ЯПОН: 2030 он гэхэд том аж ахуйн нэгжүүдийн удирдлагад эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэнэ
Японы Засгийн газар жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн багц бодлогын төслөө даваа гарагт танилцуулжээ. 2030 он гэхэд Японы тэргүүлэх зэрэглэлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 30 хувьд хүргэх зорилтыг энд дэвшүүлж байна. Ийм маягаар Фумиа Кишидагийн засгийн газар эмэгтэйчүүдийг удирдах дээд албан тушаалд тавихыг дэмжиж, ажлын байран дахь жендерийн тэгш байдлыг сайжруулах замаар илүү хүртээмжтэй, олон талт корпорацын орчныг бүрдүүлэхийг зорьж байгаа юм байна.
Энэ хүрээнд 2025 он хавьцаа Японы тэргүүлэх зэрэглэлийн компаниуд удирдах зөвлөлийнхөө бүтцэд ядаж 1 эмэгтэй гишүүнтэй байхаар төсөлд заажээ. Тэргүүлэгч компаниуд гэдэгт Токиогийн хөрөнгийн биржийн Үндсэн зах зээлд бүртгэлтэй компаниуд багтдаг. 2022 оны 7-р сарын байдлаар, Японы топ компаниудын 17,8 хувь нь удирдах зөвлөлдөө нэг ч эмэгтэй гишүүнгүй байсан бол, ердөө 2,2 хувь нь удирдах албан тушаалтнуудынхаа 30-аас дээш хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн байжээ. Японы Засгийн газрын Жендерийн тэгш байдлын Зөвлөлөөс даваа гарагт танилцуулсан саналуудыг энэ сарын сүүлээр батлах эдийн засаг, татварын шинэчлэлийн бодлогын жил тутмын суурь баримт бичигт тусгагдах учиртай байна.
Дээрх төслийн баримт бичгээс үзвэл, японы хувийн пүүс компаниудад эмэгтэйчүүдийг удирдах албанд томилох байдал “олон улсын түвшнээс хол хоцрогдолтой”, байгууллагын захирлуудын зөвлөлд эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь улс орны “эдийн засгийн өсөлтийн” тулгамдсан асуудал болжээ.
Энэ хүрээнд эрэгтэй ажилтнууд хүүхэд асрах чөлөө авч болдог байх, 2 хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлийн орлогыг дэмжих тогтолцоо бүрдүүлэх саналууд тусгагдсан байна. Эмэгтэйчүүдийг ажлын байран дахь бэлгийн дарамт, ажлын хамтрагчид болон бусад этгээдийн зүгээс болзошгүй бэлгийн халдлага, бусад төрлийн хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах арга хэмжээг чангатгах заалтууд ч багтжээ. 2021 оны 10-р сард Ерөнхий сайдын албанд орсон Кишида Японд төрөлт хурдацтай буурч, хүн амын тоо цөөрч байгаатай тэмцэхийн тулд энэ оны эхнээс хүүхэд асрах зардлыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, үүнийг мөрийн хөтөлбөрийнхөө “хамгийн тулгамдсан асуудал” гэж нэрлэж байгаа юм. Японд шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 2022 онд долоо дахь жилдээ дараалан буурч, 1899 онд бүртгэл хөтөлж эхэлсэн цагаас хойших түүхэнд анх удаа 800,000-д хүрээгүй юм.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
Сэтгэгдэл