Украинчууд Аляскад болох Трамп, Путин нарын уулзалтын талаар юу ярив

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Аляска мужид болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын удирдагч Владимир Путин нарын уулзалтын талаар мэдэгдэл гарсны дараахан видео бичлэг хийж, байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Бидний эсрэг, Украины оролцоогүйгээр гаргасан ямар ч шийдвэр энхийн эсрэг шийдвэр болно. Энэ шийдвэрүүд ямар ч үр дүнд хүргэхгүй, аль хэдийнэ утга учраа алдсан. Хэзээ ч хэрэгжихгүй" гэж хэлжээ.
Ерөнхийлөгч Зеленскийн байр суурь сүүлийн үед Киевийн Олон Улсын Социологийн Хүрээлэн (КМИС)-гийн хийсэн социологийн судалгааны үр дүнг харгалзан үзвэл Украины нийгэмд ч зонхилж байгаа аж.
КМИС-ийн гүйцэтгэх захирал Антон Грушецкий "Украинчууд хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр байгаа бөгөөд хүсэлгүй ч гэлээ төвөгтэй шийдвэрүүдийг зөвшөөрөх боломжтойг харуулсаар байна. Гэвч үнэмлэхүй олонх нь бууж өгөх шаардлагыг үргэлжлүүлэн няцааж байна" гэж онцолжээ.
КМИС-ийн судалгаагаар, долдугаар сарын сүүл наймдугаар сарын эхээр явуулсан санал асуулгад оролцсон украинчуудын 76 хувь нь ОХУ-ын “энхийн төлөвлөгөө”-г бүрэн дүүрэн няцааж, түрэмгийлэгч улсад ямар нэгэн буулт хийхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Мөн нийт иргэдийн 49 хувь нь АНУ-ын нөхцөлт энхийн төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Уг төлөвлөгөөнд Украинд аюулгүй байдлын баталгааг АНУ-ыг оролцуулахгүйгээр зөвхөн Европын орнууд олгох, Крымыг ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрөх, ОХУ-ын эзлэн түрэмгийлсэн газар нутгийг хэвээр үлдээх, ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцлах зэрэг заалтууд оржээ.
Аляска дахь уулзалтын талаарх эргэлзээ
Украины үзэж байгаагаар, Аляскад болох уулзалт нь Украин болон Европын төлөөлөгчдийг оролцуулахгүйгээр явагдсан тохиолдолд Украиныг үндсэндээ бууж өгөхөд хүргэж мэдэх аж. Хойд Европын трансформацийн институтын гүйцэтгэх захирал Владимир Горбач DW-д “Оросууд өөрсдийн хэлэлцээний байр сууриа нэг ч удаа өөрчилж байгаагүй. Тэд томоохон цэргийн болон улс төрийн ялагдал амссан ч байр сууриа өөрчлөхгүй” гэж ярьжээ.
Мөн тэрбээр ОХУ-д урьдчилан дарамт үзүүлэлгүйгээр Трамп, Путин нарын уулзалт явагдаж буй явдал нь өөрөө бүтэлгүй арга барилын илрэл юм. Оросууд өөрийнхөө байр суурин дээр хатуу зогсоно. Тэд гал зогсоох нөхцөлийг үндсэндээ бууж өгөхтэй дүйцэхүйц, өөрсдийн шаардлагыг биелүүлэх хэлбэрээр сольж тавина. Тэд буулт хийнэ гэж ярих нь тун гэнэн хэрэг” гэж онцолсон байна.
Гэсэн ч украин судлаач АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтыг шууд утгаараа сүйрэл гэж үзэхгүй байгаа боловч “түгшүүртэй хандлага”-д анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь, Горбачийн үзэж байгаагаар, Трамп “Оросын цэргийн гэмт хэрэгтэн Путиныг бүрэн хууль ёсны мэт болгож байна. Энэ нь Украин ч, Европ ч хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл” гэж тэмдэглэжээ.
Горбач “Би эдгээр хэлэлцээнээс Украин-Оросын дайны хүрээнд ямар нэгэн бодит, практик үр дүнг харж чадахгүй байна. Путинээс гарах аливаа саналыг Украин ч, Европын Холбоо ч сэтгэл ханамжтайгаар хүлээж авахгүй. Тиймээс Трамп зайлшгүй эвтэйхэн арга зам хайх болно. Гэхдээ тэр Украин болон Европын түншүүдийг Путины нөхцөлийг хүлээн зөвшөөрөхийг ятгаж чадах магадлал тун бага” гэж хэлжээ.
“Украины меридиан” нийгмийн судалгааны төвийн захирал Дмитрий Левусь Украиныг 2025 оны гуравдугаар сард ийм төстэй нөхцөл байдалд байсныг сануулжээ. Тэрбээр тухайн үед Дональд Трамп Оростой хэлэлцээр хийж, Украиныг бууж өгөх замаар энхийн гэрээ байгуулахыг шахсанаар энэ дайныг хурдан дуусгах боломжтой гэж бодож байжээ. Гэвч бодит байдал нь ихэнх хориг арга хэмжээг Европын орнууд л тогтоосон тул Оросын хоригийг зөөлрүүлэх боломжгүйг харуулсан гэж дүгнэсэн байна.
Левусь DW агентлагт ярилцлага өгөхдөө “Оросын шаардлага өөрчлөгдөөгүй. Оросууд бодит байдлаас тасархай бөгөөд Украины хувь заяаг Украины болон Европын оролцоогүйгээр, зөвхөн Трамптай хэлэлцээр хийх замаар шийдэх боломжгүйг ойлгоогүй байна. Ерөнхийлөгч Зеленскийн илэрхийлсэн Украины байр суурь тодорхой бөгөөд зөв: Газар нутгаа буцалтгүй өгөх боломжгүй, энэ нь Украины Үндсэн хуулиар баталгаажсан. Тиймээс Аляска дахь уулзалтын талаар ямар нэгэн шийдэл гарахгүй гэж би бодож байна” гэжээ.
Тэрбээр "Энэ уулзалтаас хойш АНУ ба ОХУ дахин бодит байдалтай тулгарна. Тэд юу ч тохиролцсон бай хамаагүй Украины Зэвсэгт хүчин эх орноо хамгаалсаар байх бөгөөд Европын түншүүд Трамп, Путин нарын тохиролцоог хүлээн зөвшөөрч, нэг талыг барьж биелүүлэхэд бэлэн биш байна" хэмээн хэлсэн аж.
Украины улс төрчид Путинд итгэхгүй, зэвсэг ба хориг арга хэмжээ хүсэж байна
Трамп, Путин нарын уулзалтаас хүлээж буй үр дүнгийн талаарх эргэлзээ Украины улс төрчдийн дунд ч давамгайлж байгаа аж. Сөрөг хүчний "Европын эв нэгдэл" намын хамтарсан дарга Ирина Геращенко "Аляска дахь уулзалт нь олон улсын аюулгүй байдлын системд учирч буй сорилт юм. Түрэмгийлэгч Орос улс довтолгоо, эзлэн түрэмгийлэл, цэргийн гэмт хэргүүдийнхээ төлөө шагнал авбал энхийн төлөө дохио өгөх бөгөөд хүч хэрэглэх сөрөг үр дагавар дагуулж болзошгүй" гэж онцолсон байна.
Геращенко өөрийн Телеграм сувагтаа "Үүний улмаас шинэ дайн эхлэх зам нээгдэх бөгөөд энэ нь зөвхөн манай бүс нутгаар хязгаарлагдахгүй. Тиймээс аливаа хэлэлцээ Украин ба Европын холбооны оролцоотой, аюулгүй байдлын чанд баталгаатай, олон улсын хяналт шалгалт, хориг арга хэмжээний хамгаалалттайгаар явагдах ёстой. Мөн эзлэн түрэмгийллийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ‘улаан шугам’ байх ёстой. Учир нь эдгээрийг харгалзан үзэхгүй бол энхийн хэлэлцээ нь дайн дуусах биш, харин шинэ дайны эхлэл болно” гэж бичжээ.
Ардчилсан намын төлөөлөгч Даниил Гетманцев илүү өөдрөг бодолтой байна
Засгийн эрх барьж буй “Ардын албан хаагч” намын гишүүн Даниил Гетманцев Трамп, Путин нарын уулзалтыг эерэгээр үнэлж байгаа аж. Учир нь, энэхүү уулзалт нь Оросын талын гал зогсоох талаарх байр суурийг тодорхой болгох боломж олгоно гэж үзэж буй юм байна.
Тэрбээр Телеграм сувагтаа “Хэрэв уулзалтын үеэр тэд дахин үр дүнтэй бус, зөвхөн ‘дипломат ёсны эргэлтүүд’ хийх гэж оролдвол Америкийн хатуу хориг арга хэмжээг нэмж тавихад хүрнэ. Үүнд Оросын холбоотон орнууд ч багтах бөгөөд тэд түрэмгийллийг дэмжсэнийхээ "хувь"-ийг хүртэх болно. Тэдэнд энэ таалагдахгүй нь лав” гэж бичжээ.
“Голос” намын гишүүн Ярослав Юрчишин "Орос зөвхөн хүчний хэлээр ярьдаг бөгөөд үүнийг Трамп мартах ёсгүй” гэж хэлсэн байна. Тэр өөрийн Facebook хуудастаа “Орос, түүний удирдагчид үг хэл, гэрээ хэлэлцээ ойлгодоггүй. Орос бол 90-ээд оны дээрэмчдийн бүлэглэл хэвээр бөгөөд хүчирхийллийг зөвхөн өөрсдөд нь амсуулсан үед л мэдэрнэ. Би Трамп, Путин нарын дараагийн уулзалт 100, 50, эсвэл 10 хоногийн хэлцэл биш, харин Украины зэвсгийн нийлүүлэлт болон бодит хориг арга хэмжээн дээр төвлөрнө гэж найдаж байна” гэж бичжээ.
