Тендер оройтуулсан төсвийн захирагч нарт хариуцлага тооцох уу

Aдмин / Хууль

Намрын их ажилтай зэрэгцээд энд тэндгүй шороо овоолж, зам хаадаг байдал нийслэлчүүдэд сургамж болж дуусахгүй нь бололтой. Их хотын иргэдийн ажил, амьдралыг алдуулж, ундууцлыг нь төрүүлдэг оновчгүй шийдвэрээ энэ жил өөрчлөх нь үү гэж баярлаж суутал үгүй аж. Уг нь замын ажлаа эрт эхлэх ажилд Ерөнхий сайд, хотын дарга нар манлайлж ажиллана гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Эргэн санавал өнгөрсөн жилийн намар хотын дарга Д.Сумъяабазар “Нийслэлд 2022 онд хийх төсвийг өмнөх оны арванхоёрдугаар сарын 5-ны дотор батална. Харин арванхоёрдугаар сарын 6-наас тендер сонгон шалгаруулалтын ажлыг эхлүүлнэ. Тиймээс нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд дээрх хугацаанаас өмнө үнэлгээний хороогоо байгуулж бэлтгэл ажлаа хангах шаардлагатай. Нийслэлийн дүүргүүд 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны дотор төсвөө батлах ёстой. Арванхоёрдугаар сарын 21-нд тендер зарлана. Ирэх жилийн дөрөвдүгээр сарын 1-нд бүх ажил эхэлсэн байх ёстой. Үүнтэй уялдуулах хэрэгтэй. Манай оронд бүтээн байгуулалт хийх боломжит зургаан сарын хугацаа л байдаг. Энэ хугацааг алдаж болохгүй" гэж байв.

Түүний дараа буюу нэгдүгээр сарын 19-нд Засгийн газрын хуралдаанаас гарч ирээд Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн ерөнхийлөн захирагч нарт гуравдугаар сарын 1 гэхэд өөрсдийн хариуцсан тендерүүдийг эхлүүлэх үүрэг өглөө. Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 50 орчим хувийг аймаг, нийслэлийн ЗДТГ руу шилжүүлсэн байдаг. Тендерийн үйл ажиллагааг хуулиараа төсөв баталмагц зарлаж болдог болсон. Өмнөх жилтэй харьцуулахад COVID-ийн хөл хориогүй байгаа учраас шалтаг тоочих ёсгүй” гэж байв. Ингэж хэлснээр сар хүрэхгүй хугацааны дараа “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохдоо “2022 оны улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно. Төсвийн худалдан авах ажиллагаа, тендерийг хугацаанд нь амжилттай зохион байгуулж чадаагүй яам, орон нутгийн удирдлагуудын ирэх жилийн төсвөөс хасах арга хэмжээ авна” гэсэн. Энэ үед нийслэл, орон нутгийн бүх төсвийн ерөнхийлөн захирагч нар Засгийн газрын танхимд сонсоод сууж байв.


Түүнчлэн хаврын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг өөрчлөхдөө тендерт оролцогч иргэн, аж ахуйн нэгжид тулгарч буй санхүүгийн ачааллыг бууруулах боломжийг бүрдүүлж, улам хялбарчилсан. Тухайлбал, тендерт оролцогчоос гаргах тендерийн баталгаа дөрөв дахин буурсан. Жил бүр давтагддаг ажил, зөвлөхийн бус үйлчилгээний гэрээг гурав хүртэл жилээр байгуулах болсноор санхүүгийн жил шилжих хугацаанд тасалдал үүсэхгүй. Нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувиас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол гэрээ шууд байгуулахаар болов. Түүнчлэн тендер шалгаруулалтыг хүний оролцоогүй хийдэг болох ба төрд байгаа мэдээллийг тендерт оролцогчоос дахин авахгүйгээр цөөн материал бүрдүүлэх боломжийг нээсэн. Цөөн жишээ дурдахад л ийм. Гэтэл өнөөдөр нийслэлийн түгжрэлийн төв цэг болох Яармагийн замаа хаачихсан. Энд тэндгүй автобусны чиглэл өөрчилж, уулзвар гарцыг хааж иргэдийг төөрөгдүүлсэн байдалтай. Өөрөөр хэлбэл, Яармагийн нүхэн гарцыг наадмын урт амралтын үеэр урагшлуулах боломжтой байсан талаар гүйцэтгэгч компанийн төлөөлөл “Хавар эрт ажлаа эхлүүлэхээр тохиролцсон боловч LRT хөнгөн галт тэрэгний төсөлтэй уялдуулах үүднээс дөрөв, тавдугаар сард ажлаа эхлүүлж амжаагүй. Зургаа, долдугаар сард бичиг баримтын бүрдүүлэлт, технологийн шийдэл, зам сэтлэх зөвшөөрлийг гүйцэлдүүлж материал техникээ бэлэн болгож байгаад наймдугаар сарын 1-нээс ажлаа эхлүүлсэн. Нүхэн гарц бүхэлдээ есдүгээр сард ашиглалтад орно. Нүхэн гарцын ойр орчмын ногоон байгууламжийг нөхөн сэргээж, хуучин хэвэнд оруулах гэхчлэн хийх ажил их бий. Бэлтгэл ажлаа хангаж, зам сэтлэх зөвшөөрлөө Тээврийн цагдаагийн газраас наймдугаар сарын 1-ний өдөр авсан" гэж ярьжээ. Эндээс харвал хэрэв хэлсэн хугацаандаа шуурхай ажиллавал хот, хөдөөнөөс оюутнууд цугларч, сургууль, цэцэрлэг эхлэх үеэр бүтээн байгуулалтын ажил дуусаж таарах нь. Гэхдээ бусад нүхэн гарцны жишгийг харвал 3-4 сарын хугацаа зарцуулдаг туршлага бий. Яаж ч бодсон наймдугаар сар дуусаж намрын сэрүү ортол Нисэх, Яармагийнхан зам дээрээ “амьдарсан” хэвээр байх нь.


Энэ онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд авто зам болон замын байгууламж, гүүр, явган хүний болон дугуйн зам шинээр тавихаар төлөвлөсөн ч есөн байршлын ажил төсвийн тодотголоор хасагдсан. Нийслэлд хийж буй зам засварын ажлын явцаас харвал Чингисийн өргөн чөлөөнөөс баруун Үйлдвэрийн гудамж хүртэл 1.23 км авто зам, 33 метр гүүр барих ажлын хүрээнд гүүрийн суурь, Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 4.3 км авто зам тавих ажлын хүрээнд 780 метр гүүр барихаар удаашралтай яваа хэсэг бий. Мөн Зайсангийн 218.4 метр урт төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэл, 68 дугаар сургуулийн баруун талаар Улаанхуарангийн гудамжийг Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй холбох 0.4 км авто зам, Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох 0.61 км авто зам, Дунд голын арын буюу Алтай хотхоны урд тавих 0.75 км авто замын ажил гэрээ байгуулах шатандаа яваа бол тендер нээх хугацаа болоогүй ажлууд ч бий. Тэр дунд Сонгинохайрхан, Баянгол дүүрэг, Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 2.4 км авто зам, Ард Аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцлол, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн авто замын баруун талаас 22-ын товчооны баруун талын гарц хүртэлх найман км замын үлдсэн хэсэг болох 5.367 км авто зам, ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн баруун талаар Туул гол гудамжийг Б.Шаравын гудамжтай холбох 1.85 км авто зам багтаж байна. Энэ мэтээр тендерээ хугацаанд нь зарлалгүй оройтуулж олны ажил, амьдрал, эрүүл мэндээр “тоглож” байгаа байдлыг дараа жил давтахгүйн тулд шахаж шаардах ёстой. Төрийн байгууллага нь өөрсдийн гаргасан хууль журамдаа захирагдаж, үлгэрлэн мөрдөхгүй юм бол Засгийн газрын тэргүүн хэлсэндээ хүрч үгэнд ордоггүй төсвийн ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцож, дараа жилийн төсөвтэй нь “ярих”-ыг харж сууя.


Нийслэлийн авто замын газар “Өмнөх жилүүдэд дөрөвдүгээр сараас эхэлдэг байсан бүтээн байгуулалтын ажил энэ онд гуравдугаар сарын эхнээс эрчимжиж, тендер зарлах, бичиг цаасны ажлаа гүйцэлдүүлэх зэргээр хугацаа алддаг байсан алдааг давтахгүйн тулд бэлтгэл ажлыг гуравдугаар сардаа багтаан хийсэн” гэсэн тайлбарыг өгч байгаа ч бодит ажил ямар байгаа нь хүн бүрт ил биш гэж үү.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.0] 2022-08-11 01:00:26

Тендер зарлаж авилга өгсөн компанийг шалгаруулах дээрээс нь төрийн албаныхан хувааж идэх шахаа хийх гээд цаг зав алдсаар бүх ажил 7сар гаргаж эхэлдэг жишиг тогтсныг хэн хэзээ шалгаж хариуцлага тооцох вэ Бүгд хуваагаад хусчихсан болохоор хэн хэндээ хариуцлага ярьж чаддаггүй монгол төрийн оролцсон бүх ажил ийм л байдаг

оноч [66.181.160.81] 2022-08-10 12:57:34

Авилга авах арга саам хайсаар хойшилдогдоо. Доод дунд шатанд авилга авч чадахгүй боломж гарахгүй бол чимээгүй дараад л байдаг.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.