Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр тохиолоо

Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр өчигдөр олон улсад тохиолоо.
"Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд Хүн бүрийн оролцоо чухал" гэсэн уриан дор тэмдэглэсэн энэ өдөр НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллага, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон манай улсын ЭМЯ, ХХААХҮЯ-наас хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд, "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нь Тогтвортой хөгжлийн төлөөх 17 зорилгын эрүүл мэндийг дэмжих, өлсгөлөнг зогсоох гэсэн 2 зорилгод хүрэх чухал нөхцөл болно. "COVID-19"-ийн цар тахлын дэгдэлтийн энэ үед хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах нь хэчнээн чухал болохыг бид бүр илүү мэдэрч, ойлгож байна. Энэ өдөр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулж, хүнс үйлдвэрлэлийн бүх шатанд оролцогчид тус тусын үүрэг хүлээж байдгийг тодотгож байна" гэжээ.
НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа хэлэхдээ, "Хоол хүнсний аюулгүй байдлыг хангах нь ХАА-н анхан шатны үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх бүх шатны оролцогчдод хамаарна. Бид бүх үйл ажилдаа хүнсний үйлдвэрлэлийн сүлжээний бүх үе шатанд эрсдэлд суурилсан хүнсний хяналтыг сайжруулах зорилгоор CODEX зэрэг хүнсний стандарт, ХАА-н Зохистой дадлыг нэвтрүүлэн ажиллаж" буйг тодотголоо.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ, “Дэлхий дээр бактери, вирус, шимэгч хорхой, хорт химийн бодисоор бохирдсон хоол хүнс хэрэглэсний улмаас жил бүр 600 сая гаруй хүн өвдөж, 420 мянган хүн нас барьж байгаа тоог ДЭМБ-аас гарсан. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нь Засгийн газар, үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн хамтын үүрэг, хариуцлага юм. Монголд бид хоол хүнснээс гаралтай өвчлөлийг бууруулахын төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэдгийг онцоллоо.
Монгол Улс "COVID-19"-ийн цар тахлын эсрэг шийдэмгий арга хэмжээг эрт авснаар өнөөдрийг хүртэл нийтийн дунд цар тахлын дэгдэлтгүй цөөн улсын нэг төдийгүй үндэсний аюулгүй байдалд хамгийн чухал салбар болох хүнсний үйлдвэрлэл тогтвортой үргэлжилж, хүн амыг хүнсээр хангахад ямар нэг доголдол үүсээгүй байна. Хүнсний аюулгүй байдлыг хангаж, Монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” Үндэсний хөтөлбөрийг батлан 2023 он хүртэл хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл