АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК: ҮНЭ УЛАМ ХӨӨРӨГДӨЖ, ЭДИЙН ЗАСАГ ДЭЭРДЭХГҮЙ
Азийн хөгжлийн банк Монголын эдийн засгийн суурь судалгааг тоймлон дараахь дүгнэлтэд хүрснийг тоймлон үзүүлье. Монголын эдийн засгийн нам түвшний аажим өсөлт 2022 онд хадгалагдах боловч инфляци болон урсгал дансны алдагдал өмнөх төсөөллөөс давж өсөх төлөвтэй. “Азийн Хөгжлийн Төлөв (АХТ) 2022” шинэчилсэн тайланд тусгаснаар 2022 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн өмнөх төсөөлөл 2.3%-ийг бууруулж 1.7%-д, ирэх оны төсөөлөл 5.6%-ийг мөн бууруулж 4.9% болгосон байна.
“Эдийн засагт сэргэлтийн анхны шинж тэмдэг бий болж байгаа хэдий ч, ойрын төлөв нь эмзэг бөгөөд тэнцвэргүй байна”
Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилга, тээврийн салбарт агшилтууд үргэлжилж, аж үйлдвэрлэлийн салбарын сэргэх хугацаа өмнөх хүлээлтээс хойшлогдлоо.
Инфляци огцом өсч сүүлийн 16 сарын турш төв банкны зорилтоос өндөр түвшинд байсаар байна. Нийлүүлэлтийн тасалдал, тээврийн зардлын өсөлт, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсны дотоодын үнийн түвшинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүнс, түлш шатахуун, хэрэглээний барааны импортын үнийн өсөлтөөс голлон шалтгаалж инфляци өндөр түвшинд хэвээр байна.
Эдийн засагчид:
Практик дээр инфляци хүчтэй болох тутам төрөөс зохицуулалт, бодлого явуулахад улам хүндрэлтэй болдог. Мөнгөний зах зээл, төрийн санхүү, хөрөнгө оруулалт, хэрэглээ гээд л эдийн засгийн бүх амин гол салбарыг инфляци нь хамарч хяналтгүй болох юм бол түүний эсрэг бүхий л арга хэрэгслээр тэмцэх нь яах аргагүй төрийн маш чухал зорилт, бодлого байдаг. Энэ үед хөгжил, өсөлтийн асуудал хоёрт тавигддаг.
Судалгаа дүгнэлтээс ажиглавал Монгол улсад барааны үнийн өсөлт мөд буухгүй ба энэ нь эдийн засагт улам хүндрэлийг авч ирэх, хэрвээ яаралтай арга хэмжээ авахгүй бол монгол улс эдийн засгийн уналтад орох эрсдэлд орлоо.
Монгол улс банкны зээлээр эргэлтийн хөрөнгөө 96 хувиар шийддэг эдийн засагтай. Блүүмбергийн судалгаагаар Монгол улсын нийт экспортын 92% нь Хятад улс руу гардгаас 90- ээс дээш хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн юм. Өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр байвал хэрэглэгчдийн худалдан авалт буурч, аж ахуй нэгжүүдийн борлуулалт муудаж, арилжааны зээлээ төлж чадахгүй болох эрсдэлтэй. Ингэснээр банкууд дампуурч манай улсын эдийн засгийн хөшүүрэг нуран унана.
Уул уурхайн бүтээгдэхүүн төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг ч чөлөөт зах зээлд эерэг нөлөө үзүүлж чадахгүй... Монгол банкны зүгээс “ бодлогын хүү”- г бууруулах зохицуулалт хийж болох ч энэ арга хэмжээ урт хугацаандаа буюу 1- 2 жилд шархаа нөхөх үр дүнтэй, богино хугацааны огцом эрсдэлтэй хүчин зүйлсийн хор нөлөөг бууруулж чадахгүй. Монгол улсын эдийн засагт валютын нөөц бүрдүүлэх, хөрөнгө оруулалт татах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг төрийн чадварлаг менежментийн бодлого яаралтай хэрэгтэй.
Сэтгэгдэл