Германы хэвлэл 'Путины нууц охин”-ы тухай нийтлэлээ юуны учир эргүүлэн татав

Aдмин / Гадаад мэдээ

Германы “Bild am Sonntag” хэмээх шар хэвлэл наймдугаар сарын 3-ны ням гарагт “Путиний нууц охин тооцоо бодож байна” гарчигтай шуугиан тарьсан нийтлэл гаргажээ. Тус нийтлэлийг бичсэн сэтгүүлч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины “нууц” охин Луиза Розовагийн Парист амьдарч буй амьдрал, эцгийнхээ талаар бичсэн постуудыг уншсан тухай өгүүлсэн байна. Гэвч наймдугаар сарын 4-ний даваа гаргийн орой уг нийтлэлийг устгажээ.

“Сая сая хүний амийг авч одсон хүн…”

Герман төдийгүй Оросын хэвлэл мэдээллээр “Bild” сонины нийтлэлээс иш татсан эшлэлүүд хурдацтай тарсан байна. Хамгийн их анхаарал татсан хэсэг нь Луиза Розовагийн хэлсэн гэх, эцгээ (Путин) шууд бус байдлаар шүүмжилсэн дараах үгс байжээ.

Тухайлал, “Өдөр бүр өөрийн нүүр царайгаа дахин дэлхийд харуулах нь сайхан. Энэ нь намайг хэн болж төрснийг, хэн миний амьдралыг сүйтгэсэн бэ гэдгийг үргэлж сануулдаг. Тэр хүн сая сая хүний амийг авч одсон, минийхийг ч бас” гэх зэрэг үгс байсан аж.

Луиза Розова гэж хэн бэ?

Луиза Розова (жинхэнэ нэр нь Елизавета Кривоногих)-г 2020 онд “Проект” нэртэй эрэх сурвалжлахсэтгүүл зүйн байгууллага Путинтэй холбоотой байж болзошгүй “нууц охин” гэж мэдээлж байжээ. Тэдний мэдээлснээр, түүний ээж Светлана Кривоногих Путинтэй ойр дотно харилцаатай нэгэн бөгөөд “Россия” банканд хувь эзэмшдэг аж.

“Bild” сонин Луиза Розоватай хэрхэн холбоо тогтоов?

“Bild”-ийн сэтгүүлч, Луиза Розоватай инстаграмаар холбогдож, ярилцлага авахыг оролдсон ч Розова уулзаж ярилцахаас татгалзсан байна. Гэсэн ч тэрбээр сэтгүүлчийг өөрийн Telegram сувагт нэмсэн гэжээ.

Уг Telegram сувгаас “Bild” сонин Розова нэртэй хүний нийтэлсэн дараах мэдээллүүдийг олж харсан гэнэ. Тухайлбал “Би үнэхээр гэр бүлийнхээ үйлдэлд буруутай гэж үү? Тэд бүр намайг сонсох ч үгүй шүү дээ…” гэж Розова бичсэн гэж сонин мэдээлжээ.

Мөн Розова Парист амьдардаг ч төрсөн хот Санкт-Петербургээ ихэд санадаг тухайгаа “Би өөрийн хайрт Петербургээрээ алхаж чадахгүй байна. Хайртай газрууддаа очиж, дуртай кафенууддаа зочилж чадахгүй нь” гэж бичсэн байсан гэнэ.

Яагаад нийтлэлээ устгасан бэ?

Нийтлэлээ устгасан шалтгааныг албан ёсоор тайлбарлаагүй ч Розовагийн нэрээр Telegram-д нийтлэгдсэн мэдээлэл бодит эсэх нь тодорхой бус, үнэн зөв мэдээлэл эсэхэд эргэлзээ төрсөн байж болзошгүй гэж хэвлэл мэдээллийнхэн таамаглажээ. Хэрвээ баримттай нотолгоогүй бол энд хариуцлагын асуудал үүсч болзошгүй юм.

Bild хуурамч Розоватай ярилцсан уу?

Наймдугаар сарын 4-ний орой гэхэд “Bild” сонин Луиза Розовагийн тухай нийтлэлээ эргүүлэн татсанаа мэдэгдсэн байна. Тэд “Интернетийн янз бүрийн сувагт эдгээр мэдэгдлүүд хуурамч аккаунтаас гарсан байж болзошгүй гэх сэжиглэл гарсан” гэж тайлбарлажээ.

Мөн “Розовагийн” нэрээр байсан аккаунт нь жинхэнэ байсан гэж нэмж хэлсэн байна.

Мэдээлэл хэрхэн тархав?

“Süddeutsche Zeitung” сонинд бичсэнээр, “Bild” нийтлэлээ устгахаас өмнө Германы 10 гаруй хэвлэл тухайн мэдээлэлд үндэслэн Розовагийн тухай мэдээлэл нийтэлсэн байжээ. Үүнд:

Kölner Stadt-Anzeiger
Focus
Frankfurter Rundschau
Berliner Morgenpost
RTL зэрэг хэвлэлүүд оржээ.

Сэтгүүлч Андрей Захаров юу хэлэв?

2020 онд Путины нууц гэр бүлийн талаар хийсэн мөрдлөгийн нийтлэлийн хамтран зохиогч Андрей Захаров өөрийн Telegram сувагтаа Bild-ийн сенсаци нийтлэл хэрхэн гарч ирсэн байж болох талаар дараах таамгийг дэвшүүлжээ:

Bild-ийн сэтгүүлч Instagram дахь хуурамч “Луиза Розова”-гийн аккаунтад шууд бичсэн байж магадгүй. Харин тухайн хуурамч аккаунтын админ нь сэтгүүлчид өөр нэг хуурамч Telegram аккаунтын холбоос өгсөн байх магадлалтай гэж үзжээ.

Гэсэн хэдий ч Захаровын хэлснээр “Bild”-ийн нийтлэл дэх Луиза Розовагийн гэрэл зургуудын ихэнх нь жинхэнэ байх магадлалтай гэжээ. “Bild” сонины баг уг асуудлыг нарийвчлан шалгахаа амалсан байна.

Луиза Розова Парист юу хийдэг вэ?

2024 оны зургадугаар сард Meduza хэвлэл “Луиза Розова Парист амьдардаг. Тэрбээр орчин үеийн урлагийн “L Galerie” галерейд ажилладаг” гэж мэдээлжээ.

“Медуза”-гийн мэдээлснээр, тэрбээр галерейд Елизавета Руднова нэрээр өөрийгөө танилцуулдаг. Энэ овог нь 2015 онд нас барсан, Путины ойрын найз Олег Рудновын овог байж магадгүй аж. Уг галерейд дайны эсрэг урлагийн бүтээлүүд дэлгэгддэг байна.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.