О.Алтангэрэл: Хууль тогтоох, парламентад байх нь мөнгө олохын төлөөх ажил огтоос биш

Ц.Анударь / Хууль

Хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг хувьчлах асуудал хэсэг яригдлаа. Анх 2015 онд Тавантолгойн асуудал яригдаж эхлэхэд АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд зогсоосон шүү дээ?

-IPO гаргах зөв, буруу гэдэг дээр эдийн засагчид тодорхой бодлого боловсруулах ёстой. IPO гаргахад тавигддаг нөхцөлүүд гэж бий. Үүнийг хангахын тулд ямар ч төрийн хулгайгүй, хувьцаа эзэмшигчдэд мөнгөний зарцуулалт гэх мэт бүх зүйл нь ил тод байх ёстой. Монголын болон олон улсын хөрөнгийн бирж дээр гарах хамгийн чухал шаардлага бол энэ. Өөрөөр хэлбэл, бүх зүйл төрийн оролцоогүйгээр явах ёстой. Өнгөрсөн жилүүдэд болж, өрнөсөн Тавантолгойтой холбоотой шахаа, маргааныг харахад яагаад ч IPO гаргаж тэнцэхгүй. Түүнчлэн энэ засгийн үед IPO гаргахгүй гэж Ерөнхий сайд хэлсэн.

З.ЭНХБОЛД МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ХАМГААЛЖ ЧАДНА ГЭДГЭЭ ХАРУУЛСАН

Хамгийн чухал ойлгох ёстой нэг зүйл байна. Тухайн үед бүх зүйл нь тохироонд орчихсон буюу Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газар нь бүгд тохирчихоод байхад Зандаахүүгийн Энхболд гэдэг хүн удирдаж, үүнийг зогсоосон. Монголчууд бүгд харсан. Монгол Улсын иргэн хүнийхээ хувьд нэг удаа зүтгэж, цээжээрээ сөрж зогссон хүн дараагийн удаа худлаа яриад явна гэж бодохгүй байна. Хэнд нь илүү итгэх вэ? Хүний хуучин, дээлийн шинэ нь дээр гэж үг бий. 2015 онд Монголын баялгийг хамгаалж чадна гэдгээ З.Энхболд харуулсан. Иргэн хүнийхээ үүднээс түүний байр суурийг зөв гэж бодож байна. Хуульч хүнийхээ хувьд энэ сэдэв хөндөгдөөд байгааг гайхаж байна. Учир нь одоогийн байгаа нөхцөлд IPO хийж чадахгүй. Магадгүй ирэх сонгуулийн үр дүнд яаж гаргах вэ гэдэг дээр ажиллах гэж байгаа нэлээн томоохон бүлэглэлийн захиалга байна уу, үүнд бэлдэж одоо яриад байна уу гэж харж байна. Түүнээс бодит байдал дээр хүсээд ч IPO хийх шаардлага хангаж чадахгүй.

“Цөөн хэдэн гэр бүл уул уурхайн ашгаар хөрөнгөжиж байгааг таслан зогсоох үндсэн зорилгын хүрээнд өнөөгийн эрх баригчид болон засгийн үйл ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгодог”

-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын 296 дугаар тогтоолыг хүчингүй болгох чиглэл өгсөн талаар хэвлэлээр мэдээлж байна. “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК хууль бусаар байгуулагдсан компани учир татан буулгахаар болсон гэж байна. Энэ үнэн үү? 296 дугаар тогтоол хууль бус байсан уу?

