Тарваган тахал өвчин гэж юу вэ?

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Манай орны 17 аймгийн 132 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд энэ жил идэвхжил өндөртэй байгааг мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлсээр байна. Энэ оны долдугаар сард Ховд, Говь-Алтай аймгуудад тарваган тахлын өвчлөл бүртгэгдсэнээс Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд 2 хүн “тарваган тахлын булчирхай,хоёрдогч уушгины хэлбэр”-ээр өвчилсөн байна. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай эрэгтэй хүүхэд тарваган тахлын анхдагч үжил хэлбэрээр өвчилж нас бараад буй юм. Уг өвчинтэй тэмцэхэд иргэн хүний оролцоо чухал бөгөөд тарваган тахлын халдвар авах аливаа эрсдэлт үйлдлүүдээс татгалзсанаар өөрийн цаашлаад нийтийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлж чадах юм. Тарваган тахлын өвчлөлийн талаарх мэдлэг мэдээллээ сайжруулах цааш түгээхэд дөхөм болох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

Тарваган тахал гэж юу вэ?

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Хүнд халдварласан тохиолдолд нууц үе 1-6 хоног үргэлжилнэ.

image

Тарваган тахал өвчин хэрхэн халдварлах вэ?

Халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжина.

image

Тарваган тахал өвчний үед илрэх шинж тэмдэг

Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйдэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар суулгах шинжүүд илэрнэ.

image

image

image

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмж

  • Тарваганы мах, эд эрхтэнг хүнсэнд болон эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх
  • Тарваганы арьс, түүхий эдийг зөөвөрлөхгүй байх
  • Нохой зууж ирсэн тарваганд хүрэхгүй байх, хөдөлгөөн нь удааширсан тарвагыг агнахгүй байх, арьс, махыг ашиглахгүй байх
  • Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад хандах
  • Тарвага болон бусад мэрэгчдийн бөөс,бүүрэгт хазуулахаас сэргийлэх
  • БОАЖ-ын сайдын тушаалаар "Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах"-ыг хориглосон шийдвэрийг дагаж мөрдөх

image

Тарваган тахлаар өвчнөөр өвчилсөн байж болзошгүй үед авах арга хэмжээ

1. Эрүүл мэндийн багууллагад дуудлага өгөх

  • Өвчтөн байгаа байрнаасаа гарахгүй байх
  • Мэдээллийн хэрэгсэл ашиглан 103 эсвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгөх
  • Дуудлага өгөхдөө тарваган тахлын эрсдэлд өртсөн тухай мэдэгдэх

2. Халдвар дамжихаас сэргийлэх

  • Аль болох хүмүүстэй уулзахгүй байх
  • Өөрийн байгаа газартаа хүн орж, гарах хөдөлгөөнийг хорих

3. Тусгаарлах

  • Тарваган тахлын эрсдэлд өртсөн байж болзошгүй өрхийн гишүүнийг эмч иртэл бусдаас тусгаарлах
  • Амны хаалт зүүлгэх

Тарваган тахал өвчний дэлхийн түүхэнд учруулж байсан аюулын талаар сонирхолтой баримт бичигдэн үлджээ. Тарваган тахал өвчний гамшгаар дэлхийн олон сая иргэн амь насаа алдаж байсныг доорх түүх батлан харуулж байгаа юм.

Дэлхийн түүхэнд тарваган тахлын 3 том дэгдэлт (пандеми) бүртгэгдсэн байдаг.

  • Анхны цар тахал “Юстинианы тархвар” нэртэйгээр (531-580 он) Хойд Африк, Ойрхи Дорнод, Византийн хаант улсын нутаг дэвсгэрийг хамарч, 100 сая орчим хүн эрсэдсэн байна.
  • Хоёрдугаар тохиолдол нь ХIV зууны үед Зүүн Өмнөд Азиас эхэлж, Африк, Европт тархан 60 сая орчим хүний амь насыг хөнөөжээ. Энэхүү цар тахлыг “Хар үхэл” гэж нэрлэсэн бөгөөд, учир нь Дани улсад тахлаар нас барсан хүмүүсийн үхдэл маш хурдан харлаж, заримдаа нүүрс шиг хар болж байсантай холбоотой ажээ.
  • Гуравдугаар цар тахал 1894 онд Хонг Конгод эхэлж, далайн хөлөг онгоцонд үүрлэсэн хархаар Европ, Ази, Америк, Африк ба Австрали тивийн усан зам, боомтын 87 хотод тархсан бөгөөд тухайн үеийн халдвар эсэргүүцэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд гамшиг нь өмнөх цар тахлаас бага байжээ.

Манай оронд 1886-1921 онд 30 гаруй удаа тарваган тахлын дэгдэлт гарч, олон хүний амь нас эрсэджээ. Одоогоор Монгол орны 17 аймгийн 137 сумдын нутагт тарваган тахлын байгалийн голомт оршдог. 1928-2018 оны хооронд нийт 16 аймгийн 112 суманд 692 хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 513(74.1%) нас барсан байдаг байна.


Сэтгэгдэл

DR MAXWELL [129.205.124.117] 2021-04-18 21:46:05

WE SELL AND BUY ORGANS, Contact email: birothhospital@gmail.com Whats app number: +33751490980


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.