ШИНЭ УРГАЦЫН ТӨМС ӨМНӨХ ЖИЛЭЭС 500-900 ТӨГРӨГ, ЛУУВАН 2500 ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ

Aдмин / Эдийн засаг

ХИЧЭЭЛ ОРОХ ДӨХӨХӨӨР ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАЛТ БУУРДАГ ГЭВ


Зуны адаг сар дуусч намрын өнгө айсуй. Газар тариалан эрхлэгчдийн хувьд намрын их ажилдаа орох бэлтгэлээ хэдийнэ базаасан байна. Зарим газрын ногоочид ургацаа хураан авч, түүнийг нь зах, худалдааны төвүүд худалдаалж байгаатай холбогдуулан хүнсний ногоо, өргөн хэрэглээний барааны үнэ ханшийн талаар сурвалжилахаар "Барс" худалдааны төв болон "Бөмбөгөр" худалдааны төвийг зорилоо. Үдийн наранд сүүдэр бараадан зогсох хүмүүсийн хажуугаар өнгөрөн "Барс" зах руу ороход төрөл бүрийн хүнсний ногоо, жимс алаглуулан өрсөн олон лангуун дундуур үнэ ханш, хэрэгцээд бараагаа эрэх хүмүүс олон байв.

Хэд хэдэн лангуу дамжин хүнсний ногоо, гурил будааны үнэ асуувал төмс нэг килограмм нь 2000-2500 төгрөг, лууван 4500 төгрөг, байцаа 3000 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг гурилын хувьд Улаанбаатар нэгдүгээр гурил килограмм нь 2350 төгрөг, хоёрдугаар гурил 2000 төгрөг, дээд гурил 2700 төгрөгийн ханшаар зарагдаж байлаа.

Харин нэг килограмм будааны хувьд 3500 төгрөгийн үнэтэй зарагдаж байв. Өмнөх сард Нийслэлийн Статистикийн газраас гаргасан судалгааны дүнтэй харьцуулахад энэ сард төмс 500-900 төгрөг, лууван 2500 төгрөгөөр тус тус өсчээ.

Дараа нь бид иргэдийн худалдан авалт ямар байгаа талаар "Барс" захын хүнс, ногооны худалдагч А.Ариунаас тодрууллаа. Тэрбээр “Иргэдийн худалдан авалт ерөнхийдөө багасчихсан. Угаасаа наймдугаар сард хичээл орох дөхөхөөр гурил будаа, хүнсний ногооны худалдан авалт буурдаг. Учир нь иргэд хүүхдийнхээ сургуулийн бэлтгэл ажлыг хийхэд их мөнгө ордог учраас худалдан авалт багасдаг. Харин тэмдэглэлт баяр ёслол дөхөх үед мөн тэтгэвэр, цалин буух үед борлуулалт өсдөг” гэлээ.

Махны лангуу орвол ястай хонины мах килограмм нь 13000 төгрөг, цул нь 15000 төгрөг, үхрийн мах ястай нь 19000 төгрөг, цул нь 20000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв. Үүнээс харахад "Барс" захын махны үнэ өнгөрсөн сарын үнээс нэмэгдээгүй байна.


ХУДАЛДАН АВАГЧ Г.ДЭЛГЭР: ЦАЛИН ГЭХ ХЭДЭН ТӨГРӨГӨӨ ЮУНД ЗАРЦУУЛАХ ВЭ, ЮУНД ХҮРГЭХ ВЭ ГЭЖ АЙЖ БАЙНА


Бидний дараагийн орсон зах бол "Бөмбөгөр"худалдааны төв. Барс захтай харьцуулахад махны үнэ адилхан боловч хүнсний ногоогоо шинэ ургацын болон хуучин гэж ангилсан хэд хэдэн лангуу байв. Төмс шинэ нь 2500 төгрөг, хуучин 1500 төгрөг, лууван шинэ 4500 төгрөг, хуучин 3500 төгрөгийн үнээр худалдаж байна. Энэ үеэр тус захын ногоо худалдагч Т.Золжаргал “Өргөст хэмх, шинэ ногооны үнэ харьцангуй багассан. Мөн шинэ хүнс ногоогоо ирсэн үнээр нь, хуучин ногоогоо үндсэн үнээр нь зарж байна” гэж байлаа. Хүнсний бараа бүтээгдэхүүн борлуулагчдаас ийн тодруулсаныхаа дараа худалдан авагчдын сэтгэгдлийг сонслоо.

Иргэн Г.Дэлгэр "Хүнс хэрэглээний барааны үнэ өсөх тусам иргэдийн амьжиргааны түвшинд эрс нөлөөлж байгаа. Авъя гэсэн юмаа дандаа багасгаж, илүү хямдыг хайж авч байна. Нэг удаа хүнс цуглуулахдаа 50-60 мянган төгрөг зарцуулдаг, тэр нь 2-3 хоногийн хүнсний хэрэглээ л байдаг. Үнийн өсөлт зах замбараагүй байна. Тэтгэвэр, цалин нэмэгдсэн сургаар наймаачид үнээ нэмсэн нь жирийн иргэдэд үнэхээр дарамт болж байна. Удахгүй хичээл, сургууль орно. Авч байгаа цалин гэх хэдэн төгрөгөө юунд нь зарцуулах вэ, юунд нь хүргэх вэ гэж бодохоос айж байна даа" гэв.

Э. Анхчимэг

Ө. Урангоо

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.87] 2023-08-14 18:16:08

Наймаачид үнэн ард иргэдийг болрн монгол орны бузарлаж байгаа хулгайчууд шүү

Зочин [202.126.90.87] 2023-08-14 18:09:10

НАЙМААЧИД МОНГОЛЧУУДЫГ МОНГОЛ ОРНЫГ СҮЙТГЭЖ БАЙГАА ШҮҮ ҮНИЙН ӨСӨЛТ БОЛ ЗҮГЭЭР Л ЦУНАМИН ШҮҮ. ЗАСАГ ТӨР ЭНЭ ГАЙМААЧИД ДЭЭР АРГА ХЭМЖЭ АВААЧЭЭ ХӨӨЕ

Монгол хэлээ битгий сэглээч ээ! Редактор аа. [66.181.181.141] 2023-08-14 13:41:10

Гарчигаа уншаачээ. Төмс, лууван төгрөгөөр өссөн юм уу? Эсхүл тэдний ҮНЭ нь өссөн юм уу?

Ядуусаа аврая. [66.181.181.51] 2023-08-14 10:38:27

Төрийн зохицуулалт хийх ёстой. Төрийн зохицуулалттай зах зээлийн эдийн засагт шилжинэ, шилжлээ гэж ард иргэдээ хуурчихаад 30 жилийн хугацаанд АН, МАН-ын лидер гэх хулгайчууд хамаг үйлдвэр аж ахуйн газруудыг хувьчлал нэрээр луйвардаад бүх бүтээгдхүүний үнийг хөөргөдөөд үнийн зохиомол өсөлтийг зогсоох, ард иргэдийн цалин, тэтгэврийн хэмжээнд тохируулсан үнийн бодлого явуулах гэхээр Баабар мэтийн хулгайчууд "Төр шиг муу менежер байхгүй" гэж иргэдийн тархийг угааж өдий хүрлээ. Мах, гурил, будаа, хүнсний бүтээгдхүүнүүдийн үнийн өсөлт замаа алдлаа. Шуналын бузар наймаачид нь цалин тэтгэврийн нэмэгдэл, байгалийн гамшиг гэх мэт цаг үед "чоно борооноор" гэдгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж ард иргэдээ мөлжиж суугаад хязгаарлалт хийх болсоон. Төрд дандаа баячууд нь гараад тэр ХХАХҮЯ-ны сайд Болорчулуун гэгч хулгайч Монголчууд хамгийн хямд мах идэж байна. Махны үнийг нэм гэсээр өнөөдөр юу болж байна Оюун-Эрдэнэ сайд аа!!! Наймаачдаа ялангуяа махны худалдаачин дээрэмчид ээ одоо больж үз.

Зочин [202.21.107.22] 2023-08-14 14:36:12

Зөв хэлсэн байна. Үнийн өсөлтөнд төр арга хэмжээ аваач.

зочин [202.9.41.15] 2023-08-14 10:08:05

наймаачдын сэтгэхүй гамшиг ,сэтгэл нь саяхны2 үер лугаа адил


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.