭГ ҮЙЛДЭЖ БАЙНА-

-Танай байгууллага ямар хүмүүст үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд гурван нэг цэгийн үйлчилгээ үйл ажиллагаагаа явуулж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харъяа Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс, Гэмтлийн эмнэлэг, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв байна. Манайд ихэвчлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид ирдэг. Ирэхдээ тогтоолтой ба тогтоолгүй ирдэг. Эдгээр хүмүүст 24 цагт хамгаалах буюу орон байраар ханган, эмчид үзүүлж, сэтгэлзүйн зөвлөгөө өгч, шаардлагатай гэж үзвэл хууль зүйн зөвлөгөө өгөн, дараагийн шатны байгуулагад зуулчилдаг. Гэхдээ зайлшгүй шаардлагатай гэж үзвэл 48 цаг байлгаж болдог.

-Өдөртөө дээд тал нь хэдэн хүн ирдэг вэ? Ямар шалтгаантай байдаг вэ?

-Нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл маш их байдаг. Үйлчлүүлж буй иргэдийн 70 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхэд болон эмэгтэйчүүд байдаг. Насны байдлаар нь авч үзвэл 4-16 насны хүүхдүүд хүчирхийлэлд их өртөж байна. Манайх дөрвөн хүний багтаамжтай, бас 24 цаг байлгах эрхзүйн орчинтой учраас цөөн хүнд үйлчилгээ үзүүлж чаддаг. Манайхаас гараад, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандана.

-Танай байгууллагад нэг иргэн маш олон удаа хандсан тохиолдол хэр их вэ?

-Олон удаа ирдэг тохиолдол зөндөө байдаг. Эхний удаа сэтгэлзүйн зөвлөгөө өгөөд гаргадаг. Удаа дараа ирвэл гэмтэл, хохирлын хэмжээг тодорхойлохын тулд шинжилгээ хийж, шүүх эмнэлгийн шинжилгээний бичиг гаргаж өгдөг. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, томограф зураг авахуулж болно. Энэ нь цаашлаад гэмт хэргийн нотлох баримт болдог гэсэн үг.

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэлзүй ямар байдаг вэ?

-Манайд ирж байгаа хүүхдүүд айсан сандарсан, гэртээ харих сонирхол байхгүй. Гадуур явж байх хүсэлтэй, ааш зан нь эвдэрсэн, цочимтгой, тайван унтаж чадахгүй байдалтай гэх мэтчилэн байнгын хараа хяналт шаардсан хүүхдүүд ирдэг. Мөн байнгын зодуурт байдаг болон хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн ар гэрийнхэн нь мэдэхгүй, нилээд хугацаа өнгөрсөн, хэрэг хуучирсан хойно хандах тохиолдол байна. Яаж мэдэж авдаг вэ гэхээр зан ааш нь эвдрэх, хичээл сурлагадаа муудах, үг дуу цөөрөх, гадуур хонох нь ихсэхээр эцэг эхчүүд ажиглаад мэдэх жишээтэй. Энэ тохиолдолд эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөөд гаргадаг.

-Хүүхдүүд ямар тохиолдолд хүчирхийлэлд өртөж байна вэ?

-Танил болон гэр бүл, хамаатан садангийн хүмүүс л хүчингийн хэрэг үйлдэж байна. Огт танихгүй хүн хүчингийн хэрэг үйлдэх тохиолдол байхгүй. Ихэвчлэн танил хүн байдаг. Ураг садангийн хүн ч юм уу ах дүү найз нөхөд, харгалзаж үлдэж байгаа хүмүүс гэмт хэрэг үйлдэж байдаг. Хөдөө орон нутгаас бас их хүн хандаж ирдэг. Хадлан тариалангийн үеэр хүүхдээ танихгүй хүнд, эсвэл харгалзах хүнгүй үлдээхийг гэмт хэрэгтэн судалсан байх тохиолдол их байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 21 аймагт салбартай ч гэсэн хот руу орж ирдэг. Учир нь хувийн мэдээллээ алдахаас их айдаг. Хувь хүний нууц, бас нэр хүндээ хамгаалах үүднээс орон нутагтаа тэр бүр ханддаггүй.

У.УРАНЦЭЦЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000