Ц.ШИРЧИНЖАВ: НЭГ БООДОЛ ЦАРГАС 3-4 БООДОЛ ӨВСТЭЙ ТЭНЦЭХ ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ

Aдмин / Нүүр

Бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт эрчимтэй явагдсаны улмаас мал идэх өвсгүй болж, давжаарах, мах, сүүний чанарт нөлөөлөх асуудал сүүлийн жилүүдэд хүчтэй яригдах болсон. Тэгвэл бэлчээрийн ургамал царгас нь малыг шаардлагатай шим тэжээлээр хангаж, мах, сүүний чанар, тарга тэвээрт онцгой нөлөө үзүүлээд зогсохгүй улаан шороо эргэсэн ямар ч хөрсийг эргээд нөхөн сэргээж чаддаг байна. Энэ талаар Монгол Улсын гавьяат агрономич, “Хүүлэй хааны хишигкомпанийн зөвлөх Ц.Ширчинжаваас тодрууллаа. Тэрбээр Хөвсгөл аймагт яваа аж.


-Сайн явж байна уу. Та орон нутагт царгас тариалах ажлаар явж байна уу?

-Тийм ээ. Бид техник, үрээ ачаад бэлчээрийн хүрэлцээ муутай, цөлжсөн, алслагдсан бүс нутгуудад малчдын хүсэлтээр очиж, орон нутагт нь тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор ажиллаж байна. Малчин тэжээлийн нөөцөө бүрдүүлэхэд царгас тариалах нь чухал ач холбогдолтой. Малын тоо толгойноос хамаарч бэлчээр талхлагдах, нөөц нь хүрэлцэхгүй байх, үүний улмаас мал олигтой цадахгүй, усан тарга авах зэрэг олон сөрөг үр дагавар гарч, малчдын эдийн засаг, байгаль орчинд хохирол учирч байгааг бид харж байна. Энэ бүхнээс гаргах гол арга зам нь царгас тариалах явдал юм. Дагалдах ач холбогдол гэвэл царгас тарьснаар хөрсийг азотоор баяжуулж, үржил шимээр хангадаг. Цөлжсөн, малд талхлагдсан, хадлангийн талбай хүрэлцээ муутай газар нэг удаа тарьчихсан байхад 1020 жилээр үр шимийг нь хүртээд явна. Жилээс жилд ургац нь нэмэгддэг. Царгас уургаар нэн баялаг. Махтай дүйх уургийн агууламжтай гэж хэлж болно. Нөгөө талаас шим тэжээлийн хувьд нэг боодол царгас 3-4 боодолтой өвстэй тэнцдэг. Манай гариг дээр 60 сая га газар царгас тариалж байна. Малын бэлчээргүй, суурин мал аж ахуй эрхэлдэг улс орнууд царгас тариалж, аж ахуйгаа эрхэлдэг юм.

-Малчид царгас тариалахад хэр хүндрэлтэй вэ?

-Техникийн нөөцтэй, технологийн арга аргачлалаа мэдэж байвал болно. Хөдөөгийн алслагдсан бүс нутаг, тэр дундаа газар тариалан хөгжөөгүй хөдөө техник технологийн хүрэлцээгүй байдал хамгийн том эрсдэл болдог юм. Хөрсөө боловсруулахад техник хэрэгтэй. Хэрэв техникийн боломжтой бол надтай холбогдоод зөвлөгөө мэдээлэл авбал би төвөгшөөхгүй зааж зааварлаад өгнө. Яахав, орон нутгаар явахад нэг хүндрэлтэй асуудал байна. Сум орны захиргаа, Иргэдийн хурал, газрын албаны хүмүүс царгасын ач холбогдлыг дутуу ойлгосонтой холбоотой юм уу, малчдын хүсэлтийн дагуу очоод үйлчилгээ үзүүлээд хөрс боловсруулж тариалалт хийх гэхэд зөвшөөрөхгүй, эсэргүүцэх хандлага түгээмэл байна. Газрын тухай хуульд бэлчээртэй холбоотой зохицуулалт бий. Малын бэлчээрийг хашиж хамгаалах, тордож сайжруулах, бэлчээрийн ургамлын төрөл зүйлийг нэмэгдүүлэхэд санаачилгатай ажилласан хүмүүст тухайн газрыг эзэмшүүлж болно гэсэн заалтыг харгалзаж үзэхгүй байна. Газрын төлөвлөгөөндөө тусгахгүй байна. Бэлчээрээ хамгаалах, малчдын амьдрал ахуйг тэтгэх, газар хөрсөө сэргээх ач холбогдолтойг мэдсээр байж эсэргүүцэх, зохион байгуулалт хийж мэдэхгүй байх асуудал гарч байна. Үүнд төрөөс анхаармаар байна.

-Царгас бэлчээрийн бусад өвс ургамалтай харьцуулахад нөхөн сэргээгдэх, ургах чадвар хэр вэ?

-Тун гайхалтай. Царгас дөрөвдүгээр сарын сүүлээр ургаж эхэлдэг юм. Энэ хавар сэрүүхэн, нохой орой цухуйж байхад царгас аль эрт 10 гаруй см болоод ургачихсан байх жишээтэй. Бас намар 11 сар гэхэд бэлчээрийн өвс ургамал шарлаад, хагдарчихсан байхад царгас нов ногооноороо байж, мал тэжээж байдаг ургамал шүү дээ. Хүйтэнд онцгой тэсвэртэй. Хавар яагаад эрт гарч байна гэвэл гүн үндэстэй. Газрын хөрс доороосоо эхэлж гэсдэг. Тиймээс хамгийн түрүүн үндэс нь амилж дээшээ хөгжиж ургах нөхцөл бүрддэг юм. Хоёрдугаарт, жил ахих тусам улам өтгөн сайхан ургана. Газрын хөрсийг талхлагдаж, цөлжихөөс хамгаална. Бид Архангай аймгийн Өгийнуур сумын ойролцоо цөлжсөн газар тарьж байна. Дажгүй сайхан ургана. Энэ хэсэг газар гүний усны нөөцтэй учир бүр ч таатай байна.

-Зарим хүн царгас тарихаар хожим хөрс гэмтдэг гэж ярьдаг. Энэ тухай тодруулахгүй юу?

-Тийм асуудал огт байхгүй. Харин ч муудсан хөрсийг чинь тэтгэж, амьдруулдаг бурханлаг ургамал шүү дээ. Хөрс нь цөлжиж, элэгдэлд орсон, уурхайн үйл ажиллагаанд өртөж бүтцээ алдсан хөрсийг амьдруулж сэхээдэг юм. Бэлчээрийн ургамал хөрснөөсөө үржил шимийг нь сорж ургадаг бол царгас хөрсөө тэтгэж ургадаг. Малд өгөх тэжээллэг чанараараа буюу малын сонгомол үүлдрийн генийг хамгийн түрүүн тэтгэдэг. Өөрөөр хэлбэл, сүү, мах, үржлийн чиглэлийн мал байлаа гэхэд тухайн чиглэл бүрээр нь тэтгэнэ гэсэн үг. Сүүний чиглэлийн малд өгөхөд сүү нь улам арвин болж, махны чиглэлийн бол энэ талын ашиг шим нь улам өсөх юм. Мөн сульдсан малыг маш богино хугацаанд тэнхрүүлдэг. Нөгөө талаар үс ноосыг нь сорлог, өнгөлөг болгоно.

-Үр сонгоход юунд анхаарах вэ. Үр нь ямар үнэтэй байна вэ?

-Манай улсад 5-6 төрлийн үр гаднаас оруулж ирж байна. Үүнийг Монголд тарихад эхний жилдээ ургана. Харин дараа хавар ургах чадвар тэг. Харин монгол царгасын үрээр тарьсан бол дөрөвдүгээр сарын сүүлээр гараад ирнэ. Тийм учраас үрийн сонголтод онцгой анхаарах хэрэгтэй. Монгол царгасны үр кг нь 45 мянган төгрөгийн үнэтэй байна. Нэг га-д 16 кг-аар тарьдаг. Манайд 1000 га-д тарих үрийн нөөц бий. Харин гаднаас оруулж ирж байгаа үр 28, 30 мянга гэх зэргээр янз бүрийн ханштай байгаа. Хэлбэр дүрс ижил болохоор хүмүүс мэдэлгүй авдаг. Гэтэл дараа жил ургахгүй, дахиад л үр авах асуудал ярина. Тэгэхээр Монгол орны хөрсөнд нутагшсан үрээ авч тарих хэрэгтэй.

-500 малтай айл хэдэн га-д царгас тариалахад болох вэ?

-Ерөөсөө гэр бүлийнхээ эдийн засгийг тэтгэх малаа тэжээлээр хангахад 10 га газар тариалахад хангалттай. Усалгаатай бол бүр сайн. Энэ тохиолдолд малаа бэлчээрлүүлэх шаардлагагүй, суурин байдлаар маллахад хүрэлцэх царгас хурааж авна. Нэмээд илүү хэсгээ борлуулж, ашиг хүртэх боломжтой. Үүнийг төрөөс нэгдсэн байдлаар зохион байгуулж дэмжиж ажилламаар байна. Ядаж л малчид царгас тарих гэхээр сум орон нутгаас нь зөвшөөрдөггүй, зохион байгуулдаггүй асуудлыг шийдэж цэгцлэх хэрэгтэй” гэв.

Дашрамд сонирхуулахад, царгасанд гайхамшигтай гэж болох үндсэн хоёр шинж чанар бий. Нэгд, сая хэлснээр малын тэжээлийн гойд сайн ургамал. Цэцэглэлтийн үе шатанд технологийн дагуу зөв хадаж бэлтгэсэн царгасны өвс өөрийн найрлагадаа их хэмжээний уураг, эрдэс бодис, витамин агуулдаг. Тухайлбал, нэг кг царгасны өвсний найрлагад 18-20 хувийн протеин, 13-14 г кальци, 2-5 г фосфор, 8-9 г зэс байдаг. Энэ нь үет олон наст өвснөөс бараг хоёр дахин их үзүүлэлт юм. Судалгаанаас үзэхэд, нэгж талбайгаас хураан авах протеины хэмжээгээр таримал царгас шар буурцагнаас 3-5 дахин, улаанбуудайнаас 6,3 дахин их байдаг. Түүнчлэн царгасны өвс шимт чанараараа байгалийн хадлангаас дөрөв дахин, ногоон тэжээлээс гурав дахин илүү. Хоёрт, аливаа таримал ургамал хөрснөөс шим тэжээлийн бодисыг авч хөрсийг ямагт ядууруулж байдаг бол царгас нь эсрэгээр, хөрсний үржил шимийг нөхөн сэргээхэд онцгой ач холбогдолтой таримал юм. Царгаст талбайн га тутамд жилд 250-290 кг, заримдаа 500 кг хүртэл ургамалд хялбар шингэх азот хуримтлагдаж байдаг. Энэ нь нэг га талбайг 4-5 цн азотын бордоо буюу 30-50 тонн бууцаар бордсонтой тэнцэх хэмжээний түвшин юм. Царгас тариалаад 4-5 жил болоход хөрсний үржил шим 45-50 хувиар, ерөнхий азот 5-7 дахин нэмэгдэж хөрс эрс сайжирдаг. Дээрх талбайд тариалсан үр тариа, төмс, хүнсний ногооны ургац 1.5-2.0 дахин нэмэгдэж байлаа. Иймд манай малчид, фермерүүд царгас өргөнөөр тариалбал бага талбайгаас чанар сайтай, их тэжээл бэлтгэн авч, мал сүргээ байгалийн гэнэтийн байдлаас найдвартай хамгаална.

Г.БАТЗОРИГ


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.82] 2021-06-04 12:44:45

Малчидаас болж ургамал ургахаа больсон тэднээс өндөр татвар авч билчээрийг ургамал ургах боломжтой болгох хэрэгтэй ноос ноолуурийн урамшуулалыг бүүр болих хэрэгтэй архиний мөнгөнөөс салгах нь чухал

Зочин [66.181.161.112] 2021-06-03 01:47:51

Үр авах хүмүүст бургатай сортын царгасны үр бна 96620315 .88007994 холбогдож мэдээлэл авч болно

Ганбаа [150.129.143.139] 2021-06-02 01:51:55

Өвөлжөө хаваржааны ар талын хэсгийг хашиж хамгаалаад эхний ээлжинд тарихад л цаашид нэмж тарих үрээ аваад зохих хэмжээний тэжээлийн нөөцтөй болно.Хятадууд зуны наранд хатахаас нь сэргийлж эхний жил нөмөрлөх урт ургадаг нэг наст тэжээлийн ургамалтай хамт тарьдаг гэж ярьдаг.

Зочин [202.9.46.27] 2021-06-02 00:19:06

Бэлчээр талхлагч малын тоо толгойд хязгаарлалт тавих хэрэгтэй.

Хагалах бол хэрэггүй [66.181.180.188] 2021-06-01 12:17:43

Бэлчээрийг хагалах бол эсэргүүцэх нь зөв, харин хагалахгүйгээр бэлчээрт нь тарьж байгаа бол эсэргүүцэх хэрэггүй

П. Очирсүрэн [202.9.40.129] 2021-06-01 09:41:42

Цөлжиж буй өнөөгийн нөхцөлд малчдын нэн түргүүнд тариалах ургамал бол царгас мөн. Үр хаанаас авах вэ

Зочин [202.9.40.164] 2021-06-01 08:49:43

Эрдэмтэй хүний үгийг төр засаг нь сонсоосой.

Зочин [64.119.16.141] 2021-06-01 10:27:48

ИХ-н малууд өөрт нь хэдэн цаас хүртээхгүй бол яасан ч тийм монголд ашиг өгөх зүйлийг хийхгүй. хятадад өөлтэй ажилаа барьсаар суугаа.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.