Гамшгаас хамгаалах эрхзүйн шинэчлэлтүүдийг хийж, албаны гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүллээ
Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2021 онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байгаа “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” хоёрдахь өдрөө үргэлжилж байна.
Цугларалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, удирдах бүрэлдэхүүнд хандаж үг хэллээ.
Онцгой байдлын байгууллага нь 2021 онд Гамшгаас хамгаалах эрхзүйн болон бодлогын шинэчлэлтүүдийг хийж, албаны чадавхыг бэхжүүлэх талаар хэд хэдэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, коронавируст халдвартай тэмцэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллалаа.
Тухайлбал, сум, орон нутагт гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, алба хаагчдын үүргээ биелүүлэх баталгааг сайжруулах, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д шинэчлэн тусгалаа.
Гадаад, дотоод хамтын ажиллагааныхаа хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрөөр гал түймэр унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслүүдийг нийлүүлж техник, тоног төхөөрөмжийн хангалтыг 60,2 хувьд хүргээд байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор Агаараас эрэн хайх, аврах 111 дугаар ангийг шинээр байгуулж, эхний ээлжийн ЕС-145 маркийн 2 нисдэг тэрэг, сургалтын Кабри нисдэг тэрэг, холбогдох сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээн авч, нисэгч, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэж эхэллээ.
“Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг 2021-2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Шадар сайдын тушаалаар батлуулж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх чиглэлээр олон улсад хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх, Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах замаар улс орны тогтвортой хөгжлийг хангах нөхцлийг бүрдүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар “Хөвсгөл” нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид манлайлан оролцсон нь улсын хэмжээнд төдийгүй албаны хэмжээнд өрнөсөн түүхэн үйл явдал боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл