Д.Оюун: Гэмт хэрэг, ахуйн осол, золгүй байдлаас болж хүүхэд хохирох тохиолдол цөөнгүй гарч байна

Н.Алтанцэцэг / Хууль

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунтай хүүхэд хамгаалал болон гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Сургууль цэцэрлэг хичээллэхгүй байгаа учраас хүүхэд ахуйн нөхцөлд гэмтэж бэртэх тохиолдол цөөнгүй гарч байна. Энэ талаар яриагаа эхэлье?

-Гэмт хэрэг, ахуйн осол эндэгдэл, золгүй байдлаас болж хүүхэд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гарч байна. Зарим тохиололд амь насаа алддаг. Сургууль цэцэрлэг амарсантай холбогдуулаад хүүхэд ахуйн орчинд гэмтэж бэртэх тохиолдол ихсэх хандлагатай байна. Мөн энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол бүртгэгдсэн.

-Энэ он гарснаас хойш хүүхэд гэмт хэрэгт холбогдсон тохиолдол хэд бүртгэгдсэн вэ?

--Улсын хэмжээнд 2020 оны эхний хоёр сард хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг 64 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 19 хэргээр буюу 22.9 хувиар буурсан байна. Насанд хүрээгүй хүнээс үйлдсэн хэрэг нийт хэрэгт эзлэх хувийн жин 0.9 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.2 нэгжээр буураад байна. Насанд хүрээгүйчүүдийн үйлдсэн гэмт хэргийн 50 буюу 78.1 хувийг хөнгөн, 14 буюу 21.9 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж, 68.8 хувь нь Улаанбаатар хотод, 31.2 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ.

-Өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн ямар гэмт хэрэг үйлдэж байна вэ?

-Бүртгэгдсэн гэмт хэргээс үзэхэд өсвөр насны хүүхдүүд хулгайлах, дээрэмдэх, залилангийн гэмт хэрэг үйлдэх нь ихэссэн. Амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор хууль эрх зүйн мэдлэггүйгээс өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж байна.

-Хүүхдүүд гэмт хэрэг үйлдэхээс гадна гэмт хэргийн золиос болох тохиолдол цөөнгүй байдаг?

-Гэмт хэргийн улмаас 264 хүүхэд хохирч, үүнээс 32 хүүхэд нас барж, 66 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, хохирсон хүүхэд 226 буюу 46.1, гэмтсэн хүн 46 буюу 41.1 хувиар тус тус буурсан байна.

Хүүхдүүд хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт түлхүү хохирч байна. Хүүхэд хохирч буй гэмт хэргийн шалтгаан нөхцлийн дийлэнх хувийг эцэг эхийн хараа хяналтгүй байдал эзэлдэг.

- Хүүхдэдээ хараа хяналт тавиагүй эцэг эхчүүдэд хариуцлага тооцдог уу?

-Эцэг эхийн буруутай үйлдлээс болж хүүхдүүд ахуйн осол болон бусад төрлийн гэмт хэргүүдэд хохирох тохиолдол байдаг. Үүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцдог.

-Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч байна вэ?

--Одоогоор хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нэгдсэн сургалт, сурталчилгааны ажлыг буюу хүүхэд багачуудыг олноор хамруулсан арга хэмжээг зохион байгуулахгүй байгаа. Хүүхэд багачуудыг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, орон гэртээ асран хамгаалагчгүйгээр орхихгүй байх талаар зурагт постер, богино хэмжээний кино, видео контентуудыг бэлтгэн цахим сүлжээгээр тэдэнд хүргэж байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын пэйж хуудас болон “Өсвөрийн сэргийлэгч” пэйж хуудсаар “Сэргийлэгч хүү, Зөвлөгч охин”-ны богино хэмжээний зөвлөмжүүдийг хүргэж байна. Цахим тоглоомонд донтох, цахим гадуурхал, үе тэнгийнхний дарамтаас үүдэлтэйгээр өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох, хохирох тохиолдол гарч байгаа тул тэдэнд чиглэсэн контентыг бэлтгэн олон нийтийн сүлжээг ашиглан түгээж байна. Олон нийтийн сүлжээг ашиглаж байгаа хүн бүр хүүхдэд ээлтэй мэдээллийг хүртээмжтэй байдлаар хүргэх, сөрөг мэдээлэл, контентыг түгээхгүй байх тал дээр анхаарахыг цагдаагийн байгууллагаас хүсч байна.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:34:44

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:34:43

NAR [202.9.40.56] 2020-03-16 11:29:30

ENE IH MUNDAG BVSGVI SHVV BGD HELTEST BHAD NI HAMTRACH IH AJIL HISSENDEE CHADVARLAG BVSGVIDEE


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.