Хүннүгийн үеийн язгууртны булшин дээр зөвшөөрөлгүйгээр гэр барьсан байжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс Ноён уулын дархан цаазат газарт хууль зөрчиж, хашаа хайс хатгаж, гэр барьсан тухай мэдээлэл ирүүлжээ. Энэхүү мэдээллийн дагуу байцаагчид шуурхай ажиллаж, зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авсан байна.
Тодруулбал, Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс, Сүжигтийн амны эхэнд “Гүнбилэгт трейд” ХХК харуул хамгаалалтын зориулалтаар зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс хатгаж, гэр барьжээ.
Шалгалтаар тухайн компани Хүннүгийн үеийн язгууртны булшин дээр гэр барьж, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль” болон “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийг зөрчсөн учир газар чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулж, зөрчлийг бүрэн арилгасан байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах, соёлын өвийг хамгаалах чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллаж байгаа ажээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [67.171.160.15] 2025-08-12 17:53:30
булш ухаж л дээ