Бидний хэн нь ч баатар биш, гэхдээ хүн болгонд хамгаалах ёстой ойр дотны хүмүүс бий
Өнөөдөр залуус хайнга байна. Ерөнхийдөө монголчууд маань тийм нэг пээдгэр байна. Цэцэрлэгт хүрээлэнд алхаж яваа нэгэнд “Маскаа зүү” гэсэн шаардлага тавихад “Чамд ямар хамаатай юм” гэх залуу байна. “Би яах ч үгүй ээ” гэчихээд алхаад явчихаж байгаа хүн ч телевизээр харагдлаа. Залуус маань шөнө орой гадуур маш их сэлгүүцэж байна. Дийлэнх нь амны хаалтгүй. Байрны гадна талбайд арав хориороо бөмбөг тоглож буй хүүхэд залууст амны хаалтаа зүү гэж шаардлага тавихаар гайхаж харах юм. Энэ бүх хэнэггүй, юу ч үзээгүй, баатарлаг царайлсан нөхдүүдийг харахаар маргааш ч ирж мэдэх хатуу үнэнийг хэлмээр санагдлаа. Ялангуяа залуучууддаа онцгойлон хэлье. Өнөөдөр энэ дэлхий дээр коронаг дийлсэн нэг ч баатар байхгүй. Нэг ч эрдэмтэн алга. Коронагийн өмнө од, баян, дарга бүгдээрээ сөхөрч байна. Ийм аймшигтай цаг үед залуус минь юу ч тусдаггүй, юунд ч өртдөггүй баатар царайлж явахаа больцгоо.
Дэлхий нийтийг хар. Ганц төрсөн дүүгээ коронагаар алдчихаад уйлж чарлаж байгаа англи залуугийн бичлэгийг харсан уу. Хотынхоо сагсан бөмбөгийн лигт тоглодог 18 настай дүү нь “Та хөл бөмбөг тоглохоор явах хэрэггүй ээ, явлаа ч амны хаалт хэрэглэ. Би хүртэл гадуур гарахгүй байхад...” хэмээн гуйхад, ах нь огт тоолгүй, юу гэж хэлээд гарсан байдаг гээч “Бид нар шиг виски ууж, пицца иддэг хүмүүс тусдаг өвчин биш. Тариачингууд, өт хорхой иддэг хүмүүс л тусдаг өвчин” гэсэн байгаа юм. Ингэж баатарлаг царайлаад гарсан 20 настай ах нь вирус тээж ирээд дүүдээ халдааснаар өөрөө амьд, дүү нь үхсэн, өчигдөрхөний аймшигт түүх энэ. Корона дөнгөж эхэлж, Хятад тэвдэж байх үед Европт залуус нь ийм л пээдгэр, яг өнөөдрийн манай маскгүй залуус шиг загнаж байсныхаа горыг өнөөдөр тэд яаж амсаж байна. Итали, Испани, Франц, Англи... бүгдээр өнөөдөр үхэж байна. Үхсэн иргэдээ оршуулж дийлэхгүй байна. “Бид яах ч үгүй” хэмээн баатарлаг царайлж байсан Европын залуус өнөөдөр “амьтан” болчихсон, аврал хайрла хэмээн Орос руу харан мөргөж, Европын холбооны тугаа бөхийлгөж, Орос, Хятадын тугийг залаад сууж байгаа нь эмгэнэл биш үү. Ердөө нэгхэн сарын дотор болж буй хэрэг явдал шүү дээ. Америкчууд эхэндээ “Амны хаалт хэрэглэх шаардлагагүй” гэж нийгмээрээ нэг ярьсан. Ингэж ярьснаасаа аравхан хоногийн дараа амны хаалт замаас нь хусах хэмжээнд хүртлээ коронад алуулж байна. Нас барагсдынх нь тоо 800, 900-гаараа өдөрт тоологдлоо. Бас л өнөөх л баатарлаг дүр эсгэсний гор нь энэ. Тийм болохоор бидний монголчууд, бидний монгол залуус өнөөдөр ийм аймшигтай нүүр тулмааргүй байна. Вирус тээж очоод ээж аавдаа, эхнэр хүүхдэдээ тарааж, өөрсдөө аваачиж тараасан вирусэнд ойр дотны гэсэн бүгдээ хөнөөхийг хүсээд байгаа юм уу. Тиймгүй бол тэнэглэхээ боль, залуус аа. Үхсэн элэнцгийн чинь “Чамд хамаагүй, Би яах ч үгүй” хэмээн пээдэлцэж, амны хаалтгүй алхацгаах. Аав ээждээ вирус аваачиж тараан алахаар шийдээ юу гэж амны хаалтгүй хүн бүхэнд хэлмээр байна!!!
Өнөөдөр бид дотооддоо халдваргүй байгаа нь их хувь заяа. Гэхдээ маргааш юу болохыг хэлж мэдэхгүй. Монголын хүчин чадал юу билээ. Африкт гурван сая хүн тутамд сэхээний таван ор байгаа. Гурван сая Монголд маань вирусийн орчинд яг ажиллахаар бэлтгэгдсэн мэргэжлийн эмч ердөө 15-хан байгаа. Энэ тоог хэлж болох эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ мэдээлчихье, “баатар”-уудад сэрэмж болог. 200 000 хүн тутамд мэргэжлийн нэг л эмч оногдож байгаа бодит үнэн энэ юм. Үнэн ийм байхад амны хаалтгүй яваа нөхдүүд минь та нар аав ээж, ах дүүс, хань ижил, үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага хүлээ. Цаашлаад эх орныхоо өмнө үүрэг хариуцлага хүлээ. Энэ өвчний өмнө хэн ч юу ч биш. Муу зүйлтэй нүүр тулж, муугаа үзэж байж ойлгох гэдэг монгол зангаасаа одоо татгалз.
Өнөөдөр эх оронтой иргэнийхээ буяныг эдэлж, гадаадаас хэл амгүй ирсэн, ирээд асрамж халамжинд хэд хонож /тусгаарлалт/ гэртээ гарцгаасан, гарчихаад хэдийнэ гадуур гараад давхичихсан нөхдүүдэд зөөлөн хандмааргүй байна. Тэдний хойноос хууль хяналтынхан, эмч нар, төр нь хөөцөлдөж бөөн юм болж яваа нь үнэндээ гунигтай байна. Өнөөдөр бид өөдрөг, бүгдийг даван туулах эр зориг, эрч хүчтэй, ухаалаг байх ёстой. Мэдээж муутай нүүр тулчихаагүй байгаа болохоор итгэлтэй, давлиундуу байгаа нь үнэн. Зэрэгцүүлээд урьдчилан бүгдийг харах, гарцаагүй ирж мэдэх үйлийн өмнө бэлтгэлтэй байх нь хамгийн чухал болчихоод байна.
Урьдчилсан бэлтгэл гэдэгт олон зүйл хамаарна. Урин дулаан болж байгаа учраас хүүхдүүд гадаа их гарч байна. Үүнтэй зэрэгцээд хяналт шалгалт, цагдаа, хорооныхон гадуур нэлээн явах боллоо. Амны хаалтаа зүүхийг, гэрээсээ гарахгүй байхыг шаардаж байна. Гэртээ эцэг эх нь байгаа хүүхдүүд амны хаалттай, дээр нь гэртээ орчихож байна. Гэртээ том хүнгүй хүүхдүүд орохгүй байна. Эндээс монголчуудын нэгэн шинэ хандлага анзаарагдах боллоо. Залуувтар гэр бүлүүд, бага насны хоёроос дээш хүүхэдтэй монголчууд ерөнхийдөө тэнэмэл, гэртээ байх дургүй болчихож. Хүүхдүүдээсээ залхдаг болчихож. Ядаж л нөхөр нь, хүүхдээ загнах эхнэрээсээ залхаад гараад явчихдаг. Эхнэр нь нөхөртэйгөө барьцаад гарахдаа аав ээждээ хүүхдээ аваачаад өгчихдөг. Бодит амьдралын хэн ч анзаарахгүй ийм үнэнээс шалтгаалж, хүүхдүүд гадуур маскгүй, хараа хяналтгүй ганийж байна. Вирусийн ийм ноцтой үед амьдралын энэ мэт бодит үнэнд дүн шинжилгээ хийж, Монголын нөхцөлд тохирсон бэлтгэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй байгаа юм. Өнөөдрийн нөхцөлд Монголд тоглоомын талбай, гүйлтийн зам дагасан хэдэн зуун хүн байна. Цагдаа нарын үгийг жаахан авдаг бусад хяналтыг үнэндээ тоохгүй байна. Хувь иргэн бүр хариуцлагажиж чадахгүйд хүрвэл биднийг ийм хувь заяа хүлээж байна. Төрөөс шууд хорио тогтоон гэрт хорьж, орой бүхэн Солонгосын өнөө айхавтар “Ханиад” киног үзүүлж, маск зүүж хэвштэл нь торгож, эрх чөлөөг нь гозойтол хязгаарлах. Тэр эдийн засаг масаг бол өнгөрнө. Ийм болохоор “Хүний хамгийн дээд аз жаргал бол эрх чөлөөтэй байх” гэдэг үгийг өдөр бүхэн сана. Эрх чөлөөгөө хазаарлуулан, харанхуй нүхэнд байгаа мэт болтлоо хүндрэх эсэх нь зөвхөн та бидний амны хаалтаа зүүх, гадуур хамаагүй сэлгүүцэх байх өчүүхэн зүйлээс л шалтгаална. Ийм өчүүхэн үүрэг харицлагаас л маш том аз жаргал маань шалтгаалахаар байгаа биз...
Эх сурвалж: Өдрийн сонин Пүрэвийн Хашчулуун
БАЙНГЫН ХОРОО: Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хэлэлцэнэ
Л.Мөнхбаясгалан: Баярлах эрт байжээ
Л.Энх-Амгалангийнх П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарынхаас ч аюултай гэв үү
П.Сайнзориг: Цаг хугацаа тэгээд эцсийн шүүгч хийнэ ээ
Путин: Оросын тал зөвшилцөхөд бэлэн
"28 тэрбумаар 32 мянган зуух шинэчилнэ гэдэг дахиад л үр ашиггүй мөнгө гаргаж байгаа ажил"
ТОЙМ: “Үхлийн хөндий”-н өрөвдөм иргэд
А.Амартүвшин: Айл өрхүүдийг хий болон цахилгаан халаагуурт шилжүүлэх тооцоо судалгаа хийж байна
АН: Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалтыг бүхэлд нь байхгүй болгох хуулийн төсөл өргөн барина
ЦЕГ: "CU"-г дээрэмдсэн М-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, шалгаж байна