- Эдийн засагтай холбоотой, ялангуяа Тавантолгойн орд тойрсон энэ асуудал дээр нэг баримжаа авмаар байна. Нэгдүгээрт, Одоо байгаа байдлыг хараад бид ямар арчаагүй юм бэ гэж боддог. Нэг уурхайгаа олигтой ашиглаж чадахгүй “тойрч хэрэлдээд” олон жил боллоо. Хоёрдугаарт, Засгийн газрын тухайн тогтоол Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид үндэслэж гарсан гэж ойлгосон. ҮАБЗ-ийн гишүүд 100 хувь санал нийлж байж шийдвэр гаргадаг хуультай. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга ҮАБЗ-ийн ажлын албаны боловсруулсан мэдээллийг нягтлаад шийдвэр гаргадаг. Тэр зөвлөмж заавал биелэгдэх шинжтэй байдаг. Хуулиас хүчин чадал доогуур ч заавал биелэгдэх шинжтэй акт. Үүнийг үндэслэж гаргасан шийдвэрээ Засгийн газар хүчингүй болгож байгаа бол ҮАБЗ-ийн зөвлөмжийг яагаад хэрэгжүүлэхгүй байгаагаа тайлбарлах ёстой. Хэсэг хугацааны өмнө үндэсний аюулгүй байдалд хэрэгтэй гэж гаргасан зөвлөмжийн дагуу хийгдсэн шийдвэр яагаад үндэсний аюулгүй байдалд хамаагүй болов гэдгээ тайлбарлах хэрэгтэй. “Эрдэнэс Тавантолгой Майнинг”-тай холбоотой эрдэс баялгаа Монголын төр мэдье. Цөөн хэдэн гэр бүл уул уурхайн ашгаар хөрөнгөжиж байгааг таслан зогсоох үндсэн зорилгын хүрээнд өнөөгийн эрх баригчид болон засгийн үйл ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгож байна.

“УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ЭРХ, ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД АВЧ БАЙГАА ТАТВАР”

-Саяхан АН-аас нэр дэвшихээр горилогчид 100 саяын дэнчин өгсөн талаар мэдээлэл гарсан. Энийг татвар гэж ойлгох нь зөв үү? АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү энэ бол дэнчин биш татвар гэсэн?

-Улс төрийн намын тухай хуульд “Намын санхүүжилт нь гишүүдийн татвараас бүрдэнэ. Татварын хэмжээг нам өөрөө тогтооно” гэж заасан. Намын үйл ажиллагааг хэн удирддаг вэ гэхээр Намын их хурал. Их хурлын эзгүйд бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх үүрэгтэй төлөөлийн төв байгууллага гэж бий. АН-ын хувьд төлөөллийн төв байгууллага нь Үндэсний бодлогын хороо. Уг хорооноос ийм татвар байх нь зөв гэж үзсэн учраас татварын хэмжээг тогтоож, шийдвэрлэсэн. Үндэсний бодлогын хорооны 408 хүний гишүүнтэй байгууллагын хамтын шийдвэр. Улс төрийн намын тухай хуульд заасан эрх, хэмжээний хүрээнд авч байгаа татвар гэж ойлгож болно. Хуулийн дагуу нам өөрийн төлөөллийн төв байгууллагаар орж, баталсан шийдвэр. Намын гишүүд хурлаас гарсан шийдвэрийг дагаж, мөрдөх үүрэгтэй. Тухайлбал, АН-ын гишүүн сарын 1000 төгрөгийн татвартай. Жилийн 12 мянган төгрөгийн татвартай. Энэ бол намын удирдах дээд байгууллагаас татварын хэмжээг тогтоосон асуудал. Үүнийг хэд байхыг хуулиар зохицуулдаггүй. Үүнтэй адил УИХ-ын сонгуульд нэр дэвшигч этгээд тодорхой хэмжээний татвар төлөх ёстойг төлөөллийн төв байгууллагаас баталсан гэсэн үг.

“ХҮН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ЗОРИУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МӨНГӨНӨӨСӨӨ ХЭЗЭЭ Ч АШИГ ХАРАХГҮЙ”

-Эрх баригч нам 50 сая төгрөгийн хандив өгсөн тухай мэдээлэл байна. Уг нь сонгуульд нэр дэвших хүмүүсээс мөнгө авахгүй гэж байсан. Санхүүгийн эх үүсвэр тодорхой бус байсан шүү дээ?

