Зайсан VS таван буудал

Aдмин / Нүүр

ТАЛХАА ТАЛЛАЖ АВДАГ НЬ ҮНЭН

Манай улсад баян, ядуугийн ялгаа хэр их байдаг бол...

Иргэдийн зарим нь тансаг амьдралд умбаж байгаа бол нөгөө хэсэг нь тарчиг амьдралд тарчилж байгаа нь үнэн. Баян хүмүүс үнэтэй байранд амьдарч, рестораны хоол идэж, их дэлгүүрээр хэсэж, тансаг машинаар тухтай зорчиж, гэрийн ажлаа үйлчлэгчээр хийлгэдэг. Харин эсргээрээ хямдрал зарласан дэлгүүр, хямд үнэтэй хүнс, хүйтэн автобусаар зорчиж буй, өдрийн хоолоо яах вэ гэж буй хэсэг байна. Тэгвэл “Зууны мэдээ” сонин энэ удаа Сүхбаатарын талбайгаас хойшоо гурван км, урагшаа гурван км-ийн зайд байрлах иргэдийн амьдралыг харьцууллаа.

Сүхбаатарын талбайн зүүн талын замаас таксинд суулаа. Нэг км явахад л орон сууцууд байхгүй болж гэр хороолол болж хувирав. Зам дагуу зогсох хүмүүсийг ажиглавал ихэвчлэн бойтгон гутал, урт хар куртик өмссөн нэг хэвийн хүмүүс автобус хүлээж зогсоно. Мөн яарсан, санаа зовсон, даарсан байхаас гадна согтуу хүмүүс ч их байв. Ингээд бид төв талбайгаас хойш яг гурван км яваад Таван буудалд буув. Хамгийн ойр байрлах “Соёмбо” дэлгүүрт орлоо. Дэлгүүрийн хувьд эмх цэгцтэй цэвэрхэн юм. Гэхдээ хотын төвийн дэлгүүр шиг их бараатай биш байв. Тодруулбал, гурил, будаа, ундаа, архи, тамхи, давс, сахар, талх, боорцог буюу өргөн хэрэглээний бараанууд харагдана. Биднийг худалдагчтай ярих зуур хэд хэдэн хүн үйлчлүүлэв. Эхний үйлчлүүлэгч 50 орчим насны эмэгтэй байв.

Түүний хувьд 0.5 л хараа архи аваад гарч одов. Дараагийн үйлчлүүлэгч мөнгөө тоолсоор орж ирлээ. Түүний хувьд 30 орчим насны эмэгтэй байсан юм. Тэрбээр талхны үнийг асууж хамгийн хямд үнэтэй “жигүүр гүрэн” буюу 1800 төгрөгийн талх авав. Элэгний нухаш авах гэвэл 350 төгрөг дутахад худалдагчид “орой өгье” гэж хэлээд гарч одов.

Гэр хорооллын хүмүүсийн хувьд талх, боорцог, давс, будаа гурил зэрэг өргөн хэрэглээний барааг ихэвчлэн авдаг байна. Энэ талаар дэлгүүрийн худалдагч Г.Аззаяа “Манайх дэлгүүр ажиллуулаад гурван жил болж байна. Дэлгүүрээр үйлчлүүлдэг хүмүүсийн хувьд өргөн хэрэглээний бараа, архи авдаг. Тухайлбал, өглөө 08:00-10:00 цагийн хооронд хүмүүс ихэвчлэн архи авдаг. Харин жимс, чихэр зэрэг тансаг хэрэглээний зүйлсийг авдаггүй. Мөн орж ирээд ижил төрлийн барааны үнийг асууж байгаад аль хямд үнэтэйг нь авдаг” гэв.

