Нийгмийн даатгалын үр өгөөжийг сайжруулахгүйгээр шимтгэл нэмэх нь оновчтой шийдэл биш

Aдмин / Эдийн засаг

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас цаг үеийн асуудлаар товч тодруулга авсанаа хүргэж байна.

-Нийгмийн даатгалын шимтгэл энэ оны эхнээс нэмэгдсэн байна. Энэ тал дээр МҮЭ-ийн холбоо ямар байр суурьтай байна вэ?

- Цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалж ажилгүйдэл хурдацтай өсөж байна. Маш олон ажил олгогчид хөл хорионы нөхцөл байдлыг хүлээж байна. Гэтэл аравдугаар сараас 100 хувь хөнгөлж байсан шийдвэр цуцлагдаж, тэтгэврийн даатгал 10 хувь төлж эхэлсэнтэй холбоотойгоор ажил олгогч нар ажлын байраа цомхтгох хандлага ихсэх төлөвтэй гэсэн дүгнэлт байгаа юм. Үндсэндээ ажил олгогч нар ажилтнуудаа авч үлдэхийн тулд хөл хорионы хугацаанд нөөцөө шавхаж дуусч байна. Цаашдаа хатуу хөл хорио үргэлжлээд явсан тохиолдолд ажилтнуудынхаа цалин хөлсийг тавих боломжгүй болж, цомхотгох нөхцөл байдал руу орно гэсэн тооцоолол байна. Иймд ААНБ-уудад хөнгөлөлттэй зээл, цалингийн дэмжлэг үзүүлж, ажил, орлогогүй иргэдэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Мөн түрээсээ хөнгөлсөн газруудад НӨАТ болон газар, үл хөдлөх хөрөнгийн татварыг хөнгөлөх хэрэгтэй байна.

-2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын НДШ хоёр хувиар нэмэгдлээ. Мөн долоодугаар сараас эхлэн хувийн хэвшлийн ажилтнуудын НДШ нэмэгдсэн шүү дээ. Тэгэхээр энэхүү НДШ-ийн нэмэгдэл нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд хэрхэн дарамт болох вэ?

- Тэтгэврийн даатгалын үр өгөөжийг сайжруулаагүй байж шимтгэлээ тэр дундаа шудрагаар төлдөг хэсгээ ачаагаар дараад байж болохгүй. МҮЭХ энэ байр сууриа аль 3 жилийн өмнө л илэрхийлсэн. Одоо ч хэвээрээ байгаа. Шууд хэлэхэд яг энэ үед УИХ, Засгийн газар энэ асуудлыг дахин авч үзэх хэрэгтэй. Иргэн бүрийн цалин буурч, орлого багасаж байгаа. Ялангуяа төрийн өмчит болон орон нутгийн өмчит газруудад байдал амаргүй байна. Харин зарим талаар орлогоос хамаарч НДШ, ХАОАТ зэргийг хөнгөлөх хэрэгтэй. Ингэхдээ хэт хавтгайруулахгүйгээр орлогоос хамаарч хөнгөлөх нь илүү олон хүнд урт хугацааны дэмжлэг болно. Ер нь мордохын хазгай гэгч болж НДС-гийн төр хариуцах ёстой үүргээ татаас өгч байна АЛДАГДАЛ гээд буруу томьёолсон. НДС алдагдалгүй харин ч ашигтай байсан. 2017 онд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсантай холбогдуулан Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхөх зорилгоор НДШ-ийг, тэр дундаа тэтгэврийн даатгалын шимтгэлийг таван пунктээр үе шаттай нэмэгдүүлж, тэтгэврийн насыг уртасгасан шийдвэрийг гаргасан байсан. МҮЭ-ийн холбооноос удаа дараа шаардаж, тэмцэж тэтгэврийн насыг сонголттой болгож, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс НДШ-ийг нэг хувиар нэмэгдүүлэх ёстой байсан ч МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд хамтран Засгийн газарт цар тахлын хүнд үед НДШ-ийг нэмэгдүүлэхгүй байх шаардлагыг хүргүүлж зогсоож байсан. НДШ нэмэгдүүлэх нь нэг талаараа Нийгмийн даатгалын санд орлого төвлөрүүлэх сайн талтай ч, нөгөө талд нь яг энэ хямралын үед нэмэх нь ажлын байрыг цөөлөх, ажил олгогч нар цалин орлогоо нуух сөрөг үр дагавартай. Цаашид ЭМД, Ажилгүйдлийн сан, ҮОМШӨ-ийн сангийн 234 тэрбум төгрөгийг Капитал банкнаас нэхэх шаардлагаасаа МҮЭ ухрахгүй. Эхлүүлсэн кампанит ажлынхаа хүрээнд санал, шаардлагаа үргэлжлүүлэн тавина. Тэтгэврийн шинэтгэлийг хийхэд идэвхтэй оролцоно. Үр шимээ даатгал төлөгч нар нь хүртдэг байх ёстой.

