Баянлиг сумын ИТХ-ын дарга С.Амарсанаа: Эндээс 10 тонн бүү хэл 10 кг цагаан будаа хурааж аваагүй. Газар сэндийчиж хаяад л явсан
Монгол Улс түүхэндээ анх удаагаа 10 тонн будаа хурааж авсныг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас онцолсон. Тодруулбал, тус яамны сайд З.Мэндсайхан “Дотоодын аж ахуйн нэгж Баянхонгор аймагт сүүлийн 10 жилийн хугацаанд оролдлого хийсний үр дүнд анх удаагаа цагаан будаа хурааж авлаа. Хоёр га талбайд тариалалт эрхэлж 10 тонн будаа хурааж авсан” гэж ярьсан юм. Цагаан будааг Баянхонгор аймгийн Баянлиг суманд “Gimex” ХХК тариалсан гэх. Харин Баянлиг сумын иргэдийн зүгээс З.Мэндсайхан сайдын мэдэгдлийг үгүйсгэлээ. Бид газар дээрх нөхцөл байдлыг Баянлиг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсанаагаас тодруулсан юм.
-ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайхан Баянлиг суманд цагаан будаа тарьж 10 тонныг хурааж авсан талаар онцоллоо. Нутгийн иргэдийн зүгээс үүнийг үгүйсгэж байна лээ. Хэн нь худлаа яриад байна вэ?
-Эндээс 10 тонн цагаан будаа хурааж авсан гэдэг үндэслэлгүй худлаа мэдээлэл. “Gimex” гэх компани тариалсан гээд л янз бүрийн шагнал аваад явж байна лээ. Тийм асуудал ерөөсөө байхгүй. Анх “Gimex” гэх компанийг төлөөлж н.Ганхуяг гэдэг хүн “Цагаан будаа тариалах төсөл оруулж ирж байгаа юм. Танайхтай хамтарч ажиллая” гэх саналыг 2013 онд сумын удирдлагад танилцуулсан. Тухайн үед би Засаг даргаар ажиллаж байлаа. Сумын удирдлагын зүгээс эхний ээлжинд туршлага явуулахаар 200 га газрыг таван жилийн хугацаатайгаар олгосон. Сумаас олгосон газарт ямар нэгэн төрлийн үйл ажиллагаа явуулаагүй. Сүүлд 2020 оны арваннэгдүгээр сард би ИТХ-ын даргын ажил хүлээж авахад ч өнөөх “Gimex” компанийн туршилтын ажил яваагүй, яриад байсан цагаан будаа нь ургаагүй байсан. Улмаар 2020 оны сүүлээр сумын удирдлагууд хуралдаад 200 га газрынхаа 180 га талбайн зөвшөөрлийг хүчингүй болгож хурааж авсан. Газрын түүхийг нь харахад татвараа төлж, хугацаагаа сунгаагүй байсан. Энд нэг зүйлийг тодотгоход, миний бие 2017 онд Засаг даргын ажлаа хүлээлгэж өгсөн.
-Ердөө 2 га талбайгаас л 10 тонн цагаан будаа хурааж авах боломжтой юу. “Gimex” компанийн зүгээс сумын удирдлагууд тариалалтын үйл явцтай танилцдаггүй байсан гэх тайлбар хэлж байна лээ.
-Сүүлийн жил 2 га талбайд цагаан будаа тариалах туршилтын ажил л явагдсан. Будаа, үр тариа огт гараагүй шүү. 10 тонн битгий хэл 10 кг цагаан будаа хурааж аваагүй. Асуудал товчхондоо ийм. Ганзар сэндийчиж малын бэлчээр сүйтгэж хаяад л яваад өгсөн. Энэ газрыг нь төмс, хүнсний ногоо тариалахад л ашиглах байх.
-Засгийн газрын түвшинд ийм ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байгаа ашиг сонирхлыг та хэрхэн харж байна вэ?
-Төсөл авч тодорхой хэмжээний хөрөнгө татсан байх. Дахин зээл, төсөл хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөж “10 тонн будаа” хураалаа гэж худлаа сенсаци тарьсан ч байж болно. Хувийн зүгээс ингэж л харж байна. Энэ ор үндэслэлгүй худлаа мэдээлэл нь эргээд биднийг эвгүй байдалд оруулж байна шүү дээ. Манай зүгээс аль болох бодит мэдээллийг олонд түгээхээр л ажиллаж байна.
-Танай сумын ХАА-ын мэргэжилтнүүд хяналт тавьдаггүй юм уу?
-Манай мэргэжилтэн амралтаа аваад явчихсан хойгуур нь “20 тонн будаа хурааж авлаа шүү” гэх мэдээллийг утсаар өгөөд л хаяад явсан байна лээ. Хоёр га-аас 20 тонн будаа хураана гэдэг ямар ч боломжгүй асуудал. Дахин тодруулж 10 тонн цагаан будаа гэх мэдээллийг авсан юм билээ.