-Нэг л зүйл хармаар байгаа юм. Өнөөдөр өргөн нэвтрүүлгийн телевиз дунджаар 400-600 сая төгрөгөөр улс төрийн намтай гэрээ хийж байгаа. Үүнийг хүмүүс төсөөлөхгүй. Өөрөөр хэлбэл бодлого хөтөлбөрөө таниулахын тулд нэг улс төрийн нам хамгийн багадаа 10 тэрбум төгрөг зарцуулна. Телевизүүд эрх баригчид болон засагтай гэрээтэй ажиллаж байгаа. Үүнд хэдэн тэрбум төгрөг зарцуулж байгааг хэн ч мэдэхгүй. Ардчилсан нам сонгуульд оролцож л байгаа бол өөрийн бодлог, хөтөлбөрийг танилцуулах шаардлага гарна. Иймд Ардчилсан намын хувьд нээлттэй байр суурьтай байж, энэ мөнгийг төвлөрүүлж байгаа гэж ойлгож байна. Бас нэг асуудал нь сарын сая гаруй төгрөгийн цалинтай байж ийм татвар төлж яах гэж байгаа юм бэ гэдэг зүйл яригдаж байна. Хууль тогтоох, парламентад байх гэдэг нь мөнгө олохын төлөөх ажил огтоос биш. Тэр цалингийн төлөө “тэнд” очих гээгүй. Хүн болгон янз бүрийн зорилготой байгаа байх. Гэхдээ улс орон, ард иргэдийн амьдралыг сайн сайхан болгох, илүү олон боломжийг бий болгож, ард иргэдээ тэгш сайхан амьдруулъя гэж аль ч нам ижил зорилготойгоор улс төрд орж байгаа. Энэ зорилгын төлөө явахаас биш сард олох хэдэн төгрөгийн төлөө явж болохгүй. Хуульч хүний хувьд харахад хэрвээ хууль нь тэгш үйлчилдэг байсан бол үр хүүхэддээ үлдээж буй хамгийн том өв нь энэ юм. Хууль нь тэгш биш байвал хэн нэгэн дээрэмдэнэ. Үүнийг тэгш, шударга болгоно гэдэг ямар ч мөнгөнөөс илүү үр хүүхэддээ үлдээж буй өв болно. Үүний төлөө би зорьж байгаа. Яг ийм бодол, зорилготой хүмүүс зөндөө байгаа. Тийм учраас “мөнгө төлөөд түүнийгээ олж авахын тулд” гэдэг ойлголт байхгүй байх. Хүн сайн сайхны төлөө зориулсан хөрөнгө оруулалт, мөнгөөсөө хэзээ ч ашиг харахгүй. Энэ бизнесд байдаг зарчим учраас улс төрд огт байж болохгүй. Ингэж ажиллаж чадах эсэх нь тухайн намын үйл ажиллагаанаас харагдана.

“Сонгуульд зарцуулагдах зардал түмний нүдэнд ил байхад огт мөнгө зарцуулахгүй гэж хэлж байгаа нь эргэлзээтэй санагдаж байна”

-Ардчилсан намын тухайд Сангийн яаманд санхүү, тайлангаа ил тодоор хүргүүлдэг улс төрийн ганц нам. Бусад намууд яагаад ийм жишгийг дагадаггүй юм бэ?

-Үүнийг яаж тайлбарлах гэж байна гэдэг нь сонин. Жишээ нь, Сонгуулиар нэг тойрогт гарах зардал дунджаар 500 сая төгрөг. Үүнд зөвхөн ухуулагчийн цалин, сурталчилгааны материал багтаж байгаа юм. Гэтэл энэ мөнгийг хаанаас гаргах юм бэ. Нам гэдэг хий хоосон мэдэмхийрч ярьдаг институци биш учраас бодлого боловсруулж, судалгаа хийлгэнэ. Энэ мөнгө хаанаас гарах вэ. Сонгуульд зарцуулагдах зардал түмний нүдэнд ил байхад огт мөнгө зарцуулахгүй гэж хэлж байгаа нь эргэлзээтэй санагдаж байна.

-Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг хориглох санал дэмжигдсэн. Энэ санал УИХ-ын гишүүн байх хүнд өндөр босго болж чадсан уу?

-Одоогийн нөхцөл байдалд ингэж хуулиар зохицуулахаас өөр аргагүй. Явц дундаа сонгогчид үүнийг ялгадаг болох байх. Сонгогчдын боловсролд найдаад авлига авсан хүмүүсийг дэвшүүлэхгүй байх, дэвшсэн ч сонгодоггүй байх тэр үндэслэл бүрдэх болов уу. Өнөөдрийн нөхцөлд дэвшүүлэхгүй байна гэдэг нь УИХ-ын өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдсэн асуудал. Үүний зөв, бурууг хэлэх нь субьектив ойлголт.

-Баярлалаа.