Би чадна, би чадна
Би чадна...
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай байнга ярьж, бичдэг нь сайшаалтай ч хэрхэн дэмжих, иргэдээ яаж боломжийн орлоготой болгох талаар хийсэн ажил үр дүн багатай байх шиг.
Ажилгүй иргэдийн судалгааг харахад ихэвчлэн 25-45 насныхан байх юм. Дээр нь хүнд нөхцөлд ажиллаж 50 насандаа өвөө, эмээ нарын эгнээд шилжсэн иргэд нэмэгдэнэ. Уг нь Монгол Улсын хүн амын дундаж наслалт, хөдөлмөрийн чадвартай иргэдийн бүртгэлээс харахад энэ наснынхан хамгийн идэвхтэй ажиллаж байх ёстой бус уу. Гэтэл эсрэгээрээ байх юм.
Ажилгүй иргэдтэй уулзлаа. Эмэгтэйчүүд угаагч, зөөгч, үйлчлэгч гээд таарсан бүхнээ гололгүй хийчихнэ. Харин эрчүүд өөр юм аа. Монгол эр хүний омогшил нь дийлээд тэр үү таарсан бүхнээ хийхийг тэд хүсдэггүй бололтой. Түүнээс гадна ар гэрээ тэжээх хариуцлага нуруун дээр нь байдаг болохоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 300 мянган төгрөгийн төлөө цагаа барах нь харамсалтай байдгаа нуусангүй. Харин цаг наргүй, хүнд ч хамаагүй боломжийн цалинтай ажил хайдаг ч бас хүссэнээр нь олддоггүй аж. Ажил хайж буй 35 настай Б “Би боловсролгүй ч хар бор ажлыг хэнээс ч дутахгүй хийнэ. Барилгын засал чимэглэл, өрлөг, плита наах гээд надад хийж чадахгүй зүйл байхгүй. Ажлын зар олон байдаг ч яг очоод уулзахаар авах нь тун бага. Нас хүйс, биеийн өдөр, нам гээд л сайхан хүүхэн, сайн морь шинжих дайны юм болдог. Ингээд л би гэр бүлээ тэжээхийн тулд өөрийгөө 100 айлын барилгын зах дээр өөрийгөө үнэлэх хэрэг гардаг. “Би чадна, би чадна” гэх хүмүүсийг муу хэлж, голох нь түгээмэл. Үнэндээ тэд чинь ажил хийж амьдралаа аваад явъя гэсэн хүмүүс л шүү дээ. Наад зах нь хүмүүс мөнгөө тохироод ажлаа хийлгэснийхээ дараа голно, мөнгө өгөхгүй маргааш ир гэнэ. Их хэцүү. Барилгачин гээд Хятадаас ирээд байгаа хүнээс хамаагүй сайн хийсэн ч миний ажлын үнэлэмж үнэхээр бага. Үүнийг зохицуулж болдоггүй юм байх даа” гэж байсан.
Эндээс харахад Монголд цагийн ажил, түүний үнэлгээг тогтоож өгөх шаардлагатай нь анзаарагдаж байна. Монголчуудын зорих дуртай БНСУ-д хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжиж, яаж ажилладаг талаар бид мэддэг ч хэрэгжүүлэхгүй байна. БНСУ-ын хөдөлмөр эрхлэлтийн 20 хувийг цагийн ажил эзэлдэг юм байна. Хүн чаддаг мэддэг зүйлээ хийхийн тулд хөдөлмөрийн биржид бүртгүүлнэ. Гэхдээ бирж нь төрийн бус хувийн байгууллагын мэдэлд байдаг аж. Тухайн байгуулага, аж ахуйн нэгж маргааш ямар ажилчин хэрэгтэй байгаагаа тус газарт мэдэгдсэнээр бүртгүүлсэн хүн ажилтай болох жишээтэй. Найман цагийн ажил хийхэд хөлсний хамгийн доод хэмжээ 100 мянган вон. Тохирсон ёсоор ажлаа дуусангуут биржийн дансанд нь мөнгийг нь шилжүүлнэ. Бирж таван хувийг нь зуучилсныхаа хөлсөнд аваад үлдсэнийг нь тухайн хүний дансанд эс бөгөөс өөрт нь бэлнээр олгоно. Энэ нь найдвартай, бас ямар ч асуудалгүй учир оюутан залуус төдийгүй цагийн ажил хийх хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй байдаг аж. Манайд Хөдөлмөрийн бирж байдаг ч энэ зарчмаар ажиллаж чадахгүй зар хүлээн авагч операторын үүрэг гүйцэтгэж байна. Тогтолцооны алдаа, буруу бодлогын уршгаар Монголд дээд боловсролтой худалдагч, угаагч, цэвэрлэгч тоолж барашгүй олон болсон. Тэд насан туршдаа шал зүлгэж, аяга угаагаад 400 мянган төгрөг авахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Тэгвэл алдааг хэрхэн засах ёстой юм бэ. Дээд боловсролгүй бол хүн биш мэтээр ойлгож, юу ч сурч мэдээгүй ч мөнгөө төлж хохирсон тэднийг дахин мэргэшүүлэх хэрэгтэй байна. Монгол Улсад ямар мэргэжлийн, хэдэн боловсон хүчин хэрэгтэй байгаагаа олон нийтэд зарлах хэрэгтэй. Барилгачин, засал чимэглэлчин, өрлөгчин гэх мэт ажлыг монголчууд оросуудаас сурсан. Гэтэл чаддаг зүйлээ хятадуудаар хийлгэх ямар шаардлагатай юм бэ. Тэгээд бүр тав дахин өндөр цалин өгөөд шүү. Монголчууд аливаа зүйлд дасан зохицох чадвартай, юмыг сурахдаа хурдан сурдаг. Диплом гэх цаасгүйгээс болж гологдоод байгаа залуусаа үнэ төлбөргүй дахин мэргэшүүлээд ажлын байртай болговол ажилгүй гэх урт дараалал хумигдах бус уу. Ажилгүй иргэд ч мөн үүнийг хүсдэг юм билээ.
Ажилгүйчүүдийн эгнээг нэмээд байгаа хүмүүсийн нэгээхэн хэсэг нь тэтгэврийн наснынхан. Гэхдээ 65-аас доош наснынхныг энд хэлж байна. Тавь дөнгөж гарч буй эр хүүхэд салхилуулсан шигээ алхах юм. Хэн ч харсан тэтгэвэрт гарсан гэж хэлэхгүй, ануухан юм билээ. Тэдэнд хийе, бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэл байлаа ч нэгэнт тэтгэвэрт гарсан ахмад гэсэн үгний эзэн болсон хойно 20 жил хаалгийг нь татсан газар хүртэл нэг л өөр болчихдог гэж ярьдаг юм билээ. Ажлын амжилт, үр дүнд практик туршлага маш хэрэгтэйг бид бүгд мэднэ. 55-аас дээш насныхны онцлог нь үзэл бодол нь тогтож, ажилд хандах хандлага нь эмх цэгцтэй, ухаалаг, нухацтай болсон байдаг. Тэд 25 настай залуусын эрч хүчийг гүйцэхгүй ч 30 жилийн дадлага туршлагатай түүнийг хэн ч орлож чадахгүй. Хөдөлмөрийн чадвартай хүмүүсээ тэтгэвэр гэгч торонд суулгаж байхаар хуулиндаа өөрчлөлт оруулж тэтгэвэрт гарах насыг таван жилээр хойшлуулж, аль эсвэл тэтгэвэрт гарах нас нь болсон ч тухайн хүний эрүүл мэндээс хамаарч 5-10 жил үргэлжлүүлж ажиллах эрх олговол ямар вэ.
Тэтгэврийн наснынхан өнөөдөр хийх зүйлгүй гуниглаж, хүүхдийн асрагч, боломжийн амьдралтай нэг нь эзэмшил газартаа мод тарьсан болоод л сууж байна. Омголон, ойворгон зангаа аль эрт орхисон тэд ажил хийхийг хамгаас их хүсдгээ ярьсан . Дээр өгүүлсэн Хөдөлмөрийн биржийг олноор байгуулж, ахмадууд хийх боломжтой ажлын байр бий болговол үр дүн нь маш их гэдэгт эргэлзэх зүйл алга. Итгэл дааж, найдвартай, ажилд чин сэтгэлээсээ ханддаг ахмадуудад хийж чадахгүй зүйл байхгүй.
Сэтгэгдэл
зочин [139.5.217.253] 2019-06-18 07:27:22
Со улсад чадлынхаа хирээр хийж, хийсэнийхээ хэр хэмжээгээр авдаг ёсжурам дүрэмтэй улс юмаа,манайд бол тэс өөр юм л даа,их хийсэн ч,бага хийсэн ч цалин бага заримдаа цалингийн өгөхгүй хохироож бгаан зах зээлийн эдийн засаг биш,хүний хүч хөдөлмөрийг шулж мөлжиж баяждаг зэрлэг kап изм юм л даа,тэгээд ч монголд ажилтай жижиг дунд үйлдвэргүй оронд 24-50 насныхан архи ууж хий хоосон өдрийг өнгөрөөж бгаад улс хөгжиеө гэсэн сэтгэлгүй юм даа,өнөөдөр чиний хийсэн талх хичинээн хүнийг холлож ундалж,талх идсэн хүмүүс маани энэ улс оронд ямар их зүйл бүтээж өгч бгаа бол гэсэн сэтэхүй монгол хүмүүст өчүүхэн төдий алга даа,төр засагт ч гэсэн сэтгэл дутуу бгаад хамаг учир оршино.
Зочин [203.91.115.44] 2019-06-18 04:42:02
Хэрэглээнд суурилсан эдийн засагтай болохоор ажилгүй улсуудаа шингээж чадахгүй байна
Ахмадуудын талаар засаг бодит зүйл хийдэггүй ш дээ. [202.131.228.118] 2019-06-18 04:24:45
Монгол хүн ам цөөтэй, ажиллах хүч хангалтгүй, чухамхүү үүнээс болж л хөгжиж чадахгүй байна гээд гадаадынхны өмнө манай Хөдөлмөрийн яам, Засгийн газрынхан БҮЛТ ҮСРЭЭД байдаг. Гэтэл ажилгүй үй олон залуучууд болон 50-аас дээш насны ахмадуудад хөдөлмөрийн фронт бий болгох талаар ХАНГАЛТГҮЙ хөдөлдөг. Ахмад ажилтнуудыг ажиллуулах талаар ЮҮ Ч ХИЙДЭГГҮЙ гэж хэлж болно. Тэгсэн мөртлөө Ахмадын өдөр, Ахмадын жил тэмдэглээд л, тайзан дээрээс БҮЛТ ҮСРЭЭД Л байдаг. Шаал балай.
болдбаатар [67.181.242.30] 2019-06-18 05:51:41
яг үнэн маш чухал сэдэв хөндлөө
Huz [64.119.17.40] 2019-06-18 04:11:49
Mash chuhal sedev hondloo bayarlalaa