-10 тонн будаа хураахад техник, хүн хүч шаардлагатай байх.
-Мэдээж тийм. “Gimex” компанийн гэх тракторын жолооч, туслахтайгаа л байдаг байсан шүү. Тэр хоёр хоёулхнаа 10 тонн цагаан будааг хураагаад ачих боломж бараг байхгүй. Тийм хэмжээний ачаа ачих техник ч манай сум руу орж ирээгүй. “Gimex” компани энэ мэтээр ард иргэдийг дахин хууран мэхэлмээргүй байна. Ховдын Булган суманд ч “Цагаан будаа тарина” гээд газар хөөцөлдөөд явж байгаа гэнэ лээ. Ингэж хүмүүсийг төөрөгдүүлж болохгүй.
-Баянлиг сумын тухайд говийн бүс нутаг шүү дээ. Ногоо тариалахад хэр тохиромжтой юм бэ?
-Цаг уурын тухайд төмс хүнсний ногоо тариалахад боломжтой бүс нутаг. Манжийн дарлалын үед Хятадын цэргийн хоол ундны ногоог энд тарьж байсан юм билээ. Хэрэв цагаан будаа тарих боломжтой бол тэр үед л тариалах байсан болов уу. Усны нөөц хомс учраас л зөвхөн хүнсний ногоо тариалж байсан болов уу гэж ойлгодог юм. Анх энд цагаан будаа тариалах санал ирэхэд усны асуудалтайг анхааруулсан ч “Гүний худаг гаргачихна. Ямар ч асуудалгүй” гэж хэлж байсан гэв. Бид “GIMEX” компани руу хандсан ч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Харин зарим мэдээлийн сайтуудаар “GIMEX ХХК-ийн хамт олон 2011 оноос эхлэн эх орондоо тутарга нутагшуулан тариалах, улмаар цагаан будааны үйлдвэрлэл эрхлэхээр хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдтэй хамтран олон удаагийн туршилт, судалгаа явуулсны үр дүнд 2021 онд эх орондоо ургуулж, чамлахааргүй ургац авч чадсан. Харамсалтай нь олон жилийн хөдөлмөр, хамт олны минь амжилтыг үгүйсгэсэн, үнэгүйдүүлсэн мэдээллийг цахим орчинд санаатайгаар түгээжээ.
Монголчууд хүнсний хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр хангаж чадвал хүнсний аюулгүй байдлаа сахин хамгаалж, гадаад зах зээлийн хараат байдлаас ангижирна гэдэгтэй санал зөрөх хүн гарахгүй байх. Үүн дээр нэмээд Монголынхоо хөрсөнд цагаан будаа ургуулж, гадагшаа урсдаг асар их валютыг авч үлдэхийг манай компани эрхэм зорилгоо болгон ажилладаг. Баянхонгор аймгийн Баянлиг сумаас 10 тонн цагаан будаа хураан авсан хөдөлмөрийг худал хуурмаг байсан мэтээр гүтгэж гүжирдсэнийг “GIMEX” ХХК эрс няцааж байна.
Манай компани 2014-2015 онд БНАЛАУ-д газар түрээслэн тутарга тариалж ХӨСӨГ нэрийн Жасмин будаа зах зээлд гаргасны зэрэгцээ тариалалтын туршлага хуримтлуулан ажилласнаар эх орондоо тариалах ажлын эхлэлийг тавьсан. Үүний зэрэгцээ мэргэжилтнүүдээ өмнөд хөрш БНХАУ-ын тутарганы талбайд сургах, туршлага судлуулах зэргээр үе шаттайгаар бэлтгэж ирлээ. Энэ бүхний үндсэн дээр туршилт амжилттай болж, анхны ургацаа хураан авсан юм. Олон жилийн энэ хичээл зүтгэлд худал хуурмаг зүйл огтхон ч байхгүйг үүгээр мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг түгээжээ.
ӨДРИЙН СОНИН: ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ
Сэтгэгдэл
Баярхүү [202.126.93.243] 2022-05-13 09:36:08
Би Баянлигт ажлаар явж таараад үзсэн үнэхээр ургасан байсан. амжилт хүсье.ээ Харин Муу амлаад байгаа новшнууд өөрсдөө юу ч хийж үзээгүй байж худлаа гуцхаа боль
tusa [103.57.95.143] 2022-04-11 05:54:57
Уг компаний нэг нөхөр нь цагаан будаа эх орондоо нутагшуулсан гээд төрийн дээд шагналаар шагнуулаад байсан. Улс орон даяар хуурамч мэдээлэл цацаж, төслийн баахан хөрөнгө салхинд хийсгэсэн бол уг компаний захирлыг эрүү үүсгэн шалгах нь зүйтэй. Үнэн юм бол Баянлиг сумын ИТХурлын дарга Амарсанаа АТГазарт хандах нь зүйтэй. Худал бол өөрөө ялаа үүрнэ биз.
