Солонгосын хойг дахин түгшүүрт автсан шалтгаан - цөмийн 7 дахь туршилт

Aдмин / Гадаад мэдээ

БНАСАУ 7 дахь удаагаа цөмийн туршилт хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл 5 дугаар сараас хойш Америкийн болон Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн хуудаснаас салсангүй. Хамгийн сүүлд гэхэд, ХКН-ын их хурал дууссан 10 дугаар сарын 22-ноос АНУ-ын Конгрессын завсрын сонгууль болох 11 дүгээр сарын 8-ны хооронд Умард Солонгост ээлжит цөмийн туршилт болж магадгүй, одоо зөвхөн удирдагч Ким Жөн Уны улс төрийн шийдвэрийг хүлээж байна гэх мэдээлэл тархжээ.

Өмнө нь таамаглахдаа, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сүк Ёл-ын тангараг өргөх ёслолын үеэр, мөн Ж.Байден Япон, Өмнөд Солонгост айлчлах үеэр Умардын тал цөмийн туршилт хийж магадгүй тухай хэвлэлүүдэд бичиж байлаа.

Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээллээр, Пунгери дахь цөмийн туршилтын талбайн 3 дахь цооногийг сэргээн босгох ажил үндсэндээ дууссан нь Умардын тал өнөө маргаашгүй цөмийн туршилт хийх гэж буйг харуулж байгаа аж. Туршилт хийж магадгүй тухай АНУ, Өмнөд Солонгосын албаны хүмүүс ярьж байгаа төдийгүй НҮБ, МАГАТЭ-гийн хүрээнд ч болгоомжлоод эхэлжээ.

Умард Солонгос цөмийн туршилт хийсэн тохиолдолд нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо Япон тэнгис рүү илгээнэ, Пхеньяны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна гэж АНУ мэдэгдлээ. Тэр ч бүү хэл, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин мэдэгдэхдээ, хэрвээ Умард Солонгос цөмийн зэвсэг хэрэглэх аваас тус улсыг “зүйл дуусгана” гэсэн нь нөхцөл байдал яггүй хурцадсаныг харууллаа. Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт Пхеньян олон тооны пуужин харван туршсан нь дээрх болгоомжлолыг улам лавшрууллаа.

АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан агаарын цэргийн хүчний Vigilant Storm гэдэг сургуулилт өнгөрсөн долоо хоногийн турш үргэлжилж, түүнд 240 гаруй байлдааны нисэх онгоц оролцсоныг Умард Солонгосын тал “өдөөн хатгасан ажиллагаа”гэж үзээд, хариуд нь янз бүрийн зайн тусгалтай 35 пуужинг Япон тэнгис ба Шар тэнгис рүү харвасан билээ. Пуужин хөөргөснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттериш буруушаасан явдалд БНАСАУ-ын Гадаад харилцааны дэд сайд Ким Сон Ген маш харамсаж байгаагаа илэрхийлээд “Цагаан ордон ба Төрийн Департаментын ярьсныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга цагаан хоолой мэт давтаж байгаа нь харамсалтай” гэжээ.

Трампаас Байден хүртэл

АНУ-ын зүгээс байнга ирж буй дарамт шахалтын эсрэг, Ази-Номхон далайн бүс нутаг дахь геополитикийн нөхцөл байдал хурцдаж байгааг сөрөн зогсож, аюулгүй байдлаа хангах цорын ганц баталгаа бол цөмийн зэвсэг мөн гэж Пхеньян үздэг. Ерөнхийлөгч асан Д.Трампын үед Вашингтон, Пхеньян хоёр хэлэлцээний ширээний ард сууж, хоёр талын хооронд үүссэн дайсагналыг зогсоох талаар ярилцаж эхэлсэн билээ. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ Умард Солонгосын нутагт хөл тавьсан анхны хүн бол Трамп бөгөөд тэрбээр Ким Жөн Унтай уулзаж, АНУ-Өмнөд Солонгосын цэргийн сургуулилтыг хугацаагүйгээр зогсоох тухай мэдэгдэж, хариуд нь Умардын тал Ёнбэн дэх цөмийн судалгааны төв ба пуужингийн туршилтын талбайгаа хаахад бэлэн гэдгээ илэрхийлж байв.

Гэвч удалгүй хэлэлцээ мухардалд орлоо. Учир нь, АНУ-ын тал цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзахыг БНАСАУ-ыг шаардсаны зэрэгцээ Пхеньянд аюулгүй байдлын ямар ч баталгаа гаргаж өгөхийг хүссэнгүй. Мэдээж хэрэг, баталгаа өгөөгүй учраас Умард Солонгос цөмийн зэвсэг ба пуужингуудаа устгахаас татгалзав.

Vigilant Storm агаарын цэргийн хүчний сургуулилтын үеэр

Удалгүй Жо Байден Цагаан ордонд ирснээсээ хойш өмнөх ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдлүүдээс татгалзаж, Умардын удирдагчтай уулзсаных нь төлөө Трампыг шүүмжлэх болсон ба АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг сэргээв. Үүний хариуд цөмийн зэвсгийн ба пуужингийн туршилтаа 2017 оноос хойш зогсоогоод байсан Умард Солонгос 2022 оны 1 дүгээр сард туршилтуудыг дахин сэргээж, өнгөрсөн хугацаанд шумбагч онгоц ба галт тэрэгнээс баллистик пуужин харван туршсан төдийгүй зенитийн пуужингийн шинэ систем, алсын тусгалтай стратегийн далавчит пуужингийн ба дуунаас хэт хурдан пуужингийн туршилтуудыг хийв. Сүүлийн үед Умард Солонгос ихэнх пуужиндаа хатуу түлшт хөдөлгүүр суурилуулж, маневрлах чадварыг нь сайжруулж байгаа тул тэдгээрийг амдан устгахад хүндрэлтэй болж байна.

"Өмнөдийн цөмийн хөтөлбөр"

Хэрвээ БНАСАУ 7 дахь удаагаа цөмийн туршилт хийх аваас бүс нутгийн аюулгүй байдлыг бусниулж, цөмийн зэвсэгтэй болох гэсэн сэдлийг бусад улсад төрүүлнэ гэж Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг Хянан хэлэлцэх бага хурлын дарга Густаво Злаувинен анхааруулсан байна. Өөрөөр хэлбэл, “Умардын цөмийн хөтөлбөр” гэдэгтэй адил “Өмнөдийн цөмийн хөтөлбөр” хэмээх ойлголт бий болж магадгүй гэсэн үг.

Сүүлийн үед явуулсан санал асуулгын дүнгээр, өмнөд солонгосчуудын 71 хувь нь “өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй болох нь зүйтэй” гэж үзэж байгаа аж. Умардын тал цөмийн зэвсгээсээ сайн дураараа татгалзана гэдэгт өмнөд солонгосчууд хэдийнэ итгэхээ больсныг энэ тоо харуулж байна.

Үүнтэй зэрэгцээд “өөрийгөө хамгаалах үүднээс цөмийн цохилт түрүүлж өгөх эрхтэй” гэдгээ баталгаажуулсан хуулийг өнгөрсөн 9 дүгээр сард Умард Солонгосын парламент баталсан байна. Тус улсын удирдагч Ким Жөн Ун “цөмийн зэвсгийн бодлогоо хуульчлах нь энэ асуудлаар хэзээ ч буулт хийхгүй гэдгийг баталгаажуулж байгаа бөгөөд манай улсын эсрэг 100 жилийн турш хориг арга хэмжээ авсан ч гэсэн цөмийн зэвсгээсээ татгалзахгүй” гэж мэдэгдэв. Ингэснээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах асуудлаар хэлэлцээ хийх боломж нэгэнт үгүй болсныг харууллаа. Үүнээс үүдэн Умардын цөмийн зэвсгээс хамгаалах хэд хэдэн хувилбарыг Өмнөд Солонгост хэлэлцэж байна.

Nuclear sharing

Цөмийн зэвсгийг хамтран ашиглах буюу Nuclear sharing гэдэг нь НАТО-гийн эвслийн хүрээнд хэрэгждэг үзэл баримтлал бөгөөд АНУ цөмийн цэнэгт хошуунуудаа цөмийн зэвсэггүй орнуудад хадгалахыг хэлж байгаа ажээ. Тодруулбал, цөмийн мөргөлдөөн дэгдсэн тохиолдолд цөмийн зэвсэггүй улсууд өөрт байгаа зөөгч хэрэгслүүдийн/нисэх онгоц, пуужин/ тусламжтайгаар Америкийн цөмийн зэвсгийг ашиглан дайсны талд цохилт өгөхийг Вашингтон зөвшөөрөх магадлалтай гэсэн үг. Одоогийн байдлаар, В-61 гэдэг цөмийн бөмбөгийг Турк, Герман, Нидерланд, Бельги, Италийн агуулахуудад хадгалж байгаа ажээ.

Америкийн цөмийн бөмбөгийг хадгалж буй улсуудыг улаанаар тэмдэглэжээ.

Өмнөдийн "Чосон илбо"сонинд бичсэнээр бол, БНСУ-ын эрх баригчид АНУ-д хандаж, Умардын тал цөмийн туршилт хийсэн тохиолдолд “цөмийн зэвсгийг хамтран ашиглах” Өмнөд Солонгосын хувилбарыг санал болгосон бололтой. Харин тус улсын Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам уг мэдээллийг үгүйсгэжээ.

Америкийн цөмийн зэвсгийг буцаан байрлуулах

Өмнөдийн хатуу чиг шугам баримлагчдын хувьд, Америкийн тактикийн цөмийн зэвсгийг Солонгосын хойгт эргүүлэн авчрах нь хамгийн боломжит хувилбар бололтой. Өмнө нь АНУ 1958-1991 оны хооронд 100 орчим тооны цөмийн цэнэгт хошууг Солонгост байрлуулж байсан бөгөөд америкчууд цөмийн зэвсгээ татан гаргасны дараа 1992 онд БНСУ ба БНАСАУ “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй статус”-ын тухай Хамтарсан тунхаглалыг баталсан юм. Хоёр Солонгосын тунхаглалын зарчмуудыг мөрдөж байгаа гэдгээрээ Өмнөдийн тал ёсзүйн хувьд давуу байдалтай болж, олон улсын индэр дээрээс Умардыг шүүмжилсээр байгаа.

Одоогоор Америкийн цөмийн зэвсгийг буцааж байрлуулах тухай саналыг зөвхөн улстөрчид /цэргийнхэн бус/ дэвшүүлж байна. Учир нь, 10 эсвэл 100 ширхэг цөмийн цэнэгт хошууг Өмнөдөд байрлуулах нь цэргийн стратегийн гэхээсээ илүүтэй улс төрийн, сэтгэлзүйн нөлөөлөл үзүүлнэ. Тэгээд ч АНУ-ын эрх баригчид Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зарчмыг баримтлан Өмнөд Солонгосын саналд дурамжхан хандаж байгаа юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.