Үйлчлүүлэгч Б.Бямбажав “Талхаа таллаж авдаг гэдэг үнэн. Өнөөдөр миний халаасанд таван мянган төгрөг л байна. Энэ мөнгөөрөө тал талх, бэлэн гоймон авна. Гэхдээ бид ч бас гайгүй байна. Бүр шулсан яс чанаж шөл гаргаад будаа чанаад иддэг хүмүүс бий шүү дээ. Гэр хорооллын амьдрал ийм л байна. Амттай юм авч идэх, шинэ хувцас өмсөх гэдэг бидний хүүхдийн мөрөөдөл болж орой хоолтой хонох юмсан гэсэн хүсэл тэдэнд байна шүү дээ” гэв.

ӨДӨРТ 70 МЯНГАН ТӨГРӨГӨНД ХҮНС АВЧ БАЙНА

Төв талбайгаас урагш гурван км зайд хүмүүсийн амьдрал хэрхэн өрнөдөг талаар сурвалжлахаар мөн л талбайн хажуунаас таксинд суув. Зайсан бол манай нийслэлийн баячуудын хороолол гэхэд хэн ч маргахгүй байх. Зам дагуу кинотеатр, том сүлжээ дэлгүүрүүд, хоолны ресторан, элдэв төрлийн загвартай орон сууцууд зайгүй шахам шилээ даган байрлана. Мөн хотын тансаг зэрэглэлийн оффис ч энд бүгд байдгаараа онцлог. Зам дагуу явж байгаа машинуудыг ажиглавал дэлхийн үнэтэй жийпүүд олноороо зогсож харагдана. Мөн годон гутал, ноолууран малгай ороолт, гурван камертай утасгүй хүн байхгүй шахам. Яг гурван км яваад Зайсангийн Оргил сүлжээ дэлгүүрийн хажууд буулаа. Ингээд замын эсрэг талд байх байрны доорх дэлгүүр болох “Yes maket” руу оров. Хүний хэрэгцээтэй бүх зүйл тус дэлгүүрт байна. Тодруулбал, бүх төрлийн жимс, ногоо, аяга, таваг, архи, дарс бүгд байх аж. Цайны идээ гэхэд 10 гаруй төрөл байв. Хүмүүсийн хувьд түрдэг тэрэг, сагс зэргийг барьж үйлчлүүлж байв.

Худалдагч Ө.Мөнх-Өлзийтэй худалдан авалт ямар байгаа талаар ярилцлаа. Тэрбээр “Байрны доорх дэлгүүр болохоор орлого харьцангуй дажгүй. Үйлчлүүлэгчдийн хувьд амьдрал нь боломжийн учир мөнгөнд санаа зоволгүй худалдан авалт хийдэг. Мөн хүүхдүүд их үйлчлүүлдэг. Тэдний хувьд чихэр, чипс, ундааг их авдаг” гэсэн юм. Харин үйлчлүүлэгч Б.Долгормаа “Нэг удаа худалдан авалт хийхэд 70 орчим мянган төгрөг болдог. Хоёр хоногт нэг удаа хэрэглээний зүйлсээ авч байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байна” гэв.

Үүнээс харахад манай хотод төв талбайгаас хойш, урагш гэсэн өдөр шөнө шиг ялгаатай амьдрал өрнөж байна. Мөн Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд 2030 он гэхэд ядуурлыг халах тэмүүлэлтэй. Гэвч бодит нөхцөл байдлыг аваад үзэхэд Монгол Улсад 100 хүн тутмын 40 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон бусад хэрэглээний зүйлсээ худалдан авч чадахгүй ядуу амьдарч байна. Манай улсын ядуурлын үзүүлэлтийг 2020 онд Дэлхийн банкны техникийн тусламжтайгаар боловсруулсан байдаг.Тэгвэл нийт ядуу хүн амын 64 хувь нь хот суурин газарт, үүнээс 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна гэсэн судалгаа гарсан байдаг. Тэгвэл энэ тоо цар тахлаас хойш өссөн үү гэхээс буураагүй нь тодорхой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [202.70.37.221] 2022-12-08 14:22:50

Хаха годон гутал гэж ямар юм байдгийн? Хөдөөнийхөн өмсдөг цаатны гутлыг арай хэлээгүй биз дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.