Д.Амгалан: Засгийн газарт одоо ч эдийн засгийг хэрхэн хүндрэлээс гаргах бодлого, хөтөлбөр алга

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч, доктор Д.Амгалантай цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хэд хэдэн удаа хөл хорио тогтоож, хүн амын эрүүл мэндийг хамгаалахаас гадна эдийн засгаа дэмжих бодлогыг төрөөс хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл нөхцөл байдал улам бүр дордож, ядуурал өссөөр байна. Нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Хилийн хорио тогтоогоод хоёр жил, дотоодын хөл хорио тогтоогоод 1.5 жил болж байна. Энэ хугацаанд эдийн засаг нэлээн хүндэрлээ. Шалтгаан нь ковидоос үүдэлтэй хөл хорионоос улбаатай байлаа. Хөл хорих шийдвэр гаргах үед эдийн засгийнхаа нөхцөл байдлыг бодолцоогүй нь хүндрэл үүсгэлээ. Жил хагасын өмнө Монгол Улсын хүн амын 28 орчим хувь нь ядуу байсан.

Өнөөдөр 47-48 хувь болж өслөө. Ядуурал гэдэгт өдрийнхөө хоолыг арай гэж аргацааж байгаа хүмүүсийн тухай ойлголт хамаарч байгаа юм. Эдийн засгийн гоё өсөлт яриад, олон улсын байгууллагуудын өндөр өсөлтийн таамаглалыг танилцуулаад бүх юм сайхан мэтээр харуулах нэг хэрэг. Гэтэл статистик бус бодит байдал руу өнгийх ёстой. Өнөөдөр дэлгүүрүүдийн өрийн дэвтэр улам бүр зузаарсаар байна.

Айл өрхүүд өрөө нимгэлэхийн тулд дараагийн халамж хэзээ буух вэ гэж хүлээх боллоо. Өөр итгэл найдваргүй болсон. Энэ бол бид өнгөрсөн хугацаанд эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах тухай бодлого, хөрөнгө оруулалт ярьж ирсэн. Гэтэл бодит хөрсөн дээр нөхцөл байдал ийм л харагдаж байна.

Дэлхийн улс орнуудыг харж байхад эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах ажлыг хослуулаад даваад гараад ирчихсэн. Европын улсуудыг хар. Амны хаалтгүйгээр хөлбөмбөгийн том тэмцээнээ хийлээ. Өөрсдөдөө тохирсон вакцины асуудлыг шийдчихлээ. Гэтэл манайх 1.5 жилийн хугацаанд 5.2 их наяд төгрөгийг эхлээд зарцууллаа. Эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалах, мөн ажлын байраа хадгалж үлдэх зорилгоор энэ их хөрөнгийг зарцуулж ирсэн. Гэвч аль алийг нь хамгаалж чадсангүй. Бүгдийг нь тавиад туучихлаа. Энэ бүхэн ковидтой холбоотой гэж ярьж байна. Нэг талаас зөв. Гэхдээ тэргүүлэх шалтгаан нь ковид биш юм. Харин төр засгийн зүгээс судалгаагүй, бодлогогүй, төлөвлөлтгүй гаргасан шийдвэрүүд нь хүмүүсийн амьдрал, аж ахуй нэгжүүдийг ковидоос илүү туйлдууллаа. Бид цөөн тооны аж ахуй нэгж дээр судалгаа хийсэн. Ингэхэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн борлуулалтын орлого 20-50 хувь буурчихсан байна. Энэ бол иргэд худалдан авах чадваргүй болсныг илтгэж байна. Нөгөө талаас бараа бүтээгдэхүүний хомсдол үүсчихсэн. Ялангуяа, барилгын салбарын идэвхижилтийн үед материалын дутагдал, үнийн өсөлт онцгой хүндрэл дагууллаа. Энэ бүхэн эргээд харахад нөгөө л төр засгийн шийдвэрийн үр дүн. Өнөөдөр ковидын хүнд байдлаас илүүтэйгээр Эрээн, Тяньжин дээр байгаа бараа бүтээгдэхүүний гацалт эдийн засгийг хүнд байдалд оруулсан. Эндээс болж бараа бүтээгдэхүүний хомсдлоос үүдэлтэй инфляцийг бий болгож эхэлсэн. Бид дотоодын эдийн засгаа эргэлтэд оруулж чадахгүй байна. Мөн гаднаас оруулж ирэх бараа бүтээгдэхүүн дээр хоёр улсын хэлэлцээр хийж, төр шийдэл гаргаж чадахгүй, мухардалд орчихсон. Ингээд хохирол нь айл өрх, албан байгуулалга дээр бууж байна. Засаг ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл юм. Хил гаалийн асуудлыг шийдлээ гэхэд үнэтэй бараа бүтээгдэхүүн орж ирнэ. Тэрийг нь худалдаж авах чадамжтай иргэн цөөн. Борлуулалтгүйгээс болж дахиад гацалт үүснэ. Энэ мэтээр шаталсан хүндрэлүүд хүлээгдэж байна.

Ковидоос илүү аюултай үзэгдэл бол төр засаг шийдэл, шийдвэр гаргаж чадахгүй байгаа явдал юм. Бараа бүтээгдэхүүнээ хил гаалиар оруулах, чөлөөтэй нэвтрүүлэх асуудал цэвэр Засгийн газрын ажил. Сонгууль бол мундаг хийнэ. Очоод загнадаг, зандардаг. Гэтэл Хятадын талтай ямар ойлголцол, шийдэлд хүрсэн юм бэ. Цаад тал нь тоож байгаа ч юм уу, бүү мэд.

-Цар тахалтай тэмцэхэд зориулж 5 их наяд гаруй төгрөг зарцуулсан. Нэмээд 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ бол Монгол Улсын жилийн төсвөөс давсан дүн. Гэвч та уг мөнгө өгөөжөө өгсөнгүй гэж үзэж байгаа юм байна?

-Эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах 5.2 их наяд төгрөгийг зарцууллаа. Араас нь 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. Ингээд үр дүнд хүрэх байсан ч өөрсдийн муйхар шийдвэрээс болж үр дүнгүй болгочихсон. Сонгууль хийгээд бөөгнөрөл үүсгэснээр эдийн засагт хохирол учруулан байж 1.5 жил хорьсон хориог ямар ч үр дүнгүй болгож хаясан. Улс төрийн зорилгыг эхэнд тавьж, эдийн засгаа ингэж хорлох байсан юм бол анхнаасаа яах гэж аж ахуй нэгж, иргэдийг хорьсон юм.

-Үнийн өсөлт хурдацтай явагдаж байна. Аж ахуй нэгжүүд бараа, үйлчилгээ нийхээ үнийг нэмэх зайлшгүй шаардлагатай тухай мэдэгдэл гаргаж байна. Эндээс харахад түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнэ 20 гаруй хувиар, зарим тохиолдолд 2-3 дахин өссөн нөхцөл байдал анзаарагдлаа. Үнийн өсөлтөөс үүдэлтэй хүндрэлийн тухайд тодруулахгүй юу?

-Үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт дээр бодлого хэрэгжүүлэхгүй бол хүнд байдал руу улам орно. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш харьцангуй тогтвортой байна гэж мэдэгдэж байна лээ. Эдийн засаг нь хөдөлгөөнгүй зогсчихсон юм чинь тогтвортой байхгүй гээд яах юм. Одоо хил гаалийн саатал арилж, нээгдээд эдийн засаг идэвхижээд ирэх юм бол ам.долларынхаа ханшийг алдана. Өнөөдөр үүнээс хамгаалах бодлого алга. Цалин орлогогүй болсон хүмүүс яаж амьдрах вэ. Халамжаар угжсаар байх уу. Дэлхийн улс орнууд дундаж давхаргыг бүтээхийн тулд ажилладаг бол манай төр энэ давхаргыг устгахын төлөө байна уу. Ковидын эсрэг санхүүгийн дэмжлэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэх боловч үнэн чанартаа улс төрийн сонирхол агуулсан халамжийн бодлого хэрэгжүүлээд байгаад л харамсалтай байна. Уг нь дундаж давхаргаа хамгаалж, нэмэгдүүлэх юм бол халамжаас гараад ажил хийдэг, хөдөлмөрлөсөн хүмүүс орлого олдог нийгмийн тогтолцоог бүрдүүлэх учиртай. Ингэж байж улс орон хөгждөг. Гэтэл манайд эсрэг байна. Жижиг, дунд аж ахуй нэгжүүд нь хаалгаа бариад ядуурал руу орчихлоо. Том компаниуд нь дундаж руугаа орж байна. Энэ орон зайг хэн эзлэх үү гэвэл гадны ижил төрлийн ажил үйлчилгээ явуулдаг нөхөд юм. Өнөөдөрнайман нэрийн дэлгүүр ажилуулдаг хүмүүсийн орлого хумигдсан. Тэдний үйл ажиллагааг хязгаарласан. Оронд нь гадны сүлжээ дэлгүүрүүд ороод ирсэн. Энэ орлого, валютын урсгал хаачих уу. Гадагшаа гараад явна. Жижиг бизнес хийж, өрхийн аж ахуйгаа авч явдаг байсан цар тахлын үед бүрэн уналтад орлоо. Энэ хүмүүс одоо халамжийг л хүлээж байна. Халамж дуусахаар яах вэ. Амьдрал дуусах уу.

Уг нь дундаж давхрагаа хамгаалаад явчихсан бол маневр хийж, эдийн засгаа сэргээх гарц шийдэл ярих байсан. Одоо болд бид энэ их ядуурлаас яаж гарах вэ гэж ярих хэмжээнд доройтлоо. Өнөөдөр үйл ажиллагаагаа хаасан компани, аж ахуй нэгж буцаад босоход 1.5-3 жил зарцуулна. Хөл хорьж болно. Гэхдээ хөл хорионы дараа эдийн засгаа хамгаалах арга механизмыг бодолцож, тооцсон байх учиртай. Гэтэл хэзээ хөл хорих нь тодорхойгүй. Бүр нэг өглөө босоод ирэхэд хороогоор нь хориод гаргахгүй гэж байсан. Тэр хүмүүс ямар чухал ажил төлөвлөж, эрсдэл үүрч байгааг тооцдоггүй. Одоо ч энэ Засгийн газарт яаж хүндрэлээс гарах уу гэсэн хөтөлбөр, бодлого алга.

-Бараг хоёр хүн тутмын нэг нь ядуурал руу шилжлээ. Хэдийгээр он дуустал халамж, хөнгөлөлтүүдийг хэвээр хадгалж байгаа ч энэ нь ядуурлаас гарах, хөгжих шийдэл биш. Энэ тухайд ямар бодолтой байна вэ?

-Одоо улс орон, иргэд ядуурлаас гарахад төрийн зөв бодлого хэрэгтэй. Өмнө нь ядуу иргэдийг дундаж давхарга руу чирэх боломж байсан уу, байсан. Гэтэл тооцоогүй шийдвэрээс болоод дундаж давхарга ядуурал руу орчихлоо. Бид үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж байж л ядуурлаас гарна. Төсөв мөнгөний зөв хуваарилалтыг хийх хэрэгтэй. Одоо бүгдэд нь халамж өгдөг боллоо. Төлбөрийн тооцооны систем чинь боловсронгуй болоогүй байж хүүхдийн мөнгө хүүхдэд, хүнсэнд зарцуулагдахгүй. АНУ-д хүүхдийн мөнгө гэж картанд орсон байхад хүүхэд юу хэрэглэж болох тэр зүйлд л уншина. Тэр бүү хэл кофенд хүртэл уншдаггүй. Гэтэл манайд хүүхдийн мөнгөө аваад зарим хэсэг нь архи ууж байна. Гэнэтийн төлөвлөөгүй худалдан авалтууд хийдэг. Зорилтот дэмжлэг бус, хавтгайрсан халамж болчихсон. Хүүхдийн сайн сайхан ирээдүй, сурч боловсрох, хамгааллын төлөө зарцуулагдахгүй байна. Халамжийн мөнгө буудаг, ойр хавийн дэлгүүрүүдийн орлого өсдөг. Хоёр хоногийн дараа юу ч үгүй болдог. Ийм байдлаар явахгүй.

Бид үндэсний компаниудаа дэмжих учиртай. Гэтэл баялаг бүтээгчдийг улс төрөөс авлига авдаг хүмүүстэй адилтган ойлгуулж, үзэн ядуулах муухай технологи явж байна. Өнөөдөр шатахууны үнэ өсөхөд компаниуд үгсэн хувилдсан гэх ойлголтыг нийгэмд төрүүлж байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт дэлхийн зах зээл дээр баррель нефть 71-75 ам.долларт хэлбэлзлээ. Өмнөх сартай харьцуулахад 6, хагас жилтэй харьцуулахад 45, жилийн дүнгээр харьцуулбал 88.9 хувийн өсөлт байгаа юм. 2020 оны дөрөвдүгээр сард үнэ буугаад 19.5 ам.долларт очсон шүү дээ. Өнөөдөр 73 ам.доллар байна. Тэгэхээр дэлхийн зах зээлийн өсөлт шатахууны үнэд нөлөөлсөн. Уг нь засаг үнэ хямд үед нөөцлөх, гэрээ хэлэлцээр, татварын гээд олон арга хэрэгсэлээр зохицуулж болох байсан. 2020 оныг харж байхад 1.4 сая тонны шатахууны хэрэглээ байсан юм билээ. Харин манайхэнэ хэрэглээг нугалаад нөөцөлчих бололцоотой. Ядаж улирлаа даах хэмжээнд нөөцлөх бодлого барьсангүй.

Ядуурлаас гарахын тулд баялаг бүтээгч нараа дэмжих хэрэгтэй. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэгч нараа дэмжиж ядуурлаас гарах боломжгүй болчихлоо. Тэд маань бүр уначихсан. Одоо үлдсэн арга бол үндэсний томоохон үйлдвэрлэгч нараа дэмжээд, тэднийгээ экспортод бараа бүтээгдэхүүн гаргадаг чиглэл рүү хандуулаад явах хэрэгтэй байна. Тэд бол суурьтай. Ингээд томууд маань жижиг, дундаа бий болгодог хөгжлийн схем зөв болов уу гэж харж байна.

-Үнийн хөөрөгдөл дээр нэмэгдээд, валютын ханшийн өсөлт том сорилт болж ирэх нь. Бондын өр төлбөрүүдийг барагдуулахад улам л хүнд болох нь ээ?

-Манай улс өрийг зээлээр төлдөг боллоо. Энэ нь 2017 оноос эхэлсэн. Өөрөөр хэлбэл,Хөгжлийн банкны бондыг Хуралдай бондоор дарсан. Чингис бондын 500 саяыг Гэрэгэ бонд, Мазалай бондыг Номад бондоор дарлаа. Сая бас нэг бонд гаргалаа. 2022 онд Чингис бондын нэг тэрбум, Гэрэгэ бондын 800 саяыг дарахынтулд өнөөдөр бонд гаргаж байна. Энэ бол шийдэл биш. Өр л нэмэгдээд байгаа хэрэг. Дээрээс нь төгрөгийн ханш сулраад байна. Тэрбум ам.долларын өр төлөхөд Н.Алтанхуягийн засгийн газрын үед төгрөг 1900 орчим байсан. Өнөөдөр 2850-тай. Хүү яриад, бага хүүтэй авчихлаа гэж яриад байдаг. Гэтэл нөгөө талд төгрөгийн ханшаа хянаж чадахгүй байгаа учир бага хүүтэй мөнгө босголоо ч өрийн босго өндөр болчихож байгаа юм. 100 төгрөгийн зээлийг багахан хүүтэй авч болно. Гэхдээ валютын ханшийн өсөлтөөр тооцвол бид эргүүлээд 200 болгож төлөх болчихоод байна. Юун бага хүү. Тэр чухал биш. Ханшаа хамгаалах бодлого ярих нь чухал. Одоо ханшаа барьж чадахгүй бол маш олон бэрхшээл ундрана. Үүнээс гарахын тулд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ядаж уул уурхайн бүтээгдэхүүнээ хагас боловсруулж гаргамаар байна. Хүрэн нүүрс ашиглаад маш олон төрлийн бүтээгдэхүүн болгох технологи дэлхий дахинд хөгжсөн байхад манайх таг. Ядаж л эрчим хүч үйлдвэрлэж, экспортломоор байна. Гэтэл гаднаас эрчим хүч авдаг, валютын нөөцөө алдах нэг том урсгал болдог. 33 грамм нүүрсээр нэг кВт эрчим хүч гаргадаг гэсэн тооцоолол байдаг юм билээ. Ингээд тооцвол манайд эрчим хүч үйлдвэрлэх хүрэн нүүрсний хангалттай нөөц сул хэвтэж байна. Ингээд эрчим хүч ашиглаж янз бүрийн койн үйлдвэрлэдэг урсгалыг бий борлгоход валют ороод ирнэ. Энэ мэтээр төлөвлөгөөтэй, богино, дунд, урт хугацааны нөхцөл байдлаа харсан бодлого хөтөлбөр хэрэгжүүлбэл манайд боломж байна. Гагцхүү шийдвэр гаргагчид ард иргэдээ гэхээс илүү дөрвөн жил албан тушаал, сандал суудлаасаа яаж зууралдах вэ гэсэн циклийн араас явсаар байгаад улс орныг ийм байдалд орууллаа. Та бүхэн хараарай. Төсөв мөнгөний бодлого нь эдийн засагт зориулсан бус дандаа улс төрийн зорилго, агуулгатай.Үнэхээр харамсаж, халаглаж байна.

Г.БАТЗОРИГ


Сэтгэгдэл

Зочин [150.129.142.53] 2021-07-15 01:03:12

өоарэг

Зочин [150.129.142.53] 2021-07-15 01:03:06

АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ НЭМЖ ӨГМӨӨР БАЙНА

Mangar Mongol [202.126.88.184] 2021-07-11 13:28:07

Khuren nuurs shataagaad tsaknmilgaan eksportlono geh shig estoi erguu tolgoi bana daa

чимэд [124.158.64.89] 2021-07-11 11:39:43

Амгалан гуай та ямар алба хашдаг, хаана ямар сэдвээр эрдэмтэн болсон хүн бэ,Сэтгүүлчид гэж хийх юмаа мэдэхгүй, хийж чадахгүй, тэгээд гүйж очоод ярилцлага авъя гэхэд нь "энгэр" задгай үгүй гэдэггүй тань шиг 5 жилийн өмнөх юмаа ёстой ямарч судлагаагүй гадаадын сэтгүүлд гарсан бензин гэсхийсэн юм яриад шүүмжлээд байгаа хэлбэртэй,тэгээд тодорхой санал юуч хэлэхгүй,гонгиносон ийм хүн байсгээд ярилцлага өгдөг боллоо.АН-н бодлого ярьдаг та одоо боливол яасан юмбэдээ.Нам чинь ч навс унаад танд хийх ажил бүр л алга болж байх шиг.Харах царайны та эрдмийн хүний шинж алга,Танаас илүү зөв ярьчих эдийн засагчид зөндөөлдөө,гэхдээ тэд завгүй,

Таах аргагүй учир. [103.57.94.168] 2021-07-10 17:33:09

Монгол Улсаас ХАМААРАХГҮЙ нөлөө бүхий зүйл Орос, Хятад болон дэлхийн зах зээл дээр, улс төрд ДЭНДҮҮ ИХ байна. Өөрчлөлтүүд дэндүү ТААМАГЛАШГҮЙ, хурдан ирэх юм. Ийм байхад бодлого, хөтөлбөр гаргах нь айл гэр болж тоглож байгаа хүүхдийн ТОГЛООМ ШИГ болчихоод байна.

Зочин [202.21.109.47] 2021-07-10 03:20:04

Sanal niilehgui bna.

Зочин [202.21.109.47] 2021-07-10 03:18:26

Sanal niilehgui bna.

Зочин [66.181.188.235] 2021-07-09 07:19:17

Ерөнхий сайд нь эдийн засгийн битгий хэл суурь боловсрол бакалаврын боловсролгүй амьтан бхад юун том юм тулгадагийн

зочин [202.9.46.178] 2021-07-09 06:29:26

Хууль дүрэмгүй аашлах авирлах ардчилал эрх чөлөөний туйлшрал 30 жилд дотор монголчуудын замыг алдагдуулж эмх замбараагүй ичих нүүргүй албан тушаал эрх мэдлийн төлөө тэмцэл эх орон гэх сэтгэлгүй мөнгөний төлөө юу хийхээс буцахгүй төр засгаа унагаж ашиг хонжоо хайгчид эв нэгдэл эмх цэгцийг алдагдуулж бн

Зочин [192.82.71.10] 2021-07-09 06:01:56

Үгүй тэгээд өөрөө сайн заагаад өгөөч дээ

Зочин [122.201.24.5] 2021-07-09 04:18:25

Засаг хийдгээ хийж зүтгэж байна, үр дүнг нь ард иргэд устгаад байх юм, Ресторан, бар, гуанз, караоке пиг дүүрэн хүн, хот хөдөөгүй найр наадам, архидалт нийллэг, овоо тахих одон угаах нь хэтэрлээ, Хулгайн замаар хүн тээснээ ид бах болгон сайрахцгаах юм, Вакцин оруулж ирэхэд саад гацаа тавина, ирсэн хойно нь вакцин хийлгэхгүй байх олон төрлийн арга хэмжээ зохионо, гутаана бах таваа хангана, Тэгсэн байтлаа вакцин эсэргүүцэгчид бүгд өөрсдөө вакцин хийлгэчихсэн байсан гэхээр энэ муухай юмтай тэмцэх улсын ажлыг үр дүнгүй болгох зорилготой хүмүүс байх шиг байна. Монголчуудад хайрлах эх орон, хайрлах хүн ард гэж байхгүй юм шиг муухай авирлана, дэг журамгүй аашилж авирлана, ингэж дэвэргэж зохион байгуулдаг хүчин байгаа юм шиг, мөнгө л өгч байвал юу ч хийхээс буцахгүй хүмүүс их болжээ, мөнгө өгч байвал юу гэж ч ярьж хэлж байсан ичихгүй хүмүүс бий болжээ, бүр амташчихсан хэсэг нөхөд байна Урд хөршийн 1,3 тэрбум хүн дэгтэй болоод л дараад авч байна. Манайхан дэгтэй журамтай бол аль эрт дара

Зочин [202.126.89.32] 2021-07-09 07:01:46

Яг л бодит байдал. Намчирхсан оркууд ойлгохгүйэ

Зочин [195.46.106.44] 2021-07-09 03:54:50

Эрчим хүчний нүүрсээ ашиглаж цахилгаан үйлдвэрлэнэ гэдэг зөв. байгаа нөөц бололцоогоо ашиглаж чадахгүй байгаа тал их бий. Монгол хүн өлбөрч үхнэ гэж хэзээ ч байхгүй. Ямаа смнах , хонь хяргах гээд өдөрт 20 -30 мянган төгрөг өгнө гэхээр хийх хүн олдохгүй, өдөржин сумын төвөөр сэлгүүцээд архи эргүүлээд өнждөг өчнөөн хүн байна. Ямарч зорилгогүй машин барьж түгжрэл үүсгээд авар осол гаргаад шөнө нь эрүүлжүүлэхэд 100,100 раа хонодог хүмүүс байна. энэ нийгэм чинь чи л өөртөө эзэн болж чадахгүй бол дуусдаг хатуу нийгэм шүү. Төр засагт алдаж онож байгаа зүйл бий. Гэхдээ аль болгоныг тэд даах вэ. Аргаа бараад л халамж үзүүлж байгаа хэрэг.. Хүн бүр л хичээж, шамдахгүй бол хайран цаг хоосон өнгөрөөд байна..энэ сэтгүүлчид гэж асуух асуултаа ч зөв тавьж чадахгүй, хүн шүүмжлэх, төр засгаа муулахаас өөрийг чадахгүй, хүмүүст гэрэл гэгээ, шинэ санаа сэдэл өгсөн арга замыг нь заасан юм бичих ярих чадваргүй нийгмийг баахан бухимдуулсан хүмүүс байр юм. сенсаац л хийж байвал болж байна гэж боддог юм уу

Зочин [66.181.189.165] 2021-07-09 03:23:45

OLIGTOIHON TOLGOI AJILDAG BODLOGO BOLOVSRUULCHIHDAG TOLGOINUUD ALGA DAA.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.