Донтсон хулгайчуудын засаглалаас зальжин луйварчдын засаг дээр

Aдмин / Улстөр

Бидний багад “Огонёк” гэж нэртэй их гоё гоё зурагтай нэг сэтгүүл ЗХУ (Зөвлөлт холбоот улс)-аас элбэг ирдэг байж билээ. Бичгийг нь уншиж ойлгохгүй ч зургуудыг сонирхон хардаг сан.Тэр сэтгүүл харин одоо ч гэсэн ОХУ-д гардаг юм байна. Саяхан интернетээр юм хайж байтал нэг хачин гаж нэртэй статья нүдэнд тусав.

Тогтоон харахад мөнөөх хуучны танил “Огонёк” сэтгүүлийн 2003 оны тавдугаар сарын 21-ний өдрийн дугаар 18-ний 4-р хуудсан дээр “Власть плутов лучше чем власть клептоманов” гэсэн гарчиг байхыг гүйлгэн харвал нөгөөх л манай зарим хэвлэл дээр бичээд байдаг “авлигачид” (хулгайчид) гэх мэт үнэн худал нь мэдэгдэхгүй явдалтай хүмүүсийн тухай нийлээд сүрхий үндэслэлтэй бололтой юм бичсэн байв.

Хэн гээч ийм юм бичив гээд хартал улсдаа нэр хүндтэй Ази-Африкийн орнууд хэмээх хүрээлэнгийн дэд захирал, профессор, улс төрийн шинжлэх ухааны доктор Леонид Гевелинг гэгч ажээ.

Энэ статьяг орчуулаад манайд аль нэг сонин дээр гаргачихвал юмсыг ялгаж салгаж ойлгоход ч тустай баймаар. Хэн нэгэнд санамж сэрэмжлүүлэг ч болмоор ер нь орчин цагт дэлхий ертөнцөд бидний гүйцэд таньж мэдэхгүй ямар гэгч аюул занал эргэн тойронд маань бужигнаж байдгийг ухаарч болгоомжлоход тус болж юуны магад гэж бодоод монгол хэл рүү чадан ядан хөрвүүлэх гэтэл урьд үзэж дуулж байгаагүй хачин хачин нэр тааралдаад байхаар юуны өмнө гарчиг дээр гарч байгаа “плут, клептоман” гэсэн хоёр үгний учрыг олохоор хөөцөлдөж толь бичиг эргүүлэн үзвэл:

  • Плут гэдэг ньзальтай мэхлэгч, үнэнч биш хуурмаг гэх үл бүтэх нэгнийг нэрлэдэг байна. Зальжин луйварчин гэвэл монгол хэлэнд ойлгомоор юм.
  • Клептомани гэдэгнь эртний грек хэлнээс гаралтай нэгэн зүйл сэтгэцийн өвчин туссан хүнийг нэрлэдэг анагаах ухааны мэргэжлийн үг болж таарлаа. Энэ бол хулгайн тухай байнга боддог хулгайгаар донтсон өвчтөнийг нэрлэдэг үг юм байна. Монгол хэлэнд энэ үгийг донтсон хулгайч гэж орчууллаа.

Одоо үндсэн яриандаа оръё.

Сурвалжлагчийн асуулт: Хүмүүс нөгөөх авилгачдыг л ингэж янз бүрээр нэрлээд байна уу?

Леонид Гевелинг: Авилга бол эдэнтэй ойр боловч бас өөр юм аа. Eр нь бол бэлэг дурсгал нэгэндээ өгдөг ёс бол хүний нийгэмд хэдэн мянган жилийн эртнээс байсан заншил. Зарим хүмүүс үзэхдээ энэ бол эртний уламжлал ч гэдэг. Зарим нь ярихдаа авилга бол XIX зууны сүүлч үеэс эхтэй гэдэг. Тэр үед том түшмэлийг томоор худалдаж авах чадал бүхий том хөрөнгөтэй компаниуд буй болсон байна. Миний бодоход авилга бол шинэ технологиор баяжсан хуучин уламжлал юм. Авилга бол хахууль дээр нэмэх нь хөрөнгийн хулгай (казнокрадство) юм.

Хахууль бол ердөө нэг дугтуйд хийсэн мөнгө төдий биш юм. Тэр дотор чинь бол фирмийн зардлаар аялуулах олон түмэнд ая тал засах, худалдаж авах этгээдийн сэтгэлийг баясган тал засах, олон нийтийн саналыг эргүүлэх гэх мэт олон зүйл ордог. Зарим худалдагсад бол олны өмнө магтуулах, нэр сүрийг нь өргөмжлөж олноор нижигнэтэл алга ташуулан баяр хүргүүлэхдээ их дуртай сэтгэлийн их таашаал авдаг бүр тийм донтой ч байдаг. Энэ бүгдийг худалдаж авдаг.

Төрийн түшмэлийг голдуу мөнгө, харин улс төрчийг хуурамч алдраар худалдаж авдаг. Авилга ийнхүү эхлээд дугтуйлсан мөнгөний хахууль хэлбэртэй байснаа улмаар нөгөөх клептократуудыг төрүүлнэ. Авилга ингэж л зүсээ хувирган нөлөө бүхий засаглалын хэлбэрт шинждэг байна. Ийм замаар авилгын хүч нөлөөгөөр оршин тогтнож удирдан чиглүүлдэг хүчин өсөн бойжно. Үүнийг дагаад улс орны дотоод гадаад бодлогод илэрхий өөрчлөлтүүд автоматаар гарч эхэлнэ.

Тухайлбал: төрийн бодлого нь дотоодын үйлдвэрлэл худалдааны юм уу, гадаад лобби бүлэглэлүүдийн заасан замаар явдаг болно. Худалдан авах арга олон янз байна. Зөвхөн нэг дансанд нь бэлэн мөнгө шилжүүлэх төдий хэлбэрээр байхаа больсон. Хардаж сэжиглэхийн аргагүй чамин гоё аргаар худалдаж авдаг болсон.

Жишээлбэл төрийн албаны түшмэл буюу хэн нэг улс төрчийг хаа нэгтээ урьж зөвлөгөө өгүүлэх юм уу, лекц уншуулаад ер бусын их хөлс төлөх гэх мэт арга хэрэглэдэг болсон.

Сурвалжлагч: Авилгын муу гэж юу байна?

Леонид Гевелинг: Аливаа үзэгдэл өөрийн эерэг ба сөрөг талуудтай. Гэмт хэрэгт ч хүртэл тийм байдаг.

1-рт: Авилгын эерэг тал (нэгэн төрлийн гэмт хэрэг мөн) нь муу ажиллаж байгаа төрийн машины тослогоо нь болж өгдөг

2-рт: нийгмийг хөгжүүлэхийн тулд түүний хөшүүн хүнд биеийг бага ч гэсэн ганхуулж хөдөлгөж байх хэрэгтэй байдаг. Тэгвэл хэн хөдөлгөх вэ? Гэхээр эрдэмтэд, сахиусан тэнгэрүүд (өөрөөр хэлбэл урлагийнхан ) баячууд бас гэмт хэрэгтнүүд. Эд бол нийгмийг нойрмоглолоос нь сэргээгчид. Эд бол нийгмийг нэг хэвэндээ хөшиж царцахаас хамгаалж сэрээгчид юм. Харин дэлхий нийтийн судалгаанаас харахад тэдгээр нь хүн амынхаа 5-6%-иас хэтэрдэггүй.

Эд нар нийгмийг нэг, хоёр, гурав гэх адил хүчилж сэгсчүүлэн хөдөлгөөд урагш шинэ зам дээр гаргадаг. Тэр нь дэвшил байдаг. Харин гэмт хэрэгтнүүд бол тус болохоос гай болох нь илүү. Авилга бол нийгмийн системийг бүр хүнд хэв гажилтад (деформация) оруулсан ойрхон жишээ олон байдаг. Бүр санаа зовмоор ойлгомжгүй гажиг гарахыг яана.

Жишээлбэл: Нигер гэдэг ядуус 1983 онд ерөнхийлөгч ба парламентаа сонгоход 2 миллиард ам.доллар зарсан нь Америкийн сонгуулийн зардлаас илүү байсан гээд төсөөл дөө. Оросын сонгууль ч одоо мөн л тэр зүгт явж байна. Энэ бол нийгмийн механизм хэвийн бус ажиллаж байгааг харуулж байна.

Сурвалжлагч: Өвчилж эхэлж байна?

Леонид Гевелинг: Тийм. Өвчилж байна. Төр маань хавдраар өвчилж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл цөөхөн бүлэг хүмүүс баяжиж эхлэв. Буцах үсрэлт ч гэмээр юм уу шинжлэх ухааны нэрээр нь хэлвэл шинэ зэрлэгшил (неоварварство) гээч байдалд шилжиж байна.

Ийм байдалд авилгачдын засаглал буюу Клептократуудын (донтсон хулгайч нарын) засаглал гээч тогтдог. Харин Плутокрантия гэвэл баячуудын засаглалыг хэлдэг тэрбумтнуудын засаглал, тэдний хүрээлэл тэдний зөвлөхүүд тэдний хөлсний захирагчид бүгд (залилан мэхлэгчид) буюу плутократын онолчид мөн. Тэднийг улс төрийн намууд дэмждэг. Харин гишүүд нь ихэнхдээ баян бус хүмүүсээс бүрддэг.

Сурвалжлагч: Тэгээд залилан мэхлэгч хулгайч буюу Плутокрант, хулгайлах дон туссан баячууд буюу клептократ хоёрын ялгаа юу байна? Аль нь арай дээр вэ? Тухайлбал манай Орос улсад аль нь дээр вэ?

Леонид Гевелинг: Аль ч улсад энэ төрлийн хулгайчуул аль нь ч цэврээрээ байдаггүй. Бүгд л аль алинаас нь тодорхой харьцаагаар холилдсон байдаг. Орос орны хувьд Плутократууд буюу залилан мэхлэгч хулгайчууд нь нөгөөх донтсон хулгайч буюу клептократаас олон байна гэж хэлж болно. Энэ хоёрын ялгаа бас багагүй шүү Плутократууд нь өөрийн улсын эсрэг төдийлөн их харгис биш. Тэд харин ч нийгмийнхээ хууль журмыг баримтлан амьдрахыг хичээнэ.

Плутокрантууд (зальжсан хуйлгачууд) хахууль ч нэг их авах сонирхолтой биш. Тэд хуулийн хүрээнд баяжих сонирхолтой. Тэгэхдээ уг баялаг тухайн үедээ олны сонирхлыг татахаар байвал тэд дуртай. Жишээ нь үнэтэй гоё машин, үнэтэй чамин эдлэл, их чамин гоё завь гэх мэт. Харин аль ч тохиолдолд зальжин луйварчид бол Плутократуудад зүг чигийг заагч гэрэлт цамхаг (маяк) буюу загвар (эталон) болдог. Донтон хулгайч клептократ бүр харин ч зальжин луйварчин Плутократууд байхыг мөрөөддөг. Бас өөр нэг төрлийн “кратия” бий. Тэр бол Плутократия буюу дээрэмчдийн засаглал. Тэд бол эдийн засгийн биш харин улс төрийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Тэдний гэмт бүлгийн толгойлогчид нь улс орны удирдлагыг гартаа авдаг. Мадагаскар, Антилийн арлын бүгд найрамдах улсуудын удирдаачид нь нэгэн үед тийм бүлэглэлийнхэн байсан. Өөрөөр хэлбэл улс нь тэр чигтээ цэвэр гэмт үйлдлийн үүр уурхай боллоо гэсэн үг.

Сурвалжлагч: Манай, шинэ түүхэн үед Чечень тийм улс болсон байж билээ.

Леонид Гевелинг: Тийм Чечений дайн эхлэхийн өмнө тэд чинь бүхэлдээ эрүүгийн гэмт бүлэглэлийн улс болчихсон байсан юм. Шинэхэн түүхийн үед зарим нэг улс энэ замаар их л шаргуу явж байна. Ялангуяа хар тамхитай холбоотой үйл ажиллагааг сонирхон эрхлэгчид гэх мэт янз бүрийн хорлон сүйтгэгч CD диск гаргах ажлаар мэргэжсэн байв. Энэ бол харин ч харьцангуй аюул багатай хорлож байсан. Хуурамч эм үйлдвэрлэдэг өчнөөн улс байсан.

Би энд тэдний нэрийг хэлэхээ больё. Нигери гэдэг улс чинь банкны залилангаар мэргэжиж байна. 90-ээд оны дунд үеэр ийм залилан чинь Америкийг сандаргаж байлаа шүү. Зарим улсад хууль бусаар үнэт металл олборлодог. Машин хулгайлдаг хүний наймаа эрхэлдэг бүхэл бүтэн синдикат /дангаар ноёрхогч бүлэглэл/ ажиллаж байна. Ийм бохир аргаар олсон орлого нь дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь ихээхэн хувьтай тэнцэж байдаг улс ч цөөнгүй байна. Энэ бүхэнтэй холбогдуулан би нэг аюултай үзэгдлийн тухай тэмдэглэн хэлэхгүй байх боломжгүй байна. Энэ бол эдийн засгийн гэмт хэрэг эдүгээ даяаршиж буюу глобольчилагдаж байгаа явдал юм. Энэ нь өнөө цагт дэлхийн ертөнцийн гамшиг боллоо. Үнэмшихийн аргагүй байдал ч бий болж байна. Олон улсын хооронд эдийн засгийн харьцааг улам өргөжүүлье? Одоохондоо санасан хэмжээнд хараахан хүрэхгүй байна гэж ярьцгаах дуртай. Гэтэл сүүдрийн эдийн засаг бол засгийн газруудын шаардлага туслалцаа хүлээхгүйгээр өргөжиж гэмт байгууллагуудын удирдагч толгойлогчид нь хэл амаа гайхалтай амархан олцгоодог болжээ. Өнөөдөр энэ чиглэлийн даяарчлал хамгаас амжилттай хөгжиж байна. Хар тамхи зөөвөрлөх (Наркотрафик) хүмүүсийг нууцаар хил давуулах (эмиграци), зэвсгийн наймаа хийх электрон гэмт хэрэг гэх мэтээр эдийн засгийн гэмт хэргийн шинэ шинэ төрлийн нэр цуврах боллоо. Шинэ маягийн интернационал гарч ирлээ. Энэ бол гэмт хэргийн интернационал. Энэхүү гэмт хэргийн интернационал нь нэг буюу бүлэг улсын үндэсний засгийн газарт дам дарамт үзүүлэх чадалтай болсон байна. Тэд хөгжингүй орнууд дахь мафийн бүлэглэлээс ч илүү амжилтад хүрэх чадалтай болжээ.

Сурвалжлагч: Орос орныг мөлжиж байсан Чечений мафи дахиад л санаанд орлоо. Тэдний хэвлүүлсэн хуурамч доллар буруу гарын нефтийн наймаа банкны хуурамч шилжүүлэг гээд юу л эс байлаа даа. Улс орны бие дээр гарсан хорт ургацаг яр мэт байсан. Түүнийг яаж дарсныг манай улсад бүгд санаж байна. Хар тамхины талибуудыг Америкад ч мөн тийм аргаар устгасан. Харин таны ярьж байгаа Плутократия буюу дээрэмчдийн засаглалыг нураан унагаахад цэргийн ажиллагаа явуулах шаардлага гардаг уу?

Леонид Гевелинг: Авлига ба сөрөг чиглэлийн эдийн засагтай тэмцэх арга олон улсад янз бүр байна. Төрөл бүрээр нь давхарлуулаад өрчихсөн мэт тийм олон аргаар тэмцэж байна. Жишээ нь улс орныг бүхэлд нь “Хар жагсаалт”-д оруулдаг арга байна. ОХУ-ыг ноднин жил мөнгө угаагчидын хар жагсаалтаас гаргасанд бид маш баяртай байгаа. Энэ бол дээрх сүрэг үзэгдлүүдтэй тэмцэх ихээхэн үр дүнтэй арга юм. XIX зуун, XX зууны эхэн үед латин Америкийн аль нэгэн дарангуйлагч өөрийн орны ард түмнийг мөлжиж баяжаад мөнгөө швейцарт шилжүүлэн дараа нь гэр бүлээрээ тэнд шилжиж очоод жаргаж хэвтдэг байв. Одоо бол тэр боломжгүй болсон. Пиночет, Фухимор Милошевич Норьега гэж хуучин дарангуйлагчдыг мөрддөг болсон. Зарим дарангуйлагчийг албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь ч мөрдөн хар жагсаалтанд оруулж дараа нь учрыг нь олдог болсон байна. Заримыг нь дараа гэж хүлээх ч хэрэгцээгүй болжээ. Жишээлбэл Норьегаг Панамд үүргээ гүйцэтгэж байхад нь цэргийн ажиллагаа явуулж зайлууллаа.

Сурвалжлагч: Америкад одоо юу болж байна? Тэнд ямар кратия ажиллаж байна.?

Леонид Гевелинг: Засаглалын хэлбэр бол анхдагч, хоёрдогч гэх мэтээр бараг л хүйсийн ялгаа гэдэг шиг байх юмдаа. Анхдагч хэлбэр гэдэг нь ардчилал /демократия/ ба нэг эзний ноёрхол /автократия/ юм. Харин анхдагч дээр суурилсан олон янзын жижиг салаа мөчрүүд бас ургадаг. Тэд нь жишээлбэл хүнд сурталын /бюрократия/, залилагчдын /плутократия/, авах ашиглахын донтоны (клептократия) намын ноёрхолын /партократия/ самуун дэгдээгчдийн бөөгнөрөлийн /охлокрантия/ гэх мэт байх юм. Харин энэ янз бүрийн “кратия”-нууд нь демократия дээр суурилсан нийгмийн байгуулалын хэлбэрүүд байх нь бараг ёс мэт байх юм. Учир нь автократи бол нэг хувь хүний засаглал бөгөөд хажуудаа ямар ч өрсөлдөгчийг тэвчихгүй. Жишээ нь Сицилийн мафи бол бүхэл зууны турш ноёрхсон боловч ганцхан Муссолины үед л түүнийг дарангуйлж чадсан. Хатуу автократи засаглал нь өрсөлдөгч дарангуйлагчийг нам цохидог байна. Денокфатуудын засаглалын үед авилгач систем мафийг зохион байгуулахад хялбар байдаг. Тийм учраас ардчилал буюу демократын систем нь олон янзын нүүр царайтай байдаг. Одоо таны асуултанд хариулъя.

Америкад дээдсийн засаглал ээлжлэн төр барьдаг. Хэрэв дайн гарвал цэрэг армийн дээдэс гарч ирнэ. Тайван цагт бүгд найрамдахчууд ба ардчилагчдаас техникийн юм уу? Улс төрийн чиглэлийн дээдэс тодорч гарч төр барьдаг. Энэ /Кратия/ нь тусгайлсан нэр хочгүй.

Сурвалжлагч: хамгийн сайн засаглалын жор гэвэл ямар байх вэ? Өөрөөр хэлбэл юу юуны? Ямар хольц зүгээр вэ?

Леонид Гевелинг: Онолоор ярьвал итгэмжит хүмүүс /меритократия/ хамгийн дөмөг юм. Гэвч хаанаас тэднийг олох вэ? Ийм учраас бодит байдал дээр технократууд буюу техник- эдийн засаг- улс төрийн шилмэл мэргэжилтнууд ба бюрократуудын давхаргын нийлбэр бас бага зэрэг плутократын хольцтой засаг л гайгүйдээ. Технократи нь мэргэжитнүүд экспертүүдийн засаглал юм. Орчин цагийн дэлхий бүхэлдээ технологижиж байгаа учраас ийм засаг нийгэмд хэрэгтэй болсон. Харин бюркрати бол захиргааны аппаратынхан гэсэн үг. Орчин үеийн мэдээлэлжсэн соёл иргэншлийн үед тэд чухал хэрэгтэй. Харин плутократи бол баячуудын засаглал. Бюрократигийн үнэт зүйлсийн зарчим бол эрсдэл багатайгаар аажим ахих байтал харин баялаг бүтээгчдийн үнэт зарчим нь эрсдэлтэй боловч ухасхийн урагшлах юм. Энэ хоёр хамтдаа байснаар нийгэм тэнцвэртэй хөгжинө. Бюрократыг хянаж байх хэрэгтэй. Учир нь тэд клептократи болж хувирах осолтой. Баячуудыг бас хянаж байх хэрэгтэй. Учир нь тэд баян ядуугийн зөрүүг аюултай хэмжээнд өсгөхгүй байх ёстой.

Сурвалжлагч: Технократ, бюрократ хоёрын зөрчлийг та харахгүй байна уу? Бид өнөөдөр технотрон ертөнцөд амьдарч байна. Гэдгийг та түрүүн тэмдэглэн хэллээ. Энэ тохиолдолд мэргэжлийн асуудлыг мэргэжилтнүүд л шийдэж байна. Жишээлбэл мэргэжилтнүүд маань цөмийн хаягдал гаднаас тээвэрлэн оруулж ирж болно. Энэ бол аюулгүй, харин ч бидэнд ашигтай гэж хэлдэг. Гэтэл олон нийт маань үгүй гээд л эсрэг санал хэлцгээж байна. Бид яах вэ? Алиныг нь дагах вэ?

Леонид Гевелинг: Хэн нэгнийг мухар сохоор дагахгүй байхсан гэх хүсэл бидэнд их байна. Ийм тохиолдолд ардчилалынхаа хүрээнд эргэлдэж олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлийнээ чигийг харах нь зөв байх болов уу?

Сурвалжлагч: Ямар ч иймэрхүү асуудалыг сонингоор шийдэж байсныг би лав санахгүй байна.

Леонид Гевелинг: Өөр арга зам тэртэй тэргүй алга. Тэгвэл бид улс орноо автократи буюу нэг хүний засаглал руу түлхэнэ.

Сурвалжлагч: энэ таны ярьж байгаа элдэв ангилал нэр томьёо ер нь хэнд хэрэгтэй юм бэ? Энэ зүгээр л цэвэр кабинетийн онол төдий биз?

Леонид Гевелинг: Сайн онолоос давж гарах юм гэж байдаггүй. Мэдлэгтэй бол очих зүгээ олоход тусална. Их далайд завиар аялахад давалгаа хааш нь туухыг хүлээх биш харин очих зүгээ өөрөө мэдэж тийшээ сэлүүрдэх хэрэгтэй.

Эх сурвалж: Монголын мэдээ


Сэтгэгдэл

магсар [124.158.65.233] 2022-11-28 12:33:07

орчуулга онц сонирхолтой биш байлаа дунд нь цаад хүнийхээ санааг засварласан юм уу гэмээр харагдав

Зочин [103.26.195.170] 2022-11-28 02:35:36

монгголын бодит амьдрал дээр нэртэй устай нь жишээ татаж бич


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.