УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна
Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс заслаар мэргэшсэн 4 эмчтэй, нэг цусны зохиомол эргэлтийн эмч, сувилагч, асрагч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд УГТЭ-ийн удирдлагын санаачилгаар залуу эмч нарыг бодлогоор багаар нь олон улсад хүүхдийн мэс заслын чиглэлээр маш нарийн мэргэшил эзэмшүүлж олон улсын түвшний мэс заслыг эх орондоо нутагшуулсан.
Ц.ДАВААЦЭРЭН: МАНАЙ БАГ ИХЭВЧЛЭН ХҮҮХДИЙН ТӨРӨЛХИЙН ХҮНД ТӨРЛИЙН БУЮУ ХАВСАРСАН ГАЖИГ ЗАСАХ МЭС ЗАСАЛ ХИЙДЭГ
/УГТЭ-ийн Зүрхний мэс заслын тасгийн зөвлөх эмч АУ-ны доктор, дэд профессор/
Монгол улсад хийгдсэн анхны артерын битүүрээгүй цоргыг боох мэс заслыг хүүхдэд хийсэн бөгөөд эндээс л хүүхдийн зүрхний гажиг, зүрхний мэс заслын үндэс тавигдсан гэж үздэг. Монгол улсад зүрхний төрөлхийн гажиг нэлээд элбэг байна. Ялангуяа сүүлийн үед 1000 төрөлтийн 35-40 хувийг эзэлж байгаа нь харамсалтай. Манайд хийгдэж байгаа нийт зүрх судасны мэс заслын 45-50 хувь нь төрөлхийн зүрхний гажгийн мэс засал эзэлж байна. Манай баг ихэвчлэн хүүхдийн төрөлхийн хүнд төрлийн буюу хавсарсан гажиг засах мэс засал хийдэг бөгөөд сүүлийн 14 хоногт гэхэд л найман удаагийн мэс заслыг амжилттай хийлээ.
Хүүхдийн зүрхний мэс засалд долоо хоногт багадаа 2-3, ачаалалтай үедээ таван хүүхэд ордог. Жилдээ 50-100 тохиолдол байдаг. Насны хувьд гэвэл сүүлийн гурван жилийн судалгааны үзүүлэлтээр хамгийн бага нь 3 сартай, том нь 17 настай хүүхэд орсон байна.
Ч.ТӨВЖАРГАЛ: ЦУСНЫ ЗОХИОМОЛ ЭРГЭЛТИЙГ ЗҮРХЭН ДОТОР ХИЙГДДЭГ БҮХ ТӨРЛИЙН МЭС ЗАСАЛД ХЭРЭГЛЭДЭГ
/УГТЭ-ийн Зүрхний судасны мэс заслын тасгийн их эмч АУ-ны доктор, дэд профессор/
Манайд хийгдэж байгаа мэс заслын тал хувь нь цусны зохиомол эргэлттэй ордог. Артерийн битүүрээгүй цорго гэх хөнгөн гажгийг бооход цусны зохиомол эргэлтийн аппарат хэрэглэдэггүй бөгөөд ерөнхий унтуулгатай л хийгддэг бол тосгуурын таславчийн цоорхой гэх энгийн бөгөөд түгээмэл засалд зүрхийг 15-20 минут зогсоож цусны зохиомол эргэлт хийх шаардлагатай болдог.
Миний хувьд Монгол улсдаа анх удаа 2006 онд Шанхайд цусны зохиомол эргэлтийн чиглэлээр суралцан түүнээс хойш энэ чиглэлээр дагнан хүүхэд болон насанд хүрэгчдийн мэс засалд оролцож байна. Цусны зохиомол эргэлтийг зүрхэн дотор хийгддэг бүх төрлийн мэс засалд хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл зүрх ажиллахгүй үеүдэд энэ аргыг ашигладаг. Мэс заслын өрөөнд алдаа гарвал цусыг буцааж соруулж аваад өвчтөндөө хийдэг бол цусны зохиомол эргэлтийн үед цус алдвал шууд шалан дээр урсах учраас ашиглах боломжгүй. Тэгэхээр цусны зохиомол эргэлтийн үед ямар ч алдаа гаргах ёсгүй гэсэн үг. Бүх бэлтгэл ажлаа сайтар хангасан байх шаардлагатай болдог. Сүүлийн жилүүдэд цусны зохиомол эргэлтийн мэргэжилтнийг дадлагажуулж сургаж байгаа бөгөөд УХТЭ, УНТЭ-и энэ төрлийн мэргэжилтнүүдийг арга зүйгээр ханган ажиллаж байна.
Д.БАТБААТАР: ХҮҮХДИЙНХЭЭ ЖИН БОЛООД САРЫГ БАГАСГАЖ, АЛЬ БОЛОХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРТ, ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ҮЕД ҮЗҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭН АЖИЛЛАЖ БАЙНА
/УГТЭ-ийн Зүрхний судасны мэс заслын тасгийн мэс заслын ахлах зэргийн эмч АУ-ны магистр/
Хүүхэд, насанд хүрэгч хоёр нь биеийн хэмжээгээр болон бүтцийн хувьд ч маш ялгаатай. Бүх мэс засал нарийн ажилбартай байдаг ч хүүхдийн зүрхний мэс засал бол бүр ч нарийн ажилбартай байдаг. Ядаж л чангахан ч барьж, чангааж болдоггүй.
Төрөлхийн зүрхний гажиг нь тааварлашгүй олон янз байдаг. Хавсарсан гажиг, коммунацид орсон хүнд гажгууд тохиолддог. Зарим гажгууд мэс засал хийж байх үеэр ч илрэх тохиолдол бий. Бид мэс заслаас мэс заслын хооронд хүүхдийнхээ жин болоод сарыг багасгаж, аль болох тусламж үйлчилгээг эрт, хамгийн тохиромжтой үед үзүүлэхийг хичээн ажиллаж байна.
Хүүхэд гэдэг мөнхийн хөдөлгөөнтэй байдаг учраас мэс заслын дараа эцэг эх, асран халамжлагч нар унаж бүдрээд өвчүүний ясаа гэмтээх, шархны хоёрдогч халдвар зэргээс урьдчилан сэргийлж, хооллолтыг анхаарч, хүүхдийн биеийн байдлыг ажиглаж эмчлэгч эмчдээ мэдээлж байх хэрэгтэй.
Н.БАЯРМАА: БИ ХҮҮХДҮҮДИЙН ЭЭЖИД “ХҮҮХЭД ЧИНЬ МЭС ЗАСЛАА АМЖИЛТТАЙ ДАВААД ГАРААД ИРВЭЛ ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ БОЛНО, 100 НАСАЛЖ БОЛНО” ГЭЖ ХЭЛЭХ ҮНЭХЭЭР ДУРТАЙ
/УГТЭ-ийн Зүрхний судасны мэс заслын тасгийн Хүүхэд судлалын ахлах зэрэгтэй, хүүхдийн зүрхний эмч/
Эх жирэмсэн болсноо бараг мэдээгүй буюу ураг маш бага байх үеэс нь хүүхдийн зүрх бүрэлдэж эхэлж байдаг. Энэ үеэсээ л зарим хүүхэд төрөлхийн гажигтай болж хөгждөг. Ээжийн гэдсэн дотор 8-9 сар төрөлхийн гажигтай бойжин гарч ирээд мөн адил төрөлхийн гажигтай зүрхтэйгээ амьдрахын тулд хүүхэд маш их бэрхшээлийг туулдаг. Тэгэхээр тухайн оношинд нь таарсан эмчилгээ, мэс заслыг оновчтой зөв хугацаанд нь хийж байж төрөлхийн гажгийн мэс засал амжилттай болдог. Ингэхдээ зүрхний мэс заслын багийнхан бие бүрэлдэхүүнээрээ байх хэрэгтэй. Зүрхний эмч нарын баг хүүхдийнхээ зүрхний гажгийг оношлоод, мэс засалд бэлдэнэ. Мэс заслынхан, мэс заслын үеэр уушги зүрхийг орлуулдаг цусны зохиомол эргэлтийн эмч нарын баг, мэс заслын дараагийн сэхээний баг, унтуулгын баг гээд таван том багийн ажлын үр дүнгээс хүүхдийн цаашдын амьдрал шалтгаалдаг.
Миний хувьд судсан дотуурх ангиографийн мэс заслаар дагнан ажилладаг бөгөөд бид рентген туяаны тусламжтайгаар хамгийн жижиг диаметртэй судсан дотор хэрэглэж болдог төхөөрөмжийг ашиглаж мэс засал хийдэг. Хүн бүр өөрийн атгасан гар шигээ л зүрхтэй байдаг. Тэгэхээр хүүхдийн гар ямар жижиг байдаг билээ, түүн дээр байгаа судаснууд тэр чинээгээрээ маш жижиг байдаг. Энэ мэс засал нь өмнө нь өндөр өртөгтэй хийгддэг байсан ба сүүлийн жилүүдэд УГТЭ болон ЭХЭМҮТ-д үнэ төлбөргүй хийгдэж байна.
В.ГАНБАТ: ТӨРСӨН ХҮҮХЭД БҮР ЗҮРХНИЙ ЭХО ХИЙЛГЭЖ ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГ БАЙГАА ЭСЭХИЙГ ОНОШЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
/УГТЭ-ийн Зүрхний судасны мэс заслын тасгийн зүрх, судасны мэс заслын эмч/
Зүрхний төрөлхийн гажгийн шалтгаан бүрэн судлагдаагүй байна. Маш олон шалтгаантай байдаг. Нэгдүгээрт генетикийн гажиг өөрчлөлттэй холбоотойгоор ихэнх гажиг өөрчлөлтүүд маань үүсч байна. Хоёрдугаарт жирэмслэлтийг тээх явцад асуудал үүсдэг. Жишээ нь эхийн суурь эмгэгүүд, хорт зуршлууд, хожуу төрөлт, төрөөд амьсгалах агаар, хэт ягаан туяа зэрэг гадна орчин нөлөөлдөг.
Нийслэлийн хэмжээнд гурав дахь шатлалын улсын эмнэлгүүд болон томоохон хувийн эмнэлэгт төрж байгаа хүүхдүүдийг төрснөөс хойш 48 цагийн дотор зүрхний эхо, шинжилгээ хийх заалттай болсон. Ингэснээр эмнэлгээс гарахдаа зүрхний гажигтай эсэх нь шууд оношлогдох боломжтой болж байна. Орон нутгийн хүүхдүүд ялангуяа сум дундын эмнэлэгт төрж байгаа хүүхдүүдийн онош харьцангуй хожуу оношлогдож байгаа. Ямар төрлийн гажигтай төрснөөсөө шалтгаалж харилцан адилгүй хугацаанд оношлогдож байна.
Нийт гажгийн найм орчим хувь нь Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй буюу хавсарсан хүнд гажгууд байдаг. Жишээ нь том судасны буруу байрлал, аль нэг ховдлын дутуу хөгжил зэрэг гажгуудад манай улс хөнгөвчлөх тусламжийг үзүүлж чадаж байгаа ч төгс засах мэс заслыг одоогоор хийх боломжгүй байгаа. Гэлээ ч бид дотоодын нөөц боломжоороо зарим төрлийн хүнд гажгуудад энэ төрлийн мэс заслыг хийж байна.
Л.ТУУЛ: МЭС ЗАСЛЫН ДАРААХ 3-5 ХОНОГТ ХҮҮХДҮҮД МАНАЙ БАГИЙН АСАРГАА СУВИЛГААНД БАЙДАГ
/УГТЭ-ийн Зүрхний судасны мэс заслын тасгийн мэс заслын дараах эрчимт эмчилгээний сувилагч/
Манайд хоёр сартайгаас эхлээд 18 хүртэлх насны хүүхдүүд зүрхний гажгийн мэс засалд ордог. Нярай хүүхдүүд хувьд асаргаа сувилгаа, эм тариаг тохируулах нь маш нарийн эмчийн заалттайгаар хийгддэг. Тухайн хүүхдийн биеийн байдлаас хамаарч мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасагт 3-5 хоног асаргаанд байгаад, үзүүлэлтүүд нь тогтворжиж биеийн байдал нь сайжирсан үед тасагруу шилжүүлдэг. Мэс заслын дараах асаргаа сувилгаанд эцэг, эхийг нь оруулдаггүй бөгөөд хоёр цаг тутамд утсаар хүүхдийнх нь биеийн байдлыг эцэг эхэд нь мэдээлдэг. Хооллолтын хувьд хөхнөөс гараагүй хүүхдийг ээжийнх нь хөхний сүүг саалган, бүлээсгэж авч ирээд сувилагчид нь өөрсдөө хооллодог. Мэс засалд орсон хүүхдүүддээ холголт, цооролт үүсэх зэрэг бүхий л эрсдэлээс сэргийлэн асрахаас гадна хүүхдүүд маань аав ээжээсээ хол байгаа учраас уйлна, тонгочино, дуслын систем, уян зүү, хяналтын хэрэгслүүдээ татчих гээд байдаг учраас нэг хүүхэд дээр нэг сувилагч гэсэн зарчмаар ажилладаг. Ачаалал ихтэй үед яах ч аргагүй хоёр сувилагч 3-4 хүүхдийг зэрэг асрах тохиолдол ч гардаг.
Сэтгэгдэл
зочин [139.5.216.216] 2021-10-27 06:49:34
Буянтай хүмүүс