ХЗБХ: Дөрвөн хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжиж, хоёр тогтоол батлан, гурван ажлын хэсгийн ахлагчийг томиллоо
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хийв.
Тэрбээр, нийтийн мэдээлэл буюу төрд байгаа мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан бөгөөд хаалттай мэдээлэл гэж төрийн нууц болон хуулиар хаалттай гэж тогтоосон мэдээллийг, хязгаарлалттай мэдээлэл гэж хандах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон бөгөөд хүн, хуулийн этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр хандаж, ашиглаж болох мэдээлэл болон албаны нууцад хамаарах мэдээллийг ойлгохоор тусгасан болохын тодотгов. Хууль саначлагчийн танилцуулснаар одоогийн мөрдөж байгаа хуульд заасан нээлттэй, ил тод байлгах мэдээллийг нэмэгдүүлсэн байна. Үүнд:
-тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл;
-мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа оюуны өмчийн эрх;
-хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл;
-мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа газрын мэдээлэл;
-төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн ашиг, алдагдлын тайлан, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, гишүүд болон гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн;
-стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд нэгдсэн төсөв болон үндэсний баялгийн санд оруулж байгаа татвар, хөрөнгийн хэмжээ;
-төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хувь хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт болон түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл;
-Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээ;
-барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт;
-тусгай хамгаалалттай газар нутагт дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласны төлбөр төлөлтийн байдал;
-улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хөрөнгө, түүнд өгсөн хандив;
-зүй ёсны монополь, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн үнийн бүрдлийн талаарх мэдээлэл;
-хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч, өмчлөгчийн талаарх мэдээлэл;
-мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн талаарх мэдээлэл;
-нэвтрэх, ашиглахад хязгаарлалт тогтоогоогүй мэдээллийн сан дахь нээлттэй өгөгдөл зэрэг 5 чиглэлээр 67 багц мэдээллийг нэмж тусгасан гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Л.Мөнхбаатар, Ж.Сүхбаатар, Н.Учрал, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, тодруулга авав. Үүнд, 2018 онд улсын бүртгэлийн багц хууль батлагдах үед нээлттэй, хязгаартай, хаалттай мэдээлэл гэсэн заалт тусгагдсан, үүнтэй холбогдуулан Нийтийн мэдээллийн тухай хуульд ямар мэдээллийг нээлттэй, хязгаартай гэж ангилсан, үүний аюулгүй байдал, мөн газрын мэдээллийн зохицуулалт хэрхэн тусгагдасан талаар тодруулав.
Хууль санаачлагч болон Ажлын хэсгээс хийсэн тайлбарт, улсын бүртгэлийн багц дөрвөн хууль батлагдсанаас хойш Улсын бүртгэлийн байгууллага болон Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар дундын мэдээлэл солилцож эхэлсэн. Ингэснээр шинээр олгож буй газар, түүний бүртгэлийн мэдээлэл санд бүртгэгдэж байгаа. Харин хуулийн төсөлд тусгагдсан нийтийн мэдээллийг мөн нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан ба 5 чиглэлийн 67 багц мэдээллийг нээлттэй мэдээлэлд ангилагдсан. Аюулгүй байдлын хувьд, тухайн хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр хөндлөнгийн этгээд нэвтэрсэн үед тухайн хэрэглэгчийн гар утас болон цахим шууданд мэдэгдэл ирэхээр зохицуулагдсан гэв.
Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр нар уг хууль батлагдсанаар иргэдээс мэдээлэл шаардахгүй байх хязгаарлалтыг тогтоож өгөх, уг хууль төрийн болон албаны нууцын тухай хуультай уялдуулж өгөх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв.
Ингээд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад 66,7 хувийн саналаар дэмжигдэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хийв.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх, хувь хүний нууцтай байх, үүнийг хуулиар тогтоон хамгаалахаар заасны дагуу Улсын Их Хурал 1995 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хуулийг баталж, мөн оныхоо 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд хувь хүний нууцыг хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулж байгаа суурь эрх зүйн зохицуулалт юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш уг хуульд 2 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Шинээр оруулж буй Хувь хүний нууцын тухай хуульд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орсон. Тухайлбал, хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авдаг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тогтоож өгсөн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах чиг үүргийг тодорхой болгон, Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгуулага болон төрийн бусад байгууллага мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавихаар тусгасан. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдол, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тодруулбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглохоор заасан жишээг дурдаж болно гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуулийн төсөл саначлагчаас Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Л.Мөнхбаатар гишүүн хувийн мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагууд ашиглаж байгааг дурдаад энэ нь зөвхөн шаардлагатай мэдээллийг ашиглаж буй эсэхийг тодруулж, хуульд хэрхэн тусгагдсан талаар асуув. Хууль санаачлагч, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, хувь хүний мэдээллийг зөвхөн төрийн байгууллага ашиглаад зогсохгүй үйлчилгээний бүхий л байгууллагууд ашиглаж байна. Тухайлбал, дэлгүүр болон бусад үйлчилгээний байгууллагууд хувь хүний хурууны хээг заавал уншуулах шаардлага тавьдаг. Энэ нь тухайн байгууллагын дотоод журам гэсэн тайлбар хийдэг. Иймд уг хууль батлагдсанаар, энэ байдлыг халахаар зохицуулсан гэв.
Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хийв.
Цахим гарын үсгийн тухай хуулийн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх, практикт үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх замаар цахим орчинд цахим гарын үсгийг ашиглан үйл ажиллагаа явуулах боломжийг сайжруулж, түүний хэрэглээг нэмэгдүүлж хуулийнэ хэрэгжилтийг хангах шаардлагатай байгаа тул Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу уг хуулийг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзэн Цахим гарын үсгийн тухай хуульд зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орсноос гадна хуулийн нийт зүйл, заалтын талаас илүү хувьд буюу 34 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орж байгаа тул Хууль тогтоомжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалтад заасны дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд тоон гарын үсэг хэрэглэхээр заасныг өөрчилж, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн тоон гарын үсэг, хуулийн этгээд цахим тамга хэрэглэхээр тусгалаа. Ингэхдээ Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрт тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгож, түүний иргэний үнэмлэхийн санах ойд тоон гарын үсэг хэрэглэхтэй холбоотой мэдээллийг байршуулахаар зохицууллаа. Мөн хүн, хуулийн этгээд тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэхээс гадна хүн, хуулийн этгээдийн хэрэглэх бусад цахим гарын үсгийн тоо, хэлбэрт хязгаар тогтоохгүй байхаар заасан гэв. Гол гол зохицуулалтыг тоймловол, Цахим гарын үсгийн тухай хуулиар гэрчилгээний хүчинтэй хугацааг ихдээ 2 жил хүртэл байхаар иргэн, хуулийн этгээдэд олгох гэрчилгээний хугацаанд ямар нэгэн ялгаа тогтоолгүй олгож, тэр бүртээ гэрчилгээний үнэ буюу тоон гарын үсэг болон тоон гарын үсгийн хэрэгсэл, үйлчилгээний хөлс авч байгааг өөрчилж, гэрчилгээг иргэнд 5 жил, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдэд 3 жил хугацаагаар олгохоор тус тус зохицуулсан. Түүнчлэн гадаадын иргэн хүсэлт гаргаж тоон гарын үсэг авч болох зохицуулалтыг шинээр тусгаж, түүний оршин суух хугацаагаар, эсхүл 5 жилээс дээш хугацаагаар оршин суух бол гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгохоор оруулсан байна. Мөн гадаад улсын гэрчилгээг Монгол Улсад хүлээн зөвшөөрөх тохиолдлыг гадаад улс орнуудын жишигт нийцүүлэн өөрчилж, гадаад улсын гэрчилгээжүүлэх байгууллага нь энэ хууль, холбогдох журамд заасан шаардлагыг хангаж байгаа талаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэр гарсан, Монгол Улстай байгуулсан олон улсын гэрээгээр гадаад улсын гэрчилгээжүүлэх байгууллагын гэрчилгээг хүлээн зөвшөөрсөн байх нөхцөлүүдийг тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авсаны дараа Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 72,2 хувийн саналаар дэмжигдэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хийв. Тэрбээр, Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталж, 2017 оны оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байна. Уг хуулиар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдалтай холбогдон үүсэх харилцааг зохицуулж байна.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад онцгой албаны, цэргийн цолны, төрийн тусгай алба хаасан хугацааны, хоригдолтой ажилласны зэрэг нэмэгдлүүдийг олгож байгаа хэдий ч өнөөгийн нийгмийн амьдралын нөхцөл байдлаас хамааран тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байна.
Аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшил олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс орон нутагт ажиллаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүсээд байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ая тухтай ажиллах, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, алба хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах зэрэг ажил, арга хэмжээг хэтийн болон богино хугацааны төлөвлөлттэй уялдуулан үе шаттайгаар зохион байгуулж байгаа боловч нийгэм, эдийн засгийн байдал, хорих ял эдлэгдсийн тооны өсөлт, хорих анги, байгууллагын ачаалал нэмэгдэж байгаагаас шалтгаалж алслагдсан хорих, анги байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах алба хаагчдын тоо буурч байна.
Сүүлийн 3 жилийн тоон үзүүлэлтээр орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих, анги, салбар нэгжээс 360 алба хаагч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 1325 алба хаагч шилжин томилогдох хүсэлт гаргасан байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэл, аймгийн төвөөс бусад алслагдсан нутаг дэвсгэрт тасралтгүй 5 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа алба хаагчдад мөнгөн урамшил олгох эрхзүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй нөхцөл, шаардлага үүсч байна.
Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулав.
Хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгохоор тусгасан. Эхний жилд 281 хүнд олгох мөнгөн урамшилд 6.2 тэрбум.төг, цаашид жил бүр 2.3 тэрбум.төг шаардагдах бөгөөд уг зардлын эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Хуулийн төсөл батлагдсанаар алслагдсан сумдад ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, гэр, орон байраа тохижуулах, гэр бүлээ хөгжүүлэх, үр хүүхдээ сургах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад санхүүгийн хувьд дэмжлэг авч амьдралын чанар нь сайжирна гэж үзэж байна гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82,4 хувийн саналаар дэмжигдэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний эрхийн комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах тов тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, 76,5 хувийн саналаар дэмжигдлээ. Тогтоолын төсөлд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах тухай заасан байна.
Үргэлжлүүлэн “Томилгооны сонсголын тов тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилоход сонсгол зохион байгуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76,5 хувийн саналаар дэмжигдэв.
Хуралдааны төгсгөлд гурван Ажлын хэсгийн ахлагчийг сонгох тухай асуудал хэлэлцэв. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар; Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр; Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар томилогдлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл
Зочин [59.153.86.40] 2021-06-23 16:15:52
Тоон гарын үсэгийн хэдэн компаниа дампууруулаад бүх юмаа төр авч олон улсын жишигээс гажигтахаар шийдэждээ. Аюулгүй байдлын үүднээс Тоон гарын үсгийг 3-аас дээш жилээр олгож болдоггүй олон улсын жишигийг мэдэхгүй байж олон улсынх шиг болгосон гэж авч байна. Ха ха. Бүх юманд төр ороод олон улсын жишигээсээ гажаад талийж өгөхнээ.