Сүхбаатарын талбайд номын үзэсгэлэн, худалдаа гарч эхэллээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнесийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Их хотын хавар-2022” үзэсгэлэн, худалдаа, өдөрлөгийг гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл нэг сарын хугацаанд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа.
Тэгвэл өнөөдрөөс “Их хотын хавар-2022” үзэсгэлэн, худалдаанд хэвлэн нийтлэгч компани, номын худалдаа эрхлэгч, зохиолчдыг хамруулсан номын үзэсгэлэн, худалдааг зохион байгуулж эхэллээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 7-11-ний хооронд болох тус номын үзэсгэлэн, худалдаанд 10 гаруй хэвлэлийн компани, хуучин номын 20 орчим худалдаа эрхлэгч, 10 номын дэлгүүр болоод Монголын Зохиолчдын эвлэл, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбооны гишүүд, зохиолчид оролцон, оюуны бүтээлээ дэлгэж байна. Энэ үеэр мөн 14 их, дээд сургууль, сургалтын төвүүд танилцуулга хийхээр бэлтгэжээ.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс зохион байгуулж буй үзэсгэлэн, худалдаа тул оролцогчдоос ямар нэг түрээс, төлбөр авахгүй байгаа. Номын үзэсгэлэн, худалдаа тав хоногийн турш 09:00-19:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл