Дэлхийн хэмжээнд халдвараар нас барсан хүний тоо таван сая давжээ
ЛОНДОН. /BBC/. Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо 19 сарын хугацаанд таван сая давсан талаар Жонс Хопкинсын нэрэмжит их сургууль даваа гарагт мэдээлэв.
Хэдийгээр “COVID-19”-ийн вакцинууд нас баралтын түвшнийг бууруулж байгаа ч бодит тоон үзүүлэлт хавьгүй өндөр байж болзошгүй гэдгийг шинжээчид хэлж байна.
Мөн дэлхийн зарим хэсэгт халдвар авсан, нас барсан тохиолдлын тоо олон сарын дараачаас дахин нэмэгдэх болоод байгааг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд анхааруулж буй юм.
Өнөөдрийн байдлаар дэлхий даяар илэрсэн “COVID-19” халдварын тохиолдлын тоо 250 сая орчимд хүрээд байна.
Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тооцоогоор халдвараар нас барсан тохиолдлын бодит тоо нь албан ёсны үзүүлэлтээс 2-3 дахин их байж болзошгүй байна.
Дэлхийн улс орнуудаас АНУ-д халдварын улмаас хамгийн олон буюу 745800 хүн нас барсан бол түүний араас Бразил /607824/, Энэтхэг /458437/ бичигдэж байна. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар, гэртээ, хөдөө орон нутагт нас барсан тохиолдлуудыг бүрэн тоолоогүй байж болзошгүй аж.
“COVID-19”-өөр нас барсан сүүлийн нэг сая тохиолдол 110 хоногт бүртгэгдсэн бол өмнөх хоёр сая тохиолдол 90 хүрэхгүй хоногийн дотор бүртгэгджээ.
Хэдийгээр вакцинууд нас баралтын түвшин буурахад нөлөөлж байгаа ч цар тахлаас ангижрах болоогүй байгааг ДЭМБ өнгөрсөн долоо хоногт анхааруулсан юм. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын мэдэгдсэнээр, Европт халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэж эхэлснээс гадна вакцинжуулалтын түвшин сул орнуудад өвчлөл, нас баралт нэмэгдэх болжээ.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш нэг өдрийн дотор хамгийн олон хүн халдвар авсан, нас барсан тохиолдлууд бүртгэгджээ. Мөн “COVID-19”-ийн нас баралтын түвшнээрээ дээгүүр бичигдэж буй Болгар, Румынд эмнэлгийн ачаалал нэмэгдсэн байна. Эдгээр орнууд нь вакцинжуулалтын үзүүлэлтээрээ Европын Холбоондоо сүүл мушгиж буй юм.
Өнөөдрийн байдлаар дэлхий даяар долоон сая гаруй тун вакцин тариад байгаа боловч баян чинээлэг, ядуу буурай орнуудын вакцинжуулалтын түвшин хоорондоо эрс тэс ялгаатай байсаар байна. Оксфордын их сургуулийн “Our World in Data” цахим хуудасны мэдээллээс үзэхэд, бага орлоготой орнуудын хүн амын 3.6 хувь нь вакцинд хамрагдаад байна.
Т.Гебрейесусын хэлснээр, вакцины тунгуудыг тэгш хуваарилсан бол одоо улс орон бүрийн хүн амын 40 хувь нь вакцинд хамрагдсан байх байв. Цар тахал олон бүс нутагт тархсан хэвээр байгаа нь түүнтэй тэмцэх хэрэгслүүдийн хүртээмж тэгш бус байгаатай холбоотой хэмээн тэрбээр тайлбарлажээ.
“COVID-19”-ийн вакцинжуулалтын ачаар олон орон хэвийн байдалдаа эргэн орж, хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулаад байна. Тухайлбал, даваа гарагт Австрали улс 19 сарын дараа хилээ нээсэн юм. Харин өвчлөл дахин нэмэгдэх болоод буй БНХАУ-д хатуу бодлогыг баримталсаар байгаа бөгөөд халдварын нэг тохиолдол хатуу хөл хорио тогтоох, бүх нийтийг шинжилгээнд хамруулах шалтгаан болж байна.
Аливаа улс орны халдвараар нас барсан тохиолдлын тоог тухайн орны эрүүл мэндийн байгууллагын өдөр тутмын тайлан мэдээнд үндэслэн гаргаж байгаа ч үүнд зарим улсын бодит тоон мэдээлэл тусгагдаагүй байж магадгүй юм. Мөн улс орнууд халдвараар нас барсан тохиолдлыг нэгдсэн байдлаар бүртгэхгүй байгаа нь нас баралтын түвшнийг харьцуулахад хүндрэл учруулж байна.
www.montsame.mn
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.131] 2021-11-02 05:12:24
Дэлхий даяар хэдэн тэрбум хүн ковидоор үхнэ.