Зээлээс зээлийн хооронд амьдрагсад

Aдмин / Эдийн засаг

Бүтээмжгүй, үйлдвэрлэлгүй эдийн засгийн дархлаа сул. Шалтгаан олон ч менежмэнтийн бодлого огт байхгүй зах зээл хөгжихгүйн бодит жишээ бол Монгол улс. Өөрөөр хэлвэл улсын хамгийн эрх мэдэлтэй менежер төр ажлаа хийхгүй зөвхөн улс төр, хулгайн замаар замнажээ хэмээн шууд дүгнэж болно. Үндсэндээ өнөөгийн нийгмийн эдийн засаг дахь ангилал нь төр-аж ахуй нэгж-иргэн болов. Уг нь аж ахуй нэгж-төр- ард түмэн гэсэн ангилалаар эрх ашгийн хувьд нэгдүгээрт ард түмний хоёрдугаарт аж ахуй нэгжүүдийн гуравдугаарт улс төрчдийн эрх ашиг гэж хуваамаар. Энэ дарааллууд алдагдаад төр нь аж ахуй нэгжүүдээсээ ч, ард түмнээсээ ч давсан олигархи улс төрчдөө тэжээж дийлэхгүй луйвардуулсаар байгаад л гол алдаа завхрал оршиж байна.

Манжийн эрхшээлд нухлагдсан 200 гаруй жилийн түүхэнд ард түмнийхээ аль сортой, сортоотой бүхнийг урагш нь зөөж мөлжүүлэн шанд нь ноёд, дээдэс түшмэдүүд баян тансаг амьдардаг байжээ. Их гүрний эрхшээлд дарлагдана гэдэг тийм л байж. Гэвч хожим хойчид эрэлхэг дайчин өвөг дээдэс маань эрх чөлөө, тусгааар тогтнол, бүрэн эрхт байдлыг бидэнд гурван хувьсгалаар, өч төчнөөн мянган халуун амиар авчирч өгсөн. Тусгаар тогтнол, эрх чөлөө, бүрэн эрхт байдал бүрэн бүтнээрээ байсаар атал Монголчууд ядуу зүдүү, өр ширэнд баригдсан, өвчин зовлонд нэрвэгдсэн хэвээр л байна.

Тэжээвэр амьтны хоолыг сойсоор, багасгасаар байвал ааш авир нь улам догширч эцэстээ юуг ч барьж идэхэд бэлэн аймшигтай дүр төрхтэй болдог. Үүний адил хоолоо хасуулж, хувцасаа тануулж, хөл, гараа тушуулсан Монголчууд өнөөдрийн гэрэлт нарыг маргааш руу зөөхийн тулд өрцөө урагдтал зүтгэж, өр зээлийн хооронд үйлээ үзэж үстэй толгойгоо зулгааж байгаа нь бодит үнэн юм.

Нэг л өдөр гав гинжээ тасар татаад босоод ирэхэд хэн ч юу ч хорьж дийлэхгүй болдог хатуу үнэнийг тооцоолох ухаан хаа хаанаа хэрэгтэй. Улангассан ард түмний уур хилэн л хувьсгалын өмнөх утаа майг уугиулдаг болов уу?

Өрх гэр бүлийн өдрийн хоол, шөнийн түлшээ хангах эцсийн арга зам нь хүүхдийн 100 мянга буутал ойролцоо хүнсний дэлгүүрээс талх таллаж, гурил граммлан, мах жижиглэж зээлээр гуйж түүж авах. Аж ахуй нэгжүүд татварын дарамт, инцляцийн хэт хөөргөдөл, төгрөгийн ханшийн уналтыг гэтлэхийн тулд байгаа бүхнээ барьцаалаад бизнесээ зарцаачихгүй ажилчдынхаа цалин хөлсийг зогсоочихгүйн төлөө банкны өндөр хүүтэй зээлээр өнөө маргаашаа аргацаасаар.

Улс нь ч тэр хэдхэн их наядын төсвийг улс төрийн шуурганаас далдалж, түшмэдийн хулгайн харцнаас нуун, аймаг сум бүрт хуваарилах гэж намынхаа тогоон дотор үймэлдэцгээж, булаалдацгааж, эрх мэдэлтэй нь булаасаар өмнө, хойно, өнөөдөр маргаашийн өр зээлийг хэн авсан аваагүй, хэн эргэн төлсөн төлөөгүйг завсар зайгүй хэлэлцэн уралцаж, уралдаж бөөн л юм болж байна.

Ийм хямралын үрээр авлигалч, улсаа тонон дээрэмдэгсдийн түрийвч улам зузаарч, хууль хяналтынхан ч карма суганд нь гүйн орох шахав. Зээлээр олдсон өдөр хоног, амьдралын гашуун, гуринхалсан амт шимт ядуу зүдүү ардын нуруун дээр л хатуу хүнд ачааг улам нэмсээр байна.


Сэтгэгдэл

Иргэн [150.129.140.97] 2023-03-30 23:09:07

Ард түмний амьдрал өдрөөс өдөрт дордож байхад идсэн мөнгөө багтаах газаргүй болтлоо идэж ууж байна!!!Тэд нарыг тэнгэр ниргэг!!!

Зочин [202.9.46.82] 2023-03-30 12:55:16

Нийгмээрээ авилгал хулгай луйврыг жигшиж эх орноо хөгжүүлье гэсэн чин хүсэлтэй болсон цагт л монгол улс хөгжинө.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.