Г.Аюурзана: Сэтгүүлч хүнд уншигчдад ойлгогдохуйц бичих авьяас, мэдрэмж хэрэгтэй
“Агаарын бохирдлыг бууруулахад сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Энэ сургалтын хүрээнд Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзана сэтгүүлчдийн урилгаар хүрэлцэн ирж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. Түүний ярилцлагаас сэтгүүл зүйн чиг хандлагын өнөөгийн байдлыг тодорхойлсон хэсгээс хүргэж байна.
Сэтгүүл зүйг сонгодог утгаар нь одоо болтол төлөвшүүлээгүй
-Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлын асуудлыг сэтгүүлчид нэлээд ярьж байгаа. Асуудлын мөн чанарт хэр нөлөөлж чадаж байгаа бол?
-Сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгээд, хүчтэй байгаад байр суурь нь нэг байвал нийгэмд шууд нөлөөлнө. Нийгэмд хүрэхгүй үр дүн муутай байгаа нь нэг талаас сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадвараас хамаарч байна. Манай орны хувьд сэтгүүл зүйг сонгодог утгаар нь одоог болтол төлөвшүүлээгүй. Хамгийн анх Монголын сэтгүүл зүй 1920-иод оноос эхэлсэн, 1960 оноос өдөр тутмын сонин хэвлэлүүд цэгцэрсэн гэж үзвэл энэ бүх явж ирсэн школь дэндүү хуучин. Жишээлбэл, барилгын нэг тал нь нурлаа гэхэд сэтгүүлч “Энэ барилга нурчихсан байна. Энэ барилгыг бариулсан төр засгийн буруу” гэх мэтээр мэдээлэхэд энэ мэдээлэл биш зөвхөн сэтгэл хөдлөлөө гаргах талбар болж байгаа юм. Уншигчид нь түүнд дасчихна. Тийм юм бичээгүй байвал олигтой сэтгүүлч биш гэж үздэг. Нөгөө сэтгүүлч маань аль болох өөрийнхөө сэтгэл хөдлөлийг оруулаад, олон хүн хараах тусам үүнийг сайн гэж үздэг. Ярилцлага гэдэг бол асуулт асууна, тухайн асуултад нөгөө хүн хариулна. Тэгээд л болоо. Ярилцлага маш энгийн. Сэтгүүлч яриа авах хүнээ сонгоод ямар асуулт тавибал өөрийг нь илүү харуулах вэ гэдгийг тооцож очих ёстой. Гэтэл ярилцлага хийж байгаа хүний үзэл бодлоос илүү сэтгүүлч өөрийнхөө үзэл бодлыг ярьдаг. Жишээ нь, “Би ингэж боддог. Төр засаг ингээд байна. Та юу гэж бодож байна”, “Үгүй, Би бол таньтай санал нийлэхгүй, миний бодлоор энэ ингэдэг” гэх мэт. Ярилцлагаараа тухайн хүнийг илэрхийлэх биш сэтгүүлч өөрийгөө харуулах гээд байдаг. Сэтгүүлч хүн мэдээлэх ёстой. Үзэл бодол бол тусдаа төрөл, зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээ бичих тухайд уншигч тухайн мэдээг өөрт хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг хараад шууд мэдэх боломжтой байх ёстой. Гэтэл тухайн уншиж буй мэдээ юу хэлэх гээд байгааг ойлгоогүй байтал дуусчихдаг. Барууны сэтгүүл зүйд ямар ч мэдээг харсан эхний өгүүлбэрт ерөнхий агуулгыг харуулдаг. Энэ өөрөө мэдээллийн хурд байхгүй юу. Асар их цаг хугацааг хэмнэж байгаа юм. Манайд юу болох гээд байгааг нь ойлгохгүй байсаар байтал уншигч цагаа барна. Зарчим нь маш энгийн боловч манайд одоо болтол төлөвшөөгүй байна. Шар хэвлэлүүдээс гадна өдөр тутмын буурьтай сонинууд адилхан байна. Миний 20-иод жилийн өмнө сэтгүүлч байсан тэр үе өөрчлөгдөөгүй яг хэвээрээ байна.
