С.Ганзүг: Тууль хайлахыг сонсоод мэдрэмжээ зураг болгон буулгасан
Бидний эргэн тойронд орших бүхий л ахуйг урлагтай холбон дамжуулж, онцгой дүр дүрслэл, гүн гүнзгий утга санаагаараа нийгэмд хүчтэй нөлөөлөх перформанс бүтээлээрээ олонд танигдсан зураач С.Ганзүгтэй ярилцлаа.
-Та уран зургийн ертөнцтэй холбогдоод хэр удаж байна вэ. Анх энэ салбарт хэрхэн хөл тавьж байв?
-Би багаасаа л зурах дуртай хүүхэд байсан. Уран зургийн уралдаан тэмцээнд их оролцдог байлаа. Зураг гэдэг нь бүтээлээ зурж дуусчихаад таашаалыг нь мэдэрдэг онцлогтой салбар. Зурах тусам энэ урлагт илүү дурлаж, хөгждөг юм байна. Нийгэм хөгжихийн хирээр салбар маань ч хөгжсөөр байна. Миний хувьд анх модерн урлагийг илүү сонирхож байлаа. Ингээд 1996 онд “Сэтгэмж” дизайны дээд сургуульд элссэн. Төгссөнийхөө дараа сургуульдаа дөрвөн жил багшлаад, чөлөөт уран уран бүтээлч болсон.
-Уран бүтээлч хүн бүрт өөрийн арга барил гэж бий. Таны бусад зураачаас ялгарах гол онцлог нь юу юм бол?
-Миний уран бүтээлийн онцлог суурь боловсролтой холбоотой. Бидний үед зарим нь есөн настайдаа сургуульд ордог байлаа. Тэр үеийн боловсролын тогтолцооны хамгийн гоё нь энэ гэж би боддог. Хүүхэд аливааг ойлгодог, бага ч болтугай төлөвшсөн үедээ сургуульд сурдаг байж. Харин одоо хэт бага насанд нь сургуульд оруулж байна. Мөн багаасаа танхимын сургалт эхлүүлэхээр хүн хиймэлжээд, бодит бус зүйлээр хорвоо ертөнцийг төсөөлөх нь их болжээ. Монголчуудын суурь язгуур соёлын онцлог үүнтэй нарийн холбоотой. Эргээд харахад хөдөө өссөн хүүхэд бусдаас асар хурдтай боловсроод, үеийн хүүхдүүдээ хурдан гүйцэх жишээний. Тэгэхээр байгалийн хуулийн дагуу боловсролыг олговол илүү үр дүнд хүрэх юм болов уу. Зураачийн хувьд миний давуу тал нь уламжлал, язгуур, дом шившлэг юм. Үүнийгээ дагаж уран бүтээл хийж байна гэдэг нь өнөөх долоо, найман нас хүртэлх ахуйн соёлоо сайн сурчээ л гэсэн үг.
-Анхны бүх зүйл хүнд нандин дурсамж, туршлага болж үлддэг. Таны анхны бүтээл юу байв?
-Анх 2007 онд перформанс тал руугаа “Буумал бурхан” бүтээлээ хийж байлаа. Уг бүтээлийг хийхдээ тархиныхаа ард талын хэсгийн үсийг дугуй хусаж байгаад хөхөөр будсан. Үүнийгээ хүмүүс рүү харуулж, буруу харж суудаг байлаа. Тухайн үед ханш нээх цагийг ашиглаад, энэ бүтээл дээрээ ажилласан. Энэ нь бидний эрин үе эхэлж байна гэсэн утгыг илэрхийлсэн гэх үү дээ.
-Таныг цуврал туульсын бүтээлийн зураачаар ажилласан гэж сонссон. Энэ ажлынхаа тухай сонирхуулаач?
-Сүүлийн гурван жил “Агуу нүүдэлчдийн туульс” нэртэй 99 туульсын зургийг хийлээ. Тууль хайлахыг сонсоод мэдрэмжээ зураг болгон буулгасан гэсэн үг. Цаашдаа энэ чиглэлээ илүү дэлгэрүүлэх бодол бий. Мөн би нэг санаа оллоо гэж бодъё. Тухайн санаагаа өрж байрлуулах уу, дуу авиагаар гаргах уу, перформанс хэлбэрээр хүргэх үү гээд олон талаас нь боддог. Би үүн дотроос тухайн санааг хамгийн төгсөөр илэрхийлэх төрлийг зөв олох нь л чухал. Түүнээс яг энэ чиглэлээр дагнаж зуръя гэсэн бодол байхгүй. Мөн саяхан миний бие “Чингис хааны музей”-н үзэсгэлэнгийн дэглэлт, хэвлэл, график ажлуудыг хийсэн. Бид өөрсдийнхөө түүхийг сайн мэддэггүй юм билээ. Харин үүх түүхээ мэдэх боломж, өөрөө өөрсдийгөө таних, өвөг дээдэс минь юу хийж бүтээсэн гээд өмнөх таван мянган жилийн түүхийг харах боломжийг олгосон төв цэг нь Чингис хааны музей болж чадсан гэж бодож байна.
-Та “Spirit of Gobi” фестивальд оролцсон. Энэ фестивальд ямар бүтээлүүдээ онцолсон бэ?
-Энэ жилийн хувьд тус фестиваль “Уяхан замбуу тивийн наран” уриатай зохион байгуулагдсан. Миний хувьд нартай харилцаж байгаа өндөр гэгээний язгуурын бурхдын орон зайг илэрхийлсэн бүтээлээр оролцсон. Бүтээлийн утга санаа нь нэг талаасаа шашны юм шиг харагдаж байгаа боловч нөгөө талаасаа шашнаа зарим талаар үгүйсгэж буй бүтээл. Бид хэтэрхий нэг талыг барьж, хиймэл бурхан шүтэх болжээ. Тиймээс бүтээлээрээ тэр төмөр жинхэнэ бурхан биш гэдэг санааг илэрхийлэхийг хүссэн. Түүнээс шашныг хэт үгүйсгэх биш шүү. Бид бурханд сүслээд байгаа зүйлээ илүү байгаль руу хандуулвал зүйтэй гэж бодогддог. Бурхандаа мөргөчихөөд гадаа гараад хогоо хаяж байгаа нь ёс зүйн хувьд ямар байх вэ. Тэнгэр бурхны тухай гүн гүнзгий, нарийн судалж мэдчихээд өөрийнхөө сүсгийг эргээд хараасай гэж хүссэндээ хийсэн бүтээл.
-Таны хувьд уран бүтээлчийн оргил мэдрэмжийг хэдийд илүү мэдэрдэг вэ?
-Мэдээж уран бүтээлч, зураач хүн өөрийн бүтээлийнхээ сүүлийн цэгийг хатгачихаад хараад сууж байх нь үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Дэлхийн шинжлэх ухаанд шинжлэх ухааны төвүүдийг хаадууд хийсэн, дагуулаад хөг аялгуу өгөх гэж урлагийн төвүүдийг нээсэн гэж үздэг. Эндээс л бүх урлагийн суурь үүссэн. Өнөөдөр хүн төрөлхтөн урлаг байхгүй байсан бол энэ дэлхийгээ сүйрүүлчихсэн байх байсан биз.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл