Ц.Дашдондов: Сэтгүүлчийн хамгийн үнэт зүйл нь хүн чанар юм шүү дээ

Aдмин / Нүүр

Санамсаргүй бөгөөд асуух л ёстой асуултад минь “Би их муу хүн. Энэ тухай бодохоор миний амьдралдаа хийсэн байж магадгүй бүх сайн сайхан үйл худал юм шиг санагддаг. Би...” гээд мөрөө хавчин, шавилхан биеэ улам “хураагаад” цурхирав. Урт амьсгаа авахаар болов уу гэж бодох зуурт үнгэгдэж, үрчлээтсэн ч толиогоо алдаагүй хацраар нь нэг болсон нулимсаа арчиж, аль түрүүнд яриандаа халахдаа авч тавьсан нүдний шилээ зүүгээд “Ээжийн тухай ярих их хэцүү юм. Өмнө нь “Намайг үрчилж авсан ядуу, сохор ээжтэйгээ зовж хүн болсон. Төрүүлсэн нь өргүүлчихсэн хэрэг” гээд л хүмүүсийн амыг таглачихдаг байлаа. Энэ удаад их өөр юм бодууллаа шүү” гээд суудлаасаа шалавхан босож, номын өрөө рүүгээ яваад орчихов. Энэ бол сэтгүүлзүй хэмээх гэр бүлийнхний Чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг хэмээн хүндэтгэн авгайлдаг Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Дашдондов гуай бид хоёрын гурав дахь уулзалтын бараг төгсгөл орчим.

Өврөөрөө нэг ном тэвэрсээр өрөөнөөсөө гарч ирэхэд нь “Таныг уйлуулсандаа сэтгэл зовж байгаач дотор чинь уужраад сайхан байна уу” гэж асуутал “Миний оронд чи байсан бол ямар байх вэ. Тийм л байна. Одоогоос 82 жилийн өмнө болж байна уу, 1936 он чинь. Тэр үеийн Жавхлант Шарга аймгийн Дарханхаан сум, одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Өрвөл гэх уулын өвөрт Борын Арилдий, Ундрахын Бөмбөн гэх гэр бүлийн дундаас төрсөн ч хүүхэд нь тогтдоггүй гэмтэй байсан гэдэг. Амьд үлдээх гэхдээ мөн л үр тогтохгүй хэцүүдсэн Самдан, Бадамсүрэн гэх гэр бүлийн хоёрыг гуйж ирэхээр нь өгөөд явуулчихсан байгаа юм.

Өрцнөөс нь унаагүй, өөр хүний, сахилгагүй гэж жигтэйхэн намайг хүмүүжүүлж байгаа гэж их зодно. Би ч зодуулж ханахгүй. Ухаан, тусад гүйцэд орж амжаагүй байхад өргөсөн аав минь тэнгэрт одож, сохор ээжтэйгээ ядуу, тарчиг өдөр хоногуудыг ёстой л туулж барсан даа. Нэг удаа би төрсөн гэрээдээ гүйсэн юм. Өлсөж, цангаад наашаа гэж дулаан энгэртээ тэврээд авах болов уу гэхдээ гэртээ очиж байгаа царай нь тэр. Хөл нүцгэн, хувцас гэхээр юмгүй, халтайж сайртсан, гэдэс нь хонхолзож, аврал эрсэн харцтай амьтан л байсан биз. Манайхыг бодвол юм юмтай, цөөн тооны ч гэсэн малтай айл байсан юм, тэднийх. Гүйгээд очсон намайг төрсөн эцэг минь тоосонгүй. Явах гэтэл ээж аавд “Нэг борлон ч болтугай өгөөд явуулбал” гэж дуугараад загнуулж зогсоо харагдсан. Тэрнээс хойш би төрсөн гэрээдээ дахиж очоогүй. Миний араас уйлж зогссон ээжийгээ үе үе зүүдэлж, дүрийг нь санаж сэтгэл тавгүйрхдэг ч очъё гэж бодоогүй.

Хожим эмнэлэгт ээж хүнд өвчтэй байна гэх сураг дуулсан ч очилгүй удаж, нэг очтол бурхан болоод удаагүй байсан даа. Сүүлчийн өдрүүддээ миний нэрийг л дуудаад байсан гэж хүн надад хэлсэн. Одоо ч миний сэтгэлийг “Тэр үед ээждээ гүйгээд очих юм яав даа” гэх бодол хөндүүрлүүлдэг. Ээжийнхээ амьдад би ээжийн тухай ямар ч гомдолт бодол тээж болдог байсан бол тэр явдлаас хойш муу ээжийгээ үргэлж хайрлан өмөлзөж боддог болсон. Энэ тухай Дариймаад ч яриагүй байж мэднэ шүү. Олон дурдатгал, бичвэртээ ээждээ хайргүй хүн шиг л хөндийдүү юм бичиж ирж. Гэвч үнэндээ би ээжийн л хүү шүү дээ. Өсгөсөн ээжийгээ ч хайрлан боддог. Гэхдээ миний зөрүүдийг мэдэхгүй биш” гээд хэсэг чимээгүй болов.

Энэ яриа өрнөхөөс гурван цаг 25 минутын өмнө.

Ц.Д: -Гайгүй сайн сэтгүүлчдэд цөөнгүй удаа ярилцлага өгч байлаа. Чи намайг нэг унаж ойчтол, за байз юу гэе дээ гэтэл минь асуулт асуугаадахаач. Хүнд хэрэгтэй юм л ярихгүй юм бол чи бидний яриа сонины хайран зай, талбай бөглөсөн, байдаг л нэг амтгүй юм болоод дуусна. Хүн бүхэн хэвлэлээр хачин сайхан зурагтайгаа гарахын өвчин туссан гэмээр энэ үед тэдний нэг болмооргүй байна.
Сэт: -Жил гаруйн өмнө ярилцлага хийх санал тавихад минь л та ингэж ярьж байсан. Сайн асуулт бэлдсэн эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ ярилцлагаа дууссаны дараа таныг зөвшөөрвөл сониндоо нийтэлнэ. Онц биш ярилцлага боллоо гэж таныг үзвэл өөртөө үлдээе гэж тохирох уу?
Ц.Д: -Их эд байх нь. Түрүүн уулзахад миний хэдэн номыг уншина гээд байсан. Харж амжсан уу?
Сэт: -Таны номнуудыг гарчигласан. Заримыг нь уншсан шүү. Бас хүмүүсийн таны тухай бичсэн хөрөг, тэмдэглэлүүдийг ч харсан. Тэдгээрт байгаагаас өөр, Дашдондов гэж хувь хүнийг л нээмээр байна.
Ц.Д: -“Тэнд байгаагаас өөр Дашдондов гэж хаа байх вэ. Тийм нээлт ч гэж юу байх вэ” гэснээр сэтгүүлч нь сэтгүүлчтэйгээ өрнүүлсэн ярилцлага маань эхэлсэн юм.

МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ИЛЖГЭН ТЭВЧЭЭР БАРАГДАХ ЦАГ ИХ ДӨХӨЖ БАЙГАА ШҮҮ

Тэрбээр “Юуны өмнө чамаар дайя гэж санаж ирсэн хэдхэн өгүүлбэрээ хэлье. Бичиж авах эсэхээ өөрөө мэд. Дайхгүй үлдээх эсэхээ ч өөрөө шийд” гэсэн юм. Ийн хэлээд “Сонин, телевизийн ярилцлага, нэвтрүүлгүүдийг харж, сонсох заримдаа үнэхээр хэцүү байх юм. УИХ-ын залуу гишүүд нэг л их сүрхий царайлсан улс байдаг болж. Телевиз асаахаар өөдөөс УИХ-ын залуу гишүүд, дарга нарын нэг их цэвэрхэн, өөрт нь зохисон гэж жигтэйхэн үнэтэй хувцастай атлаа бүр шал түүхийгээрээ, ард түмнийг басамжилсан, улс эх оронд юу хэрэгтэй байгааг ухаж нэг ч удаа бодож, тунгаагаагүй мөртлөө өөрийгөө бүхний шүтээн мэтээр ярьж суухыг харах гунигтай бөгөөд эмгэнэлтэй байна аа. Нөгөөх нь ч “Би ярьж, бусад нь сонсох ёстой” гэсэн байдлаар бурж алдах юм.

Ард түмэн бид ч тэдний ярихыг чих тавин сонсоод байх юм. Сонсоод байхаар нөгөөдүүл юу ч хамаагүй яриад, сүүлдээ өөртөө итгээд ярьдаг л хүн болж хувирчихаад байна. Бүр телевизийн нэвтрүүлэгт орох, сонинд том зургаа тавьж байгаад ярилцлага өгөх туйлын сонирхолтой, байнгын ажилтай болчих шиг боллоо, зарим хүн. Хэрээ мэдэхгүй, өөрийгөө таниагүй мөртлөө их том том юм ярихыг яана. Тэгсэн хэрнээ зүгээр ч ярьчихгүй. Нэг л их ууртай хүмүүс. Бусдыг буруутгасан, дандаа муудалцсан, загнаж дарамталсан байдлаар зурагтаар ч, цаасан хэвлэлээр ч гараад байхаар ард түмэн яаж тайван амгалан байх юм бэ.

Монгол тийм ч үгээгүй ядуу, хоосон орон биш шүү дээ. Таван хошуу мал, газрын дор Менделеевийн үелэх системд тэмдэглэгдсэн хийгээд тэмдэглэгдээгүй олон тооны элемент, ашигт малтмал, өргөн дэлгэр газар нутаг байна. Мөн урд хөршийн цэргийн армийн тоонд хүрэхээргүй ч хамгийн чухал баялаг болох хүн ам байна. Гэтэл ийм цөөхөн хүн амыг яасан их зутрааж, мохоож, ядрааж, туйлдуулж байна даа, төр удирдаж байгаа хүмүүс.

Өөр нэг зүйл нь дарга бүхэн л “Миний бодлоор, минийхээр” гэж яриад байх юм. Хүн юу ч бодож болно шүү дээ. Зүй нь тухайн асуудлын зөв, бурууг л шууд хэлж баймаар. Асуудлаа мэдэхгүй болохоор ямар ч судалгаагүй өөрийнхөө бодлыг хэлээд л тэрхэн зуураа аргалж өнгөрүүлэх гээд байгаагийн шинж шүү дээ. Үүний хороор жинхэнэ асуудал шийдэгдэхгүй үлдээд байгаа юм.

Ийм үед сэтгүүлчид яах ёстой гээч. Хэнийг яриулж, юуг онцлох вэ гэдгээ мэдэрдэг, мэддэг болох ёстой юм. Сэтгүүлч хөгжиж, мэдлэгтэй, мэдрэмжтэй болж байж нийгмийн тодорхой хэсгийг чирэх учиртай юм шүү. Түүнээс биш ярих дуртай бүрийнх нь амыг хараад, аманд нь орчихоод, ярьж байгаагаас нь илүү нэг асууж чадахгүй суугаад байвал тэд өөрсдийгөө шүтээн мэт бодсоор энэ улс, үндэстэн улам л хэцүүднэ. Хэн нэгэн ярихаар л сарнаас нисэгч ирсэн шиг л бүгд хошуурч гүйж очиж, хэлсэн бүхнийг нь бичиж, хурааж аваад л баруун солгойгүй яг тэрүүгээр нь цацаад байхаар чинь нөгөөдүүл нь биеэ тоолгүй л яах вэ дээ.

Бэлтгэсэн мэдээлэл, ярилцлагыг чинь уншиж, сонсож байгаа ард түмэн чинь та нараас илүү мэдлэг, мэдээлэлтэй, тэнэг биш гэдгийг мартаж болохгүй. Хэд хэдэн хэлээр ярьж, уншиж бичдэг, судалгаа шинжилгээ хийдэг, эрдэмтэн, мэргэдээс гадна энгийн уншигч ч ялгаагүй өөрийгөө шүтээн гэж бодоод байгаа ярилцагчаас чинь илүү мэдлэгтэй, баргийн юмыг тунгаадаг гэдгийг хэзээд сана. Ярилцагчийн үгийг дамжуулах нь сэтгүүлчийн үүрэг ч гэлээ уншигчаа хүндэтгэсэн, үзэгчээ дээдэлсэн цагт л сэтгүүлзүй хүчтэй байна. Эх сурвалждаа л хөт­лүүлээд байвал ёстой хэнд ч тоогдохоо болино доо. Энэ бол миний үг биш, жам.

Сэтгүүлчид шүүмжилж байгаа нь энэ гэж доромжлоод, илчилж байна гэж гүтгээд, эрэн сурвалжилж байгаа нь гэж ул шагайгаад байж болохгүй шүү дээ. Сэтгүүлч гэх нэрээ хайрлаж, хүн чанартай бол түүнийгээ ажил мэргэжилдээ гаргах ёстой юм. Сэтгүүлчийн хамгийн чухал үнэт зүйл бол хүн чанарын баталгаа юм шүү дээ. Зүгээр нэг хүн чанартай байх биш, түүнийгээ батлан харуулж чаддаг, тэгээд хариу нэхдэггүй байх л чухал.

Өнөө үед манай цөөхөн монголчууд их эвдэрч байна. Муу нь сайндаа зааж, муруй нь шулуунаа засаж, мунхаг нь цэцнээ захирч байна. Монголын ард түмний илжгэн тэвчээр барагдах цаг их дөхөж байгаа шүү. Үүнд өөрсдийгөө шүтээн гэж эндүүрч итгэсэн улстөрч, эрх мэдэлтэн, сайд дарга нар ихээхэн үүрэг гүйцэтгэж байхад сэтгүүлчид нэмэрлэж болохгүй гэдгийг хатуу хэлмээр байна. Одоо нэг сэхээрэх цаг нь ирсэн байх ёстой баймаар. Хэзээ бид хэрсүүжнэ дээ...” Энд хүрээд хэлье гэж санасныхаа хэсгийг өндөрлөе.

-Таны ярианаас сэтгүүлчдийн ур чадвар, мэдрэмжийн талаар хэлэх, тэдэнд анхааруулах зүйл нэлээдийг бодож, бэлтгэжээ гэж ойлголоо. Дээрх яриаг үргэлжлүүлье.
-Дашдондов гэж хүн мөнхийн үнэн биш шүү дээ. Хүнийх нь хувьд асууж, ярилцмаар байна гэхээр чинь цээжинд овол­зож, хэлний үзүүрт гарч ирээд байсан хэдэн үгээ хэлчихлээ. Сэтгүүлчийн хөдөл­мөрийг хэн дуртай нь хийчихдэг, хүссэн бүхэн нь оролдож чаддаг ч юм биш. Сэтгүүлчийн амьдрал бол тэмцэгчийн амьдрал. Сэтгүүлчийг албан тушаалаар хийдэггүй юм. Авьяас, мэдрэмж чухал. Энэ хоёр үгүй бол хэчнээн хичээгээд ч авьяастны хажууд жижиг хэвээрээ л байх болно. Дээр нь нэмэхэд аймхай хүн сэтгүүлч болж чаддаггүй юм. Телевизийн сэтгүүлчид маань одоогийнхоос огт өөр байх ёстой.

Зөв, үнэн, ёс зүйтэй, мэдлэгтэйгээр мэдээ мэдээлэл бэлтгэхгүй юм бол уруулаа хэчнээн гоё будаад хэрэг юу байна. Гэхдээ би алийг нь ч ийм тийм гэж дүгнэхгүй. Би дүгнэх ч боломжгүй юм. Уншигч, үзэгч ялгана, дүгнэнэ, дүнгээ тавина. Ерөнхийд нь хэлбэл, биенээсээ нэг их ялгарах юмгүй болчихоод байна. Одоо өөр зүйл ярья. Дээр ярьсан зүйл минь ойлгох нэгэнд нь одоогийн байдлыг нь тодорхой хэлээд өгөх биз.

СУВИЛАГЧ СЭТГҮҮЛЧ БОЛСОН НЬ

-Таны тухай олон хүн тал талаас чинь судлаад, зарим нь асууж “байцаасаар” Дашдондов гэж хүн Монголын сэтгүүл зүй төдийгүй хэл шинжлэлийн хөгжил, түүхэнд арилшгүй мөрөө үлдээж, бүтээж туурвисаар байгааг тань цөөнгүй бичиж, нийтлүүлжээ. Хэдийгээр тэр бүхэн надад таны тухай будаа идэх боломж болж байгаа ч ажил, хөдөлмөрийн замналын бүхнийг нь өрсөөд асуучихсан нь тиймхэн байна л даа. Гэхдээ энэ уйгагүй, хойш нэг удаа суудаггүй, үргэлж л өөрийгөө дайчилж, юм бүхнийг амжуулах гэж зүтгэдэг зан чанараа хэнтэй холбоотой гэж та боддог вэ?
-Арай эрт ирэхгүй (инээв). Амьдрал шүү дээ. Амьдрал л намайг юухнаас ч хойш сууж болохгүйг хар багаас мэдрүүлсэн нь өнөөдрийн Дашдондовыг бэлтгэсэн хэрэг. Тэрнийг дууриасан, ийм занг нь өвлөсөн гэж хэлчихээр хүн алга.

-Та хэдэн настайдаа сувилагч болохоор түргэвчилсэн сургалтад элссэн байдаг билээ. Тэр үед таны насныхан сувилагчийн сургуульд олон байсан уу?
-1952 он. 16 настай байж. Надтай чацуу, үе тэнгийн хүн цөөнгүй байсан.

-Сувилагчийн чөлөө завгүй хийгээд хүний амь нас, эрүүл мэндтэй минут секунд тутамд тэмцэж байдаг хүнд бөгөөд хариуцлагатай ажлын хэв маяг таны хойшдын ажил, амьдралд маш их нөлөөлсөн байх гэж бодогдсон?
-Тэгэлгүй яах вэ. Бусдын амь насыг аврах, үхэлтэй тэмцэж буй хүнийг асрах тэр ажил надад маш их зүйл бодогдуулсан. Магадгүй “Хүн ямар ч үед хүн чанартай л байх ёстой, хэнд ч үхэхгүй, өвдөхгүй юм шиг ааш гаргаж болдоггүй юм байна” гэсэн ухааныг надад бат суулгасан гэж боддог. Гэхдээ би сувилагчаар удаан ажиллаагүй. Удалгүй амбулаторийн ариутгагч болж, эмнэлгийн дотоод халдваргүйжилтийг хариуцдаг боллоо. Энэ их чухал, сайхан алба байсан шүү.

Үүнээс төд удалгүй эмнэлгийн тоо бүртгэгч болж дэвшсэн. Ингэж байтал Зөвлөлтийн тусламжаар нийгмийн халдварт арьс өнгөний өвчнөөс салгах, эрүүлжүүлэх аян улс даяар эхэлж, аймгуудаар явахад нь би лаборантаар ажилласан. Энэ аян өрнөхийн өмнө хамаргүй хүн их олон байсан юм шүү. Биднийг халдварт өвчнөөс нэг мөсөн салгаж өгснийх нь төлөө оросуудад үеийн үед баярлаж явах ёстой юм.

1960 онд дээрх аян дуусахад манай отряд шилдгээр шалгарч, хэд хэдэн хүнийг төрийн одон медалиар шагнасны дотор намайг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж байлаа. Энэ бол эрүүлийг хамгаалах салбарт ажиллаж байсан сайхан он жилүүдийн нэгээхэн хэсэг.

-Сонин юм шүү. Монголд чөлөөт хэвлэлийн үүдийг нээж, өрхийг татсан хүн сэтгүүлч бус сувилагч байсан гэхээр. Сүүлд сэтгүүлч мэргэжил эзэмшсэнийг тань мэднэ. Сэтгүүлчээс гадна өөр мэргэжил эзэмшиж, түүгээрээ цөөнгүй жил ажилласан хүмүүс сэтгүүл зүйн салбарт илүү амжилттай, үр бүтээлтэй ажилласан жишээ цөөнгүй.
-Амьдралын нарийн ширийнийг, хүний зовлон жаргалыг, ер нь буй бүхний мөн чанарыг арай өөр өнцгөөс илүү мэдэрсэн байдаг нь сэтгүүлчийн илүү мэдэрч, ойлгож бичих ёстой хөдөлмөрт нэмэр болно л доо. Сэтгүүлч амьдралын зах зухаас ойлгож, мэдэрсэн, үнэнийг таньсан байх тусмаа илүү ойрхон байдаг мэргэжил. Чи гярхай анхаарчээ. Амьдралын янз бүрийн даваа нугачаа, ажлын талбар дахь зовлон бэрхшээлийг танихгүйгээр сэтгүүлчийн хөдөлмөр эрхлэх боломжгүй. Сэтгүүлч гэсэн нэрийг бол хэн ч зүүж болно. Даажинтай нь өөрийгөө сэтгүүлч гэснээр сэтгүүлч болчихдоггүй юм. Уншигч, түмэн л сэтгүүлч гэж тоовол сэтгүүлч болох гэж байгаа нь тэр.

-Та сувилагчаар ажиллаж байхаасаа л гадаад хэл бие даан суралцаж, аймгийнхаа сонинд орос хэлнээс орчуулсан туужаа хэдэн дугаар дамнуулан нийтлүүлсэн байдаг. Гадаад хэлийг сурахын чухлыг та тухайн үед яаж мэдсэн юм бэ?
-Би бага сургуулиа чамгүй сайн суралцаж, толгой сайтай хүүхдүүдийн тэргүүнд явж төгссөн юм шүү. Дунд сургуульд амьдралын гачигдал, ядуу зүдүүгээс болж явж чадаагүй л болохоос биш. Тэгэхээр сурах эрдэмд нэлээд чармайлттай байсан гэсэн үг. Сестрагийн курст суралцаж байхад орос мэргэжилтэн, багш нар бидэнд хичээл ордог байсан. Их сайхан санагдана. Ингээд л юуны тулд сурах боломж олдсон билээ гээд л өөрийгөө шахсан. Муугүй сурсан болоод нэг их удалгүй орчуулгуудаа “Сүхбаатарын зам” гэх аймгийн сонинд нийтлүүлж эхэлсэн хэрэг.

-Тэр үед та бас яруу найраг цөөнгүйг бичиж, нийтлүүлж байсан гэв үү?
-Хүний залуу нас гэдэг юм юм сонирхож, бүгдэд сэтгэлийн их мэдрэмжээр ханддаг сайхан, гэгээн үе. Тэр үед орос хэл сурах гэж хичээхийн хажуугаар үзэг цаас их нийлүүлнэ. Бас их уншина. Өөрөөр хэлбэл, бичгийн амьдрал руу би хар аяндаа л орсон доо. Гэхдээ бас дундуур нь сонирхвол сонин юм цөөнгүй болсон. Бүрэнцогтын уурхайн эвлэлийн хорооны дарга, МХЗЭ-ийн XV их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байв. Энэ завсарт Намын төв хорооны дэргэдэх Намын дээд сургуульд сэтгүүлчийн ангид оюутан элсүүлэхээр болоход намайг явуулсан, 1967 он байсан санагдана. Дашдондовыг хэл сонирхох, унших, бичихийн их дон нь эрүүлийг хамгаалах салбараас сэтгүүлзүйн талбар руу татаад аваад явчиж байгаа хэрэг. Ингээд сэтгүүлч мэргэжил эзэмшихээр сурч гарлаа.

-Таныг “Юу ч тохиож мэднэ гээд хар цай, талхаар хоол хийгээд хичээлээ л давтдаг байсан” гэж нэг тасагт хамт байсан найз чинь хэлсэн байдаг. Яагаад тэгдэг байсан юм бэ?
-Тэр яах вэ. Дашдондов гуай нь яасан гэж санана. Тухайн үедээ санаанд багтаад шаггүй хийчихсэн ч гэлээ одоо бодоход их том юм барьж авсан байгаа юм.

-Юу тэр вэ?
-Дипломоо “Б.Ринченгийн сэтгүүлзүйн үйл ажиллагаа” гэсэн сэдвээр хамгаалж байлаа. Ринчен гуайтай диплом бичих үеэрээ хоёр, гурван ч удаа уулзсан. Надад хэд хэдэн чухал юм хэлж өгч байсан шүү. Хэл хэрхэн сурах талаар ч бас. Дипломын хамгаалалт болтол шалгалтын комиссынхон намайг дуудахгүй юм. Хамгийн сүүлд нь багш нар “Чиний дипломыг бид үзлээ. Их сонин бөгөөд сайн судалгаа болж. Онц тавьсан” гээд яриулах ч үгүй дүн тавьж байлаа. Ингээд “Үнэн” сонинд хуваарилагдсан. Дээр нь бас яасан гэж санана.

-За?
-Манай энэ Дариймаа чинь Намын дээд сургуулийн аптекийн эрхлэгч байсан юм. Төгсөхдөө эхнэрээ болгоод авчихаж байгаа юм. Намын дээд сургуулиас би амьдралынхаа хамгийн чухал хоёр юмыг авсан байгаа биз.

-Тийм байна. Таны өнөөдрийн хэмжээнд сайн сайхан яваа бүхний чинь ард Н.Дариймаа гуай байгаа гэж хэлбэл та хүлээн зөвшөөрнө биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ өөрт нь тэгж байна гэж битгий хэлээрэй. Дариймаа байгаагүй бол би их олон юмаар дутуу, бас өнөөдрийг хүртэл хийсэн бүхний тэн хагасаас илүү нь ч биелэлээ олохгүй байсан байж мэднэ. Хорвоо эхэндээ надад хатуу хандаж байсан ч ээжийн дайтай хань заяасан юм шүү. Намайг түрүүлж өднө, уурлана, загнана гэж байхгүй. Би л бүхнийг эхлүүлдэг юм. Дариймаатай амьдрал бүрэн бүтэн, сэтгэл төвшин. Үүнээс цааш ярьж болохгүй.

-Магтахад хүртэл хязгаар бий гэж үү. Та чинь хэчнээн ч уран цэцэг үг хэлж чадахаар хүн шүү дээ?
-Сайхан зүйлд магтаалын ч хязгаар байх ёстой юм. Гол нь хүний сэтгэлийн багтаамж хязгааргүй шүү дээ.

-Та гаднаа ийм ч цаанаа их зөөлөн санагддаг. Хүүхдүүд, ач, зээ нараа эрхлүүлэх шиг болно биз?
-Би цагтаа их харамч хүн. Уулзах хүнтэйгээ л уулзана. Ярих юмаа л ярина. Зожиг, зөрүүд. Энэ зангаасаа болж олон хүн гомдоосноо мэдэж байна. Хүүхдүүд, ач, зээ нартаа хайртай байлгүй яах вэ.

-Нээрээ, Б.Ринчен гуайд “Таны бичсэн нийтлэл, өгүүллээр диплом бичиж байгаа” гэхэд тань хэрхэн хүлээж авч, юу гэж зөвлөж байсан бэ. Тэр явдлаар далимдуулж Ринчен гуайтай та дотно болж байв уу?
-Их дуртай хүлээж авсан. Миний харамсаж явдаг зүйл бий. Юу гэхээр хожим нь Ринчен гуайгаар манайхан их оролдсон. Одоо ч хэн нь ч дурсах дургүй байх шиг байдаг юм. Цөөн хүн л “Ринчен агуу, Ринчен мундаг” гээд байдгаас үнэн мөнийг нь, тэр хүн хэн байсан бэ гэдгийг залуучуудад таниулах, сурталчлах, алдаршуулах хүсэлгүй байдаг бололтой. Тухайн үед “Намын амьдрал” сэтгүүлд “Эрдэмтний нэр төр” гэсэн өгүүлэл нийтлэгдсэний дараа түүнийг олон хүн гадуурхсан. Яг тэр үеэр гудамжинд би түүнтэй зөрсөн. Тэр үед намайг өөртэй нь дуугарах болов уу гэж харсан байх гэж би дотроо бодож, шаналдаг. Тухайн үед би “Үнэн” сонины хүн байсан. Ринчен гуай тэгж анзаарсан юм уу, үгүй юм уу мэдэхгүй ч би хувьдаа одоо ч сэтгэл өвдөж байна. Тэгж явсаар насан эцэслэтэл нь уулзаж чадаагүй.

-“Үнэн” сонины сурвалжлагч болж очсон тухайгаа та дурсамж номууддаа тодорхой бичсэн байсан. Харин сэтгүүлчээр суралцаж төгсөөд жил хүрэхгүй хугацааны дараа Хүүхдийн эвлэлийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч хэмээх том албан тушаалд очсон нь хувь хүнийхээ хувьд хэр том цохилт байсан тухай асууя?
-“Үнэн” сонинд муу сэтгүүлч томилдоггүй байлаа. Бүр Намын төв хорооны нарийн бичгийн зөвлөгөөнөөр орж байж, тийшээ очих, эсэхээ шийдүүлж, хуваарилагддаг байлаа. Надад орон гэр байхгүй. Тэгсэн Дүгэрсүрэн эрхлэгч Намсрай эрхлэгчид “Энэ хүнд анхаараарай. Гэр оронгүй юм байна шүү” гэж байсан. Би Дамдинсүрэн гэж сэтгүүлчийнд муу сохор ээжтэйгээ амьдардаг байсан юм. “Үнэн” сонины Гадаад мэдээний албанд томилогдлоо. Ингэж байтал Пүрэвжав гэж том дарга намайг МХЗЭ-ийн XVI хурлаар төв хорооны бүрэлдэхүүнд зохион байгуулалтын ажилд оролц гэж дуудаад оролцтол тэр хурлаар МХЗЭ-ийн төв хороо, Монголын пионерийн байгууллагын төв зөвлөлийн дэргэдэх Хүүхдийн хэвлэлийн нэгдсэн редакцад ерөнхий эрхлэгчээр томилогдчихлоо.

Энэ бол цэвэр тохиолдлын, миний амьдралд тохиосон түүхэн чухал явдал байсан гэж би дурсдаг. Би хүүхдийн зохиолч биш, багш биш атал тэнд томилсон нь их учиртай байсан байх. “Пионерийн үнэн” сонин тухайн үед 120 мянган захиалагчтай байсан юм шүү. Миний үед энэ тоо 200 мянгад хүрч байлаа. Тухайн үеийн өсвөр, залуу үеийн хэвлэлийн бодлого, хүн болж төлөвших насанд нь хэний, ямар бүтээлийг уншуулах вэ гэдэгт маш их анхаардаг байж. Миний халуун залуу насны хийж бүтээхийн их хүслэнт үе бол тэр он жилүүд. Тэр л он жилүүдэд би тухайн үеийн оюун санааны мундгуудтай нөхөрлөж, танилцаж, одоогийн мундгуудыг өлгийдөн авч байжээ. Өнөөгийн хэвлэл мэдээллийн эрхлэгчид, сайн сэтгүүлчид чинь тэр үед анхлан бичигч, идэвхтэн бичигчид байлаа.

Хүүхдийн хэвлэлийн нэгдсэн редакцын ерөнхий эрхлэгчээр арав гаруй жил ажиллаад, ажлаасаа үндсэндээ халагдлаа. Дараа нь Монголын сэтгүүлчдийн холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн хонжворт сугалааны үндэсний комиссын даргаар томилогдлоо. Гэтэл “Үнэн” сонины эрхлэгчээр Л.Түдэв маань томилогдчихдог юм байна. Тэгэхээр нь явж ороод “Хээ, чиний өшиглөсөн хөндүүр одоо болтол арилаагүй явж байна” гэсэн. Тэгсэн яг тэр үед Чой.Лувсанжав маань ЗХУ-д докторын зэрэг хамгаалаад ирж таарсан. Түдэв намайг Чой Лувсанжавтай уулзаад, мэдээ бичээд ир гэсэн. Тухайн үед “Үнэн” сонинд гарна гэдэг маш том үйл явдал болдог байлаа. Ингээд яаж ийж байгаад танилцаж, уулзаад мэдээг нь бичээд сониндоо ч хэвлүүллээ, ажилд ч орлоо. Миний л аз юм даа. Юу миний аз вэ гэхээр тэгж би Чой.Лувсанжавтайгаа анх танилцаж, дотноссон юм. “Үнэн” сониндоо ч ороод авлаа. Цөөнгүй жил “Үнэн”-ий хүн байж байгаад Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэлийг үүсгэн байгуулалцаж, ерөнхийлөгчөөр нь гурван ч удаа сонгогдсон.

-Хүүхдийн эвлэлийн нэгдсэн редакцын ерөнхий эрхлэгч болсноор амьдралд тань өөрчлөлт хэр орсон бэ?
-Их юм өөрчлөгдсөн шүү. Эрхлэгч юм болохоор машинтай болж байгаа юм. Ерөнхий эрхлэгч тэргүүтэй тухайн үеийн редакцын дарга нарынхаа ар гэрийн нөхцлийг сайжруулах журмаар 11 орон сууцыг Намын төв хорооноос шийдэж өгч байсан нь одоо бидний сууж байгаа энэ байр.

