Өндөгний хэрэгцээг дотоодын үйлдвэрээсээ 100 хувь хангах боломжтой
Манай улсын өндөгний дотоодын хэрэглээний 30 хувийг бүрдүүлдэг 18 жилийн түүхтэй “Түмэн шувуут” компанийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаярыг урьж ярилцлаа.
-“Түмэн шувуут” компанийг байгуулах санаа анх хэрхэн төрж байсан талаар яриагаа эхэлье?
-“Түмэн шувуут” компанийг байгуулахад нөлөөлсөн зүйл бол миний мэргэжил. Би зоотехникч мэргэжилтэй. Хоёр нийгмийн шилжилтээс хойш манай улс байнгын өндөгний хомсдолтой байсан. Тодруулбал, 1990 оноос хойш 10 гаруй жил импортын өндөг хэрэглэсэн. Эзэмшсэн мэргэжил маань энэ салбартай холбоотой учраас далд ухамсарт энэ ажлыг хийх юмсан гэсэн хүсэл нуугдаастай явсан. Тиймээс 2004 онд хуучнаар шувуун фабрикт хоёр өндөглөгч шувууны байр худалдан авч “Түмэн шувуут” компанийнхаа суурийг тавьж байлаа. Харин ч хожуу эхэлсэн гэж боддог.
-Үйлдвэр байгуулахаасаа өмнө ямар ажлууд хийж байв?
-1990 онд мал аж ахуйн чиглэлээр судлаач хийдэг байсан. Зах зээл эхлээд бүх зүйл бужигнаж эхэлсэн. Тодруулбал, төрийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс хувьдаа гарч ганзагын наймаа хийж, түм түжигнэж бум бужигнасан. Миний бизнесийн үйл ажиллагаа ганзагын наймаанаас эхлэлтэй. Ардчиллын үед бусдын жишгээр төрийн ажлаа өгч Эрээн рүү ганзагын наймаанд явсан. Ингээд 1992 онд анхны дэлгүүрээ өөрийн сум буюу Архангай аймгийн Их тамиртаа нээсэн. Гэтэл дэлгүүр маань сард 1.5 сая төгрөгийн борлуулалт хийсэн. Тухайн үед энэ нь том амжилт байв. Ингээд энэ ажлаа үргэлжлүүлбэл болох юм байна гэж бодоод багийн даргаар нь ажиллаж байсан Тариат сумандаа дахин нэг дэлгүүр нээсэн. Бас л 1.5 сая төгрөгийн борлуулалттай байсан учраас мөн Хангай суманд нээлээ. Ингээд би гурван жилийн дотор Архангай аймгийн 19 сумаас 18-д нь дэлгүүрээ нээсэн. 1990 оноос өмнөх аймгийн бөөний бараа бааз, худалдаа бэлтгэлийн удирдах газрын хийдэг ажлыг хувийн хэвшил буюу миний нээсэн дэлгүүрүүд хийсэн. Дэлгүүрээ ажиллуулахын хажуугаар 1996 оноос орон нутгийн сонгуульд оролцож, улс төрийн үйл ажиллагаанд оролцох болсон.
-Анх үйлдвэр ажиллуулж эхлэхдээ хэдэн ажилтан болон шувуутай эхэлж байв. Одоо энэ тоонууд хэд болсон бэ?