-Сая хэлсэнчлэн сэтгүүлч хүн мэдээлэх ёстой. Тэр хүний үзэл бодол, асуудалд хандах өнцөг нь хоёрдугаарт байх ёстой гэлээ. Урлагийн салбарт тухайн хүний үзэл хандлага хамгийн чухал байдаг шүү дээ. Зарим хүмүүст тухайн сэтгүүлчийн хийсэн ярилцлагад өөрийнх нь асуудалд хандах өнцөг, хандлага гарч ирээгүй байвал сонирхолтой санагддаггүй. Иймд сэтгүүлчийн өнцөг, мэдээлэх үүрэг хоёр нийлэх боломж бий юу?
-Сэтгүүл зүй дотроо маш олон чанартай. Сурвалжлага, ярилцлага, мэдээ, нийтлэл, тэмдэглэл гэх мэт. Мэдээнд сэтгүүлч өөрийнхөө үзэл бодлыг ямар нэгэн байдлаар хавчуулах ёсгүй. Мэдээлэх үүрэгтэй сурвалжлага гэхэд сэтгүүлч заавал дотор нь ороод үйлдэл хийх гээд байх шаардлагагүй. Үзэл бодлоо илэрхийлэхэд тохиромжтой сэтгүүл зүйн төрөл бол нийтлэл юм. Манайхан болохоор бүгдийг нь холиод хаячихдаг. Мэдээлээд байгаа юм уу, байр сууриа илэрхийлэх гээд байгаа юм уу гэдэг нь ойлгогддоггүй. Энэ бол ур чадвартай холбоотой юм. Яг үнэндээ одоо энгийн иргэд сэтгүүлчдээс илүү шуурхай болчихлоо. Цахим орчин сэтгүүл зүйн үүргийг гүйцэтгэж эхэлж байна. Энэ нь сайн уу, муу юу гэдгийг ярихад хэцүү. Миний бодлоор энэ сайн биш. Гэхдээ үүнийг өөрчлөх ямар ч боломж байхгүй. Манай орон нефтийн үйлдвэртэй болъё, усан цахилгаан станц гэх мэт олон зүйл ярьж байгаа боловч үндэсний сүлжээтэй болъё гэж ерөөсөө ярьдаггүй.
Сэтгүүлч өөрийнхөө үнэт зүйлийг авч үлдэж чадвал сэтгүүл зүй өөрөө үнэтэй үлдэнэ
-Цахим хэрэглээгээр дамжуулаад хүн төрөлхтний хамтын ажиллагаа бий болж байна. Ийм нөхцөлд сэтгүүл зүйн салбар яах ёстой вэ. Сэтгүүлчид ямар арга барилаар ажиллаж, юу хийж, бүтээж байж энэ том урсгалд үнэт зүйлсийг бүтээх вэ?
-Ямар ч үед, ямар ч нөхцөлд боломж алга болдоггүй шиг байгаа юм. Боломж дандаа байдаг. Цахим сүлжээнд хичнээн шахагдаж байгаа ч гэсэн боломж үлдэж байгаа. Тэр боломжийг олж харж байгаа хүн л амжилттай явна. Бизнесмен хүмүүс ч гэсэн ижил. Зах зээлийг хаяад гарсан хүмүүсээс илүү үлдсэн нь амжилтад хүрсэн байх жишээтэй. Сэтгүүл зүйн өнөөдрийн орон зай хумигдаад ирээдүйгүй болно гэж бодож болохгүй. Яагаад гэвэл сэтгүүлч хүн өөрийнхөө үнэт зүйлийг авч үлдэж чадвал сэтгүүл зүй өөрөө үнэтэй үлдэнэ шүү дээ. Хүн болгон гар утсаараа зураг аваад ийм юм боллоо гээд мэдээлчихдэг болсон учраас сэтгүүлч хэрэггүй боллоо гэж үзвэл сэтгүүл зүй мэргэжлийн биш хэсэгт зайгаа тавьж өгснөөс ялгаагүй. Сэтгүүлч хүн илүү байх ёстой. Мэдээлэх хэмжээ нь ижилхэн түвшинд байвал ялгарал байхгүй болно. Аливаа юм үргэлж ялгарч харагддаг. Түүнийг олж хардаг хүмүүс байгаа. Монтень хэлэхдээ “Бид арвуулахнаа байсан ч энэ бол танхим, арвуулаа биш болоод хоёулхнаа үлдсэн ч энэ танхим. Бид хоёр бие биедээ танхим” гэсэн байдаг. Үүн шиг үнэлэмжээр авч үлдэж чадна гэдэг чинь маш чухал байхгүй юу. Магадгүй зөвхөн сэтгүүл зүйн өрсөлдөөн нийгэмд ямар нэгэн нөлөө үзүүлэхдээ биш тэр хүн өөрийгөө үнэлэх, хүндэтгэх үзэлтэй байх хэрэгтэй. Иймд өөрийгөө хүндэтгэх, өөрийнхөө мэргэжлийг хүндэтгэх үзэл нь үнэ цэнтэй байсан цагт л сэтгүүл зүй өөр болно. Тэгэхгүй сэтгүүлчид нь өөрсдөө “халтуур” хийгээд, сонгуулиар мөнгө “хийгээд” байгаа нь илүү сайхан амьдраад байна, зүтгээд байгаа нь бүтэхгүй байна гэж байвал энэ чинь өөрөө сэтгүүл зүйн үнэ цэнийг унагахад хувь нэмрээ оруулж байгаагийн хэлбэр юм. Бүх юм өөрийн гэсэн үнэ цэнтэй. Сэтгүүл зүйд авьяас чухал.
-Авьяасыг яаж хөгжүүлэх вэ?
-Сэтгүүлчдыг бэлтгэж ирсэн бүх замд нэг алдаа гарсан юм шиг санагддаг юм. Энэ юу вэ гэхээр авьяас гэдэг зүйлийг ерөөсөө яриагүй. Хэнийг ч бэлдчихвэл сэтгүүлч болчих юм шиг. Гэтэл үнэндээ сэтгүүлч хүн үйл явдал дээр очоод энийг биччихье, хүмүүсээр яриулчихаад энэ хэсгийг нь авчихъя гэх мэт бүх юмыг илэрхийлж чадах донж хэрэгтэй байдаг шүү дээ. Энэ чинь авьяас байхгүй юу. Тэгэхгүй бүгдийг хамж бичих бол биш. Ярилцлага хоёр үе шаттай. Нэгдүгээрт, тэр хүн асуултаа бэлдэж очоод маш зөв асуулт тавих ёстой. Яриулж чаддаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт, үүнийгээ бичих ёстой. Ярилцлага авсан хүн нь зөв санаа дэвшүүлсэн мөртлөө маш муу ярьдаг хүн байж болно. Түүнийг “балай” чигээр нь буулгах нь сэтгүүлчийн ажил биш. Тэр хүн яг юу хэлэх гээд байгааг нь уншигчдад ойлгогдохуйц бичихэд авьяас, мэдрэмж хэрэгтэй.
Зохиолчоос сэтгүүл зүйн бүтээл шаарддаг, сэтгүүлчээс зохиолчийн бүтээл шаарддаг “гажиг” манай улсад байна
Төвлөрсөн үзэл дэлхий дээр байхгүй. Тодорхойлолтууд ч гэсэн утга учраа алдчихсан. Хуучин яагаад тодорхойлж болдог байсан бэ гэхээр тэр үед бүх зүйлийг тодорхой хүрээнд нь ярьж болдог байсан. Хязгаардмал орчинд бүх зүйлийг тодорхойлж болно. Өнөөдөр тийм юм байхгүй. Жишээ нь, Оросын уран зохиол сайн, Английн уран зохиол сайн гэдэг үзэл байхгүй. Үүнтэй адил зохиолч, сэтгүүлч хоёрын хуучин байсан ерөнхий хил хязгаар байхгүй болчихсон. Зөвхөн бичиж буй төрөл, жанр дээр сэтгүүл зүй болон уран зохиолын бүтээл гэж ялгана уу гэхээс тухайн хүнийг ижилхэн “writter” гэнэ. Уран