Нялх төлийн дуу цангинасан МАЛЧНЫ хотонд зочиллоо

М.Амаржаргал / Орон нутаг

-НЯЛХ ТӨЛ УУРАГ, СҮҮНДЭЭ ЗАДАЖ ӨНТЭЙ САЙХАН ХАВАРЖИЖ БАЙНА

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын

Аргалын удамт хонин сүрэг маань

Алагланхан сувдранхан өсөж байна

Халзан цагаанхан хурганууд нь хө

Хашаа дүүрэн тоглонхон байна...

Малчны хотонд нялх төлийн дуу цангинаж, өнгөтэй бүхэн сэргэж, үндэстэй бүхэн цэцэглэдэг энэ сайхан цагаар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийг зорилоо. Бидний очих гэж буй айл засмал замаас 20 шахам км-ын зайд нутагладаг. Хар замаас салан чанх хойшоо явахад шороон зам харагдахгүй хунгар цасанд хучигджээ. Тиймээс замаар баримжаа аван бут сөөг сүлжин явахаас өөр аргагүй байв. Ингэж явсаар зорьсон айлын маань бараа харагдаж, аргалын цэнхэр утаа яндангаас нь суунаглаж, хоточ нохой чимээ өгөн хуцах нь тод сонсогдоно. Гуч гаруй жил буянт малаа өсгөн аж төрж буй энгийн нэгэн малчин айл болох С.Жаргалсайхан гуайн гадаа ирэхэд унтаж байгаад эхээсээ хоцорсон гурван хурга машины чимээнээс цочин бөөр, бөөрөөрөө налдан хаашаа явахаа мэдэхүй гэнэ гэнэтхэн ухас ухас хийн холоос ажиглан зогсоно. Харин өвөлжөөн дотор нь нялх ишигний майлах чимээ тод сонсогдож, шар өтгө манартал хөөцөлдөн гүйж байх нь тэр.

image

Гэрт нь ороход гэрийн эзэн хургатай хонио эргүүлэхээр дөнгөж сая хөдөлчихлөө гэсээр гэрийн эзэгтэй Отгонмаам биднийг угтав. Тэрбээр өтгөн шар уургаар сүлсэн аагтай шаргал цай аягалаж өгөх зуураа "Энэ жил манай нутагт өнтэй сайхан өвөл боллоо. Мал жилбэтэй төллөж нялх төл гэлтгүй малчин бид ч гэсэн эхийн малынхаа уурганд гэдэс цайж байна. Өвөлдөө цасгүй хараараа өвөлжсөн, сая хэд хоногт ахиухан хэмжээний цас орж малын ам чийглэх ундтай, газарт чийг өглөө. Сүүлийн хэд хоногт налгар сайхан байна. Энэ хавар эрт нялх ногоо өгөх байхаа" хэмээн хуучлах зуур шинэхэн чанасан уураг таваглаж өгөв. Биднийг ийнхүү ярилцаж байх зуур гэрийн эзэн С.Жаргалсайхан гаднаас орж ирэв.

Тэрбээр "Хүүхдүүд аян замдаа сайн явж ирэв үү. Та хэдийг ирнэ гэдгийг дуулаад хээр цасанд суучих вий гэж санаа зовж л байлаа. Нар ээгээд байхад л сая орсон цас ханзрахгүй, зам, даваа цасан хужигдсан хэвээрээ л байна. Холын гийчдэд халгаатай ч малчин бидэнд шар тос юм шүү" гэж инээсээр биднийг угтав. Тэрбээр илүү гэрт ямаа самнаж байсан хүүгээ дуудан "Нэг нэг ямаа ишиглэх гэж байгаа, бас хоёр хонь хургалах гээд хэвтсэн. Хоёр хургаа тэнцэж босоод эхийнхээ уургийг амалтал харж сууж байгаад ишигээ аваад ир" гэж хэлээд хүүгээ хонь руу мордуулав.

