Э.Хүдэрбаатар: Хатуу хуванцрыг дахин боловсруулж барилгын арматур хөндийрүүлэгч, зай баригч үйлвэрлэж байна
-ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ОДООГООР ЦААСАН ДЭЭР БИЧИГДСЭН ТУНХАГИЙН ШИНЖТЭЙ БАЙНА-
Манай улсын хэмжээнд өдөрт нэг айл өрхөөс 800-1 кг хог хаягдал гардаг гэсэн судалгаа тооцоо байдаг. Нийт хог хаягдлын 80 хувийг дахин боловсруулах боломжтой ч яг өнөөдрийн байдлаар 30 хүрэхгүй хувийг л дахин боловсруулж байгаа юм. Улсын хэмжээнд 20 гаруй дахин боловсруулах үйлдвэр байна. Тэдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа “Хэв Хашмал Хуванцар” ХХК-ийн хатуу хуванцар дахин боловсруулах үйлдвэрийг энэ удаа танилцуулахыг зорьлоо. Эднийх хоногт таван тонн хаягдал хуванцрыг дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд үүгээрээ барилгын материалын түүхий болгон ашигладаг. Хог хаягдал дахин боловсруулах асуудал, үйлдвэржилтийн салбарын хөгжлийн талаар “Хэв Хашмал Хуванцар” ХХК-ийн захирал Э.Хүдэрбаатартай ярилцлаа.
-Танай хуванцрын үйлдвэр хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ. Мөн ямар төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлж нийлүүлж байна?
-Бид хаягдал хуванцар дахин боловсруулж гарсан түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлээд тав дахь жилтэйгээ золгож байна. Манай үйлдвэрт төрөл бүрийн барилгын арматур хөндийрүүлэгч, зай баригч, зэрэг зам гүүрт өргөнөөр ашиглагддаг бүтээгдэхүүнүүд мөн энэ жилээс эхлэн барилгын цахилгаан далдлагч хуванцар хоолойг гаргаж зах зээлд нийлүүлж эхэлж байна. Үүний зэрэгцээ спорт заал, талбайн хуванцар сандал, эвхэгддэг хайрцаг, гэр ахуйн түмпэн зэрэг өргөн хэрэглээний зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн хэрэглэгчдэд санал болгож байгаа. Ахуйн зориулалтын бүтээгдэхүүнийг зориулалтын анхдагч хуванцар түүхий эд импортлон үйлдвэрлэдэг. Бид зөвхөн өөрсдийн барилгын материалын бүтээгдэхүүний түүхий эдийг хангах зорилгоор дотооддоо хатуу хаягдал хуванцар дахин боловсруулах үйлдвэрийг байгуулан байгальд олон зуун жил задардаггүй хуванцрыг дахин боловсруулж үүгээрээ нэмүү өртөг шингээсэн бараа бүтээгдэхүүн хийж байгаль экологид ээлтэй үйл ажиллагааг явуулдаг. Хог хаягдлыг дахин боловсруулах ажил бол амар ажил биш. Бид жилдээ 800-1000 орчим тонн хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой ч өнөөдөр нийт хүчин чадлынхаа 30 хувийг л ашиглаж байна. Энэ мэдээж хог хаягдлын ангилан ялгалт, тог цахилгааны хангамж, өвөл зуны улирлын шинж чанартай ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Үндсэндээ 2019 онд бид үйлдвэрээ өргөтгөх тоног төхөөрөмжөө илүү сайжруулахаар зорин ажиллаж байна.
-Хаягдал түүхий эдийн хувьд хэр олдоцтой байдаг вэ?
-Манай үйлдвэр хоёр төрлийн хуванцар боловсруулдаг (PP,HDPE) түүхий эдийн хувьд олдоц янз бүр байдаг. Түүхий эдийн хувьд харилцан адилгүй үнэтэй байдаг ч цаашид аль болон тогтвортой байгаасай л гэж хүсэж байна.
-Танай үйлдвэрийн хувьд ямар хүндрэл бэрхшээл тулгардаг вэ?