зочин [119.40.103.3] 2022-04-11 05:09:10
Нутгийн иргэд худлаа ярихгүй шүү. Жаахан ч болтугай цагаан будаа авсан бол нутгийн иргэд баярлаж л байгаа шүү дээ. Аягүй бол хятадаас жаахан будаа оруулж ирээд зээл авах санаатай ийм л үйлдэл хийж байгаа байх даа. Үүнийг шалгаад шийдчих тийм газар монголд байдаггүй юм байх даа.
f [103.229.122.226] 2022-04-07 05:32:16
Төсөл хэрэгжүүлж бн гээд мөнгө идээд тэрүүгээр land 300 авч унах, сонгодог монгол бизнес.
зочин [66.181.166.196] 2022-04-07 03:35:22
Цагаан будаа чинь бараг дан усан дотор ургадаг юм биш үү, говьд цагаан будаа ургах ч жаахан үнэмшилгүй л юм даа
Ийм л байна [202.126.88.228] 2022-04-07 03:14:31
Монголчууд цагаан будаа байтугай улаан буудайгаа ч ургуулж, арчилж сураагүй байгаа шүү дээ. Луйварчдад ургуулах арчлах биш, зүгээр л энд тарьсан гээд үзүүлэх юм л хэрэгтэй. Монгол орны хаа сайгүй ийм үзэгдэл бий, ургац авах эсэх чухал биш, хавар нь ирж сүр дуулиантай газар хагална, нэг юм тарьна. Тэрнийгээ юу ч гэж хэлнэ. Тэгээд тэр чигт нь орхино, цаанаа бол тарьсан нэртэй, яг үнэндээ луйварт л хэрэглэдэг. Дэрэвгэр жиргэрүү мөн адил, тарьсан нэртэй зэрлэгийг түүж, таримал нэрээр гаргана. Урдаас оруулж ирээд л Баянлигээс ургац авсан гэж хээв нэг хэлнэ.
Иргэн [66.181.161.16] 2022-04-07 03:03:43
Хөдөө аж ахуйн яамны бас нэг мөнгө идсэн арга илэрч бгаа юм бна. АТГ анхааралдаа авах хэрэгтэй юм байна
Зочин [202.179.25.160] 2022-04-07 00:57:26
Баянлиг бол Баянхонгор аймгийн хамгийн зүүн црьд захын сум. Сумын төвийн баруун, баруун урьдуур хотосдуу арай чийгтэй хэсэг газар бий. Маш хуурай, хойт талаасаа өмнөдийг /улсын хил рүү/ чиглэсэн хэдэн зуун мянган сайр бий. Түүнийг хаах замаар усан сан байгуулбал, энэ хотгорт будаа тарих боломж байх болохв уу. Түүнээс биш цөлийн бүсэд будаа ургахгүй ээ. . Нутгийхан хэдлээ ярихгүй ээ. Бас худлаа ярьж зээл авдаг нэгэн байна. тэр Мэндсайхан гэдгийг огцруул. Бас будаа гээд яриад байгаа зальт эдгээдэд зээл бүү өг. Дэндүүл Хятадаас будаа оруулж ирээд тарьсан гэж ярих гээд байх шиг байна.
Зочин [66.181.186.122] 2022-04-06 15:51:47
Нутаг ус гхзар шорооныхоо дэргэд бгаа хүн үнэн ярьж бгаа блгүй дэ.Иймэрхүү улсын хөрөнгөөр худлаа ярьж луйвар хулгай хийдэг зальт этгээдүүд УИХ гишүүд сайд дарганцаруудтай хувилдаж монголын ар түмэнг хуурч хувилдаж өчнөөн тэрбумаар хохироож өөрсдөө хөрөнгөждөг болмон.Нэг бол гадныхантай хувилдаж монголын баялаг хөрөнгө төсвийг иддэг.
Зочин [59.153.113.150] 2022-04-06 12:23:46
ОРОН НУТАГ НЬ ХУДЛАА ХЭЛЭХГҮЙ ШҮҮ
Зочин [202.126.88.158] 2022-04-06 06:56:38
Бас нэг луйварчинкомпани
Зочин [59.153.86.90] 2022-04-06 06:06:52
хэнийх нь үнэн бэ? нүдээр харсан хүн байна уу
Зочин [124.158.107.35] 2022-04-06 08:54:03
юу л бол будаа ургах нь хэхэ