-2020 онд НДШ нэмэгдүүлэх асуудал дээр МҮЭ-үүд нэгдэн тэмцэж цуцалсан гэж ойлгосон. Гэтэл энэ он гараад нэмэгдлгээ?

-Товчхондоо МҮЭ-ийн холбооноос 2020 онд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдүүлсэн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхыг эсэргүүцэн УИХ, Засгийн газарт тухай бүр шаадлага, мэдэгдэл, жагсаал цуглаан зохион байгуулж 2020 онд нэмэгдэх нийгмийн даатгалын шимтгэлийг хувь хэмжээг 1 жилээр хойшлуулах шийдвэрийг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэсэн. МҮЭ-ийн холбоо нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн ХНЗ-ийн Улсын гурван талт 2019-2020 оны хэлэлцээрт тусган, нийгмийн түншлэлийн талууд НДШ-ийг нэмэгдүүлсэн асуудлыг судалж УИХ-д хүргүүлнэ гэж тусгаж баталгаажуулсан ч 2020 оны УИХ-ын ээлжилт сонгууль, шинэ Засгийн газар бүрдэж уг асуудлыг шийдвэрлэхгүй байсаар өнөөдрийг хүргэснээр тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 2021 оноос эхлэн тус бүр 9.5 хувь болж, ажил олгогч даатгуулагч тус бүр 1 хувь, нийт 2 хувиар нэмэгдлээ. МҮЭ-ийн холбоо нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг эсрэг байр суурьтай байгаа тулд НДШ-ийг нэмэгдүүлж байгааг эсэргүүцэж байна.

-Цар тахлын үед Төрөөс ажлын байрыг хамгаалах чиглэлд авч байгаа арга хэмжээнүүдэд МҮЭ-ийн холбооноос ямар байр суурийг илэрхийлэх вэ?

-Засгийн газраас өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ажлын байраа хамгаалах, хадгалах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч ХАОАТ, ЭМДШ-ээс бусад НДШ-ийг тэглэсэн. Гэхдээ нөөц хязгаарлагдмал үед цаашид ААНБ-ын хүндрэлийн зэрэг, иргэдийн орлогын байдлаас хамааруулж ХАОАТ, НДШ-ийг хөнгөлөх нь илүү оновчтой гэж харж байна. Саяхан цахилгаан эрчим хүч, дулаан, ус хөнгөлсөн нь иргэд ААНБ-уудад дэмжлэг болж байна. Харин цаашид тэг зогсолт хийсэн, үйлчилгээгээ сэргэх найдваргүй байгууллагуудыг хэрхэх нь тодорхойгүй байна. Тухайлбал, үзвэр үйлчилгээ, зочид буудал, зоогийн газар, лангуу эрхлэгчид зэрэг олон ажлын байр бараг хоёр сар гаруй тэг зогсолттой байлаа. Цаашид энэ байдлаараа маш олон хүн ажлын байр, цалин орлогогүй болох эрсдэлтэй тулж байна. Тиймээс төсвийн тодотгол хийж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг эрчимжүүлэхэд чиглүүлэх нь чухал байна.

-Шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдаад байна. Цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна вэ?

Нэн түрүүнд өвчний тархалтыг ЗГ, УОК дангаараа барахгүй нь ойлгомжтой. Нийгмийн түншүүдтэйгээ илүү ойртож нягт нямбай төлөвлөгөө боловсруулж хамтдаа хэрэгжүүлэх шаардлага тулж байна. 1 рт Цар тахлыг хумих, 2 рт Ажлын байраа хамгаалах 3. ААНБ уудаа дэмжих чухал байна.

Санхүүгийн нөөц хязгаартай учир байгаа нөөцөө зөв хуваарилахын тулд ААНБ ажлын байруудыг хүндрэлийн зэргийг тогтоож ялгаатай арга хэмжээ авах хэрэгтэй. 100 хувь тэг зогссоноос эхлээд 50 хувь 10 хувь хүртэл нь ялгаатай арга хэмжээнүүд авах ёстой.

-Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс энэ цаг үед ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-ХЭҮЗ нь Засгийн газарт зөвлөх үүрэгтэй орон тооны бус зөвлөл. Дээрх арга хэмжээнүүд болох НДШ, ХАОАТ, цахилгаан дулаан, ус зэргийг хөнгөлөх санал, шаардлагуудыг Засгийн газар, УИХ-д ҮЭ, ажил олгогчид бид хүргүүлсэн. Засгийн газар ч мэдрэмжтэй ажиллаж үүний дагуу арга хэмжээ авсан нь ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад багагүй дэмжлэг боллоо. Цаашид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогоо цул нэгдмэл болгох шаардлагатай. Яам бүр нэг төсөв, сан эрхэлж, давхардсан байдлаар үйл ажиллагаа явуулаад байх нь оновчгүй болох нь харагдаж байна. Хөдөлмөр эрхлэлтийн сандаа төсвийн ядаж гурваас доошгүй хувийг төсөвлөх хэрэгтэй. Ер нь ЖДҮ-ийн санг Хөдөлмөр эрхлэлтийн сангаас салгасан үеэс л буруу замаар ихэнх нь орсон учраас одоо нэгтгэх хэрэгтэй. Яагаад гэвэл өөр чиг үүрэгтэй яам, сайд мэдээд байж таарахгүй. ХЭДС-гийн зардлын дийлэнх нь МСҮТ-д суралцагчийн тэтгэлэгт зарцуулагдаж байгаа учир боловсролын сан руугаа салгах тухай саналыг ХЭҮЗ-д оруулсан байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн сангийн гол орлого нь гадаад ажилчдын тэр дундаа Хятад ажилчдын ажлын байрны төлбөрөөс бүтдэг байсан нь одоо огцом буурсан. Оны өмнө Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл маань гадаад, дотоодын нөөцөө шавхан зээл хойшлуулах, түрээсийн хөнгөлөлт үзүүлэх бага ч гэсэн амь тариа хийх бичил санхүүжилтийг олгох шийдвэр гаргасан ч хамрах хүрээ төсвөөсөө хамаараад хязгаарлагдаж байна. Гэтэл одоо манай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд мөнгө байдаггүй.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:40

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:40

Zochin [192.82.66.101] 2021-02-03 04:29:54

Улс бодлогоор ндш ийг бууруулах хэрэгтэй. АО 5 хувь, Даатгуулагч 5 хувь оновчтой байх. Тэтгэврийн эх үүсвэрийн алдагдлыг уул уурхай гэх мэт сангаас хариуцуулах хэрэгтэй. Цаашид тогтолцоог сууриар нь өөрчилж байж үр ашигтай болно. Төлж байгаа хүндээ үр ашгаа өгдөггүй даатгал гэж яаж байхав дээ. Аж ахуй нэгж одоо ажиллаж байгаа даа ачаа дарамт үүрүүлээд төлсөн эх үүсвэрийг тэтгэвэрт төлчихөөд сайн санаа өглөг буян гээд сууж таарахгүй. Хувь хэмжээ зохистой бага байвал нийт масс суурь нь тэлээд ажилгүйдэл буурч эдийн засаг өөдлөнө шүү дээ. Өндөр хувь хэмжээгээр дарамтлахаа болих хэрэгтэй. Валютын сангийн зөвлөмж ч гэх шиг тэд чинь цаагуураа улсын эдийн засгийг боомилох бодлого.

Зочин [223.104.39.19] 2021-02-02 19:21:30

daraalsan ondor tololttoi 7 jilee 5 bolgo.pls

ахмад нэгэн [64.119.26.121] 2021-02-02 12:58:45

ЭМД иргэндээ очихгүй байна.ЭМД-н газар,улсын,хувийн эмнэлэгийн санхүүгийн албадын далд луйварт саатаж байна.Санхүүгийн луйварт барьцаалагдсан эмч нар хөөрхий,даатгалын үр дүнг хүртэж чаддаггүй иргэд хөөрхий болж байна.

Сугар [202.9.46.245] 2021-02-02 11:31:23

Татвар нэмэхгүй гэж хуцаад бсан МАН-ы амлалт яасан бэ.

зочин [66.181.185.230] 2021-02-02 09:46:04

ҮЭХ гэж албан тушаалд амьдарч ядаж байгаа арчаагүй нөхөд болждээ. Зайлуулж соль. Найруулсан хороор нь өөрсдийг нь

Зочин [192.82.68.44] 2021-02-02 09:05:04

ЯАГААД МАЛЧДЫН ТЭТГЭВРИЙН НАСЫГ БАГАСГААД БУСДЫНХЫГ НЬ НЭМЖ БАЙГАА ЮМ БЭ? ЭНЭ ЧИНЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ МӨН БИЗ ДЭЭ?

зочин [124.44.59.30] 2021-02-02 13:18:58

Малчид, тэдгээрийн гэр бүл үр хүүхдүүд нь бүх шатны сонгуульд МАН-ыг дэмждэг сонгодог юм биш үү? Нөгөөтэйгүүр малчдаас НДШ гэж мөнгө хурааж цуглуулж авахгүй бол НДС нь мөнгөгүй болоод байгаа юм биш үү? Капитал банк НДС-гийн асар их мөнгийг нь алга болгоод үгүй хийчихсэн юм биш үү?

Иргэн [64.119.19.246] 2021-02-02 11:57:27

Дээр нь бидний ьөлсөн НДШ-с хусна. Энэ бүхнийг чинь Чинзориг гэдэг дайснн санаачилж хийсэн байдаг юм.

Зочин [202.70.41.114] 2021-02-02 08:31:06

Нэрийн дансы мөнгийг банканд хүүтэй хадгалуулж, ашгийг өгөх хэрэгтэй, хүний мөнгө авч авчихаад улс аваад байж болохгүй, тэтгэврийн насандаа хүрч чадахгүй, хүрсэн ч мөнгөө авч чадахгүй үхэх явдал их байна, хүмүүс нийгмийн даатгал төлөх дургүй байдаг, ашиггүй болохоор

зочин [122.201.19.99] 2021-02-02 08:25:56

МҮЭ дарга нар амьд байгаа юм ууу МАНгаруудын далбайн дор нас явцын болуул гэж бодлоо энэ хэдэн гаруудыг одоо солиод жоохон дугардаг хүмүүсийг дахин сонгоё

Зочин [122.201.24.8] 2021-02-02 08:22:37

Нийгмийн даатгалын асар их мөнгийг арилжааны банканд олон арван жил бараг хүүгүй шахуу хадгалуулаад шанд нь хувьдаа их мөнгө хахуул болгож авсан хүмүүс байдаг юм гэдэг яриа гарч байсан шиг санагдана. Үнэн юм болов уу?


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.