“Мета” компанид 400 сая еврогийн торгууль ногдуулна
Фэйсбүүк, инстаграмм нийгмийн сүлжээдийг эрхэлдэг “Мета” компани 390 сая еврогийн торгууль хүлээж болзошгүй байна. Хувийн мэдээллүүдийг хамгаалах салбарын зохицуулагч Ирландын DPC компаниас ийм мэдэгдэл хийсэн байна. Эндээс гарсан шийдвэрийн дагуу, “Мета” торгууль хүлээхээс гадна, нийгмийн сүлжээд дэхь хувь хүн нэг бүр рүү хандсан зар сурталчилгааны бодлогоо өөрчлөх ёстой болж байгаа юм байна.
Ийм хувь хүн нэг бүр рүү хандсан реклам сурталчилгаа нь хэрэглэгчдийн эрхийг зөрчиж, хэт тулгасан шинжтэй гэж Европын энэ салбарын зохицуулагч байгууллага үзжээ. Хүмүүсийн хувийн мэдээллийг хамгаалах салбарт Европтоо тэргүүлэгч DPC компани улмаар, “Мета”-г хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хэт дур зоргоороо ашиглаж байна гэж үзсэн байна.
Европын Холбооны хэмжээнд үйлчилдэг хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар нууц байх ёстой мэдээллүүдийг хүртэл зар сурталчилгааны зорилгод ашиглаж байна гэж мэдэгдлээ. DPC компаниас нийтлүүлсэн хэвлэлийн мэдээгээр, хэрэглэгчдийнхээ хувийн мэдээлэлтэй харьцаж буй энэ мэт хандлагаа гурван сарын хугацаанд өөрчлөхийг Мета-д үүрэг болгожээ.
Мета-гийн энэ чиглэлд барьдаг бодлогын талаар 2018 оноос хойш иргэд хэрэглэгчдийн гомдол иржээ. Хувь хэрэглэгчдийн, тэр дундаа хүүхдүүдийн мэдээлэлд хэт дур мэдэн “хошуу дүрж”, мөр тэмдэгтийн хэлбэрээр компьютерт нь хадгалагдсан cookie файлуудыг ашиглах дүрэм журмыг зөрчиж, хэрэглэгчдийнхээ таашаал сонирхлыг мөшгөж тандсны үндсэн дээр зар сурталчилгаа нийлүүлж байгаа үндэслэлээр Мета компани болон эдний мэдлийн Фэйсбүүк, инстаграмм сүлжээдэд үүнээс өмнө Европт хэд хэдэн удаа торгууль хүлээлгэж байсан.
Энэ удаа Фэйсбүүкийг 210 сая евро, инстаграмыг 180 сая еврогоор торгохоор шийдвэрлэжээ. АНУ-ын Калифорнид төвлөрдөг “Мета” компанийн захирал Марк Цукерберг харин, Ирланд дахь Европын зохицуулагч байгууллагын дээрх шийдвэрт сэтгэл гонсгор байгаагаа илэрхийлж, давж заалдана гэж мэдэгдсэн байна. Метагийн харьяанд Фэйсбүүкээс гадна Инстаграм, Whatsup, Whatsup, Oculus зэрэг нийгмийн сүлжээ, чат мессенжерийн үйлчилгээ багтдаг. Эдгээр нийгмийн сүлжээг хэрэглэгчид дэлхийн бүх улсад байдаг ч тоон эрхийн тухай болон хувийн мэдээллийг хамгаалах тухай дахь Европын холбооны хууль журмууд америк болон бусад улс, бүс нутгийнхтай харьцуулахад хавьгүй чанга хатуу байдаг байна.
Сэтгэгдэл