зохиол дотор сэтгүүл зүйтэй төстэй төрөл, жанр ч бий. Зарим зүйлээрээ уран зохиолын түвшинд бичигдсэн тэмдэглэл байна. Жишээ нь эсээ байна. Эсээ уран зохиол болон сэтгүүл зүйн аль алинд хамаарагдана. Нэг нь илүү эргэцүүлэл ихтэй, баримт бага. Нөгөө нь эргэцүүллээс илүү бодитой баримт руу орсноороо сэтгүүл зүйн эсээ, уран зохиолын эсээ болж байгаа болохоос биш ерөнхий бичлэгийн хувьд адилхан. Зохиолч, сэтгүүлч хоёр нэг том зүйлийн хоёр тал. Үүргийн тухайд шал өөр. Зохиолч хүний хүлээх үүрэг, сэтгүүлч хүний хүлээх үүрэг хоёр өөр зүйл. Сэтгүүлч хүн нийгэмд болж байгаа юмны тухай болон болохгүй байгаа зүйлийн тухай илэрхийлж байх ёстой. Угаасаа тийм үүрэгтэй мэргэжил. Зохиолч хүнд тийм үүрэг байхгүй. Монгол Улс утаатай байна гээд утааны талаар зохиол бичих үүрэггүй гэсэн үг. Хоёул ижилхэн бичдэг боловч зарчмын хувьд ондоо юм. Уран зохиолын мөн чанар бол хүний мөн чанар. Хүний мөн чанарыг харуулж чадах нь л уран зохиолын үүрэг. Өөр ямар ч үүрэг байхгүй. Энэ хоёрыг социализмын үед хольчихсон юм шүү дээ. Одоо буцаад ялгарал нь явагдаж байна. Тийм болохоор зарим зохиолчоос сэтгүүл зүйн бүтээл шаарддаг, зарим сэтгүүлчээс зохиолчийн бүтээл шаарддаг “гажиг” манай улсад байгаа юм. Зохиолч хүн модон бичих ёсгүйтэй адилхан сэтгүүлч хүн уран бичих албагүй.
Сэтгэгдэл
Зочин [103.9.90.130] 2020-01-03 04:29:39
Сэтгүүлч нарыг хархаар ой гутдаг болсон ш дээ нөгөө мөнгөний, захиалгат , дарамталагч гэх мэтээр харагдана . Мэдээж сайн сэтгүүлч ганц нэг бий байх. ТВ-9 ийн сэтгүүлч нар бол эзнийхээ юу хэл гэснийг л хэлнэ харлуулна муулна үгүйсгэнэ. "Шудрага үнэний дуу хоолой" МУ -ын гуравдагч Ерөнхийлөгч гээд л нэвтрүүлэг нь эхлэнэ шүү дээ. Нөгөө "ИХ МЭДЭГЧ" Билгээ "ИХ ШӨВӨГДӨГЧ" Баяраа нар бол харлуулж муулахын дон тусчихсан нотолгоогүй юмыг үнэн болгож яриад иргэдийн сэтгэл санааг үймүүлээд л айдаст авхуулаад л арай л муухай одоо эдний нэвтрүүлгийг хүмүүс үзэхээ больж байх шиг байна
зочин [202.179.27.208] 2020-01-03 01:06:08
Сэтгүүлч ярилцлага энэ тэр гээд донгосоод байх юм. Өөрийнхөө үзэл бодлыг шууд бичээд зарим газар нь асуулт асуусан болгоод үзэл бодлоо хариулт болгож бичэд тэгээд л ярилцлага гэдэг юм бичээд байдаг шүү дээ хө
шар [202.21.127.161] 2019-12-30 10:22:49
хамгийн хариуцлагтай ,үнэнч,авьяастай хүнийг сургах ёстой хуульч,сэтгүүлч,санхүүч энэ 3 мэргэжилээр хамгийн амархан гэж сүүлийн 30 жилд бүх их дээд сургуулиар бэлтгэж,одоо курсээр бэлтгэдэг болжээ.
Зочин [202.21.117.178] 2019-12-30 05:19:13
өөрийгөө мундаг гэж боддог хүн хамгийн хоцрогдсон нэгэн байдаг
Зочин [192.82.75.210] 2019-12-27 14:13:32
Аюурзана зохиолч сэтгэлгээ бол сайн сайн, бидний дунд байгаа ухаантай хүмүүсийн маань нэг
ШОДОРГО ЁС [103.240.241.110] 2019-12-27 02:18:17
ЭНЭ ХҮН МОНГОЛЫН ЗОХИОЛЧДОО МУУЛЖ ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛЫГ ДУУРАЙЖ БИЧЭЭД МУНДАГ ГЭЭД БОДЧИХСОН БАЙСАН .ОДОО СЭТГҮҮЛЧДЭЭ МУУЛААД ЭХЭЛЛЭЭ. МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД ШИГ ЦАЛИН БАГА ХҮНД НӨХЦӨЛД ШУДАРГА ҮНЭ АЖИЛЛАЖ БАЙГАА СЭТГҮҮЛЧТЭЙ УЛС ДЭЛХИЙД БАЙХГҮЙ СЭТГҮҮЛЧИД 8КАЗИНО ХУЛГАЙЧ УЛС ТӨРЧДИЙГ ИЛРҮҮЛСЭЭР БАЙГАА ЭНЭ АМЬТАН АГУУ ИХИЙН ДЭМИЙРЭЛД ОРЧИХООД ХЭДЭН ХУУЛБАР НОМ ГАРГААД АВСАН ХҮН Ч БАХГҮЙ Ш ТЭЭ
уншигч [104.34.79.53] 2019-12-28 04:12:08
чи өөрөө жинхэнэ агуу ихийн дэмийрэлтэй эргүү дагз бна даа, сэтгүүлчдийг муулсан биш мэдлэг өгч бна эргүү минь чи бодвол ямар ч мэдлэггүй авьяасгүй сэтгүүлчинцэр бололтой
бичээч [103.9.90.130] 2019-12-27 01:53:19
ЗӨВ зүйлийг хөндөж бичсэн байна, одооны СЭТГҮҮЛЧ гэх нөхдүүд бусдын захиалгаар гүтгэх , үгүйсгэх харлуулах шантаажлах ажилд авьяас билэгээ тодруулж байх шиг. Чиглэл чиглэлээр мэрэгшисэн юм шиг Улс төрчидийг, Урлагынхныг, Компанийн эздийг , шүүх прокурорыг г.м . Хамгийн хортой нь СЭТГҮҮЛЧ гэх хүмүүст итгэх итгэл алга болж байна нөгөө л шантаажчин сэтгүүлч гэх маягаар хандах болж . Нилээд хэсэг нь дээрх маягаар хоолоо олж зарим нь бүүр цулайчихсан 200 унаад л үнэтэй хауст амьдраад л энэ үнэн. Иймэрхүү сэтгүүлч нар улс орны хөгжилийг ч сааруулж байгаа тэдний гарт аймшигтай зэвсэг байгаа буруу үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх болохоор СЭТГҮҮЛЧИЙН ЭРХ нд халдлаа гэж бөөн юм болно. Уг нь бичсэн нэвтрүүлсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх нь шудрага биз дээ тэгдэг бол ШАНТАЖЧИН сэтгүүлч цөөрөх л байх
Фэн [202.9.46.235] 2019-12-25 12:30:32
Анударь аа гадаад үг бичихдээ ядахдаа гүүглдээд шалгаж байгаач. Аюурзана writter гэж бичлээ юу. Школь гэж бичлээ юу. Англи ч үгүй орос ч үгүйгээ харуулчих юм даа
ба [103.11.195.34] 2019-12-26 01:04:26
хэхэ харин тийм. Энийг ганц нэг ном уншихаас хэтрээгүй харсан уншсан үзсэн нимгэн нөхдүүд л шүтдэг ш дээ. бусдаар боловсрол өндөр хүмүүс ямарыг нь мэддэг кк
Зочин [192.82.70.160] 2019-12-25 12:25:21
Одоо энэ зурагтын хөтлөгч,сурвалжлагч нар гэж монгол хэлээ эзэмшиж чадаагүй дультраа хэлээр гадаад үгнүүд оролцуулан юу ярих гээд байгаа нь мэдэгдэхгүй ёстой хоион бантан болж байнаа?! Зарим нь бүр урд өмнө сонсож байгаагүй үг зохиож ярих боллоо!!! Сургаал айлдаж мэдэмхийрэхийн оронд монгол хэлний өндөр түвшний шалгалт авч байж ажилд авмаар байнаа?! Эхний ээлжинд хүүхдийн хэллэг болох аягүй,аймаар,гоё гэсэн 3-хан үг хэрэглэхийг хориглоод үз дээ...!!!!'
unen unen [122.201.31.121] 2019-12-25 08:14:39
sonirholtoi yariltslaga bolson. bi bas tend suugaad ene yariag sonsson.
Зочин [202.9.46.34] 2019-12-25 05:49:35
ЗА ЗАЙЛАА ЮУ БОЛООД ӨРВӨЛЗӨӨД ИРЭВ СОЁОЛЫН ГАВЬЪЯАТ ЗҮТГЭЛТЭЭН ХА ХА ХА
103.11.195.34 [192.82.68.100] 2019-12-26 03:23:19
Энэ 103,11,195,34 гэсэн айпи хаягийг тэмдэглээд аваач Өлзийтөгс өө. Ахин дахин орж ирээд л хуцаад байх юм аа. Хэдэн ч удаа орж ирж хэдэн ч коммент бичдэг юм. Хүсвэл би айпи-гаар нь хайж олоод, нэртэй устай нь зарлаад өгье л дөө. Олоход амархан болсон шүү. ядаж айпиг нь тэмдэглэж аваад байгаарай. Хэрэг хуучрахгүй.
ыжа [103.11.195.34] 2019-12-26 01:06:52
эхнэр өлзийтөгс гэгч нь хувийн хүн мэдэхгүй сургуууль төгссөн гадны шүлэг агуулгаар нь орчуулж наадаг гэрийн авгай байдаг ш дээ. тэгээд нөхөр нь тэрийгээ хэлэхгүй яагад энд хүний болвсрол яриад байна даа
Зочин [183.177.97.14] 2019-12-25 04:11:41
ККК, нэгэн төрийн өмч давамгайлсан компанид олон улстай харилцдаг албан тушаалыг л Англи хэлгүй хүн хийгээд л байх юм байна ш дээ, юу ч гэхэв дээ
Иргэн [103.242.46.141] 2019-12-25 03:48:15
Ер нь боловсролын чанар гэж авах юмгүй болчихсон болохоор бүх салбарын боловсон хүчин ихэнх нь гологдмол болчихсон юм даа. Дээрээс нь мэргэжлийн ажлыг мэргэжлийн биш хүмүүс хийдэг.
irgen [119.40.103.3] 2019-12-25 03:00:14
Setguulch nar eszuitei, soyoltoi baimaar sanagddag, ooriinhoo uzel bodloor hamaa namaagui yarij niigmiig ih uimuuldeg, hov jiv hootsolddog. Za tegeed utga nairuulga, uzel sanaa gej avah yum alga. Estoi yu heleh gd bga ni medegdehgui baisaar duusdag. Zov setgej baij, zov bichih estoi baih.
Зочин [64.119.17.85] 2019-12-25 02:05:27
БУСДЫН ӨМНӨӨС БУСАДРУУ БОРГОДОГ ХҮМҮҮСИЙГ СЭТГҮҮЛЧ ГЭЖ ОЙЛОГДОГ ЗӨВ ҮҮ ?
Зочин [45.56.155.188] 2019-12-25 01:46:28
Харин тиймээ, яг зөв сэдэв хөнджээ. Сэтгүүлчид маань үнэхээр салбарынх нь эрдэм мэдлэг, ёсзүйг бүрдүүлж өгдөг их дээд сургуулиуд нь чанаргүй болоод сэтгэлгүй болохоор ийм чадвартай болж бойждог юм уу яадаг юм бүү мэд. Эсвэл олон тооны төсөр нийтлэл ар араас нь гаргаад цаг зав нь болдоггүй, чанаргүйждэг юм уу бүү мэд. Өгүүлбэр, үг бүр үнэ цэнэтэй. Зүгээр танин мэдэхүйн мэдээллийг хүртэл зүгээр халтар хултар хөрвүүлээд шидэх биш, ядаж утга учиртай, сэтгэл гаргаж орчуулж, хянаж засварлаад олон нийтэд хүртээл болгож баймаар юм. Ганц ширхэг үг үсэг, тоон мэдээллийн алдаа наанаа за яах вэ дээ гэх ч үнэндээ хүмүүсийн мэдлэг, ойлголтыг чанаргүйжүүлж байна шүү дээ. Хүүхэд залуус, дүү нарынхаа тархи толгойг ядаж бодооч дээ.