Аляскийн уулзалтын дараа Украинд үзүүлэх дарамт нэмэгдэх үү
Украины мэргэжилтнүүд Трамп, Путин нар биечлэн уулзсаны дараа АНУ Украиныг дахин дарамталж, Киевт хүлээн авах боломжгүй нөхцөлүүд тулгахыг оролдохыг үгүйсгэхгүй байгаа аж. Гэхдээ тэдний үзэж байгаагаар нөхцөл байдал өөрчлөгджээ.
Владимир Горбач “Хамгийн ихдээ бидэнд заналхийлж чадах зүйл бол АНУ хэлэлцээний процессоос ‘гараа угаан’ гарч, оролцохгүй болох явдал. Энэ нь дарамтын нэг хэлбэр мэт боловч би АНУ-ын засаг захиргаа ухарвал Украинд эерэг шийдэл болно гэж үзэж байна. Учир нь, тэдний оролцоо дайныг даамжруулах, сунжруулах шинжтэй. Гэхдээ энэ бол зөвхөн заналхийлэл юм. Тэд өмнө нь үүнийг оролдож үзсэн ч бүтэлгүйтсэн” гэж хэлжээ.
“Украины призма” аналитик төвийн мэргэжилтэн, Киев-Могилиа академийн багш Александр Краевийн үзэж буйгаар Трамп зэвсгийн нийлүүлэлт зогсоох заналхийлэл ашиглаж магадгүй аж.
Краев “Гэхдээ одоо нийлүүлэлт ховорхон, тогтмол бус байгаа учир энэ нь Трамп анх үүнийг хэлж байсан үеийнх шиг шок эмчилгээ болохгүй. Мөн тэрбээр Европын орнуудад зэвсэг борлуулах схемээс татгалзах, эсвэл Европын батлан хамгаалах салбарыг санхүүжүүлэхээс татгалзах боломжтой. Гэхдээ АНУ-д ч түүний ашиг тус бий” гэж тэмдэглэжээ.
Краевийн бодлоор, Аляскагийн уулзалтын хамгийн бодит үр дүн нь “яриа ярианы төлөө яриа” байх магадлалтай. Учир нь аль ч талд Украин дахь дайны төгсгөлийн талаар бодит ойлголт байхгүй байгаа аж.
Краев DW-д ярилцлага өгөхдөө “Магадгүй хэлэлцээг үргэлжлүүлэх талаар хамтарсан мэдэгдэл л гарах байх. Орос, Украин хоёр болон Орос, АНУ-ын хооронд одоогоор нөхцөл байдлын талаар нэг ойлголт байхгүй” гэж хэлжээ.
Мөн тэрбээр Украины хувьд Америкийн талтай байнгын харилцаатай байх хэрэгтэй бөгөөд ингэснээр тэдний түүхийг “зөв тийш” чиглүүлэх, Европын түншүүдтэй сайн харилцаа тогтоож, “АНУ-аас Украин үзүүлж буй тусламжийг багасгах, эсвэл Европын эсрэг, үүний зэрэгцээ Украины эсрэг байр суурь гаргах оролдлогыг багасгах боломжтой” гэж үзэж буй юм байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.229.123.137] 2025-08-12 18:33:40
Трамп оросуудын бөгсөн дээр жин тавина
odoo yu ch hiij chadahgui tanai Trump chini [66.181.189.151] 2025-08-12 20:47:47
Amerikuud yu ch hiij chadahgui evropiin heden jijeg uls odoo delhiid igt nuluugui bolson ch dee. End heden ukrainii teneg vgiig orchuulij tavijee. Amerikuud zevseg munguu uguhgui bol naad banderuud chin heden sar bolohgui but tsohigdoj duusan daa.
Украйн бол жоохон асуудал. [66.181.160.51] 2025-08-12 16:57:35
Ганц Украйны асуудлыг Аляскад хэлэлцэхгүй. Орос, АНУ-ын хооронд ярьжж шийдэх өчнөөн асуудал байгаа. Украйн бол тэдгээрийн нэг нь. Иймд украйнууд зөвхөн тэднийг хэлэлцэх гэж байна гэж горьдох хэрэггүй.
yg vnen shuu [66.181.189.151] 2025-08-12 20:51:38
amerikuud evrei izrailiin asuudal mash chahal bolohoos bander ukrain bol zvgeer ogt sonirholgui ch dee. Amerikuud ch evrop ch odoo ukrainiig demjij hamag munguu zevsegee utga uchirgui ugsuur odoo oorsdoo ediin zasagiin gvn hyamarald bnaa.Orosd horig tabiad l orosiig ungaj butargaj zadlah tuluvlulguu ogt ybahgui harin uursduu hvnd baidald orood bnaa..
Зочин [202.126.89.29] 2025-08-12 15:31:34
Шууд арчиж болдоггүй л юм байхдаа