Б.Даваацэрэн: Химийн салбарт хууль, эрх зүйн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна
Б.Даваацэрэн: Химийн салбарт хууль, эрх зүйн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна
-Танай байгууллагыг саяхан химийн салбарын бүх байгууллагуудад томоохон сургалт, семинар зохион байгуулсан гэж сонссон. Сургалтын ач холбогдол, үр дүнгээс сонирхуулаач?
-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх салбарт химийн бодисыг их, бага хэмжээгээр заавал ашигладаг онцлогтой. Хамгийн их ашигладаг нь уул уурхай, үйлдвэрлэлийн салбар бол хамгийн бага ашигладаг нь боловсролын салбар байдаг. Тиймээс энэ сарын 1-3-ны өдрүүдэд манай компаниас санаачлан БОАЖЯ-тай хамтран “Химийн бодисын аюулгүй байдал, хүрээлэн буй орчин-2021” онлайн сургалт, семинарыг гурван өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Засгийн газрын дөрвөн яам, 10 газар, агентлаг, дөрвөн төрийн бус байгууллага, таван компаниас 26 илтгэл тавьж хэлэлцүүллээ. Тухайлбал, БОАЖЯ, ХХААХҮЯ, МХЕГ, НМХГ, ОБЕГ, ГЕГ, ЦЕГ, НЭМҮТ, ХАБЭМТ-ийн химийн салбарын голлох чиглэлээр мэргэшсэн, чадварлаг мэргэжилтэнгүүд илтгэгчээр идэвхитэй оролцлоо.
-Сургалт семинарын гол зорилго нь юу байв?
-Энэ удаагийн сургалт нь химийн бодис, урвалж импортлодог, худалдаалдаг, ашигладаг ААНБ, компаниудын ажилтнуудын химийн бодисын талаарх хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндсэн зорилготой. Тэр утгаараа энэ семинарт төрөл бүрийн салбар, чиглэлийн 640 компани, байгууллагаас 853 хүн оролцсон. Уг сургалтаар одоо мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн бичиг баримтуудыг түгээн дэлгэрүүлэх, нийтэд дэлгэрэнгүй ойлголт өгөхөөс гадна химийн салбарт үүсээд байгаа хүндрэл бэрхшээл, зөрчил дутагдал, шийдвэрлэх шаардлагатай олон асуудлыг гаргаж ирэх, түүнийг нэгтгэн боловсруулж, хууль тогтоох байгуулагад хандан шийдвэрлүүлэх зорилготой зохион байгуулсан. Хэдийгээр, манай компанийн хувьд хуулиар ийм үүрэг ногдоогүй ч химийн салбарыг хөгжүүлэхийн төлөө хичээж явдаг хүний хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд дөрөв дэх удаагаа энэ сургалтыг санаачлан зохион байгуулсан. Химийн бодисын аюулгүй байдлын асуудал бол зөвхөн ажилтны асуудал биш, тухайн байгууллагын захирал, дарга нарын анхаарлаа хандуулах шаардлагатай гол асуудлын нэг байдаг. Хэрвээ таны ажилтан химийн бодистой аюулгүй харьцаж чадаж байвал та санаа зовохгүй тайван амгалан байж болно гэж би үздэг. Сургалт, семинарт оролцогчдын дунд явуулсан судалгаагаар нийт оролцогчдын 97 хувь нь маш сайн зохион байгуулалттай, мэдлэг, мэдээллийн багтаамж сайтай, асуудлыг олон талаас буюу хууль тогтоох болон хэрэгжүүлэх, хэрэглэх зэрэг олон талын байгууллагуудаас оролцуулсан өгөөжтэй сургалт боллоо гэж дүгнэсэн. Бүгд өөрт тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлүүдийг мэргэжилтнүүдээс асууж тодруулсан бол нийт 522 асуудал хөндсөн асуулт, саналыг бас гаргасан. Энэ хэлэлцүүлгээс манай химийн салбарт хууль эрх зүйн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байна гэдэг нь тодорхой харагдсан. Салбарын хууль, дүрэм, журмууд өнөөгийн нөхцөл, шаардлагад бүрэн нийцэхгүй, уян хатан биш, хэтэрхий хянасан, шалгасан улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг боомилсон шинжтэй байна гэж ерөнхийд нь дүгнэсэн. Одоо үүнийг засаж, сайжруулах, цэгцлэх маш их ажил хүлээж байна. Дараа дараагийн хамтын үйл ажиллагаагаар бүрэн хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.
-Танай компани химийн бодис, тоног төхөөрөмжийн импортоос гадна өөр ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай компани бүх төрлийн химийн хорт болон аюултай бодис, урвалж, лабораторийн бүх төрлийн тоног төхөөрөмж, эдлэл хэрэглэгдэхүүн, тавилга, химийн хөдөлмөр хамгаалалын хувцас, хэрэгсэл зэргийг импортлох, үйлдвэрлэх, худалдаалах үйл ажиллагааг ес дэх жилдээ явуулж байна. Бид чанарыг тэргүүн зорилгоо болгон ажилладаг учраас чанаргүй, нэг удаа нийлүүлээд орхидог нийтлэг дутагдлыг давтахгүйг хичээн хэрэглэгч, үйлчлүүлэгч нарынхаа итгэлийг даасан компани байхыг төлөө ажиллаж ирсэн. Бид Монгол Улсын томоохон компани, ААНБ-уудтай тогтвортой хамтын ажиллагаатай байгаа нь бидний ажлын чанар, үнэлэмжийг илтгэх болов уу. Сүүлийн жилүүдэд манайх үйл ажиллагаагаа өргөтгөн стандартын шаардлага хангасан химийн бодисын агуулахыг хуулийн дагуу хотоос хол байгуулсан. Химийн бодисыг бэлнээр бөөнөөр нь худалдаалж байна. Хэрэглэгч нартаа зориулан 30 мянган нэр төрлийн лабораторийн тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний бэлэн барааны дэлгүүр нээж ашиглалтад оруулсан. Эдгээрийн шууд худалдан авах боломжтой салбартаа анхны онлайн худалдааны дэлгүүрийг ажиллуулж байна. Мөн химийн лабораторийн тавилгын үйлдвэр барьж ашиглалтад оруулсан. Лабораторийн тоног төхөөрөмжийн засварын төвтэй болж, бараа бүтээгдэхүүнийхээ баталгаат хугацааны засвар үйлчилгээг тогтмол явуулж байна. Химийн бодисыг зориулалтын дагуу хот болон орон нутагт тээвэрлэн хүргэж байна. Энэ жил ЕБС-ийн химийн хичээлд шаардлагатай химийн бодис, урвалжийн жижиг савлагаатайгаар худалдаалж эхэлсэн. Үүнээс гадна дэргэдээ химийн шинжлэх ухаан, судалгаа хөгжлийн лаборатори байгуулж, химийн процесс суурьтай импортыг орлох бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэд хэдэн төслийг эхлүүлээд байна.
-Одоо Монголд мөрдөгдөж байгаа хууль дүрэм, бодлого төлөвлөлт нь хэр боловсронгуй байдаг вэ. Шинэчлэх, өөрчлөх юмсан гэсэн зүйл хэр их байна?
-Монгол Улс химийн бодисын чиглэлээр үндсэн дөрвөн олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орсон ч тэдгээрийн суурь заалтуудыг салбарын хуулиудад бүрэн тусгаагүй, хэрэгжилт төдийлөн хангалтгүй байна. Хэрэгжилтийг бүрэн хангахын тулд түүнийг хэрэгжүүлэх бүтэц сайн ажилладаг байх шаардлагатай. Химийн бодисын тухай хуулийн 6.2-т Ерөнхий сайдын дэргэд “Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын Үндэсний зөвлөл” байхаар зохицуулсан. Мөн Засгийн газрын 314-р тогтоолоор зөвлөл нь ажлын албатай байхаар тогтсон байдаг. Гэвч сүүлд тогтоолд өөрчлөлт оруулснаар зөвлөл болон ажлын алба ажиллах эрх зүйн боломжгүй болсон. Химийн бодис нь салбар бүрт ашиглагддаг учир одоо тус зөвлөлийн үйл ажиллагааг сэргээж салбар дундын асуудлыг шийдвэрлэж, хууль, дүрмүүдийн уялдааг хангах ёстой. Одоо байгаа орон тоо нь маш цөөн, нэмэгдүүлэх шаардлагатай. Химийн хорт болон аюултай бодисын тухай 2006 оны хууль нь цаг хугацааны хувьд шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон. Холбогдох дүрэм, журмууд нь өнөөгийн цаг үеийн нөхцөл байдалтай зохицохгүй байна. Жишээлбэл, бүх бодисыг хортой, аюултай гэж ангилсан. Харьцангүй хор аюул багатай хүнс, эрүүл мэнд, гоо сайхан, ахуйн хэрэглээ, тоглоом, зам, барилга, ариутгал халдваргүйжүүлэлтэд ашиглаж байгаа бүх бодис ялгаагүй хортой, аюултай гэсэн ойлголттой. Маш бага хэмжээгээр ашигладаг байгууллага ААН, лаборатори, эмнэлэг гэх зэрэг нь ямар нэгэн ангилал, ялгаагүйгээр бодис ашиглаж л байгаа бол тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардаж байна. Энэ нь бусад хуулиуд ялангуяа Зөрчлийн тухай, Эрүүгийн тухай хуулиудад тусгай зөвшөөрөлгүй бол 3 сая төгрөгөөр торгох, 5 жил хүртэл ял эдлүүлэхээр зааж оруулсан зэрэг нь хэтэрхий уян хатан биш зохицуулалттай байна.
Тусгай зөвшөөрөл авах процесс ямар хэмжээтэй бодис ашиглаж байгаагаас үл хамаарах бол заавал байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхээр тусгагдсан. БОНҮ-г жижиг ААНБ-ууд хийлгэх боломжгүй байдаг гэх мэт олон асуудал байна. ЕБС-ийн хичээлийн сургалтын программд байгаа туршилтын хичээлүүдийг химийн багш нар огт үзүүлэхгүй байгаа нь сургуулиудыг бодис ашиглахын тулд заавал тусгай зөвшөөрөлтэй байхыг шаарддаг хууль, журамтай бас холбоотой. Бидний зохион байгуулсан гурван өдрийн сургалт семинараас гарсан зарим саналыг дурдахад л ийм байна. Гэтэл цаана нь шийдвэрлэх шаардлагатай 500 санал байна. Химийн бодисын нэр томьёоны хувьд маш замбараагүй байна. Үүнийг цэгцлэх шаардлагатай.
- Нууц биш бол танай байгууллага Монголд хэдэн төрлийн химийн бодис нийлүүлдэг вэ?
-Хэрэглэгч нар ялангуяа эрдэм шинжилгээний байгууллагуудыг хэрэглээнээс шалтгаалан манай компанийн худалдаалж байгаа бодисын нэр төрөл жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Одоогоор 1058 нэр төрлийн бодис импортлон худалдаалах зөвшөөрөлтэй ажиллаж байна. Эдгээрээс 30 хувь нь уул уурхай, үйлдвэрлэлд ашиглагдаж байна.
-Монголд ажиглагддаг нийтлэг алдаа дутагдал, анхаарах зүйлс нь юу байдаг вэ?
-Химийн бодисын аюулгүй ажиллагааны талаар олон нийтийн боловсрол маш хангалтгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн мөрдөх байдал сайжрахгүй байна. Химийн бодисоос хамаарсан хордлого, архаг хордлогын тоо ихсэж, мэргэжлээс шалтгаалах өвчин нэмэгдэж байна. Энэ нь тухайн байгууллагын удирдлагуудын анхаарал сул, ажилчид нь тухайн бодисын хор хөнөөл, аюулын лавлах мэдээллийг уншдаггүй, энгийн бараа бүтээгдэхүүнтэй адил харьцдаг зэрэг алдаа дутагдал ихэнхи хувийг эзэлдэг. Химийн бодисын бодлого, зохицуулалт хоорондын уялдаа холбоо хангалтгүй байгаагаас зарим хэсэг нь хууль бус үйлдэл их хийж байна. Жишээ нь, 100 айл дээр идэмхий натри, уусгагч зэрэг аюултай бодис зэргийг задгай борлуулж, зориулалтын бус зөвшөөрөлгүй газар хадгалж байна. Мөнгөн усны хууль бус хэрэглээ их байна. Гэтэл хууль дүрмээ мөрдөөд явж байгаа хэсэгт нь хяналт шалгалт маш их байна. Нэг үеэ бодвол хууль дүрмээ биелүүлье гэсэн байгууллага ААН-үүдийг тоо ихэссэн, химийн бодисын аюул, ослын талаар мэддэг болж байгаа ч дүрэм журмуудыг уялдаа холбоо хангалтгүй байгаагаас хангалттай өсөж дэвшихгүй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл