Археологийн малтлагаар илэрсэн нохойны ясны тухай
Хүн төрөлхтөний анхны гаршуулсан амьтныг нохой хэмээн үздэг. Нохой нь хүнтэй нөхөрлөснөөр олон мянган жилийг үдсэн бөгөөд судлаачид хүн нохойг 14000 жилийн тэртээгээс лавтай гаршуулсан хэмээн үздэг хэдий ч сүүлийн үеийн судалгаагаар энэхүү цаг хугацааг харьцангуйгаар урагшлуулсан дурсгалууд илэрсээр байна. 2009 онд Чехийн нутгаас илэрсэн нохойн ясны он цагийг одоогоос 31500 жилийн өмнө хэмээн тогтоосон бол 2009 онд Сибириэс илэрсэн нохойн яс 33000 жилийн настай болох нь тогтоогджээ. Түүнчлэн Чех-Бельгийн хамтарсан судалгааны багийн 2011 онд хийсэн судалгааны үр дүнд илэрсэн нохойн оршуулга нь дээрх он цагуудаас хамаагүй эрт үед холбогдож байна. Энэ олдвор нь 36000 жилийн өмнө буюу дээд палеолитийн эхэн үед нохойг аль хэдийнээ гаршуулсан байсныг нотолсон юм. 36000 жилийн настай уг оршуулгаас гарсан нохойн аманд арслан зааны яс зуулгасан байжээ.
Монгол нутагт булшинд нохой дагалдуулсан хамгийн эртний хэрэглэгдэхүүн бол Алтай нурууны бүс нутагт орших хүрэл зэвсгийн түрүү үе буюу НТӨ III-II мянган жилийн тэртээд холбогдох Чемурчекийн соёлын булшнаас хүнтэй хамт оршуулсан чоно (нохой)-н яс болж байна. Харин нохойг хүнд дагалдуулан оршуулах явдал зан үйл болон хэлбэршин тогтсон цаг хугацаа нь хүрэл зэвсгийн төгсгөл үед холбогдох дөрвөлжин булшны соёлтой хамаатай гэж үздэг. Дөрвөлжин булш нь гадна байдлаасаа онцгой зохион байгуулалттай учир эртнээс тонуулчдын анхааралд их өртдөг байжээ. Тиймээс ч судалгааны эргэлтэнд орсон дийлэнхи дөрвөлжин булшнууд эрт цагт тоногдож сүйтгэгдсэн байдаг ба нохой дагалдуулсан оршуулгатай дөрвөлжин булшнууд ихэвчлэн 1990-иэд оноос өмнө судлагдсан тул бидний гарт тэдгээр ясны хэрэглэгдэхүүн байхгүй, зөвхөн тайлангийн мэдээнүүд байна. Жишээ нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Өлзийт хэмээх газар 1969 онд малтсан хүрлийн үед хамаарах дөрвөлжин булшнаас нохойн толгойн яс гарчээ. Сүүлийн үед малтан судласан хүрлийн үед хамаарах дөрвөлжин булшнаас нохойн яс илэрсэн тохиолдол үгүй байгаа нь дээр дурдсан тоногдсон байдагтай холбоотой гэж болно.
Археологийн дурсгалаас олдсон нохойн ясыг түүхэн үеэр нь ангилан авч үзвэл хүрэл зэвсгийн үе (НТӨ XIII-VII зуун), Хүннү гүрний үе (НТӨ III- НТ II зуун), Түрэг, Уйгарын хаант улсын үе (VI-IX зуун), Хятан улсын үе (НТ X-XII зуун), Монголын эзэнт гүрний үе (XIII-XIV зуун)-д холбогдох бөгөөд булш оршуулга болон хот суурины дурсгалын аль алинаас нохойн яс гарсан байдаг.
Эдгээрээс Хүннүгийн үеийн булш оршуулгын дурсгалд харьцангуй олон тооны нохой дагалдуулсан тохиолдол мэдэгдэж байна. Тухайлбал, 1983 онд МЗТСХЭ-ийнхэн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт малтсан Хүннүгийн үед холбогдох Өвгөнтийн 3-р булшнаас нохойн эрүү, далны яс олджээ. Мөн Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Хиргист хоолойн Хүннүгийн үед холбогдох 4-р булшнаас нохойн толгойн яс олдсон байдаг. Дундговь аймгийн Бага газрын чулуу Хүрэн хондын 3-р хүннү булш, Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Морин толгойн Хүннүгийн үед холбогдох 5-р булшнаас нохойн бүтэн араг яс олджээ. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Бурхан толгойн 46, 50, 60, 69-р хүннү булшнаас нохойн яс гарсан байна. Бурхан толгойн дурсгалтай ойролцоо байрлах Баруун Бэлсэгийн дурсгалт газарт 2014 онд малтлага хийсэн Хүннүгийн үеийн 13, 14, 15-р булшнаас нохойн яс гарсан бол 2015 онд үргэлжлүүлэн малтан судлахад 20, 22, 23, 24-р булшнаас нохойн яс илэрсэн, энэхүү бэсрэг оршуулгын дурсгалт газраас нийтдээ 7 булшинд нохой дагалдуулсан байсан нь нийт 29 булштай харьцуулахад нилээд өндөр хувьтай байв. Эдгээрийг нэгтгэхэд одоогийн байдлаар Хүннүгийн үеийн 20 гаруй булшнаас нохойн яс их, бага хэмжээгээр олдсон нь мэдэгдэж байна.
Хүннүгээс хойшхи үед холбогдох нохойн ясны олдвор харьцангуй цөөн ажээ. Түрэг-Уйгарын үед холбогдох Булган аймгийн Баяннуур сумын Шороон Бумбагарын дурсгалаас 2 нохойн яс илэрсэн. Хятаны үед холбогдох Чинтолгойн балгаснаас нохойн толгойн болон эрүүний яс илэрсэн байна. Монголын үед холбогдох булшинд нохой дагалдуулсан тохиолдол нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг Чандмань Хар Уулын 10-р болон 77-р булшнаас илэрсэн толгойн яс, эрүү, урт мөчдийн зарим яс болон дал, сүүжний яс юм. 7-р булшнаас нохойн дал 2 ширхэг, чөмөг, сүүж, чээжний яс гарсан бол 4-р булшнаас нохойн толгойн яс гарсан байна.
Сэтгэгдэл
Зочин [103.212.116.207] 2021-08-15 11:48:09
Нохойны өвөг чоно
Зочин [112.72.9.122] 2021-08-13 04:34:58
нохой дагууллдаг нь ямар учиртай юм