Г.Баасан: Бүх нам тараасай
Хуульч, ардчиллын анхдагчдын нэг Г.Баасантай ярилцлаа.
Та Ч.Мөнхбаяртай сүүлд хэзээ уулзсан бэ?
Арав гаруй хоногийн өмнө уулзсан. Ч.Мөнхбаяр 421 дүгээр нээлттэй хорих ангид хоригдож байгаа.
Түүний биеийн байдал нь хэр байна?
Манай үйлчлүүлэгчийн биеийн байдал сайн биш байгаа. Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид байхдаа хоёр удаа эмнэлэгт хэвтсэн. Дахиад ч эмнэлэгт хэвтүүлэх шаардлага үүсээд, хөөцөлдөж байна. Өөрөө мэдээж гэм буруугүй гэдэгтээ хатуу итгэлтэй байгаа. Хоёрдугаарт энэ хүн бол сэтгүүлч. Монгол туургатны төлөө үзэл бодлоо илэрхийлдэг. Миний энэ үзэл санаа яавч буруу байх ёсгүй. Би Монгол улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын эсрэг ямар нэг муу юм хийгээгүй гэдэгтээ итгэлтэй байгаа учраас шүүх намайг хэлмэгдүүлж, хилсээр ял оноож байна гэсэн байр суурин дээрээ хатуу байгаа.
Үүнийгээ тантай уулзах бүртээ байнга илэрхийлж байна уу?
Байнга илэрхийлж байгаа. Анхан шатны хоёр, давж заалдах шатны хоёр гээд нийт дөрвөн удаагийн шүүх хурал болоод байна. Шүүх хурал болгон дээр үүнийгээ илэрхийлж байгаа.
Хятадын захиалгаар түүнийг яллаж байна гэж та хэлж байсан. Яагаад ингэж хэлэх болов?
Монгол улс бол тусгаар тогтносон, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан орон. Миний үйлчлүүлэгч дээр анхаарал татаж байгаа гол зүйл бол Ч.Мөнхбаярын үйлдлийг БНХАУ-ын эсрэг хууль бусаар тагнуул хийсэн гэж яллаж байгаа.
Тэгэхээр Монгол улсынхаа эсрэг явсан, Монгол хүнийхээ эрх чөлөөг зөрчсөн, эд хөрөнгөд нь халдсан, Монгол улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах хүчин чадал, Монгол улсын нийгэмд хор хохирол учруулсан хэргийг л Монгол улсын хуулиар авч хэлэлцэнэ. Түүнээс бус Хятад улсын эрх ашгийг зөрчсөн байна гээд Монгол улсын хуулиар явах боломж байхгүй.
Гэтэл нийслэлийн хяналтын прокурор Ц.Батбямба яллах дүгнэлт үйлдэхдээ БНХАУ-ын эсрэг тагнуул хийсэн гэж 37 удаа дурьдаж байгаад миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1-т зааснаар яллаад байгаа юм. Үүнийг нь бид зөвшөөрөхгүй найман сар гаран процесийн ажиллагаа явагдаад, эсэргүүцээд өнөөдрийг хүрлээ. Тэгээд нотлох баримт нь, гадны тагнуул гэдэг нь тогтоогдоогүй байгаа тохиолдолд хүн яллана гэдэг бол хуульгүй болсон гэсэн үг. Үүнийг хэлсэн, үнэн мөнийг илчилсэн, шүүмжилсэн өмгөөлөгч нарын эрх ашгийг нь хөндөх гэж асуудал тавьж байгаа Монголын шүүх засаглал, Шүүхийн ерөнхий зөвлөл, прокурорын байгууллага, тагнуулын мөрдөгч нар, нэг үгээр хэлбэл хуулийн тогтолцоо зөвхөн өмгөөлөгч нар луу дайрч байна. Энэ бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 5.4 дээр өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа гээд байж байгаа. Энэ нь эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчийг шалгах, мэдүүлэг авахыг хориглосон байгаа. Гэтэл хориглосон хуулийн заалтыг давж байна гэдэг чинь цаанаа ямар нэгэн ашиг сонирхлын өмнө үүргээ биелүүлэх гэсэн хүсэл эрмэлзэл байна гэдгийг харуулаад байгаа юм. Тийм учраас би энэ үгийг хэлээд байгаа юм.
Танд Ч.Мөнхбаярын гэм буруугүйг нотлож чадах хангалттай нотлох баримт байгаа ч түүний хэргийг нууцын зэрэглэлд оруулсан тул олон нийтэж дэлгэж чадахгүй байна гэж мэдэгдсэн тань ямар учиртай юм бэ?
Ч.Мөнхбаярын хэрэг бол Монгол улсын төрийн болон албаны нууцын тухай хууль, төрийн хамгаалалтанд байдаг мэдээллүүдтэй ямар ч хамааралгүй. Ч.Мөнхбаярын үйлдэл бол ерөөсөө жагсаал цуглаан хийсэн, Монгол бичгийг хамгаалсан, Өвөрмонгол хүний зөрчигдсөн эрхийг хамгаалсан, дандаа хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан, үндсэрхэг үзэл санааг илэрхийлсэн, магадгүй өнөөдрийн Засгийн Газрыг, Ерөнхий сайдыг Хятадаас хэтэрхий их зээл авч байна, Хятадыг манай алтан хөрш гэж байна, хөгжлийн галт тэргэнд сууна хэмээн алдаатай үг хэлж байна гэж сэтгүүлч хүнийхээ хувьд шүүмжилсэн үзэл бодлоо илэрхийлсэн төдий зүйл. Түүнээс бус төрийн нууц хамгаалж явдаг, төрийн нууцыг хамгаалах үүрэг хүлээсэн, тэр нууц дээр үйл ажиллагаа явуулж байдаг хүн биш. Тагнуулын байгууллага хэнийг ч гэмт хэрэгт хийж болох хуйвалдаан, даалгавартай ажлаа нууц болгодог юм байна. Тэгээд түүнийгээ маш нууц гээд тавьдаг юм байна. Түүнийхээ ард хууль, хүний эрхийг зөрчөөд, гэмт хэргээ үйлдээд явж байдаг юм байна. Үүнтэй нь эвлэрсэнгүй гээд бидэнтэй асуудал ярьж байна шүү дээ. Ингэж болохгүй.
ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам та нарыг ёс зүйн алдаа гаргасан гэж Өмгөөлөгчдийн холбоонд гомдол гаргажээ. Та нар ёс зүйн ямар алдаа гаргасан юм бэ?
Эхлээд ёс зүй ярихын тулд хууль ярих ёстой. Хуулиа дээдлэх ёстой. Хууль дээдэлсний дараа шударга ёс тогтож байна уу гэдгийг ярих ёстой. Үүний дараа гурав дах эрэмбэнд нь ёс зүй орж ирнэ гэж миний хувьд харж байна. Өнөөдөр хүний эрх, эрх чөлөө хөсөр хаягдсан. Нийгмийн шударга байдлын үнэлэмж алдагдсан. Хууль эрх мэдэлтнүүдэд таатай, энгийн ардад хатуурхдаг болсон ийм цаг дор ёс зүй ярина гэдэг учир дутагдалтай. Дээрээс нь туслалцаа үзүүлэх гээд өмгөөлөл үзүүлж яваа хүнийг, мөрдөн шалгах ажиллагаа нь эцэслээгүй байхад ёс зүй ярьж байна гэдэг нь өөрөө хууль зөрчиж байгаа юм. Бид нарын хувьд мэдээж хууль л шаардсан. Дуу хоолойгоо гаргаж, хүчтэй хэлсэн.
Би 9 сарын 21-ний шүүх хурал дээр, хяналтын шат юм чинь хянаад Ч.Мөнхбаярыг буруугүй гэдгийг тогтооно гэж итгэж орсон боловч өмгөөлөгчдийн байр суурийг сонсоогүй. Яллагчийн тэр их өөрийгөө үгүйсгэж байгаа, бичиг баримтыг харсан атлаа өмгөөлөгчийг дэнслэхгүйгээр, улсын яллагчид давуу байдал бий болгосон. Тэр хүн дур зоргоороо авирласан.
Өмгөөлөгч нарт тэр хүний дур зоргоороо авирлаж буйг хазаарлан зогсоох эрхийг шүүгч нар олгоогүй. Тэгээд тэр үйлдлээ мундаг, хууль ёсны, шударга ёсны, бүр ёс зүйтэй үйлдэл гэж үзэх гээд байна шүү дээ. Шүүгч, прокурор бүгдээрээ нийлж өмгөөлөгч миний мэргэжлийн ажилд дарамт учруулж, ажлаа хэвийн хангалттай хийх боломжийг хааж, илт доромжлоод байхаар нь би цочирдож, давчдаад, стрэсдсэндээ тэр өдөр шүүх танхимаас гараад “Хужаагийн шээснүүд” гэдэг үгийг хэлсэн юм. Энэ үгийг би хэн нэгэнд зориулж, нэр цохож хэлээгүй. Зүгээр л дотоод бухимдлаа илэрхийлсэн. Үүнийг ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Баасан гэдэг хүний амнаас гарах бүх үгийг эд нар хянаж одоо чи ярь, одоо дуугүй бол гэж хэлэх зохицуулалт байхгүй шүү дээ. А.Батдорж өмгөөлөгч бид хоёр “та нар хууль зөрчиж байна”, “Хятадын нэрийн өмнөөс яллахгүй ээ” гэж өмнөх шүүх хурлуудаар хангалттай хэлж байсан. Тэр үед яагаад эд нар дуугараагүй юм бэ. Дуугараагүйг нь би одоо ойлгож байна. Хяналтын шатны шүүхээр гарсан шийдвэрийг дээд шатны шүүхийн дөрвөн шүүгч хянах шаардлагагүй гэж гарын үсэг зуруулж, хянахаа больсон.
Монгол Улсын хууль ийм болсон. Нэг үгээр хяналтын шатны дөрвөн шүүгч гарын үсэг зурчихвал тэр гомдол гуравдугаар шатаар буюу дээд шатны шүүхээр орохоо больсон шүү дээ. Ингэж өөрсдийгөө амарчилсан, хялбарчилсан, Монгол улс гурван шатны шүүхтэй байна, дээд шатны шүүхийн шийдвэр эцсийнх байна гэж Үндсэн хуулиараа хуульчлаад байхад процесийн хуулин дээр дөрвөн шүүгч гарын үсэг зураад үүнийг дээд шүүхээр оруулах шаардлаггүй гэвэл оруулхааргүй болгоод давж заалдах шатны шүүхийн магадланг хэвээр нь баталдаг болсон шүү дээ. Үүндээ тааруулж өнөөдөр өмгөөлөгч нарыг давж заалдах шатны шүүх дээр дорд үзэж, доромжилж, мэргэжлийн ажилд нь халдаж байж Ч.Мөнхбаярт оноосон 10 жилийн ялыг хэвээр нь баталсандаа бяр нь амтагдаж байна шүү дээ. Тэр бяр нь амтагдаад зогсохгүй өмгөөлөгч нарын өмгөөллийн ажилд нь халдаж эхэлж байна. Үүнийг би зөвшөөрөхгүй байна.
Энэ асуудал дээр Монголын бүх хуульчид, эрдэмтэн, докторууд нэгдэж, анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хоёр өмгөөлөгч рүү шүүх эрх мэдлийн институц ингэж бүтнээрээ дайрч байна гэдэг бол Монгол улсын хуулийн тогтолцооны гол нуруу болсон шүүх ганхаад уначихжээ гэдгийг илэрхийлж байгаа юм. Түүнээс өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж хоёр хамгийн муухай болчихжээ гэж харуулахгүй байгаа юм. Би үүн дээр итгэлтэй байна.
Та тэмцэгч Г.Баасангаас хуульч, өмгөөлөгч Г.Баасан болоод зургаан жил болжээ. Салбартаа нилээн шүүмжлэлтэй хандаж байна. Ер нь хууль, шүүхийн байгууллагын хүрээнд орж ажиллахаар ямар байдаг юм байна?
Яахав, бүх зүйл муухай биш шүү дээ. Хаа газар сайны төлөөлөл, гэрэл гэгээ байж л байгаа. Гэхдээ муу нь давсан байна. Муу нь олонхи болсон байна. Муу нь аргаа нэгтгэсэн байна. Үүнийг л би зөвшөөрөхгүй байна.
Би бол иргэний нийгмийн том төлөөлөгч. Би бол Монголын ахмадуудын, ахмад дайчдын, газар шорооны, ээж нарын, хүний эрхийн гээд маш олон асуудал хөнддөг. Хөнддөггүй асуудал бараг байхгүй.
