Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн мөнгөний бодлого “бай”-гаа оноогүй

Aдмин / Улстөр


ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2021 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГЭЭС ӨГӨХ САНАЛ, ДҮГНЭЛТ

Монголбанк 2021 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслөө УИХ-д өргөн мэдүүллээ. Тайлант оны төрийн мөнгөний бодлогын хэрэгжилтийн явц, санхүүгийн зах зээлийн байдал, түүнд нөлөөлсөн хүчин зүйл, шалтгааныг тайлбарласан дүгнэлт, ирэх жил төлөвлөсөн үндсэн чиглэлтэй Ардчилсан намын бүлэг танилцаж, судалсны үндсэн дээр дараах дүгнэлтийг гаргаж байна.

Эрх баригчид гаргаж буй бодлогын алдаандаа үнэлэлт дүгнэлт өгч засаж сайжруулахын оронд өрсөлдөгч улс төрийн хүчиндээ тохож харлуулах, эсвэл ямар нэгэн зүйлийг онцолж бултдаг буруу зуршлаа энэ удаа ч орхисонгүй. Энэ удаа өмнөх дөрвөн жилд гаргасан алдаа, дутагдал бүхнээ Ковид-19-д наахаар шийджээ. Монголбанкнаас өргөн мэдүүлж буй мөнгөний бодлогыг эрх баригчид алга ташиж хүлээн авч болох ч, ард иргэдийн амьдралд ямар үр нөлөө үзүүлж байгааг анзаарч харахыг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсэж байна.

Мөнгөний бодлогын үндсэн зорилтыг Монголбанк хэрхэн биелүүлж, хэрэгжүүлж чадаж байна вэ? Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж маш тодорхой заасан байдаг.

Нэг ам.доллар 17 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцсэн талаар улс орон даяар түгшүүрийн харанга дэлдэж, энэ алдаа, завхралыг даруй засаж залруулах амлалт өгсөн улс төрийн хүчин өнөөдөр ажлаа тайлагнаж байна.

Харамсалтай нь, нэг ам.доллар аль хэдийн 29 боодол нэгтийн төгрөгтэй тэнцэх хэмжээнд ирлээ. Монгол Улсын үндэсний валют болох төгрөгийн ханш сүүлийн дөрөвхөн жилийн хугацаанд дөчин хувиар үнэгүйдэж, суларчээ. Дэлхий улс орнуудаас ханшаа ингэж алдсан улсыг та хайгаад олохгүй.

Манай улсын нийт импортын 70% ам.доллараар хийгддэг ба хэрэглээний сагсны 40% импортын бараа эзэлдэг. Тиймээс, гадаад валютын ханшийн чангаралт, тэр тусмаа ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чангаралтаас шалтгаалж импортын болон өргөн хэрэглээний барааны үнэ өсөж улмаар иргэдийн амьдралд, ялангуяа тэтгэврийн насны ахмадууд, дундаас доош орлоготой иргэдийн амьдралд туйлын хүнд цохилт ирж байна. Мөн улс орны хүндийг нуруундаа үүрч яваа бизнес эрхлэгчид, тэр дундаа долларын зээлтэй зээлдэгчдийн хувьд асар хүнд дарамт болж буй гэдэгтэй та бүхнийг санал нэгдэх байх гэж найдаж байна.

Монголбанк өөрөө ханшаа хөөрөгдсөн нь харамсалтай. Зах зээлийн нийгэмд шилжсэн 26 жилийн хугацаанд буюу 2016 оны 3 сард мөнгөний нийлүүлэлт (M2) нь 10.1 их наяд төгрөг байжээ. Гэтэл дөрөвхөн жилийн дотор буюу 2020 оны 9 дугаар сарын эцэст 22.3 их наяд төгрөг болж, зах зээлд хоёр дахин их мөнгө нийлүүлсэн нь эдийн засгийн макро үзүүлэлт ялангуяа ханш огцом хөөрөгдсөн гэдгийг энд нурших илүүц биз. Хамгийн хачирхалтай нь, Монголбанк ханшаа бууруулахын тулд ямар ч үр дүнгүй интервенц хийсээр иржээ. 2016 оны сүүлийн 6 сард 1 тэрбум, 2017 онд 670 сая, 2018 онд 1.5 тэрбум, 2019 онд 2.9 тэрбум, 2020 он гараад 2.3 тэрбум ам.доллар буюу нийтдээ 8 тэрбум 370 сая ам.долларыг интервенцэд зарцуулжээ. Ийм их хэмжээний валютыг олохын тулд Монгол улс алт, мөнгө, зэс, нүүрс, төмрийн хүдэр, цайр, нефть зэрэг үнэт баялгаа бүтэн хоёр жилийн турш олборлож экспортлодог гэдгийг сануулъя. Нэг гараараа мөнгөний нийлүүлэлтийг огцом ихэсгээд нөгөө гараараа баялгаас олсон валютаа зарж үгүй хийдэг мөнгөний бодлого дэлхий аль ч улсад байхгүй гэдгийг УИХ-ын чуулганы индэр дээрээс дахин мэдэгдье.

Мөнгөний бодлогын хоёр дахь гол зорилт болох санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлж чадаж байна уу? Бас л үгүй гэж хэлнэ.

Төв банкны үнэт цаасны (ТБҮЦ) хэмжээ нийт зах зээлд эргэлдэж буй нийт мөнгөний ¼-ийг буюу 5.3 их наяд төгрөгт хүрчээ. Монголбанк жилд арилжааны банкуудад бараг 500 тэрбум төгрөгийн (Бодлогын хүүгийн хэмжээ 10 хувь байгаад хэдэн сарын өмнөөс 8 хувь болсон) хүү төлж байгаа нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаагаар тооцвол 2 их наяд төгрөгийг арилжааны банкуудад өгчээ. 3 их наяд төгрөгөөр 80,000 айлыг ипотект хамруулж олон мянган аж ахуйн үйл ажиллагааг дэмжиж, олон арван мянган ажлын байрыг шийдэж хямралаас амжилттай гарсан жишээ дэргэд маань бий шүү.

Монголбанкны үйл ажиллагааны үндсэн чиглэл болох банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих функц туйлын хангалтгүй байгаа жишээ дурдвал:

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 9 дүгээр сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.6 хувийг эзэлж байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2020 оны 9 дүгээр сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.4 хувийг эзэлж байна.

Дурдсан хоёр үзүүлэлтийн нийлбэр 10 хувиас дээш гарсан тохиолдолд банкны салбар хямарч байна гэж олон улсад үздэг. Тэгэхээр Монголбанк хуулиар олгогдсон чиг үүрэг, зорилтоо хэрхэн биелүүлж байгаа нь эндээс тод харагдаж байна.

Тэгвэл олон улсын санхүүгийн байгууллагууд бидэнд ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 10 сарын 14-нд Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээг хийж тайлан гаргасан. Тус тайлангийн банкны салбартай холбоотой хэсэгт “Монгол Улсын банкны системийн дийлэнх нь хөрөнгө оруулалтгүй хэвээр байгаа, арилжааны банкны үйл ажиллагаа, зохицуулалтын хяналт нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад хангалтгүй хэвээр байна. ОУВС-аас мэдээлснээр харьцангуй нүсэр банкны тогтолцоог чиглэсэн макро түвшний зохицуулалт хийхгүй байгаа нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2020 оны 5-р сард амжилтгүй дуусгахад хүргэсэн” гэжээ. 2019 онд Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (FATF)-ын саарал жагсаалтад мөнгө угаахтай тэмцэх асуудлаар орсон нь корреспондент банкны үйлчилгээнд хамрагдахад төвөгтэй болж, зардал, хугацааг нэмэгдүүллээ.

Төрийн арчаагүй бодлогын үр дүнд олон мянган аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд чирэгдэл учирч, олон арван мянган иргэдийн халааснаас гарах төлбөрийн хэмжээ нэмэгдэж тэд хохирч үлдлээ. Хэнд ямар хариуцлага тооцох вэ? Мөнгөний бодлогыг улс төрчдөд, дарга нарын хүүхдүүдэд ээлжлэн атгуулсны гор ингэж л гарч байна.

2017-2019 онуудад Монгол улсын уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр хэд дахин нэмэгдсэн, ОУВС-ын хөтөлбөрт хамрагдаж 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл тусламж хүртэж эхэлснээр санхүүгийн зах зээл тогтворжин гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх сайхан боломж нэмэгдсэн юм. Үүлэн чөлөөний нар мэт ийм ховор сайхан боломж зах зээлийн нийгэмд шилжсэн гучин жилийн түүхэнд бараг тохиолдоогүй гэдгийг онцолж байна.

Гэвч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш огцом суларч, мөнгөний нийлүүлэлт эрс нэмэгдэж, олон улсын санхүүгийн байгууллагуудын хар, саарал жагсаалтад бичигдэж улмаар макро эдийн засгийн тогтвортой байдал эрсдэл дагуулах хэмжээнд хүрснийг дээр дурдсан статистик үзүүлэлтүүд батлан харуулж байна. Монгол Улсын хувьд эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх, иргэдэд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох, зээлийн хүүг бууруулах зэрэгт зээлжих зэрэглэл асар чухал. Гэвч манай улсын эдийн засгийн хөрөнгө оруулалтын зэрэглэл “эрсдэлтэй” ангилалд багтаж, зээлжих чадвар сул байгаагаас хөрөнгө оруулалтын зардал өндөр дүнтэй тогтож байна.

Энэ бүхэн өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн Мөнгөний бодлого “бай”-гаа огт оноогүйн тод жишээ юм. Засгийн газар болон Төв банкны хоорондох төсөв, мөнгөний бодлогын уялдаа алдагдаж, тэнцвэртэй нэгдсэн зохицуулалт дутагдаж, арга барилаа эрс шинэчлэх, үгүй болсон төрийн хариуцлагын механизмыг энэ чухал салбарт сэргээх зэрэг улс орны эдийн засгийн амьдралд онц чухал шаардлагатай шийдлүүд бидний өмнө хүлээгдэж байна.


Сэтгэгдэл

Naraa [64.119.18.79] 2020-11-03 23:09:49

AN ene diugnelteeerh barij bh uedee hiihgui yasiin odoo hudlaa shoudaad Zoljargaliin ued Mongolbank dampuuraa bizdee

Irgen [64.119.18.128] 2020-10-30 07:51:32

Ardchilsan Namiin ued 2012-2016 onuudad heden ih nayadaar mungu hevlej, ediin zasag gazart elgeeree hevtej bhad hen yu helj bv . Yum tsegtsreed, duraaraa baidliig zogsoohoor booj uhehnee . AN YAGAAD TULUVSHDUGGUIM BE

Зочин [202.9.46.147] 2020-11-01 09:13:21

дүр эсгэсэн ардчилал дарангуйлалаас аюултай шүү гэдгийг ан сан сү чи мунхаг монголчуудад анхааруулаад явсан.

Зочин [192.82.70.230] 2020-10-30 05:27:07

Монгол


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.