Н.Алтанхуяг: "Эрдэнэт"-ийн овоолгоос зэс ялгаж авдаг үйлдвэрүүд улсын хөгжилд олон давуу тал бий болгож байгаа
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн мэдүүлсэн "Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухайн тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Энэ тогтоолын төслийг энгийн ойлгомжтой үгээр хэлбэл, 33,33,34 гэсэн товчлол хэлж болно. Энэ нь Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр бол Монгол Улсын 100 хувийн өмч. Монголчууд Эрдэнэтийнхээ баялагийг ард түмэн, хэрэгтэй зүйлдээ сайн зарцуулж чадаж байгаа. Гэтэл хүдэр гэх мэт зүйлсээ дэлбэлээд зөөгөөд шинжилгээ хийгээд, үйлдвэр рүүгээ оруулаад баяжуулах гэхээр агуулга нь бага. Эсвэл исэлдсэн гэсэн хоёр нэр томъёо гарч ирдэг. Энэ хүдрийг тусгайлан овоолчихоод дараа нь тусгай технологи гаргавал энэ хүдрээ угаана. Зэс гаргах боломж маш их байдаг. Эрдэнэтийн нийт зэсийг яриагүй. Дараа ашиглая гэсэн хүдрийнх нь тухай би яриад байгаа юм.
Овоолгоос цэвэр зэс ялгаж авдаг. Нийт гурван үйлдвэр байгаагаас хамгийн эхэнд 1994 онд, дараа нь 2010 онд, гурав дахь нь өнөө маргаашгүй ашиглалтад орно. Эдгээр үйлдвэрүүд Монгол Улсын хөгжилд олон давуу тал бий болгож байгаа. Харин миний хэлэх гээд байгаа санаа нь дээрх үйлдвэрүүд улсын хөгжилд нэмэртэй байж болох ч Эрдэнэтийн иргэдэд ямар ч хүртээлгүй явдал.
Эрдэнэт буюу Орхон аймагт ч ямар нэгэн хүртээлгүй байна. Тиймээс хуулийн төслийг өргөн барьсан. Уулын баяжуулах үйлдвэрт 34, аймагт 33, иргэд 33 хувь эзэмшинэ гэдгийг тусгасан. Өнөөдрийн тооцооллоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын жилд 300 гаруй тэрбум төгрөгийн ашиг олох боломжтой. Улсын төсөв төдийгүй орон нутгийг хөгжүүлэхээс гадна иргэд хүртэл хувь хүртэх боломжтой. Бүр тодруулж хэлбэл Эрдэнэтийн нэг иргэн жилд нэг сая төгрөгийн хувь хүртэж болно. Хэн нь ч хожигдохгүй гэсэн үг. Ингэснээр байгалийн баялагаа зөв зохистой ашиглахаас гадна аймаг орон нутагт хөгжил бий болгох нэмэртэй" хэмээлээ.
Эх сурвалж:www.polit.mn
Сэтгэгдэл
Зочин [202.21.127.160] 2022-10-25 11:15:16
Тэгээд үйлдвэрийн эзэн нь юу эзэмших юм вэ?