С.Жаргалсайхан гуайнх энэ жил 300 гаруй төл хүлээж авахаас 200 гаруй төлийг нь хүлээж авчихаад байгаа аж. Тэрээр "Төлийн хорогдолгүй сайхан хаваржиж байна. Энэ өвөл манай нутагт цасгүй дулаахан сайхан өвөл болсон. Энэ жилийн хувьд эх мал жилбэтэй төллөж нялх төл уургандаа цадаж байна. Төл ерөнхийдөө 100 хувь бойжиж байгаа. Эхэндээ жаахан цувж байсан. Сүүлдээ бөөндөө төллөсөн. Өдөрт 30 гарч төллөөд хэд хоногт гол нь нугарчихлаа даа. Бог малын төлөлт 80 хувьтай болчихоод байна. Бод төллөх арай болоогүй дөрөвдүгээр сарын сүүлээр төллөнө дөө" гэсээр яриагаа хэлэв.

image

-МАЛЫГ ӨВЛИЙН ЦАГТ ХУЖИРТАЙ УСААР УСАЛСАН МАЛ САЛХИНЫ УРУУ ЦОГИЖ ГҮЙГЭЭД БАЙДАГГҮЙ-

Ингээд бид Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын мянгат малчин С.Жаргалсайханаас мал маллах урга ухааных нь талаар хэсэгхэн хором ярилцсан юм.

-Өнтэй сайхан хаваржиж байна уу. Энэ жил танай нутаг намраараа өвөлжөөд цас үзлээ гэж нутгийн малчид ярьж байна?

-Өнтэй сайхан хаваржиж байна. Энэ жил манай нутагт өвөлдөө цас бараг ороогүй дээ. Хяруунаас цаашгүй байсан. Сая үндсэнд хүрэхээр ахиухан хэмжээний цас орсон. 2-3 хоног нар ээхэд хайлж гүйцээгүй л байна. Жалга шуудуутай газраа 40-50 см шахуу цас орлоо. Ар хяр газартаа 10 см хиртэй цас орсон байна. Ямар ч байсан энэ хавар эрт нялх ногоо идэхээр байна. Зуны эхэн сар гарахаар хур бороо хэр элбэг орохоос шалтгаалаад зуншлага ямар байх нь мэдэгдэнэ дээ. Өнгөрсөн жилийн хувьд нялх ногоо эрт идсэн ч зуны дунд сар гартал хур бороо оролгүй ган болж манай нутгийнхан нүүдэл суудал их хийсэн.

-Салхи, шуурга ямархуу байна. Мал төллөх үеэр шороон шуургатай байх хүн, малгүй зутардаг талтай?

-Энэ хавар салхи шуурга тун бага шороо хөдлөөгүй л налгар сайхан хавар болж байна. Салхи шуургагүй хавар мал гуйвуулж эцэж тураагаад байдаггүй. Энэ жил салхигүй дулаахан сайхан байна.

-Танайх хургаа эхтэй нь хамт бэлчээрт явуулдаг бололтой харагдлаа. Ингэж өсгөх нь ямар давуу талтай вэ?

-Хургыг эхтэй нь хамт бэлчээрт явуулж хөрөв аргаар өсгөдөг. Өөрөөр хэлбэл хөдөлмөр хөнгөвчилсөн арга л даа. Хургыг олон барьж тавьдаггүй. Эхээс төрсөн цагаас нь эхлээд хөрөв аргаар бойжуулна гэж социализмын үед ярьдаг байсан. Манайх хургандаа гар хүрдэггүй шахуу, гар их хүрвэл хурганы гал үхнэ, хотны шар өтгөнд үнгэлдэж муухай болно гээд ер хашихгүй хээрээр голцуу бойжуулдаг. Харин ишгийг гардаж өсгөдөг.

image

-Танайх ишгээ задгай хийсэн харагдана. Зарим айлууд галлагаатай гэрт бойжуулдаг юм билээ?

-Их галлагаатай халуун дулаан газар байлгасан ишиг хатгаа авдаг. Ямар нэгэн өвчин олохдоо амархан байдаг. Манайх ишгийг эхээс төрсөн цагаас нь эхлэн зохих хэмжээний сэрүүхэн, агаар салхинд байлгахыг хичээдэг. Ингэж байж амархан торниж мал болох нь дөхүү байдаг юм. Халуун гэрт дулаан байранд байлгаад байхаар ишигний гал үхээд төл үнгэлдэнгүй болоод байдаг. Эхээс төрөөд 14 хоносон ишгийг түрүүчээс нь бэлчээрт гаргаж байнгын хариулгатай байлгадаг. Ингэхгүй бол нялх ишиг бут сөөг бараадан унтаж байгаад эхээсээ хоцорж нохой, шувууны хоол болох нь амархан байдаг юм.

-Өвөл малын ам чийглэх цасгүй үед хэд хоноод малаа усалдаг вэ?

