Намрын чуулганаар хэлэлцэх онцлох хуулиуд
Хаврын ээлжит чуулган өндөрлөхийн өмнө намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталдаг. Ирэх аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх намрын чуулганаар хэлэлцүүлэхээр Засгийн газраас 106, МАН-ын бүлгээс 27, АН-ын бүлгээс 27, байнгын хороодоос 51, УИХ-ын гишүүнээс хоёр хуулийн төслийг ирүүлсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо эдгээрээс шүүж 62 хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл оруулж, хаалтын чуулганаар баталлаа. Ирэх намрын улс төр нэлээд сонирхолтой өрнөх нь тодорхой. Сонгуулийн жилийг угтсан олон нийтэд таалагдах тоглолтууд нэлээд үзүүлэх болов уу. Тэр дундаас нүүрсний сонсголыг ирэх намар зохион байгуулахаар болсон нь анхаарал татаж байна.
Намрын чуулганаар чухал томилгоо хийнэ. Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүнийг шинээр томилох асуудал юм. Өмнө нь хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад байсан бол хаалтын чуулган дээр Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтээр Цэцийн гишүүнээс чөлөөлсөн юм. Ингээд ирэх намрын чуулганаар Ерөнхийлөгчөөс нэг, Улсын дээд шүүхээс нэг, Их хурлаас нэг хүнийг Цэцийн гишүүнд санал болгон томилуулна.
Ирэх чуулганаар Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэн батална. Манай улс Ашигт малтмалын тухай хуулийг 1997 онд баталж, 2006 онд шинэчилж байв. Тодруулбал, уг хуульд нийт 35 удаагийн өөрчлөлтөөр 300 гаруй зүйл, заалтыг шинэчилж иржээ. 1997 оны хуулийн хэрэгжилтийн үр дүн нь Оюутолгой ордын үйл ажиллагаа юм гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.
Хуулийн одоогийн шинэчлэл нь намрын чуулганаар хэлэлцэх гол хуулиудын юм. Хуулийн төсөлд орон нутагт уул уурхайн төсөл хэрэгжүүлэх, ААН үйл ажиллагаа явуулахад тулгардаг нийтлэг бэрхшээлтэй харилцаа нь тухайн аймаг, сум, дүүргийн Засаг даргын эрх хэмжээнээс хамаарч байдаг. Тэгвэл хуулийн шинэчилсэн найруулгаар Засаг даргын эрх хэмжээг танилцуулах, тайлагнах, мэдээлэх, зохион байгуулах гэдгээр тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх эрлийн ажлын үед орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулах шаардлагагүй болно.
Харин ашиглалт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах бол орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулна гэж тусгажээ. Мөн орон нутагтай хамтран ажиллах гэрээнд тусгагдаагүй хандив, тусламжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нэхэж шаардахыг хориглосон байна. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгохоор заажээ.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгох бөгөөд тухайн хугацаагаар гурван удаа сунгах эрхтэй болно. Түүнчлэн төсөлд “Чухал ашигт малтмал” гэсэн шинэ нэр томьёог оруулж ирээд байна. “Чухал ашигт малтмалын жагсаалт”-ыг Засгийн газар батлах бөгөөд эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг АМГТГ жил бүр төлөвлөх үүрэг хүлээхээр тусгажээ. Улмаар цаашид Стратегийн орд гэхгүй, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал гэхээр заажээ.
Гадаадын баялгийн 100 гаруй сангийн нийтлэг зарчим, бодлого төлөвлөлттэй уялдуулж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэхүү хуулийг ирэх намар хэлэлцэнэ. Хуулийн төсөлд Баялгийн сан нь дахин нөхөгдөшгүй байгалийн баялгийг арвижуулах, үржүүлэх, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилт бий болгоно гэсэн байна. Түүнчлэн намрын чуулганаар Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Танхимын тухай хууль зэрэг хуулийн төслүүдийг шинэчлэн батлахаар тусгаад байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл