Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай албан ёсны хэлэлцээ хийлээ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Наймдугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний өмнө Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар хоёр орны Засгийн газрын түвшинд анх удаа мэдэгдэл хийлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Дэд Ерөнхийлөгч К.Харрис нар Монгол, Америкийн харилцаа Стратегийн түншлэл бэхжиж, хамтын ажиллагааны хүрээ улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжиж байгааг онцлон тэмдэглээд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг сансар судлал, цахим хөгжил, эрдэс баялаг, тээвэр, ложистик, цаг уурын өөрчлөлт зэрэг салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд талууд Стратегийн гуравдагч хөршийн эдийн засгийн замын зураглалыг шинэчлэн байгуулж байгаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Түүнчлэн Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг байгуулж Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр болсноо мэдэгдлээ. Ингэснээр хоёр улс хоорондын бизнесийн харилцаа өргөжиж иргэд харилцан зорчих, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс АНУ-тай сансар судлалын чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судлах, цахим эдийн засаг, өндөр технологийн салбар дахь боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх, англи хэлний багш бэлтгэх, харилцан солилцох тоог нэмэгдүүлэх, ногоон хөгжил, онц чухал эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулж ардчиллыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх чиглэлд нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Дэд Ерөнхийлөгч Камала Харрис олон жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсны айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлээд АНУ нь Монгол Улстай ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн төлөвшил зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч буйг чухалчиллаа. Энэ хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, ардчилал, хүний эрхийг хамгаалах, сайн засаглалыг бэхжүүлэх, цаашид энэхүү ойр дотно хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа цохон тэмдэглэв.

Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тусгаж батлахын зэрэгцээ “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын санамж бичиг”, “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Оюуны өмчийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Патент, барааны тэмдгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг тус тус байгуулна. Хэлэлцээний дүнгээр “Монгол, Америкийн Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-ийн тухай хамтарсан мэдэгдэл гаргана.


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.10.21.10] 2023-08-05 11:03:26

МАНАЙХ МАН-ЫН 100 ЖИЛИЙН КОММУНИЙСТ, ДАРАНГУЙЛАЛ, ХАРГИС ДЭГЛЭМТЭЙ ТӨР ЗАСАГТАЙ ОРОНД АНУ ГАРАА УРТ СУНГАНА ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ ДАА. ГЭХДЭЭ ХҮНИЙ ЭРХИЙГ БООМИЛСОН ДАРАНГУЙЛАГЧ ЗАСАГЛАЛТАЙ МАНАЙ ХӨРШ 2 УЛСЫН ДУНД БАЙРЛАЛТАЙ МАНАЙ ОРОНД АНУ-ын ТАВИХ СТРАТЕГИЙН АШИГ СОНИРХОЛ ИХ БАЙХ НЬ ОЙЛГОМЖТОЙ. МАНАЙ УЛС АНУ-ын ГАДААД СТРАТЕГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД ЯМАГТ БАЙХ БОЛНО. ТИЙМЭЭС АНУ МАНАЙ УЛСЫГ АНЗААРЧ БУЙ ЮМ. ЕРӨНХИЙЛЭГЧ БАЙДЕНТАЙ УУЛЗАЖ ЧАДСАНГҮЙ ДЭЭ. ГЭХДЭЭ ДЭД ЕР-Ч БОЛ АНУ-ЫН 2-Р ХҮН УЧРААС АНУ-ЫН ХАМГИЙН ИХ ТҮГШҮҮР ТӨРҮҮЛЖ БУЙ 2 ИХ ГҮРНИЙ ДУНД ОРШДОГ ТУСГААР МОНГОЛ УЛС БАЙГАА ШҮҮ ГЭДГЭЭ САНУУЛЖ УУЛЗАЖ ЯРИЛЦСАН НЬ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЮМ. 100 ХҮРЭХГҮЙ ТЭРБУМ ТӨГ-ийн ТУСЛАМЖ АВАХ БОЛЖУУ ДАА.

Монгол чинь шаал өөр шүү. [66.181.160.108] 2023-08-05 16:12:11

Тайваан шиг далайгаар АНУ-аас зэр зэвсэг, экспорт-импорт, цэргийн, хүмүүнлэгийн тусламж авчих боломжтой бол АНУ-тай харьцах хэрэгтэй л байх. Дээрээс нь Тайвааны хүн ам нь 24 сая бол солиорч болно. Харин Монгол нь тийм биш, Хаалттай, АНУ-аас тусламж шууд авах боломжгүй, 3.5 сая хүн амтай.

зочин [139.5.219.252] 2023-08-03 20:25:41

Манай Ерөнхий сайдад дурлаад байна уу даа. Цаанаа л нэг сээтэгнэх гээд байх шиг. Айн

Zochin [91.86.153.41] 2023-08-03 13:12:57

Ha ha ardchilal geh shig, avilgatai temtseh gene uu.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.