“Монгол, ОХУ-ын харилцааны түүх ба орчин үеийн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал Владивостокт болно

Aдмин / Технологи

Ирэх сард ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн VI чуулганы үеэр "ОХУ, Монголын харилцааны түүх ба орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна.

Цар тахал дэлхийн улс орнуудын эдийн засагт ихээхэн дарамт, зах зээлийн хумигдал, хямрал дагуулсан өнөө цагт улс төр, эдийн засгийн тогтвортой байдлаа хангах гарцуудыг дор бүрнээ хайсаар байна. Монгол Улс, ОХУ-тай уламжлалт, олон талт, тогтвортой харилцаагаа өргөжүүлж, учирч байгаа нөхцөлийг даван гарах шаардлага, харилцан ашигтай гарцуудыг хайж байна. ОХУ стратегийн түншлэл, харилцан ашигтай харилцаагаа өргөжүүлэх ямар боломжуудыг бидэнд санал болгож байгааг харцгаая.

Энэ онд Орос холбооны улс (ЗОУ), Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд 2021 оны 9 дүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн VI чуулганы үеэр “100 жилийн ойг угтах нь: ОХУ, Монголын харилцааны түүх ба орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Хурлаар хоёр орны стратегийн түншлэл, худалдаа эдийн засаг төдийгүй хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, хэтийн төлөв болон холбогдох тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх болно. Хоёр орны хамтын ажиллагаа тэр дундаа эдийн засгийн харилцааны хэтийн төлөв, харилцан ашигтай байх чиглэлд онцгойлон анхаарч ярилцахаар төлөвлөсөн байна.

Хамтарсан томоохон үйлдвэрүүд Монголын талд 100 хувь шилжсэний дараагаас хоёр улсын эдийн засгийн харилцааны өнгийг 1949 онд байгуулагдсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатарын төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг тодорхойлох болсон гэхэд хилсдэхгүй. Цаашид ч салбарын хамтын ажиллагаа өсөн нэмэгдэж, харилцан ашигтай хөгжих боломж бүрдүүлэхийг зорин ажиллах хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, Таван толгой-Зүүнбаянгийн чиглэлийн 415 километр урт, шинэ төмөр замын техникийн консалтинг үйлчилгээг “РЖД Интернешнл” компани хариуцахаар болжээ. Энэ шинэ төмөр зам нь Монгол, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн томоохон зангилаа болно. Тиймээс ч ачаа тээвэр, логистикийн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд Монгол, Оросын хамтарсан УБТЗ ХНН чухал үүрэг оролцох нь тодорхой.

Талууд ч “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн хэрэгжилтэнд ихээхэн ач холбогдол өгч байгааг энд онцгойлон сануулъя. Тухайлбал, ОХУ 2030 он хүртэл төмөр замынхаа хөгжлийн стратегийг баталж, Транссибирийн төмөр замыг шинэчлэх, өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх улс дамнасан транзит тээврийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. ОХУ, Монгол Улсын Засгийн газар хооронд 2018 оны 6 дугаар сарын 8-нд “Монгол Улс 25 жилийн хугацаанд гуравдагч улс орнууд руу бараа бүтээгдэхүүнээ ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд тарифын хөнгөлөлт эдлэх гэрээ”-г үзэглэсэн. Гэрээ ёсоор манай улс нүүрс тээвэрт 66,4 хувь, чингэлэг болон ачаа тээвэрт 52 хувь хүртэлх хөнгөлөлт эдлэх юм. Энэ нь хямд зардлаар бусад орны зах зээлд гарах нөхцөл бүрдүүлж өгчээ. Үр шимийг хүртэх олдсон боломжоо алдахгүй байх л хэрэгтэй.

Одоо дахин нэг шинэ боломжийн тухай өгүүлье: Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан ОХУ-аас БНХАУ-руу тавих байгалийн хийн хоолой. “Сибирийн хүч 2” хийн хоолойн үргэлжлэл “Союз Восток /Дорнын холбоо/” чиглэл манай нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх боломж нээгдэж байна. “Газпром” нэгдлийн удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй ажлын хэсгийнхэн энэ оны 3 дугаар сард ирээдүйд тавигдах хийн хоолойн маршрут дагуу тандалт нислэг хийсэн. Улмаар манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх нь хамгийн оновчтой гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Улмаар Монгол Улсын Засгийн Газар, “Газпром” нэгдэл хамтарсан ажлын хэсэг байгуулан 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан гарын үсэг зурж, “Союз Восток /Дорнын хүч/” хий дамжуулах хоолойг барих техник эдийн засгийн төлөвлөгөөг баталсан. Одоо техник эдийн засгийн үндэслэлийг эцэслэн боловсруулах шатандаа явж байна.

“Сибирийн хүч” хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах төсөл хэрэгжсэнээр олон мянган ажлын байр нэмэгдэх боломж бүрдэнэ. Хийн салбар дахь нэг ажлын байр бусад салбарт 4-6 ажлын байр бий болгодог онцлогтой. Мөн Монгол Улсын эдийн засагт томоохон дэмжлэг болох төдийгүй, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөнд шууд эерэг нөлөө үзүүлнэ. Хийн хоолой тавигдсанаар Сүхбаатар, Дархан, Улаанбаатар, Сайншанд хотын агаарын бохирдлыг 90-ээс дээш хувиар бууруулах боломж ч бүрдэх юм.

Монгол, Оросын геологийн хайгуулын салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж ирсэн. Цаашид ч хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхээр зорьж байна. “Зарубежгеология” ХНН, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд геологи геофизик, инженер геологийн судалгааг хамтран явуулах гэрээнд, “Росгеология” ХНН, Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар хооронд Монголын ашигт малтмалыг өөрийн үйлдвэрүүдэд боловсруулах талаар санал солилцож, гэрээ байгуулсан. Одоогоор Оросын хэд хэдэн компани оролцох хүсэлтээ илэрхийлээд байна.

Хамтдаа бүтээсэн хоёр орны дипломат харилцааны түүх 100 жилтэйгээ золголоо. Харилцан ашигтай зарчимд суурилсан бидний харилцаа эдийн засгийн томоохон хөшүүрэг, хөгжил дэвшил авчрах боломжуудаар ийнхүү баяжиж байна.

Боломжоо ашиглах л хэрэгтэй... Харин түншийн хувьд... ОХУ худалдаа, эдийн засгийн найдвартай түнш гэдгээ харуулж, баталж чадсан түүхтэй улс!

Түүхч, судлаач, түүхийн ухааны докторант А.Төмөр-Очир


Сэтгэгдэл

Зочин [172.58.140.235] 2021-08-24 12:05:53

1932-1941 onii Mingold hiisen hyadlagaa sain zadlan shinjileerei


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.