Т.Баярхүү: 18 төрлийн үйл ажиллагааг үе шаттай нээгээд явж байна, нэмэлтээр хязгаарлалт тогтоогоогүй
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгасантай холбогдуулан одоогийн тогтоосон “Улбар шар” түвшингийн хязгаарлалтын дэглэмд өөрчлөлт орж байгаа мэт ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс дараах тодруулгыг авлаа.
-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасан нь одоо мөрдөгдөж байгаа хөл хорионы дэглэмд өөрчлөлт орж байгаа мэт ойлголт иргэдийн дунд үүсээд байна. Ямар шалтгаанаар хугацааг сунгаж байгаа, хөл хорионд өөрчлөлт орсон эсэх талаар тайлбар өгөхгүй юу?
-Монгол Улсад коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын тархалт буурахгүй эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмж, эрсдэлийн үнэлгээний багийн дүгнэлт /маш өндөр эрсдэлтэй/, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан санал зэргийг үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хоёр сараар сунгаж, 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл үргэжлүүлэхээр шийдвэрлэсэн.
–Хөл хорионы дэглэмд өөрчлөлт орж байгаа юу?
-Бид өнөөдөр ч гэсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буюу “Улбар шар” түвшинд байна. Үүнийг л цаашид сунгаж байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд 18 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарласан байдаг. Гэхдээ Засгийн газар, Улсын онцгой комисс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 8-ны өдрөөс эхлэн дээрх 18 төрлийн үйл ажиллагааг тусгай журам, шаардлага мөрдөж ажиллах нөхцлөөр шат дараатай нээсэн. Ингэснээр худалдаа, үйлчилгээний 89 төрлийн үйл ажиллагаанаас бараг 80 төрлийн үйл ажиллагаа нь нээгдсэн. Сүүлд нөхцөл байдалтай холбогдуулан бассейн, саун, чийрэгжүүлэх төв, амралт жуулчны газрын үйл ажиллагааг 10 хоногийн хугацаатай хязгаарласан. Дээрх хугацаа 7 дугаар сарын 04-ний өдрөөр дуусч байгаа. Түүнээс биш хатуу хөл хорио тогтоохоор “Улаан түвшин”-д шилжиж, өөр, салбар чиглэлийн үйл ажиллагааг нэмэлтээр хязгаарлаагүй.
Мөн хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгаж байна. Тэгэхээр одоогоор мөрдөж байгаа дэглэм л цаашид үргэлжлэхээр шийдвэрлэсэн гэсэн үг.
–Тэгвэл хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн үг үү?
-Засгийн газар, Улсын онцгой комисс аль болох хатуу хөл хорио тогтоохгүй эдийн засаг, иргэн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг явуулах бодлого барьж байна.
Ингэхийн тулд бүх талын оролцоо, үүрэг хариуцлага нэмэгдэж байж эрсдэл бага гарна. Мэдээж цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч хязгаарлалтын үйл ажиллагааг тухай бүр авч шийдвэрлэнэ.
Гадны улс орнуудад вирусын мутацлагдсан хувилбар эрчимтэй тархаж байгаа учир эргээд хөл хорио, хязгаарлалтын дэглэмдээ шилжиж байна. Нөхцөл байдал маш хүнд байна. Халдварын тархалт, нөхцөл байдал ч маш хурдтай өөрчлөгдөж байна. Ойрын хугацаанд нөхцөл байдал сайжрах төлөвгүй тул цаашдаа бид бүхэн халдвар хамгааллын дэглэм чанд сахиж нийгмийн харилцаанд орох шаардлага тулгарч байна гэдгийг анхааруулмаар байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.95] 2021-06-30 13:37:16
vh
Зочин [66.181.161.95] 2021-06-30 13:37:11
vh