МАЛЫН ТҮҮХИЙ ЭД ҮНЭГҮЙДЭХ ЦАГААР МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ Ч ГАНХАНА

Aдмин / Эдийн засаг

Монголчуудын мандал, буурал, доройтол, хүчирхэгжилтийн олон мянган жилийн түүхтэй амин мөр шиг холбоотой нүүдэлчин соёл, иргэншил, малчдын амьдрал коммунизм, социализмын хоосролд нэрвэгдэж, нуруугаа холгуулж, ган зудын гашуун зовлонд эдлүүлж өдий хүрсэн ч уугуул төрх, уламжлалт ахуйгаа бүтнээр авч үлдэх дорвитой бодлого 32 жилийн хугацаанд дутуу дулимаг, доголон эцэнхий байв.

Нийгмийн даатгалын нөхөн төлбөрийн хугацааг зохицуулж, тэтгэвэрт орох насыг наашлуулсан нь үрчийж хатсан өрц өчүүхэн тэнийх шиг гялтайх нэгэн дусал ч дийлэнх нь 60 гараад л нас нөгчдөг монгол малчин эрчүүдийг ялгаварлан гадуурхаж яллан цээрлүүлэх мэт тэтгэвэрт орох насны дээд хугацааг таван жилээр холдуулсан.

Малчид үхэх эрхгүй. Оюутны зээл төлдөг малчдын амьжиргаа улам л дордсоор Малын гаралтай түүхий эд жалганд хаягдаж, 500 төгрөг ч хүрэхгүй болохын цагт Монгол малчны хөдөлмөр, монгол мал, монголын тусгаар тогтнол үнэгүйдэж ирсэн. Оюутны зээлийн төлбөрт байдгаа барсан малчдын төчнөөн жилийн зарлага эргээд нөхөгдөх гарц байхгүй. Учир нь 7 сая төгрөгийн сургалтын төлбөрийг өсөн нэмэгдүүлж төлөхөд 4 жилд 30 сая гаруй төгрөг төлөх ба төгссөн оюутан хүүхэд нь ажлын байраар хангагдах хомс нөхцлийг арай гэж гэтлэн ажилд ороход 1 сая ч хүрэхгүй цалин авч гагц биеэ арай гэж торгоон амьдрах болно. Дарханы арьс ширний цогцолборыг улс төржилтийн золиосонд хэрчээд хаячихсан нь малчдын орлогын эх үүсвэр хумигдах, гачигдал, ядуурлын гашуун зовлонд нэрвэгдэх аюулд улам л өртсөөр. Говийн малчид газар нутаггүй, ус бэлчээргүй болсон тул их нүүдлийн цуваа мөд тасрахгүй. Татварын бодлогоо хяхах шийдвэртээ эрслэн хүрсэн төрийн хатуу саварт базагдсан малчдын амьдрал арав таван төгрөг ч амин хэрэгцээнд нь чухал.

Гэтэл тоолсон толгой болгонд нь татвар тавьж, социализмын үеийнх шиг хуруу даран тоолж, үхсэн малаа актлуулах ёстой. Үгүй бол татвараас зугтсанд тооцох ч гэнэ. Оффшорчдын суганд хавчуулагдсан засаг төр маань энгийн номхон малчдаа эрээ цээргүй дарлаж, эх адаггүй хөөж туун, ус бэлчээрийг нь булааж, амьдрах эрх чөлөөнөөс нь хасч байгааг хойчийн түүх гэрчлэх биз ээ.

Нийтлэлч: Б.Дорж


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.