Г.Мөнгөнбаатар: Хөвсгөл, Булган, Сэлэнгэ зэрэг тариалангийн бүс нутгуудаар үүл буудаж бороо оруулж байна

Aдмин / Орон нутаг

Ус цаг уур, орчны шинжилгээний газар (хуучнаар “Хурын шим” төв)-ын цаг агаарт зориудаар нөлөөлөх асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Мөнгөнбаатартай ярилцлаа.


-Энэ жил нийт нутгуудаар нэлээн гандуу байна шүү дээ. Ер нь энэ тал дээр ямар ажлууд хийж байгаа вэ?

-Бид гуравдугаар сарын сүүлчээр аймгуудад ажиллаж эхэлсэн. Говийн аймгууд бол гуравдугаар сарын сүүлчээр дулаарч эхэлдэг шүү дээ. Энэ үеэр говийн аймгууд бидэнд хүсэлт гаргасны дагуу ажиллаж эхэлсэн. Ингээд Баянхонгор аймгаас эхлээд баруун аймгуудаар нэлээн ажиллалаа. Улаанбаатар хотоос байнгын зохицуулагчаар дөрвөн хүн ажилладаг л даа. Ингээд процессийг нь үзээд, судлаад тэндээсээ аймгийнхаа эскпедицүүдтэйгээ ярилцаж ямар үйл ажиллагаа явуулах, хэдэн пуужин харвах гэх мэт харилцан зохион байгуулалттай ажиллаж байна. Бидний гол зорилго бол ердөө хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, ган гачигтай газар бороо хур оруулах. Үүнийхээ дагуу түймэртэй газрууд болон, газар тариалангийн бүс нутгууддаа түлхүү анхаарч ажиллаж байна.

Энэ жилийн хувьд ер нийт нутгуудаар гандуу байсан, гэвч сая тавдугаар сар гараад гайгүй бороо орж эхэллээ. Одоогийн байдлаар баруун, зүүн аймгийн ихэнх нутгаар бороо хур ороод сайхан болчихсон. Гандуу газрууд гэвэл Төв, Хөвсгөл, Архангай гэх аймгууд байна.

-Газар тариалангийн бүс нутгуудаар ч мөн хур бороогүй гандуу байна. Тэдгээр нутгуудаар нийт хэдэн экспедиц ажиллуулж байгаа вэ?

-Газар тариалангийн хүрээнд 19 экспедиц ажиллаж байна. Сэлэнгэ аймагт дөвөр, Төв аймагт гурав, Булганд гурав ажиллаж байна. Үүнээс гадна Эрдэнэт, Дархан аймгуудад хур тунадас нэмэгдүүлэх асуудлаар боложмийн хэрээрээ ажиллаж байна. Мөн энэ жил Төв аймаг хур бороо муутай, хуурайшилттай байна. Гэхдээ өнгөрсөн жил төвийн аймгийн нутгуудаар намар орой хур тунадас их орсон. Үүнээс үүдэн зарим газруудад гүнийн чийг бий. Тийм урчаас бид одоо ч гэсэн түүвэр судалгаа хийж байна. Өчигдөр, өнөөдрийн байдлаар баруун бүсийн нутгаар бороо маш сайн орлоо. Үүл салхинд туугдаад багахан хэмжээний бороо ордог бол түүний дуслыг нь томруулж арай их хэмжээний бороо авч үлдэх жишээний.

Бид хэзээ цаг уурын процесс явагдаж, хэзээ үүл үүсэх нь вэ тэр нөхцөлийг үргэлж хянадаг. Ингээд тухайн газарт үүл үүслээ, бороо орох нөхцөл бүрдлээ гэх юм бол эртнээс төлөвлөн ган гачигтай газар болон түймэртэй газрууд руу чиглүүлэх ажил хийдэг. Сүүлийн үед Улаанбаатар хотод объектын түймэр их гарлаа шүү дээ. Энэ үеэр ч мөн Улаанбаатар хотын хэсэгт бид ажилласан.

-Одоогоор аль аймгуудад үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулж байгаа вэ?

-Архангай аймагт гэхэд уржигдар хоёр харвалт хийсэн. Үүний зэрэгцээ тариалангийн бүс нутгууд болох Хөвсгөл, Булган, Сэлэнгэ гэх аймгуудаар мөн үүл буудсан. Өнөөдөр (өчигдөр) Эрдэнэт, Өвөрхангай, Говь-Алтай, Ховд гэх газруудад экспедиц ажиллаж байна. Одоо хүртэл буудлагын багууд буугаагүй л байна. Ер нь баруун талаар ороо сайн орсон шүү дээ. Архангай аймагт гэхэд өчигдөр шөнөжин бороо орсон. Ер нь үүл цугларч буудах процесс таарсан үеүдээр нь үүл бууддаг. Зарим нь дөрвөөс таван хоногийн зайтай. Зарим нь бүр 25 хоног хүртэл үргэлжилдэг. Хүчтэй салхи болон шороон шуургатай зүүн бүсийн аймгууд болон бусад нийлсэн 14 аймгийг түр хугацаагаар хаасан.

-Сүүлийн хэдэн жилүүдэд ихэнх нутгаар хур бороо муу байгаа шалтгаан нь юу юм бэ. Энэ нь дэлхийн дулааралтай холбоотой юу?

- Холбоотой байлгүй яахав. Жаахан үүл гарахаараа ихэнхдээ салхилж, шуураад үүлээ хөөчихдөг. Энэ бол байдаг л зүйл л дээ. Ихэвчлэн хүн суурьшсан төв суурин газруудад бороо орох дургүй байдаг. Энэ нь халалтаас шууд хамааралтай. Тоос шороо үүсэх нөхцөл нь бүрдчихсэн газрууд, жаахан хүйтэн агаар орж ирэхээр гэнэтхэн шороо болоод үүлийг нь хөөгөөд явчихдаг гэх жишээний хүндрэл бий.

-Энэ газрууддаа ямар байдлаар, яаж хур тунадас оруулж байна вэ?

-Бид аль болох төв суурин газраасаа холхон зайнаас үйлчилж, тухайн газар бороо оруулах асуудлыг төлөвлөн зохион байгуулж ажилладаг. Түүнээс биш бороо оруулах газартаа тулаад ирэх юм бол салхи, шуургаа улам дэвэргээд хаячихна шүү дээ. Жишээлбэл түймэртэй газруудад 50-60, километрийн зайнаас үүлээ чиглүүлж өгөх жишээний. Дусал чинь барагтай бол буухгүй шүү дээ. Нэг үгээр хэлбэл, үүлээ нэлээн томруулж дороос ирсэн нөөлөг урсгалыг давж гэмээн эргээд хур тунадас бууна. Том эсэргүүцэл таарч байгаа биз. Ийм ажиллагаатай. Тэгэхээр энэ зарчмыг буюу үүлэнд дуслын цөмийг хүргэх энэ процессийг хүмүүс буруу ойлгож, төөрөлдөх нь бий. Энэ тэнд ажлаар явж байхад “та нар үүл рүү буудаж тэнгэр хурмастыг хилэгнүүлж байна, түүнээс болж хүйтэрч байна” гэж харлуулах зүйл их хэлнэ. Мэргэшсэн хүмүүс ажиллаж байгаа шүү дээ уг нь. Байгалаасаа орох бороо, цасан дээр бол бид ажилладаггүй. Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод хур тунадас орно. Их бага орох нь үүлний чийгшил услагийн хэмжээнээс л шалтгаална.

-Хур тунадас оруулах техник, хүчин чадлын хувьд ямар вэ. Сүүлийн үеийн техник технологийг ашиглаж чадаж байна уу?

-1989 оны үед хэрэглэж байсан техник, технологио сольж чадаагүй л байна. Хэрэв бид өндөр технологитой байсан бол шууд үүлэн дотроо ороод утаагаа тавьж болно. Ер нь техникээ сольж, шинэчилж сайжруулахын тулд технологи өндөр хөгжсөн орнуудраас туршлага судалж эхэлсэн. Жишээлбэл, Хятад дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх, НҮБ-ын том төлөөлөгч улс. Жишээлбэл, Хятад улс далайн хар шуурга дотор хүнгүй онгоц оруулж байна. Тэднийд бол цаг агаарт зориудаар нөлөөлөх тал дээр маш өндөр нарийвчилсан технологиор ажиллаж байна. Тэгэхээр бид хаяанд байгаа хөршүүдтэйгээ харилцан туршлага солих нь зүйтэй. Оросын холбооны улсаас техник авъя гэсэн ч үнэ нь дийлдэхгүй юм байна лээ.

-Хур тунадас муутай аймгуудаас хүсэлт ирүүлэн ажилладаг гэсэн. Энэ тухайгаа ярихгүй юу?

- Байнгын амьд хэлхээ байгаа учраас, энд хүндрэлтэй байна гээд санал ирдэг. Маш сайн дэмжиж ч ажилладаг. Санхүү гарган үйл ажиллагаанд зардал гаргах ч тохиолдол бий. Бид чинь үүлтэй уралдаж ажилладаг онцлогтой. Арван минут алдахад л тэр үүл байхгүй болно. Тодорхой хэмжээний тунадасыг нь авч үлдэхийн тулд яаралтай очиж байршиж ажилладаг. Бид нар чинь асдаггүй, хөдөлгөөн удаантай Оросын хуучин технологийн машинаар явдаг байсан бол өнгөрсөн жил жийп машин өгсөн.

-Монголоор дамжих үүлний чийгшлийн хэмжээ багасаад байгаа гэсэн. Энэ шалтгаан нь юу вэ?

- Энэ байлагийн дулаарал буюу хүчтэй халалтаас үүсч байгаа юм л даа. Хөдөө орон нутгуудаар бороо орлоо. Дууссаных нь дараа газар өрөмдөөд үзэнгүүт норсон юм байхгүй, халуун чигээрээ. Тэгэхээр тодорхой хэмжээний хугацаанд нэлээн их орох шаардлагатай болж байгаа юм. Ингэж байж, ургамал ургах нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна манайд хүйтэн агаарын түрэлт орж ирдэг. Тэр түрэлтүүүд баруун өмнөөс зүүн хойшоо чиглэсэн байдаг. Энэ түрэлтээс хамааран бороо хур тунадас хойд нутгаар орох нь элбэг. Урагшаа говь руу бороо ордоггүй шалтгаан нь тийшээ хүйтэн агаарын түрэлт очдоггүйтэй холбоотой л доо. Үүний нөлөөнд говь чинь хойшоо түрээд хангай чинь багасаад цөлжилтийн процесс явагдаад байна л даа. Тэгэхээр энэ тал дээр цаг уурын бааздаа түшиглээд хүмүүстээ сургалт, арга зүй, заавар дүрмийг сайтар танилцуулж байна. Энэ жил коронавирус гарсантай холбогдуулан одоогоор жаахан хүндрэлтэй л байна. Зарим ажилчид ажлаасаа гарчихсан.

- Үүлний урсгалын талаар ярихгүй юу?

- Үүлний процесс хуйлраа байдлаар явдаг. Циклоноор бол цагийн зүүний эсрэг. Антциклон нь цагийн зүүний дагуу байдаг. Тэгэхээр дусал гэдэг өөрөө цөмтэй байна. Ямар ч цөмгүй зүйл бол бороо үүсэхгүй. Нойтон хуурай гээд хоёр цөм бий. Зарим газрууд шороогоор шуураад байдаг, тэр нь шороон цөм л гэсэн үг. Ер нь манайх далайд гарцгүй, хуурай уур амьсгалтай орон. Гэхдээ Хангай, Хэнтий өндөрлөг уулс байна. Энэ бол Азийн хээрийн бүсийн гол хур тунадас, усны ай сав болж байгаа л даа. Өндөр уулан дээр агаарын даралт бага байдаг учраас үүл татдаг. Уулын оройд үүл хуримтлагддаг шүү дээ.

-Манай хөрш ОХУ, БНХАУ-д хур тунадас хэр их орж байгаа вэ?