Яагаад гэвэл асуудал болгон бүхлээрээ Монголын хувь заяа учраас. Гэхдээ хуулийн байгууллагад ороод, хуулийн шугамаар явахаар ажил мэргэжилдээ үнэнч шүүгч, мөрдөгч, прокурор байна уу гэвэл байна. Гэхдээ үнэнч шударга байсныг нь хөхиүлэн дэмждэг төрийн бодлого, механизм алга. Төрийн механизм өөрөө маш явцуу, худал хуурмагийг, муу муухай аргыг хөхиүлэн дэмжиж, ард түмний эрх мэдлийг өөрсдөдөө атгаж байх гэдэг бохир байдал газар авсан байна. Дээрээс нь 32 жил Хятад улсаас авч буй зээл тусламж, Монголд бизнес хийж, амьдарч буй Хятадуудын орон зай хэтэрхий их газар авсан байна. Нэг үгээр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүн амын тоо, эдийн засгийн нөлөөлөл, манай Монгол улсад ирээд эзэмшиж, ашиглаж, завшиж байгаа зүйл нь төрийн хяналтнаас гарсан байна. Үүнд манай төрийн албан хаагчдын хариуцлага, сахилга, авч буй цалин, төрийн ажлын эрэмбэ дараа алдагдсан учраас хүн болгон байгаа, байгаа дээрээ нэг хэсэг нь ёс зүйтэй, үнэнчээр нөгөө хэсэг нь худлаа ч гэсэн сайхан амьдрахын төлөө зүтгэе гэсэн хоёр фронт болсон байна гэж би харж байна.
Та төрийн албан хаагчдын хариуцлага, сахилга бат, ёс зүй ярьж байна. МАН үнэмлэхүй олонх болоод 6 жил өнгөрчээ. Монгол улсын нийгэмд ямар үр дагавар үзүүлж байна вэ?
Ардчилсан тогтолцоонд хяналттай төр байх ёстой. Хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх бүгд нэг намын гарт орсон. Энэ л бидэнд том аюул. Юун Украйны дайн, ковид. Түүнээс том аюулыг авчирсан байна. Энэ аюулд Монголын хүн ам тэр чигтээ автсан байна. Дээрэлхүүлж байна. Өнөөдөр Г.Баасан гэдэг хүн үүнийг хэлээд өмгөөллийн эрхийнхээ асуудлаар яриулж байна. Үүнийг хэлмээр байсан ч амьдралаа залгуулах гээд ихэнх нь толгой гудгар, нуруу бөгтгөр, сэтгэл гундуу явж байна. Би ямар ч тохиолдолд, хэзээ ч шудрага бус юмтай нийлж, толгойгоо гудайлгаж, өвдгөө сөхрүүлж, өнөөдрийн хоолыг маргаашийн аз жаргалаас илүү үзэж явахгүй. Би Монгол хүн болж төрсөн учраас энэ эх орон нэгдүгээрт тусгаар тогтнолтой байх ёстой, газар шороо нь бүрэн бүтэн байх ёстой, төр нь хүн арддаа хайртай, үүх түүхэндээ үнэнч байх ёстой байхгүй юу. Тэгээд дараа нь хүмүүсийн ажил амьдрал яригдана. Тийм үү. Үндэсний аюулгүй байдал ганхаад байхад бидэнд эд хөрөнгө, өндөр цалин ямарч хэрэггүй шүү дээ. Монголчууд эх орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, түүнийг манаж чаддаг төрийн асуудлыг нэгдүгээрт тавих ёстой гэж би харж байгаа. Энэ л миний үзэл санааны ноён оргил. Би үүндээ л үнэнч явна.
Ардчилсан нам хоёр хуваагдсан хэвээрээ байна. С.Эрдэнэ дарга хэвээрээ ирэх УИХ-ын 2024 оны сонгуульд орж магадгүй тухай яриа байна. Ер нь энэ янзаараа АН нэгдэж чадах болов уу? Та ардчиллын анхдагчийн хувьд ямар бодолтой явдаг вэ?
Би намуудын институтыг Монгол улсад сүүлийн 32 жил дандаа буруу технологиор, буруу аргаар явсан гэж хардаг. Тиймээс би аль ч намыг зөвшөөрдөггүй. Ардчиллын үнэ цэнэ гэдэг ганцхан АН-аар тодорхойлогдохгүй. Монгол хүн болгон зүрх сэтгэлдээ Монголын ардчиллын үнэ цэнийг хамгаалах тухай бодож явах ёстой юм. Намын хуваагдлын асуудал яригдаж байна. Өнөөдөр хуваагдаад байгаа юмуу, хуваагаад байгаа юм уу? гэдэг асуудлыг бид нар онцгой анхаарах ёстой. Ардчиллын төлөө анхнаасаа гарч ирсэн нөхдүүд үнэхээр цэвэр ардчиллынхаа үрийг тарих гэж бүх зүйлийн эсрэг зогсоод, үнэхээр ардчиллын цэвэр тунгалаг хөрсийг тавьж чадсансан бол өнөөдөр бид ийм байдалд хүрэхгүй байх байсан.
32 жилийн өмнө ардчиллыг тавихдаа тухайн үеийн 70 гаран жил Монголыг барьж байсан коммунист намын урхинд орсон. Тэдний хавчлагыг тэвчихгүй бөхийсөн. Тэр бөхийсөн үйлийн үрийг өнөөдөр Монголын ард түмэн үүрээд явж байна. Тийм учраас би бүх нам тараасай гэж боддог.
Бүх нам тарж, гишүүнчлэлгүй, эд хөрөнгөгүй, эрэгтэйчүүдийн, эмэгтэйчүүдийн байгууллаггүй болоод зөвхөн Монголыг яаж хөгжүүлэх юм гэдэг төрийн механизмийн бодлогоо уралдуулж сонгуульд ордог болоосой л гэж боддог. Монгол 3.4-хөн сая хүнтэй. 2.4 нь сонгуульд ордог гэж бодьё. Нэг л тойрог байх ёстой. Ийм цөөхөн хүнийг 76 тойрогт хуваана гэдэг өөрөө хорлон сүйтгэх ажиллагаа буюу хортой бодис. Нэг тойргоос 76 шилдэг нь гарах ёстой. Гүйцээ. Тэр 76 улсаа аваад явах ёстой. Харин гарсан 76 нь халдашгүй байж болохгүй. Үндсэн хуулиар хууль шүүхийн өмнө бүгд эрх тэгш гэж хэлчихээд 76 нь гишүүн болоод халдашгүй болчихоор яах юм. Гишүүний халдашгүй байдал гэдгийг болих хэрэгтэй. Ингэж байж бид ардчиллын үнэ цэнийг авчирна. Шударга ёс гэж ямар сайхан юм байдгийг бид үнэртэж чадна. Хүн болгон үүнд хайртай болно. Харин өнөөдрийн байгаа тогтолцоогоор 15000 нам, 350 гишүүн байгаад ч хэрэггүй. Би бол ийм л бодолтой хүн.
Ярилцсан Ч.Явуухүү
Сэтгэгдэл
Энхбат [64.119.18.193] 2022-11-02 14:03:09
Эрлийз хужаа нарыг эх орноосоо хөөё хятад сургуулиудыг хааж монролын иргэншил авсан бүгдийг цуцлаж хужаа нарыг нь гаргая.Манан мафийг хилээрээ гаргая устгая гээд Мөнхэрдэнэ яриад байгаа биздээ
Зочин [66.181.160.62] 2022-11-01 22:36:49
Намууд их бузартсан. МАН ч гэсэн дотроо бөөн тулалдаан. Юун улс орны эрх ашиг. Үндсэн хуулиа л өөрчлөхгүй бол энэ хэд өөрсдийнхээ нам хэмээх бамбайгаа авахгүй л байх даа.
Ardhvv [71.163.110.3] 2022-10-31 14:53:41
ene zuv shvv bich ingej bodoj baina baasan umguulugch zuv helj baina mongol hvn mongol gazar shoroogo mongol hvnee hamgaalah ystoi ene deer bichsen hoyr bol um oilgohgvi hytadiin sheesnvvd bna.mongoliin huuli shvvh hytadiin gar hul bolj mungu avdag ni vvgeer ilerhiilegdej baiga um uunii chi uur ulsiin umnuus uuriinhu ornii hvniig yllah um be mungu .bas daalagvar avchaad l ingej yllaj bna (minii boloor bol (harinch sain um bishvv huviin tagnuul hiij manai tagnuuliin baiguulagt tustai )
NAM [43.242.243.244] 2022-10-31 11:41:22
Hulgaich avgai. Tumur zamyg muulaad baidag. Ter tumur zamaas avsan bairaa butsaaj uguurei chi muu
иргэн [139.5.219.236] 2022-10-31 08:32:59
Энэ настан тэтгэвэртээ сууснуу.Намайг жоохон байхад л хөгшүүлийг бужигнуулдаг гар байсандаа
Зочин [66.181.177.134] 2022-10-31 08:11:34
энэ маш өв шүүдээ. Баасан гэж хүн биш юм шиг бүү бод. энэ хүн нэнийг хэлж байна. Өөр улсын өмнөөс өөрийн иргэнээ ялладаг орон монголоос өөр байхгүй баас монголын шүүх прокурор
Зочин [202.126.94.106] 2022-10-31 05:04:38
Балай эмгэн хүртэл ингээд байхаар улс хөгжихгүй шижгийн эмгэн