-Аливаа зүйлийг хийж бүтээхэд бэрхшээл гардгийг ажил хийдэг хэн бүхэн мэднэ. Яг л давааны цаана даваа гэдэг шиг хүмүүс бид нэг бэрхшээлийг гэтлэн нөгөөд хүрч дахин давахын төлөө зогсолтгүй зүтгэж энэ бүхнээсээ сурч, хөгжин дэвжиж байдаг шүү дээ. Гэхдээ Монголын нийт үйлдвэр эрхлэгчдийн өмнө гарч байгаа нийтлэг хүндрэлүүд юу вэ гэхээр юуны түрүүнд инфляци, мөнгөний ханш уналт буюу төгрөгийн өнөөгийн үнэ цэнийн уналт, цахилгаан хангамжийн асуудал, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, тогтворгүй байдал зэрэг макро түвшин дахь эдийн засгийн асуудлууд яах аргагүй мөн. Энэхүү өсөлтийг дагаад тэр хэмжээний зардал нэмэгдэнэ гэсэн үг л дээ. Жишээ нь, жилийн өмнө бид нэг эрэг боолт авахад 300 төгрөг байсан бол одоо 450 хүрсэн байх жишээний гэтэл дахиад 1-2 жилийн дараа 800, бүр 1000 төгрөг даваад явахыг бид таамаглахаас өөр аргагүй байдалд байна. Гэтэл нийгмийн баялгийг бүтээлцэж байгаа хэсэг бүлэг хүмүүс ажиллаад л хөдөлмөрлөөд зүтгээд л байдаг. Оруулсан хөрөнгөө нөхөх хугацаа энэхүү өсөлтийг дагаад хойшилсоор л байна гэсэн үг. Энэ бол Монголын аж үйлдвэрлэлийн салбарт бодитоор нүүрлээд байгаа нийтлэг бэрхшээл.
Олон, олон аж ахуй эрхлэгчид тэдгээрийн ажилчид Монголын улсын баялгийг бүтээлцэж байгаа хөдөлмөрчин иргэд өглөөний нарнаас үдшийн бүрий болтол ажиллаад хөдөлмөрлөөд л байдаг гэтэл инфляци, ханш уналт, зэргээс шалтгаалж хоёр жилийн өмнөх цалин нь тэдний амьжиргаанд хүрэлцэхээ больж ирж байна. Мэдээж ажил олгогч эзэд ч зардлаа нэмэхээс аргагүйд хүрнэ. Гол нь энэ бүхэн миний ажиглаж байгаагаар сүүлийн 2-3 жилд нэлээд эрчимтэй явагдаад эхэллээ. Энэ үнийн өсөлт нь хог хаягдалд дээр ч хүртэл ажиглагдаж эхэлсэн төдийгүй цаашаа хаа хүртэл явахыг бид таамаглахаас өөр үр дүнтэй бодит арга хэмжээ авч чадахгүй байгаа нь туйлын харамсалтай. Мэдээж энэ талаар манай улсын бодлого тодорхойлогчид үүний эсрэг арга хэмжээ авч бодит үйлдвэрлэлийн салбараа олигтойхон дэмжиж, манай өнөөгийн удирдлагуудын хэлдгээр Монголчууд хүчээ нэгтгэж, Монгол төр тодорхой салбарт бизнес эрхлэгчдээ дэмжих болов уу гэж найдсаар байна.
-Манай улс урд хөршөөс хуванцар бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирсээр байна. Гаднаас оруулж ирэх хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг зогсоож Монголчуудынхаа хэрэглээг хангах боломж байна уу?
-Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний хувьд боломж байлгүй яахав. Гэхдээ бүх зүйлийг бид гэнэт хийж эхэлнэ гэж юу байхав дээ. Гол нь энэ тал дээр төрийн маш хатуу бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт чухал. Жишээ нь жил болгон “Эх орон ч худалдан авалтын жил” гэж зарлаж сүржин нэртэй үзэсгэлэнгүүд зохиогддог ч дотоодын үйлдвэрүүдээс бараа бүтээгдэхүүн аваад тоймтой дэмжээд байгаа зүйл байгаа эсэх нь эргэлзээтэй. Цаашлаад 2006 онд шинэчлэн найруулсан “Хог хаягдлын тухай хууль”-ийн 40.4-т “Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид эдийн засгийн урамшуулал олгоно” гэж байгаа ч хэн яаж хэрхэн дэмжих, урамшуулах талаар ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл манай хууль эрх зүйн орчин маань бодит хөрсөн дээрээ хэрэгжихгүй, цаасан дээр байгаа тунхгийн шинжтэй байгааг салбарын яам, агентлагууд, аж ахуй эрхлэгчид иргэд, холбоод бүгд мэдэж байгаа ч одоохондоо дор бүрнээ ажилласаар л байна. Сайн хэлж мэдэхгүй ч одоо үр дүн гарах цаг нь болмоорсон доо.
-Танай үйлдвэрийн хувьд ямар нэгэн зээл тусламж болон хөрөнгө оруулалт авч байсан уу?
-Бид гурван жилийн өмнө нь Хөгжлийн банкнаас зээл авч зээлээ хугацаанд төлсөн үр дүнд нь бид дээрх үйлдвэрүүдийг байгуулж одоо үйлдвэрээ хөл дээр нь босгох гээд л ажиллаж байна. Тус зээлийн хөрөнгөөр бид хоёр үйлдвэр байгуулж бүрэн автомат сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нутагшуулж, хүнээ сурган ажлын байрыг нэмэгдүүлсэн. Үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд дахиад хүн хүч хэрэгтэй хэдий ч зардал, төсөв санхүүгээ зөв тооцох нь тодорхой шүү дээ.
-Зээл тусламж авсан ч үйлдвэрлээ бас хөгжүүлж чадахгүй царцсан байдалтай байгаа үйлдвэрүүд байдаг. Энэ талаар юу гэж боддог вэ?
-Хувь хүний хувьд зээл тусламж нүдээ олоогүй нь их гэж боддог шүү. Аль ч тохиолдолд төрийн зөв менежмент шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Төр муу менежер гэдгийг хувьдаа буруу ойлголт гэж боддог болсон. Эсрэгээрээ Төр бол хамгийн том компани юм гэж үзэх хандлага манай өмнөд хөрш улсад давамгайлж байна тэгэхээр асуудлыг аль өнцгөөс харж байгаагаас шалтгаалах байх. Сүүлийн үед үйлдвэржилтийг дэмжихээр УИХ, Засгийн газрын түвшинд дээр дооргүй ярьж төрөөс үйлдвэрлэлийн салбарыг дэмжих талаар нааштай хууль эрх зүйн бодлогын бичиг баримтууд батлагдагдаж байгаа нь сайшаалтай гэхдээ гол нь бодит амьдрал дээр хэрэгжүүлэх нь чухал болоод байна.
-ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БАНКНААС 15-25 ХУВИЙН ЗЭЭЛ АВЧ БАЙНА-
-Эх орондоо үйлдвэрлэх боломжтой зүйлийг гадны улсаас импортолж оруулж ирсээр байна. Улс хөгжихгүй гаднаас л зөөсөөр байгаа харагддаг. Уг асуудлыг яаж шийдэх хэрэгтэй вэ?
-Манай улс орон хөгжихийн тулд эхлээд суурь машин тоног төхөөрөмж, аж үйлдвэржилтийн салбарт бодлогоор хөрөнгө оруулах шаардлагатай гэдэгтэй эрүүл сэтгэхүйтэй монгол хүн маргахгүй болов уу. Гэтэл өнөөдөр газрын хэвлийн баялаг, шороогоо л зараад мөнгөтэй болно тэгээд л хөгжинө гэсэн гэсэн ойлголтоор яваад байх шиг. Миний ухаж ойлгосноор хөгжил хүн бүрийн тархинд бас хөдөлмөр шингээстэй байдгийг бизнесийн салбарт ажиллаж эхэлснээс хойш л ойлгож байна. Өнөөдөртөө халаасандаа хэдэн цаастай, хөл дүүжлэх унаатай, хэдэн ч байшин савтай байшинтай байж болно. Гэхдээ буруу зарвал үрээд л дуусна. Тэгэхээр хөрөнгийг зарах ухаан тархинд байгаа биз дээ. Тархи ажиллахгүй бол ямар ч хөрөнгө урсаад бусдын хоол болоод дуусна. Мөн тархинд байгаа мэдлэг, мэдээллийг бодит ажил болгон хувиргах хөдөлмөр, хичээл зүтгэл, бүтээх, сурах чинь хүсэл эрмэлзэл байхгүйгээр юу ч урагшлахгүй л болов уу. Энэ талаар нийгэмд олон, олон яриа, хэлэлцүүлэг өрнүүлж нийгмийн хандлагыг өөрчлөх чиглэлд олон зүйлс хийгдэж эхэлж байгааг харахад сэтгэлд сайхан байдаг шүү. Энгийн бидэнд хязгаарлагдмал ч гэсэн боломжууд байсаар байна. Бид ядаж хоол хүнсээ, хувцас хунараа, зарим барилгын материал, цаашлаад шатахуун, эрчим хүчний хангамжийн хувьд гаднаас хараат биш болохын төлөө нэгдсэн нэг зорилго дор монгол хүн бүр хичээвэл хүрэх ирээдүй байгаа гэж боддог.
-Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн үнэтэй байдаг болохоор, иргэд авдаггүй дэмжихгүй асуудал гарсаар байдаг?
-Миний бодлоор үүнд хэд хэдэн шалтгаан байна.
Нэгдүгээрт: Дээр хэлсэнчлэн бид суурь, үйлдвэрлэлээ нураасан одоо улсын үйлдвэржилтийн бодлого цаасан дээр байж магадгүй бодит байдал гэвэл улсаас ч энэ чиглэлд тоймтой хөрөнгө оруулалт хийх шаардлага байгаа.
Хоёрдугаарт: Банк санхүүгийн систем дахь өндөр хүү, гадаад валютын ханш өсөлт, инфляци мөнгөний бодлогын улмаас өсөн нэмэгдэх үнийн өөрчлөлт.
Гуравдугаарт: Хүн ам, зах зээлийн хүчин зүйл байгаа. Ядаж хангалттай үйлдвэрлэж чадаж байгаа бүтээгдэхүүнийхээ дотоод зах зээл дээр, хил гаалийн тарифын болон тарифын бус хязгаарлалтуудаар хамгаалах шаардлагатай.
Жишээ хэлье, Манай хөрш улс БНХАУ-ын засаг захиргаа үйлдвэрлэл эрхлэгчиддээ бодлогоор маш бага бага хүүтэй заримдаа бараг хүүгүй урт хугацаат зээл маягийн тэтгэлгийг олгодог. Гэтэл манайд эсрэгээрээ доод тал нь жилийн найман хувийн хүүтэй төслийн зээл байх тэр нь маш өндөр шалгууртай учир дийлэнх аж ахуй эрхлэгчид өнөөдөр банкнаас жилийн 15-25 хувийн зээл авч байна. Тэгэхээр бидний бүтээгдэхүүний үнэд энэ бүх хүүний зардал валютын ханшийн эрсдэлийн задралыг шингээх нь ойлгомжтой шүү дээ. Дээрээс нь өдрөөс өдөрт хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байдаг тэгэхээр яаж үйлдвэрлэгчид бараагаа хямд өгөх талаар бодоход ч бэрх. Ер нь үйлдвэрлэл ч бус импорт, худалдааны салбарт ч мөн тийм байгаа.
-Танай үйлдвэрийн хувьд барилгын салбарын арматурын хөндийрүүлэгч үйлдвэрлэдэг гэж түрүүн хэлж байсан. Өнөөдрийн байдлаар барилгын салбарынхаа хэдэн хувийг хангаж байна. 100 хувь хангах боломж байна уу?
-Өмнө нь манайх бүтээгдэхүүнээ БНСУ-аас оруулж ирж худалдаалдаг байсан. Харин одоо бид уг бүтээгдэхүүнийг дотоодын барилгын материалын стандартыг батлуулан эх орондоо үйлдвэрлэн нутагшуулж байна. Манай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр барилгын хамгаалалтын үеийн зузаан жигд хангагдаж барилга барилга бүтээцийн бат бэх чанар сайжирна. Ажлын мах их хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэх гээд олон давуу тал олон. Бид дээрх төрлийн бүтээгдэхүүнээр Монголын барилгын салбарыг 100 хувь хангах бүрэн боломжтой. Ийм ч учраас бид үйлдвэрлэлийн хүчин чадлаа боломжийн хэрээр нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
С.ПҮРЭВДОРЖ
Сэтгэгдэл
Жжж [118.103.213.63] 2024-05-19 05:31:50
Газар авсан юмаа хашааны материал хийдэг үү?
Зочин [202.126.88.146] 2019-12-13 09:38:51
Евро хашааны хэв хийдэгүү
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:00:02
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:00:01
Зочин [202.55.188.41] 2019-05-27 14:05:17
Наад брэндийн гэрийг хоёрдогч түүхий эдээр хийдэг юмуу? Хүүхдийн тоглоом биз дээ!
Зочин [66.181.161.107] 2019-05-05 12:50:29
Цэцэрлэгийн хүүхдийг ортой болгох гэж байгаа учир ор хийгээрэй амжилт хүсье
zochin [103.229.120.115] 2019-05-02 04:39:40
Монголдоо анхдагч болж ийм сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаад нь амжилт хүсэе. Нэг ч гэсэн зүйлийг гаднаас биш дотроо үйлдвэрлээд эхлэж байгаад манайхан дэмжээд яваасай хийж байгаадаа урам өгч улам хөгжинө үү гэхээс шүүмжлээд гоочлоод байвал хэзээ ч өөдлөхгүй биз.
зочин [66.181.178.41] 2019-05-01 15:54:29
солонгос арматр тѳмѳрѳѳс чанартай илүү хямд.. байгалд хор учируулдаг хаягдал үнс цаас хог хоёрдогч түүхий эдээр юм хийдэг үйлдвэрийг шууд татвараас чѳлѳѳлѳѳ. улсад ашигтай ажлын байр одоноор гаргадаг шүү
Зочин [202.9.42.123] 2019-05-01 13:11:59
Хуванцар арматур ерөөсөө найдваргүй шүү. Битгий аваарай
injener [192.82.65.160] 2019-05-27 08:39:05
Барилгын мэдлэг муу бол коммент бичиж яах нь вэдээ. Шууд үгүйсгэж. Энэ бол хөндийрүүлэгч гэж байна. Бетон цутгахад хэрэглэдэг чухал зүйл.
Зочин [112.96.109.221] 2019-05-01 14:05:46
Yag armatur bish. Bas 9 davhar baishind heregleh yum shig teneg bodloo haya. Huviin oron suuts.
Зочин [66.181.161.101] 2019-05-01 05:04:39
Ээ бүү үзэгд арматур яан гэнээ
muisiin huuld surch baisan uhaantai yum [192.82.64.83] 2019-05-01 02:35:36
ene medrel muutai psdaa sh de hytadad neg heseg surch bna geed soliorood yavaj baisan medrel muutai galuu lalardaa ene gulug hytad naizaa hulihdaad uragshaa yavah nuurgui bolson gar
huder [203.91.115.243] 2019-05-02 01:21:54
Өнөөдөр санамсаргүй өөрөө уншлаа. Анх удаа ийм эвгүй зүйл уншлаа.. Хүн доромжлох,гүтгэх хуультай юм л даа яг одоо хуульчдаа хэлж Таны комментийг шалгуулах талаар ярьлаа.. Хэн ч бай Танд амжилт хүсье
Оожоо [139.5.216.177] 2019-05-01 10:19:31
Манайхаэ хүнийг муулах муу хэлэхдээ их гаргууд юм да. Ярьж байгаа сэдэв санаа маш их таалагдлаа. Яг л үнэн шүү дээ. Төр засаг банк санхүү үйлдвэрлэгчидийг яаж дэмжиж байгааг тодорхой хэллээ. Хийж байгаа бүтээгдэхүүн нь сайшаалтай байна. Барилгын арматур хөндийрүүлэгч их хэрэгтэй бүтээгдэхүүн үүнийг мэргэжлийн хүмүүс болон барилгын арматурчид сайн мэднэ дэ. Бүтээгдэхүүний үнэ яагаад өндөр байдаг нь ч ойлгогдож бна. Тариинд болон цаасан дээр байгаа зүйлээ ажил болгох бүтээгдэхүүн болгох сэтгэхүйг монгол хүнд бий болгох хэрэгтэй болжээ гэдэг нь үнэн. Хөдөлмөрлөхгүйгээр бэлэн мөнгөжөх баяжих амьдарах гэдэг худлаа юм аа. Баялагаа ухаж зарсаар хөгжихгүй ээ. Одоо харж байхад уралдаж хулгайлах булаацалдах хэрэлдэх хэрэгт холбогдуулах хуйвалдах хорлох бүх муу зүйлийг хэрэглэж байх шиг бна. Монголчууд ийм байгаад байвал улс маань хөгжих үү. Хойч үе бас ямар хөмүүжлээр өсөж төлөвших вэ? !!!!