-Анх 20 мянган шувуутай эхэлж байлаа. Өдөрт 18 мянга гаруй өндөг гаргадаг. Өндөглөлт нь буурахаараа 16 мянга болдог байсан. Тухайн үед импортын өндөгтэй өрсөлдөх хэцүү байсан. Гэхдээ эхлэхээсээ ганц л зарчмыг баримталж байсан. Тэр нь чанартай, хүний хэрэгцээ хангасан бүтээгдэхүүн хийхийг зорьсон. Мөнгө олохыг гол зорилгоо болгохоор ажил тэр бүр санаснаар бүтдэггүй. Өмнө нь мөнгө ольё гээд түүхий эд бэлтгэх, дэлгүүр, 100-гийн ундааны үйлдвэр, 80 төгрөгийн зайрмаг гээд олон ажлыг хийж байсан. Ингэхэд нэг жил яваад л хаалгаа барьж сүүлийн үеийн дэвшилтэд технологид цохигддог. Ажилчдын хувьд 20 мянган шувуундаа таарсан 5-6 ажилтантай байсан. Одоо 250 гаруй ажилтан 450 мянган гаруй өндөглөгч тахиатай. Бусад шувуутайгаа нийлээд 500 гаруй амьтан тэжээж байна. Өдөр бүр 70-80 тонн тэжээл зарцуулж байна. Тус тэжээлийг дээр үеийнхээр төсөөлбөл 7-8 чиргүүл 30 машин тэжээлийг нэг өдөрт иддэг. Энэ нь нэг талдаа тариаланчдын тариалсан тариа будааг борлуулахад өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Аливаа бизнес бие биеэ тэтгэж байж үндэсний үйлдвэрүүд хөгжиж улс орон өөдлөн дэвжинэ гэж боддог.
-Залуучууд өнөөгийн нийгэмд бизнес хийх хэцүү байна. Татвар, ХАОТ гээд бизнес хийх боломж алга гэдэг. Таны үед бэрхшээл юу байв?
-Улсад татвар төлнө гэдэг ойлголт 1992-1996 он хүртэл тааруухан байсан. Бага ч татвар төлж байсан. Татвар төлж сурна гэдэг маш чухал. Миний хувьд 1996 оны хавар татвараа төлөөгүй, тайлан гаргаагүй гээд анх удаа торгууль төлж байлаа. Сая төгрөгийн торгууль төлсөн. Тухайн үед сая төгрөг их мөнгө санагдаж байсан. Түүнээс хойш манай улсын татварын алба их хүчирхэгжсэн. Хүн гэдэг амьтан амьдрах, үхэх, татвар төлөх нь үнэн шүү дээ. Одоо иргэн бүр улсдаа татвар төлөгч болсон. Дэлгүүрээс авч байгаа талхандаа татвар төлж байна. 30 жилийн дотор татварын систем чамлахааргүй амжилтад хүрсэн гэж боддог. Харин ард түмнээс авсан татварыг зөв зарцуулж байгаа эсэх дээр үе үеийн Засгийн газар сэтгэлд хүрэхгүй байгаа. Үнэхээр урамгүй байна. Ард түмнээс цугларсан татварыг улс орноо хөгжүүлэх зөв зүйлд зарцуулах тал дээр сайн ажиллах хэрэгтэй байна. Намайг компани байгуулж байхад татварын бэрхшээл нь бага байсан ч түүнээс хүнд бэрхшээл их байсан.
-Зөвхөн өндөг үйлдвэрлээд зогсохгүй сав баглаа боодлоо ч дотооддоо үйлдвэрлэдэг ууган үйлдвэрүүдийн нэг болжээ. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Монголчууд саваа бэлдэхээр саалиа бэлд гэдэг. Бид өндөгнийхөө үүр буюу өндөг хийдэг цаасаа Хятад эсвэл ОХУ-аас 100 хувь импортоор авдаг байлаа. 2013 онд Монголдоо анх удаа өндөгний цаасан үүр хийдэг үйлдвэрийг байгуулсан. Ингээд өөрийгөө хангаад зогсохгүй бусад өндөг үйлдвэрлэдэг газруудад нийлүүлж байна. Өндөгнийхөө савыг хийж чадахгүй бол өндөгний бизнес эрхэлнэ гэж байхгүй юм билээ. Үүнийг бид шийдэж чадсан.
-Экспортын өндөг орж ирсээр л байгаа. Үүнтэй өрсөлдөхөд хэцүү байна уу. Мөн шантрах тохиолдол гарч байв уу?
-18 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа бид өөрсдийн хэрэглэгчдийг олж чадсан. Хамгийн чанартай тэжээлтэй нь монгол өндөг юм байна гэдгийг хэрэглэгчид энэ хугацаанд ойлгосон. Дэлхий даяар сувиллын буюу тахиа өндөглөснөөс хойш тав хоногийн дотор хэрэглэж байгаа өндгийг сувиллын өндөг гэж нэрлэдэг. Сувиллын шинэ өндөг олон улсын хэмжээнд үнэтэй байдаг. Гадаадаас сувиллын стандартын өндөг орж ирдэггүй. Дандаа хуучирсан нийтийн хэрэгцээний таваарын өндөг байдаг. Олон жилийн турш монголчууд хэрэглээгээ мэддэг болсон. Тэр итгэл найдварыг алдахгүй юмсан гэж боддог.
-Таны хувьд одоо ямар ажил хийж байна?
-Одоо зоотехникчийнхээ ажлыг хийгээд хөдөөгүүр явдаг ажилтай болсон. “Түмэн шувуут” компани одоо надтай надгүй үйл ажиллагаа нь үргэлжлээд явна. Туршлагатай, чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Тиймээс би хөдөө аж ахуйн мэргэжилтэй хүнийхээ хувьд Монголын 80 сая малын махыг яаж экспортод гаргах вэ. Гадаадын хүмүүсийн тавьж байгаа шаардлагыг биелүүлж үнэ цэнтэйгээр махаа худалддаг тогтолцоог хэрхэн бий болгох вэ гэдэг ажилд өөрийн багахан хувь нэмрийг оруулахаар ажиллаж байна. Гэхдээ энэ ажил зөвхөн надаас шалтгаалахгүй. Монголын хөдөө аж ахуйн салбарыг системээр нь эрүүлжүүлэх ажлыг хийх нь чухал байна.
-Өндөгнөөс гадна малын тэжээл үйлдвэрлэх болсон. Энэ үйл ажиллагаа хэр ахиц дэвшилтэй байна?
-2013 оноос малын тэжээлийн орчин үеийн үйлдвэрүүд бий болсон. Түүний нэг нь манай “Түмэн шувуут” компанийн малын тэжээлийн үйлдвэр. Мөн өндөглөгч тахианыхаа тэжээлийг өөрийн Агрофит үйлдвэртээ 100 хувь үйлдвэрлэж байна. 2004-2014 он хүртэл 10 жил ОХУ, Хятадаас тахианы тэжээлээ импортолдог байлаа. Харин 2013 оноос өөрсдөө хийдэг болсон. Энэ нь Монгол Улсын хөгжилд том дэвшил авчирсан гэж боддог. Малын тэжээлийн хувьд гадаадаас 20 кг морины тэжээлийг 150 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан бол одоо 40 мянган төгрөгөөр борлуулж байна. Тэжээлийн хэрэглээ их биш ч хэрэглээнд нь тааруулаад үйлдвэрлэж байна.
-Танай хүүхдүүдээс таны үйл хэргийг үргэлжлүүлж байгаа хүн бий юу. Цалин хөлсний хувьд ямар бодлого баримталдаг вэ?
-Манай охин “Түмэн шувуут” компанийн гол технологи дээр ажиллаж байна. Боловсон хүчний хувьд 1990 онд нийгмийн шилжилтийн үед төрсөн хүүхдүүд маань ид ажил хийх насны залуучууд болж ажиллаж эхэлж байна. Гэхдээ тухайн үеийн залуучууд бид хүүхдүүдээ хар бор ажил хийлгэх, хөдөлмөрт дуртай байх, хөдөлмөрлөсөн хүн сайхан амьдардаг гэдгийг ойлгуулах тал дээр учир дутагдалтай байсан байна. Нийгэмд маань хөгжингүй орнуудтай харьцуулахад үйлдвэрийн бүтээмж бага байна. Бүтээмж бага болохоор цалин бага байдаг жамтай. Монголд мэргэжлийн ажлаа хийгээд ганц сая төгрөгийн цалин авахтай үгүйтэй байхад Солонгосын захын цайны газрын угаагч монгол мөнгөөр таван сая төгрөг авдаг. Энэ бол бүтээмжтэй холбоотой. Монголд 500 аяга угаадаг бол тэнд 5000 угааж байгаа юм. Мөн бизнес хийж байгаа газрууд орчин үеийн технологитой тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэл явуулах хэрэгтэй. Удирдлага менежмент зохион байгуулалтаа орчин үеийн байдлаар хэмнэлттэйгээр хийж хүмүүсийнхээ цалинг өгөх боломжтой. Түүнээс хуучнаар сэтгэж, хуучин тоног төхөөрөмжөөрөө ажиллаад хүнд өндөр цалин өгнө гэж байхгүй. Жишээлбэл, Манайх орчин үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Цалингийн хувьд хөдөө аж ахуйн үйлдвэрүүд дундаа боломжийн цалинг олгож байгаа. Багадаа 1.5-1.8 сая төгрөгийн цалин олгодог. Үүнийг хангалттай гэж бодохгүй байгаа. Гадаадын компаниудтай цалингаа харьцуулж боддог.
-“Түмэн шувуут” үйлдвэрийн цаашдын зорилго. Төрийн зүгээс ямар туслалцаа дэмжлэг хэрэгтэй байна вэ?
-Бид үйлдвэрлэлээ өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Хүү нь боломжийн, хугацаа урт санхүүгийн эх үүсвэр дутагдсан хэвээрээ байгаа. Жилд 120-130 сая өндөг гаднаас орж ирдэг. Ингэж байж дотоодын хэрэгцээ хангагдаж байна. Ерөнхийдөө бол төр үйлдвэрлэлд дэмжлэг өгөх хэрэгтэй. Манай компанийн хувьд боломжийн зээл байвал үйлдвэрээ өргөжүүлж дотоодын өндөгний хэрэгцээний 50-60 хувийг хангах боломжтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [202.9.40.164] 2022-11-26 10:37:44
Зүгээр л өндөгөө үйлдвэрлээд л яваач. Орос. Хятадын өндөг оруулж гаргах нь өөр асуудал байх. Сая Ковидын үед өндөг ямар хэмжээнд байсийг ард түмэн мэдэх байхөө.
Лхагваа [103.229.122.105] 2022-11-25 02:44:34
Наад өндөг чинь жижгэрсээр байгаад тагтааны өндөг шиг болоод байгаа шүү Өндөгийг Хятад шиг жигнэж зарах дээр хүргээд бна шүү
Чимэд [124.158.68.219] 2022-11-25 02:01:14
Орос өндөгний шар уураг нь монгол өндөгнөөс 1,5 дахин том Түмэншувуут худлаа яриад байна. Тахианыхаа үүлдрийг зөв сонгоогүй,тэжээлийн найрлага дутуу үнэтэй минерал өгдөггүй премикс нь дутуу, ашгаа нэмэгдүүлэх гээд хэмнэлтээ буруу явуулаад байгаа. Швед Финлянд,Норвег гээд үлгэр жишээ авах орон зөндөө бүгд автоматжсан.500 мян тахиаг 3 хүн малладаг юм билээ Премикс нь бүх төрлийн микро,макро элементүүдтэй
Зочин [49.186.103.20] 2022-11-24 15:40:33
Huvizaa n 50 hurtel unaj bhad avsn humuus bayrlaad l suuj bga hichneen unasan ch gsn. 200r garj bsn har dansand orood mongol balarhad buh huvitsa unasan. Odoo ussunuusuu unaad unaad unaad anh garsn uneesee 50s deesh huvitai Bh shg bn
Зочин [188.162.254.122] 2022-11-24 13:45:34
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
зочин [64.119.19.251] 2022-11-24 09:12:42
Түмэн шувуутын хувьцааны үнэ маш ихээр бууж байна. Түмэншувуут компани хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахгүй байна. Ажил ам хоёр зөрөөд байна шүү
Зочин [64.119.22.76] 2022-11-24 08:46:41
Монгол өндөг үнэтэй, чанаргүй. Чанаад идэх гэхээр хальс нь салахгүй. Шарахаар жижигхэн. Орост цалин Монголоос өндөр, барааны үнэ нь бас л өндөр. Тийм байхад яагаад Монголд өндөг Орос өндөгнөөс 2 дахин үнэтэй байдаг юм? Монголд үйлдвэрлэсэн хүнс бараа гэхээрээ заавал хоёр нугарсан ашиг олж байх ёстой юмуу?
Оо [202.126.90.30] 2022-11-24 06:44:39
Тэгээд хангаач! П...да минь.
Зочин [64.119.17.57] 2022-11-24 03:18:18
Ковидоор хятадаас оросоос оруулаад байсан билүү худлаа ярьдаг хүн