-Та сэтгүүлчийн ажилд шамдаж буй он жилүүдийнхээ нэлээдийг язгуур монгол хэлийг хадгалан үлдээх судалгаанд зориулсан байдаг. Шинжлэх ухаан, зүйр цэцэн үг залуучуудын толь бичиг бичнэ гэдэг зүгээр ч нэг сувилагч, залуу сэтгүүлчийн хийчих ажил биш болов уу гэж бодож байна.
-Амьдрал намайг ажиллаад бай л гэсэн. Би эрүүл мэндийн салбарт тэр чигээрээ ажилласан байсан ч үүнийг хийх л байсан байх. Гэхдээ зав өгөхгүй учраас арай бага юм гараас гарах байсан биз. Сэтгүүлчийн ажилд орсон нь энэ зам мөрийг улам шулуутгаж, илүү их цаг зарцуулах боломжоор хангасан. Үүний хүчинд одоо ч толь бичиг хийх эрлээ үргэлжлүүлж сууна. Хэл бичгийн энэ ажилд минь Чой Лувсанжав маань гойд их нөлөөлсөн дөө.

-Эрдэмтэн Чой.Лувсанжавтай танилцсан, нөхөрлөсөн, түүний үйл хэргийг үргэлжлүүлэх их хүс­лийнхээ тухай та ярьсан нь цөөнгүй бий. Сэтгүүлч хүний хувьд та олон хүнтэй уулзаж, ярилцлага хийж байсан нь лавтай. Гэхдээ тэдгээр дундаас Чой.Лувсанжав эрдэмтэнтэй дотно нөхөрлөх болсон тухайгаа ярьж өгөөч?
-Тийм ээ, сэтгүүлчийн ажил минь намайг Лувсанжавтай анх уулзуулж, танилцуулж байсан. Шалтгаан юу байсныг би мэдэхгүй. Мэдэж байгаа нь тэр маань эрдэмтэй, би эрдэмгүй. Хоёулаа чадахгүй мөртлөө найзлах санаатай ийм л хүмүүс байлаа. Намайг англи хэлний курст суу гэж Лувсанжав зөвлөсөн. Тэр үед Улсын их сургуулийн дэргэд англи хэлний түргэвчилсэн мундаг сайн курс хичээллэдэг байсан. Одоогийн гадаад хэлний мундагчууд бүгд тэр курсийг төгссөн. Чи бид хоёр залуудаа уулзах нь яав аа гэж их ярина. Миний хэд хэдэн толийг редакторлаж өгсөн. Юухан дээр ч гэсэн мундаг хүн байсан даа. Манай Лувсанжав 16 хэлтэй байсан юм шүү дээ. Надад маш их нөлөөлсөн. Миний л аз юм даа.

Цагтаа их харам мөртлөө надад цагаа харамладаггүй байсан даа. Их сонин түүх олныг ярина. Бас хэрхэн сурах тухай их захина. Жишээ нь, хэл бол гоёл биш. Уул хэлний мөн чанарыг сайн судлах хэрэгтэй. Хийнгээ сурна, сурангаа хийнэ. Түүнээс биш сурчихаад хийнэ гэсэн ойлголт байдаггүй юм. Барьж, тавиад байвал түмэн настай байсан ч гадаад хэл сурахгүй. Дайралтаар, цаг, минут алгасахгүй, үнэн голоосоо дурлаж сурах хэрэгтэй гэнэ. Гадаад хэл сурахын ач холбогдлыг бас их ярина. Аргачлалын юм ч их ярина. Бас “Хүний сурсныг би сурахгүй яах юм” гэж бод л гэдэг байсан даа. Сонсоход энгийн мэт боловч ямар үнэ цэнтэй зөвлөгөө гэж санана.

-Нөхөрлөлийн тухай та юу хэлэх вэ?
-Алдаагүй найзтай байя гэвэл найзгүй бай. Энэ бол миний зарчим. Гэхдээ надад сайхан нөхөрлөж, амьдралын алив асуудлаа уудлалцаж, хуваалцаж явсан, яваа сайхан найз нөхөд бий бий. Амьдралын сайхан нь уулзалтад байдаг гэдэг үгийг хэлэх дуртай. Уулзах чинь нөхөрлөл юм шүү дээ. Одоо миний хамгийн сайн найзууд бол хэдэн толь бичиг минь. Сайхан толь бичиг олон байна шүү. Элдэв шалдав ном уншихаа больсон.

Толь бичгүүдээ бол их нандигнана, их ч хэрэглэнэ. Эхэнд дурдсан ээжийн тухай ярианаас хоёр цаг орчмын дараа тэрбээр “Сэтгүүлч хүн хамгийн чанартайг хамгийн үнэнчээр хэрэглэх ёстой юм” гээд үнэ цэнэ нь эмх замбараагүй эрээчсэн тэмдэглэлдээ байна уу гэмээр хуруу зузаан хиртэй цааснууд авчраад өмнөх ширээн дээр тавилаа. Тавих ч гэж бараг шидэж орхив. “Яасан бэ, Дашдондов гуай” гэтэл “Миний охин, юуг ч хэт үнэлэх хэрэггүй. Юунд ч бүх итгэлээ өгч, найдах хэрэггүй. Тэр үед энэ цаасан дээр хэчнээн үнэтэй санаа бичиж тэмдэглэж байсан байж болно. Гэхдээ энэ цаасанд найдах хэрэггүй. Өөртөө л найд” гэв.

ТЭР БОЛ МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙН ӨНӨ МӨНХИЙН ХӨХ УУЛ

Ярилцлага авах тухай анх хэлснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрөхөд түүнийг гаднаа зожигдуу ч цаанаа өр зөөлөн, харсан хийгээд таньсан бүхнээ өрөвдөн хайрлаж, дотроо нурж явдгийг мэдэрсэн билээ. Энд тэндэхийн уулзалт хийгээд манай сонины редакцад гээд хэд хэдэн удаа таарахад “Хоёулаа хүнд хэрэгтэй л юм хийчих юм сан” гэж цөөнгүйд нь дуугарснаас үзвэл тэр хэнийг ч мартддаггүй, хэлснээ орхидоггүй нэгэн гэдэг нь илт. Цүнхээ үүрээд сэтгүүлч болохоор Намын дээд сургуульд элсэж байсан үеийнх нь залуу Дашдондовтой бараг чацуу, түүхийгээрээ надад тэр өөрийнх нь ярьсан үргэлжийн холбоотой өнө мөнхийн хөх уулс шиг сэтгүүлзүйн их уул, уудалж барамгүй баялаг оргил билээ.

-Та сая “Тэр үед энэ цаасан дээр хэчнээн үнэтэй санаа бичиж тэмдэглэж байсан байж болно. Гэхдээ энэ цаасанд найдах хэрэггүй. Өөртөө л найд” гэсэн. Тэр үе гэж аль үеийн, ямар үйл явдлыг хэлсэн бэ?
-Аль ч үеийг хэлж болно. Зөвхөн өөртөө л найд. Бас нэг чухал зүйл нь “Хорхойд гэмгүй дүртэй мөртлөө хормой дороо агуйтай хүнээс болгоомжил”. Ардчилалгүй чөлөөт хэвлэл, чөлөөт хэвлэлгүй ардчилал гэж байх ёсгүй. Ардчилал хаана байна тэнд хэвлэл нь чөлөөт байх ёстой гэсэн зарчмаар Монголд ёс зүйтэй, хүчтэй чөлөөт хэвлэл бий болгох гэж зүтгэсэн. Үр дүнд хүрсэн гэж боддог. Тэр үед хэрэглэж байсан зарим баримт сэлтийг чамд үзүүлэх гэж авчирсан нь энэ. Монголын сэтгүүлзүйд ардчилсан чөлөөт хэвлэлийг авчирсны баримт гэх юм уу даа, эднийг. Тухайн үед ЮНЕСКО-гийн үндэсний комиссын анхны шагналыг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөг Монголын хөрс рүү татлаа гэж өгч байсан. Гэхдээ өнөөдрийн хэвлэлүүдийн байдлыг өндрөөр үнэлэхгүй.

-Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн их хурал болох гэж байгаа энэ үед чөлөөт хэвлэлийн эрх, үүрэг, өнөөгийн байдлын тухай ярих нь харин ч зөв юм биш үү?
-Бүх юм жам ёсоороо болно. Өмнө нь энэ тухай өчнөөн ярьж, хэлсэн. Хэвлэлийн эрх чөлөөг хэн нэгнээс гуйж биш, сэтгүүлчид тэмцэж олж авах тухай яриа юм л даа. Одоо дахин улигламааргүй байна. Амьжиргаагаа эхлээд амжуулж яваа сэтгүүлзүйн лидерүүд, эрхлэгчдэд чөлөөт хэвлэлийн ёс зүй, үнэ цэнийн тухай дахин давтаж, залхаамааргүй байна. Бараг ойлгох ч үгүй байж мэднэ шүү.

-Та тэгэхээр одоогийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ажлын арга барил, ур чадварт нэлээд сэтгэл дундуур яваа юм аа даа?
-Ямар эрхлэгч байна. Тийм л редакц, тийм л сонин байна.

-Уучлаарай, гэхдээ өнөөгийн хэвлэлийнхний байгаа байдал та бүхний авчирсан ардчилсан чөлөөт хэвлэлийн үр төл шүү дээ. Хэт ардчилал, эрх чөлөө бас нэг их сайн юманд хүргэдэггүй юм байна гэж таныг бодож сууна гэж таалаа. Зөв үү?
-Сайн нь олон юм шүү. Муу зүйл цагийн шалгуураар шахагддаг жамтай юм. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай болсон юм шүү. Өөр олон юм бий ч хэрэгтэй бол миний номнуудаас олж уншина биз, энд дахин дурдах нь илүү байх.

-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг манай улс тэмдэглэдэг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Үүний шанг тавьсан, би Монголд хэвлэлийн эрх чөлөөг анхлан авчралцсан гэж дотроо бардамнах үе бий юү?
-Өөрийнхөө төлөө хийсэн юм огт биш. Дан ганц би хэвлэлийн эрх чөлөөг Монголд авчирна гэсэн юм биш. Олон хүний итгэл, зүтгэл, хүлээлт үүнийг шаардаж, бид жил бүрийн тавдугаар сарын 3 буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний баярыг хамтдаа тэмдэглэх, эрх чөлөө бидэнд байгаа эсэхээ дүгнэж цэгнэх, цаашид юу хийхээ төлөвлөж, тооцоолох боломжтой болсон. Монгол хүн бүр энэ өдрийг мартаж болохгүй.

-Ажил хэргийн хувьд бол таны зөв. Дашдондов гэж хувь хүн өөрөө бардамнах, бахархах сэтгэл төрж, өөртөө урам өгдөг юм уу л гэж асуугаад байгаа юм. Учир нь, та баярлахыгаа ч, гунихыгаа ч зүйр цэцэн үгс, сэтгүүлчийн олон жилийн арга туршлагаараа нуучихдаг юм шиг санагдаад байгаа юм.
-Уулын бүргэдээс ухаан дутахгүй юм сан гэж хичээж ирлээ. Муу барааг сайн сурталчлах хэрэгтэй. Сайныг бол булаацалдаад л авчихдаг юм. Хангалттай юу.

-Монголын сэтгүүл зүйд таны бусадтайгаа хамтран авчирсан өөрчлөлт, шинэчлэл, дэлхийд гарах замыг нь тэгшилсэн, дотроо даган мөрдөх хийгээд хамгаалуулах хууль боловсруулан батлуулсан шиг амин чухал зүйл хийсэн хүн үгүй болохоор л таныг өөртөө сэтгэл хангалуун байгаасай гэж бодоод байгаа юм.
-Хангалуун байхдаа хангалуун байна. Гэхдээ болоогүй байна. Хийх юм маш их байна. Амьдрал богинохон шүү дээ. Амжиж бүтээж, хайрлах хэрэгтэй.

-Тэгвэл таны “Би тэрийг л сайн бичсэн дээ” гэж боддог, өөрөө тоодог нийтлэл, ярилцлага тань аль вэ?
-Чой.Лувсанжавтайгаа танилцаж хийсэн ярилцлагаа нэрлэнэ. Тэр бол миний хувьд аз заяаны үйл явдал. Хүмүүс “Баярын тухай гунигт бодол”, “Дээд комиссын доод ажил” гэх мэт 1980-аад оны сүүлчээр бичсэн хэдэн нийтлэлийг Дашдондовын сайн өгүүллүүд гээд л байдаг юм. Чухам ямарыг уншигчид хэлэх биз.

-Та энүүхэн зуурт түрүүхэн инээж хөхөрч суусан Дашдондов гуай биш, том дарга Дашдондов болоод хувирчих шиг санагдаад байна л даа. Гэхдээ энэ чинь л та шүү дээ, тэ?
-Хэвлэл мэдээллийнхний тухай сэдэв намайг ийм болгочихдог юм. Санаагаар болохгүй, санаснаараа өөрчилж чадахгүй болохоор хүн ингэж бухимддаг юм. Битгий тоо. Үүнийг орхиод би нэг сайхан юм ярья л даа, охиндоо.

-Тэгээч?
-Чи шүтлэгтэй юү?

-Шүтлэгтэй хүний дэргэд шүтлэггүй юм уу даа.
-За тэгвэл хүн бүхэнд хүйн холбоотой өөрийн гэсэн уул байдаг юм. Ертөнцийн хаана ч явсан өөрийнхөө уулыг шүтэж, сүсэглэж явах хэрэгтэй. Хэнд ч хэлэхгүй зүйлсээ уултайгаа ярилцаж, хуваалцаж байгаарай. Би Дарханхаан уулаа шүтэж амьдардаг. Хүй дарсан нутгийн чинь уулсын аль нэг нь чиний уул. “Сайн муугийн алинд ч бодож, залбирдаг шүтээн минь юм. Сайхан болоод ирнэ” гээд “Тэнд байна, миний уул” хэмээн жаазтай уул өөдөө заагаад хэсэг чимээгүй болов.

Цайны дээж өргөхдөө, хааяа нутгаа санахдаа Баруунхараагийнхаа Гонир уулыг нүдэндээ дүрсэлдгээс биш миний уул гэж бодож байгаагүй надад тэрхэн мөчид үнэхээр миний уул юм шиг санагдаж суув. Тэр догдлолоороо “Дашдондов гуай, хүнээр бол ээж тань таны өнө мөнхийн хөх уул байх нь ээ” гээд асуучихлаа.

...Ярилцлагын эхлэл хэсэгт хариултыг сийрүүлсэн тул дахин нуршсангүй...

...Дарханхаан уулын энгэрт ээж нь түүнийг төрүүлсэн шүү дээ. Ээжийнхээ амьсгал, дуу хоолой, бараа шингэсэн өнө мөнхийн уулыг шүтэхээс ч яалтай. Төгсгөлд нь, сэтгүүлчдийн урдах бартаа саадыг өөрт байгаа бүхнээ дайчлан дэлхийд замчилж, ёс зүйтэй, хариуцлагатай соён гэгээрэлд хөтөлж, чөлөөт хэвлэлийг нутагшуулсан чөлөөт сэтгэгч Ц.Дашдондов гуай бол Монголын сэтгүүл зүй хэмээх өрх айлын өнө мөнхийн хөх уул яах аргагүй мөн билээ.

Б.ЭНХМАРТ, NPost.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:18

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:18

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:04:42

YjLWto http://pills2sale.com/ levitra nizagara

Сосо [192.82.69.66] 2020-05-11 11:32:12

Хүн чанар муутай л хүн гэж ахмадууд ярьдаг юм.

Зочин [192.82.71.98] 2020-05-11 09:25:23

Саяхан 70 жилийн ойгоо тэмдэглэсэн Бүрэнцогтын уурхайн ХЗЭвлэлийн хорооны дарга байсан , энэ хүний эхнэр нь Вангүрийн Валъяа гэж эмэгтэй байсан одоо Бор-Өндөр хавиар байгаа болов уу даа

Зочин [192.82.69.141] 2020-05-11 05:27:21

Сэтгүүлчийн хувьд ноён оргил нь байх аа , хүн чанарын хувьд наана тай цаанатай л биз .- хорвоо юм чинь ... ямарч гэсэн зовлон дундуур өөрийгээ төрүүлсэн агуу хүн байна , өөрийгээ олж авч чадсан - боловсролтой хүнд одоогийн битгий хэл өмнөх үеийн " бааснууд " яаж тоогдохов дээ ... ??? Бааснуудыг бол худлаа магтая гэсэн ч үг гардаггүй юм ш дээ ... хэ хэ

ЗОЧИН [202.126.89.38] 2020-05-11 03:16:28

НААД ҮГЭЭ ӨНӨРӨӨДӨӨ Л ХЭЛ

Иргэн [66.181.183.134] 2020-05-10 14:45:15

Өнөөгийн сэтгүүлчдийг улайтал хэлж дээ.Ухаарал авахгүй улс биз дээ,хөөрхийс.

Зочин [150.129.141.132] 2020-05-10 11:58:09

Ц.Дашдондов гэж энэ хүн өөрийгөө шагнуулах гэж ерөнхийлөгч П.Очирбат гуайгаас шагнал гуйгаад тэр нь бүтээгүйд бухимдаж П.Очирбат гуайг газар дор ортол муулж байсан хүн мөн байх аа, хэрэв би андуураагүй бол

Зочин [66.181.185.45] 2020-05-10 09:59:33

ЭНЭ КУЛЬКАЗ ХОЁР НҮҮРТЭЙ БСДАА БАЙЖ БИЛЭЭ .

Сэтгүүлч Өнөрөө [202.126.89.157] 2020-05-10 09:47:48

Өнөрөө бас захиалгат нэвтрүүлгээр үнэтэй байртай болсон

Дашцэвэг [194.228.32.110] 2020-05-10 05:56:11

Ц.Дашдондог хоорхий ухуулагчийн өврийн дэвтэр бсан гэж өвөө хэлжээна.

О. Баярсайхан [103.212.116.142] 2020-05-10 04:45:17

Цагийн юм цагтаа, сайхан үнэн бичжээ. Түүх үнэнээрээ байх сайхан

Зочин [203.91.115.53] 2020-05-10 03:57:37

ооркууд тролл болжээ,. ахмад хүний хүний үг ч сонсож чаддаггүй.

Зочин [203.91.115.53] 2020-05-10 03:47:30

сэтгэцийн өвчтэй троллууд хүний үг ч сонсож чаддагггүй бүдүүлэг ооркууд юм

Өнөрцэцэг [202.126.89.229] 2020-05-10 03:37:16

Хуцваа. Чаддаг нь л амьдардаг юм.

Зочин [202.179.31.97] 2020-05-10 03:06:56

Битгий солиорч мэдрэлт гэртээ сууж бай

Зочин [202.126.89.158] 2020-05-10 03:04:01

Yuun mon chanar, odoonii setguulch nar gej holsnii bicheech nar bolson shuu dee. Mongo l ogch baival yu ch hamaagui yaj ch bichne. gehdee ter bichsen zuiliinh ni yarij baigaa zuiliinh ni naruulga , ug usgiin aldaa ugiin songolt geh met baahan zolbin nohoin yalgadas shig yumnuud. hoorhiidoo. uls torchdiin halaasnii hognuud.

Зочин [103.57.93.208] 2020-05-10 02:01:40

Enen shig unen zuil gej b a uu? Yamar mundag, uhaantai, surgamjtai .. Uhaarch setgeh uhaantai ni oilgoj avaasai!!

Д.Өлзий [202.9.46.117] 2020-05-10 01:40:47

Сэтгүүлчийн хамгийн үнэт зүйл бол хүн чанарын баталгаа юм шүү дээ... Амьжиргаагаа эхлээд амжуулж яваа сэтгүүл зүйн лидерүүд, эрхлэгчдэд чөлөөт хэвлэлийн ёс зүйн тухай дахин давтаж залхаамааргүй байна. Бараг ойлгохгүй ч байж мэднэ шүү... Ямар эрхлэгч байна. Тийм л редакц, тийм л сонин байна...

Ajaa taij [202.9.46.134] 2020-05-10 13:30:20

Ynendee. Sensatslagch bol setguulch bish shiveryei oims.


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.