-Ер нь бол хаа сайгүй дэлхийн дулаарал явагдаж байна. Хятад улс гэхэд та нар манай хилийн ойролцоо харвалт хийгээд өгөөч ээ гэдэг л дээ. Мөн хойд хөрш ОХУ, Буриадаас ч мөн хамтарч ажиллая гэсэн санал хүсэлт их ирдэг шүү. Энэ хэрээрээ хөршүүдтэйгээ хамтран ажиллахын зэрэгцээ өөрийн газар нутагтаа хур тунадасны хэмжээгээ нэмэгдүүлээд гайгүйхэн ургац авчих юмсан гэсэн зорилготой ажиллаж байна. Өнөө шөнөөс эхлээд төвийн нутгуудаар бороо орж эхлэх гэж байна. Уулархаг нутгаар бага зэргийн цас орох ч төлөвтэй. Хамгийн гол нь бороо орсон газруудаар чийг нь хадгалагдаад, цаашид үүл үүсэх нөхцөл нь өндөр болдог л доо.

С.Лхамсүрэн, ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

зочин [124.44.156.207] 2020-06-03 13:35:45

Энэ ажилд жилд хэдэн төгрөгийн санхүүжилт зарцуулдаг вэ? үр дүн нь хэр байдаг вэ? Хур тунадсыг хэдэн хувиар, эсвэл хэдэн мм-ээр, ямар өртгөөр нэмэгдүүлдэг вэ? Үр дүнгээ маш тодорхой, тоо баримт, нотолгоотой ярьж бичээсэй.

Зочин [202.126.90.119] 2020-06-03 05:22:30

Битгий хоцрогдсон юмаар мөнгө үрээд байгаа ч одоо болиоч ээ чадахгүй байж , Зүгээр ордог жамаараа орог л дээ хөөрхий тэнгэр минь Муусайн хар хулгайчууд мөнгө идэж уух гээд тэнгэрийг ч амрахаа байж болиоч ээ

boliochee [64.119.24.233] 2020-06-03 02:41:12

UUl buudaad hereggui, neg gazriig sain bolgono, nuguu gazriig gan bolgone. Tegee ch orchniihoo tsag uuriig uurchilj genetiin ayuliig bii bolgodog

зочин [103.26.193.213] 2020-06-03 02:38:59

Байгалийг ухах буу ,шагайх ,бүгд ,хариу ,амсана. Болиороо. Мөнгөний ,төлөө ,байлайчууд.

зочин [49.0.218.139] 2020-06-03 02:22:43

Энэ солиот ажилд зориулж улсаас зарцуулж байгаахөрөнгийг зогсоох ёстой. яаруу бороо оруул гэхээр үүл бөөгнөрөхгүй байна гээд л сууж байдагаа санаад одоо больж үз. Ийм хуурай газар дээд тэнгэрээ буудаж задраагаад яахав. Эдийн засгийн хувьд огт ашиггүй мөнгөөр тоглож хүмүүсийн толгой угаах ажлаа зогсоо. Мөнгөн баатар гуай. үр хойчид чинь тэнгэрийн таяг ирнэ.

Зочин [103.111.68.3] 2020-06-03 05:53:02

битгийн тэнэгтээд бай, мэдэхгүй бол дуугай бай

Зочин [202.55.188.83] 2020-06-03 02:15:31

Зад тавина гэж мэдэх үү

ЗОЧИН [202.126.88.159] 2020-06-03 01:29:02

ҮҮЛ БУУДААД ГАЗАР ТЭНГЭР НИЙЛЧИХ ГЭЭД ШОРООГООР ШУУРУУЛААД БАЙГАА ЮМ БАЙНА Л ДАА БОРОО ОРОРХГҮЙ ШОРОО ОРООД БАЙНА. ОНОЖ БУУДААЧ ЭЭ

Зочин [202.9.46.209] 2020-06-03 00:23:21

Бүх газар нутгаар үүл буудаж бороо оруулаачээ.

[103.80.210.183] 2020-06-03 04:37:14

санаагаар болчдог эд биш. бороог яаж нийлүүлж усан дусал нь томорч хүндрүүлэх бэ гэдэг чинь бурханы тушаалтай эд шүү

Зочин [202.21.96.162] 2020-06-03 01:27:26

Энэ зочин 202,9,46,209-тэй одоо юу ярина аа улаан орк юм аа


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.