-Энэ өвөл цас бага унасан учраас бог, бод малаа гар аргаар усалж байсан. Өвлийн улиралд малыг хоёр өнжөөд л усална. Хараар, цасгүй байгаа үед малыг их услахаар их турдаг. Тиймээс хоёр өнжөөд л хужиртай усаар усладаг. хужиргүй ус малыг их тураадаг. Манай говьд хужиргүй усыг хатуу ус гэдэг. Ийм усаар малаа услахад их турдаг. Хужиртай усаа зөөлөн ус гэж нэрлэдэг, зөөлөн усаар усалсан мал яаран тураад байдаггүй юмаа. Мөн салхины уруу цогиод байдаггүй давуу талтай.

-Та бидэнд мал хариулах арга туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Малыг байнгын хариулгатай маллаж бэлчээрт нь тогтоож, өдөрт нь энгэр эрээвэр газраар тогтоож хариулахад мал тарга хүчээ алддаггүй идэш хоолоо бүрэн авдаг. Хавар эрт ногоонд цадсан мал махан тараг илүү авдаг. Долдугаар сарын сүүлээс өөхөн тарга авахуулахын тулд отор нүүдлийг болж өгвөл ойр ойрхон хийж малаа таргалуулдаг. Намар таана шарлах үеэр малаа өөхөн тарга сайн авахуулна. Ер нь улаан, шар бударгана идсэн мал намартаа сайн тарга хүч авдаг. Сайн тарга хүчийгавсан малтай хүн өвлийг өнтэй давдаг.

-Намрын хайлган цагаар яаж малаа хариулдаг вэ?

-Намрын хайлган цагаар малаа мотоциклоор туулгаж хөөгөөд байхгүй. Уурга шилбүүр бариад туушиндаад байхгүй. Аль болохоор зөөлөн тогтуун хариулбал намар хайлахгүй. Хүйтэн усаар сайн услаж хяр толгодын ар барьж сэрүүхэн газраар бэлчээрлүүлнэ. Тарга хүчээ авсан малыг намар хайлгахгүй байх л хамгийн чухал даа.

image

-Сая наашаа ирэхэд өлийн цагаан огтоно нэлээд байгаа харагдлаа. Сум орон нутгаас усгах ажлыг зохион байгуулж байна уу?

-Өлийн цагаан огтоно их байна. Сум орон нутгаас өлийн цагаан огтоныг устгахын тулд газар нутаг сонгоод устгал хийж байгаа ч гэсэн хүрэлцэхгүй байна. Энгийн, механик, химийн аргаар ч оролдож байгаа ч барахгүй л байгаа бололтой харагдана.

Шинэхэн төлүүд эхтэйгээ эрхлэн тоглоод л, төлийн дуу цангинасан малчны хотонд ертөнцийн амар амгалан айлчлан ирсэн мэт. Төлийн дуу, хоточ банхарын чимээнээс өөр аниргүй хөдөөгийн талд энгийн нэгэн малчин айл ийнхүү аж төрөх ажээ.

Чойжилын Чимидийн шүлгээс...

Цэнхэр манан суунагласан

Алсын барааг ширтээд

Цэлгэр сайхан нутгаа

Сэтгэл бахдан харахад

Yлээж байгаа салхи нь

Yнсээд байгаа ч юм шиг... энэ нутгийн буйдхан талаар ийнхүү зочиллоо.

image

image

image


Сэтгэгдэл

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 06:44:14

<a href="https://t.me/filmfilmfilmes/12">Гонка</a>

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 17:49:10

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-07 01:36:01

Бетмен 2022 <a href="http://bitly.com/betmen-2022-film">The Batman</a> Дивитись фільм Бетмен

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 03:06:07

коли закінчиться війна в україні передбачення <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">скільки триватиме війна в україні</a> скільки триватиме війна в україні 2022

Зочин [66.181.184.252] 2019-03-26 08:39:02

Үлийн цагаан оготоно. Шар өтөг манартал гүйхгүйдээ гахгахгаххахаха

Зочин [122.201.24.168] 2019-03-26 02:40:00

ҮНЭГ ХЯРС ШУВУУ ЭДГЭЭР АМЬТАД ХУЛГАНА ОГТОНО ЭДГЭЭРИЙГ ХЯДДАГ ГЭЭ БИЗ ДЭЭ

Зочин [202.179.31.110] 2019-03-26 01:17:58

ГӨЛӨГНҮҮДЭЭ ХУДЛАА ЯРЬЖ ЧАЛЧИЖ СУУХААР МАЛЧНЫ ХОТОНД ОЧООЧ МАХ ИДЭЭГҮЙ ЮМУУ

Зочин [103.212.117.40] 2019-03-26 12:12:20

Гурил иддэг бол тариан талбайд, архи уудаг бол АПУ-д очиж ажиллах юм байна, мөн үү?


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.